Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Г.Ууганцэцэг: Бидний гомдол, цөхрөл хуулийн заалт дээр очоод унаж байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 06

img

21

news-img

Анагаах ухааны доктор Ганболдын Ууганцэцэгтэй агаар, орчны бохирдол тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төвлөрөн ажиллаж байгааг хүмүүс мэдэж байгаа биз ээ.


-Өөрийг тань эмч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Гэхдээ “ТВ доктор” нэвтрүүлгийг маш олон жил хийсэн шүү дээ. Сэтгүүл зүйтэй яаж яваад холбогдсон талаар ярилцлагаа эхэлмээр байна?

-Хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон түүх гэвэл бүр ч эртнээс эхлэх гээд байдаг юм аа. Бүр 1989 онд дөнгөж есөн настай байхдаа Монголын радио гэдэг их айлд хүүхдийн нэвтрүүлэг хөтлөх гэж анх хөл тавьж байлаа. Тэр үед хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч нар гэж багагүй шалгуурыг давж орж ирсэн, хэрэндээ хариуцлагатай алба хашдаг хүүхдүүд байлаа шүү дээ. Би радиод 1997 оныг хүртэл найман жилийн хугацаанд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлсөн. Тэгээд сургуулиа төгсөөд сэтгүүлч болох хүсэлтэй байсан ч ээж маань айлд нэг эмч байх хэрэгтэй гэж даалгавар өгснөөр Анагаахын дээд сургуульд оюутан болж байлаа. Гэхдээ хүний сурсан юм, дуртай юм гэдэг дарагдахгүй шүү дээ. 1998-2004 оныг дуустал оюутан байхдаа FM-д хөтлөгчөөр ажилласан. Аав маань мөрдөн байцаагч, ээж инженер. Дөрвөн хүүхэдтэй айлын том нь байлаа. Бас тэр үед амьдрал амаргүй, ээж аавдаа дараа болохгүй гээд оройн цагаар хөтлөгч хийж өөрийгөө болгоод явчихдаг байв. Ер нь багаасаа юм бичиж, “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцож гуравдугаар байрт хүртэл орж явсан. Радиод байхдаа рекламын текстээ өөрөө бичиж, уншиж ирсэн нь надад дадлага туршлага болоод л явсан юм билээ.

Сургуулиа төгсөөд эмч болсон ч телевизэд 2008-2018 оны хооронд “ТВ доктор” нэвтрүүлгээ хийсэн дээ. Уг нь би эмч хүн ч гэсэн яах аргагүй сэтгүүл зүйтэй холбоотой явж ирсэн. Телевизэд эхний хэдэн жил надад редактор гэж байсангүй. Өөрөө дуртай болохоор бүгдийг амжуулаад явдаг байсан даа. Надад сэтгүүлчийн диплом байхгүй ч дадлагаар бас нэлээд зүйлийг гадарлаж доторлодог болсон доо.

-Таны нийтийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажлууд анхаарал татаж байгаа. Та яагаад энэ талаар дуугарах болов?

-Зөвхөн өөрийн өмнөх ажлаа хийгээд амар жимэр амьдрах сонголт бол хэзээд надад нээлттэй. Гэвч шалтгаан нь тодорхой олон төрлийн өвчлөлүүд, харшил, хорт хавдрын талаарх мэдээллийг өдөр болгон сонсоод нүд, чихээ бөглөөд явах эмч хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Ядаж ганц хоёр хүнд ч болтугай урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгье гээд эхлүүлсэн ажлууд маань тодорхой хэмжээнд үр дүнд хүрээд эхэлсэнд баяртай байгаа. Энэ л мэдрэмжээр цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулаад явж байна.

-Таны нийгэмд анхлан хөндсөн тоос тоосонцрын мэдээлэл тун сонин байсан. Бид энэ талаар бараг ярьж бичдэггүй байсан. Одоо ч яг өнөөх тоос тоосонцор ид дэгдэж байна даа?

-Бидэнтэй хамт олон жил хамт “амьдарч” байгаа ч бид мэддэггүй зүйл бол нарийн ширхэгт тоосонцор. Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь маш их. Гэтэл үүнийг анхааруулж, анхаарал тавих учиртай чиг үүргийн байгууллагууд нь эс үйлдэл хийгээд удаж байна. Ямар хоруу чанартай, яаж өөрсдийгөө хамгаалах талаар анхан шатны мэдлэг мэдээлэл ч өгөхгүй байна. Энэ талаар нэлээд дэлгэрэнгүй цуврал контент бэлтгэж түгээсэн байгаа. Үзэж мэдээлэл авахыг хүсвэл Ганболдын Ууганцэцэг нүүр хуудсаар орж мэдээлэл аваарай гэж хэлмээр байна. Бид утаанд өвлийн улиралд л хорддог бол нарийн ширхэгт тоосонцорт жилийн дөрвөн улирлын 365 хоногийн туршид хордож байгаа гэдгийг санах хэрэгтэй.

-Хүмүүс таны контентоос өөрсдийгөө утааны архаг хордлогод орчихсон явдгаа мэдсэн гэж болно. Бүгд л энэ шинж тэмдэг байгаа шүү дээ гэсэн байсан. Үнэхээр таны хэлдгээр эх орноосоо нүүгээд явахгүйгээс хойш бид яг яах ёстой вэ?

-Үнэхээр бид бүх ажил амьдралаа орхиод төрөлх хотоосоо бүгд зугтаж чадахгүйгээс хойш төр засаг нь анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зааж өгөхгүй байгаа энэ тохиолдолд бид өөрсдийгөө л хамгаалахаас өөр арга байхгүй. Тусгай зориулалтын маск зүүж, боломж гарвал хотоос гарч цэвэр агаар амьсгалж, агаар цэвэршүүлэгч ашиглаж, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх ёстой. Энэ бол эмч хүний хувьд хэлж байгаа аргаа барсан зүйл ч одоодоо бидэнд өөр арга алга.

Угтаа бол өдөр бүр энэ талаар телевиз радиогоор ярьж байх ёстой. “Өнөөдөр нүүрстөрөгчийн дан исэл буюу угаарын хий зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 5-10 дахин их байна. Тиймээс та өглөө оройдоо гудамжинд гараад хэрэггүй” гэх мэтээр анхааруулга сэрэмжлүүлгийг маш сайн өгч байх ёстой. Энэ мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлж байж иргэд өөрсдийгөө хордлогод өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авах юм. Гэхдээ энэ бүхэн арга ядсан л арга хэмжээ. Огт дуугарахгүй байхын оронд арга ядсандаа ийм арга хэрэглээрэй гэж байгаа юм. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх бидэнд бий.

Утаа бол биднийг генийн түвшинд устгах геноцид шүү дээ. Үүнээс хамгаалж чадахгүй байгаа төр засагтай эвлэрч болохгүй. Би улстөржихийг хүсдэггүй ч энэ асуудлыг яриад эхлэхээр улс төржихөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Асуудлыг шийд гэхээр аргацааж, далимдуулж хөлждөг энэ бусармаг явдлыг зогсоохын тулд иргэн бүр дуу хоолойгоо хүргэх ёстой гэж боддог. Хэн нэгэн засч өөрчлөхийг хүлээгээд хэн ч, юу ч хийсэнгүй. Одоо өөрсдийнхөө эрхийн төлөө бид өөрсдөө л үйлдэл хийх цаг болжээ.

-Үйлдэл хийх цаг боллоо гэж хэллээ. Ямар үйлдэл хийвэл илүү үр дүнтэй вэ?

-Миний хувьд эмч бас иргэн хүнийхээ хувиар өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрыг шүүхэд өгсөн. Олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээж ажиллахдаа утааны хор хөнөөлд бүгд хохирч байгаа ч яаж ч тэмцээд үр дүнд хүрэхгүй, хүрнэ гэдэг итгэл найдваргүй болсон. Хатуухан хэлэхэд, хаа хаанаа дассан байна. Иргэд хэлээд хэн ч сонсохгүй, тэгж л байдаг гэсэн шиг төр засаг нь хандаж, сүүлдээ иргэд ч цөхөрсөн. Гэхдээ үүнтэй эвлэрч болохгүй. Эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэстний хувьд хүлцээд суух асуудал биш учраас хуулийн хүрээнд тэмцэж эхэлсэн гэхэд болно.

Утаатай гэж хэдэн жил болсон, утаа алга боллоо гэсэн. Гэхдээ цаана ил болоогүй олон асуудал байна. Өнөөдөр шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй байна шүү дээ. Монголд угаарын архаг хордлогыг эмчлэх стандартгүйгээс гадна олон нийтийг агаар орчны бохирдлоос өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээллээр хангахгүй байна. Би энэ бүхнийг сануулсан, нэхсэн. 2022 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр 608,837 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн нэгдүгээрт (17%) байгаа юм. Хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааныг ч дээрх шалтгаан эзэлж байна. Зөвхөн 2023 оны сүүлээр 0-5 насны 961 хүүхэд эндсэн бол 0-1 насны бүлэг буюу нялхсын эндэгдэл 793 бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2023 онд 1.754 бяцхан иргэнээ алдсан байна. Энэ бол зөвхөн нэг жилийн хугацаанд төрийн эс үйлдлийн уршгаар нас барсан хүүхдийн тоо. Тэгвэл цэцэрлэг, сургууль эхлэх цагаас эхлэн хавар дуустал ханиаданд дарлуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирсон тоог тооцвол энэ үзүүлэлт явж өгнө. Тэдний ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэл бүр ч асуудал дагуулах нь мэдээж. Иймд Засгийн газар дээрх асуудлуудад хариуцлага хүлээж, эхний ээлжинд 0-5 насны хүүхдүүдэд нөхөн олговор олгох ёстой гэх үндэслэлээр шүүхэд хандсан юм.

-Шүүхээс хариу нь ирсэн болов уу?

-Ирсэн. Харамсалтай нь нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр буцаасан. Дээр хэлсэнчлэн энэ олон хүний амь нас, эрүүл мэндээс илүү ямар нотолгоо хэрэгтэй юм бол гэх асуулт үлдэж байгаа юм. Үнэндээ нотолгоо хамгийн тодорхой хэрэг бол энэ гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах ёстой үүргээ төр биелүүлэхгүй байна. Хариуцлагыг хэн нэгэн нэхэж байж бас хараа, сонсгол нь сайжрах болов уу гэтэл нотлох баримт хангалтгүй гэлээ. Ингээд харахаар хууль талаасаа асуудал байгаа нь байгаа юм. Бидэнд цаашид хийх ажил их байна. Бидний гомдол, цөхрөл, хагацал зовлон хуулийн заалт дээр очоод унаад байгаа бол хуулиас эхэлж өөрчлөхийг шаардацгаая. Бидэнд энэ эрх нь нээлттэй байгаа. Олон нийт мэдээлэлгүйгээс өөрт заяагдсан заяамал эрхээ эдэлдэггүй, нэхдэггүй.

 

 

П.УРАНТОГОС

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ  сарын 21-нд Монгол-Алтай,...

img

8 цагийн дараа

Хаврын тариалалтад 54.1 мянган тонн буудайн үр бэлэн болжээ DNN.mn

ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцуулах үеэр ХАА-н салбарын зарим тоон мэдээл...

img

7 цагийн дараа

Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна DNN.mn

Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна. Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 х...

img

7 цагийн дараа

​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сони...

img

6 цагийн дараа

Ирэх 7 хоногт ​УИХ-аар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд: · Ашигт малтма...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд