мэдээ
А.Мандахнаран: Дундаж давхаргын орон зай улам хумигдаж, нийгмийн хөдөлгөгч хүч болсон энэ давхарга сул дорой, хүчгүй болж байна DNN.mn
МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2024 оны 5 сарын 16
438
Санхүү, эдийн засагч А.Мандахнарантай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ. Том зургаар нь авч үзвэл эдийн засагт юу болоод байгааг талбарлахгүй юу?
-Эдийн засаг зогсонги төлөвт шилжээд удаж байна. Зогсонги байдлын шалтгааныг дотоод хүчин зүйлтэй холбохоос гадна гадаад орчны нөхцөл байдлыг хамт задлан шинжилж үзэх нь чухал. Ерөнхийдөө дэлхийн нийт эрэлт буурч, эдийн засаг бүхэлдээ удаашрахад хүрч байгаа нь манай эдийн засагт хүртэл нөлөөлж, зогсонги байдлын нэг эх сурвалж, хүчин зүйл нь болж байна. Хэд хэдэн шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд эдийн засгийн нийт эрэлт буурч байгаа. Юуны өмнө, манай урд хөрш болох хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна. Хятад улс өмнө нь нийлүүлэлт рүү голлон анхаарч, зөвхөн үйлдвэрийн тоо ширхэг буюу олон тоогоор үйлдвэрлэх чиг хандлагыг түлхүү баримталж байсан. Тэгвэл одоо нийлүүлэлтэд суурилсан эдийн засгаас чанарт суурилсан эдийн засаг руу аажмаар шилжиж, энэ нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлөх болсон. Мөн Европын холбоо ч гэсэн олон асуудалтай тулгарч байна. Валютын нэгдсэн бодлого евро бүсийн эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж буй. түүнээс гадна цар тахлын дарамтыг ч энд дурдахгүй байх аргагүй.
Цар тахлын үеийн эдийн засгийн шок өнөөдрийг хүртэл зарим газар нөлөөлсөн хэвээр. Дээрх нөхцөл байдал Монголын эдийн засагт нөлөөлөхийн зэрэгцээ бидний дотоодын сангийн болон мөнгөний бодлого, институтийн хямрал, тэгш бус байдал зэрэг нь манай эдийн засагт давхар, давхар сөрөг нөлөө үзүүлж байна.
-ДНБ-ий үзүүлэлтээр эдийн засаг өсөж байна гэх боловч иргэдийн амьдралд тэр өсөлт мэдрэгдэхгүй, хувийн хэвшилд ч өсөлтийн үр нөлөө бодитой харагдахгүй байна гэж хэлэх хүмүүс олон байна. Өсөлт яагаад хүртээмжгүй байна вэ. Тэгш бус байдлын шууд уршиг энэ мөн үү?
-Тийм ээ, тэгж хэлж болно. Тэгш бус байдал нийгмийн маш том эмзэг сэдэв бөгөөд чухалчлан анхаарах ёстой улс орны нэн тулгамдсан асуудал болж хувирсан. Үүнийг тоохгүй орхиж болохгүй. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч, улс орны хөгжилд ч тэгш бус байдлын сөрөг нөлөө нь их. Дундаж давхаргын орон зай өдгөө улам хумигдаж, нийгмийн хөдөлгөгч хүч болсон энэ давхарга сул дорой, хүчгүй болж байна. Тэгш бус байдал гаарсны илрэл гэж үүнийг хувьдаа харж байгаа. Дундаж давхарга аль ч улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэржүүлэгч нь байдаг. Манайд энэ байдал сүүлийн жилүүдэд ихээхэн алдагдаж байна. Нэг ёсондоо дундаж давхарга хамгийн их хэлмэгдэж буй хэсэг. Тэгш бус байдал нэмэгдсээр байдлаар дундаж давхарга тэр хэрээр аюулд орно гэсэн үг.
Бага орлоготой давхарга руу цалин орлого, жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт болж очих мөнгө баян чинээлэг давхарга руугаа илүү их шилжих болсон. Үүний нэг жишээ нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг улс төрд нөлөө бүхий эрх мэдэлтнүүд цөлмөн авч, эдийн засгийн нийт эрэлт хумигдахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, энэ зүй бус үйлдлээрээ тэд бусдын боломжийг булаасан. Зах зээлд нийлүүлэгдэх ёстой хөрөнгө оруулалт энэ мэтээр саарч, зөвхөн өндөр орлоготой, улс төрийн хамаарал бүхий давхаргын шууд бус байдлаар хадгаламж болон хувирсан нь эдийн засгийг бүхэлд нь царцаахад хүргэлээ. Үүнээс гадна Монгол Улсын Хөгжлийн банкны луйврыг энд дурдах ёстой байх. Хөгжлийн банкны зээлдэгчид хэн, хэн болохыг бид бүгдээрээ харсан. Ялангуяа “чанаргүй” ангилалд багтсан зээлдэгчид эдийн засагт бүр ч их хорлонтой байлаа. Ийм тэгш бус байдал улам дэлгэрсэн нь Монгол Улсын эдийн засаг, эдийн засгийн тогтвортой хөгжилд гажуудал үүсгэж байна.
-Ямар гажуудал билээ?
-Та анзаарсан байх, үйлдвэрлэлийн салбар ихээхэн уналттай, үндэсний үйлдвэрлэгчид амаргүй сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулж байна. Манай эдийн засгийн бүтэц үйлдвэрлэлийн салбараас үйлчилгээний салбар руу хэвийж, шилжихэд нөлөөлсөн. Нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэх, өөрсдөө хийж бүтээх, бий болгохоо хойш тавьж, зөвхөн худалдаа үйлчилгээ эрхлэх, эсвэл ченж хийх зэргээр амиа аргацаах төдий болж хувирсан байна. Өнгөрсөн хугацааны бүтэл муутай нөхцөл байдал нь зах зээлийн ололт, үр нөлөөг бүхэлд нь ийн сулруулсан ба бодитой үр дүнд хөтөлж чадсангүй.
-Төрийн эдийн засаг болоод байна уу, Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Маш олон эдийн засагч ийм байр суурийг илэрхийлж байгаа. Өнөөдөр төр эдийн засагт дангаар монополь болж, чөлөөт зах зээлийн орчин маш хүнд нөхцөлд хүрлээ. Эдийн засаг бүхэлдээ улс төрөөс шууд хамааралтай явж байна. Энэ бол хөгжлийн маш буруу бодлого, буруу нүүдэл. Тэр тусмаа хөгжиж буй орны хувьд энэ байдал ихээхэн сорилт, хүндрэл болохоор байна. Тогтвортой бодлого, төлөвлөлт шат шатанд алдагдаж байна. Засгийн газар төсвөөр дамжуулан хэрэгцээ шаардлага нь нэн тодорхойгүй, үр ашиг нь харагдахгүй, судалгаа тооцоо дорвитой хийгээгүй, үндэслэл муутай төсөл хөтөлбөрийг хүчээр шахам санхүүжүүлж, үр ашиггүй зардал бий болгож байгаа нь нийт эрэлтэд ч сөргөөр нөлөөлж буй юм.
-Таны харж байгаагаар цаашид юуг бид анхаарах шаардлагатай байна вэ?
-Жижиг, дунд бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, татвар, хөрөнгө оруулалтын урт хугацааны таатай орчныг бий болгох замаар эдийн засаг тэлэх, иргэдийн орлого өсөх, ажлын байр нэмэгдэх, нийт эрэлт сэргэх, улмаар эдийн засгийн урт хугацааны өсөлтийг бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Үүнийг эдийн засаг болон улс төрийн зохимжтой, тэнцвэртэй бодлогын хүрээнд хийх нь илүү ач холбогдолтой. Хувийн хэвшлийн эрх ашигт нийцэх, тэнд хүнд суртал үүсгэх бус, харин хөгжил, тэлэлт авчрах хэмжээний өөрчлөлт байх учиртай юм.
-Засгийн газрын оролцоо эдийн засагт төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй байна гэж Та хэлэх гээд байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Засгийн газрын бодлогын эргэлт нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлнө. Тухайлбал, манай улс шиг уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улсад Засгийн газрын зөв бодлого ус, агаар мэт хэрэгтэй. Зөв бодлого гэдэг нь төрийн оролцоо, түүний хэм хэмжээг ч тодорхойлж өгнө. Технологи, дэд бүтэц, шинжлэх ухаан, боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, тэгш бус байдлыг залруулсан тийм бодлогыг нэн тэргүүнд явуулах хэрэгтэй байна. Дэлхийн түвшинд, томоохон гэлтгүй бүх улс оронд том хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Сүүлийн жилүүдэд ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох талаар ихээхэн ярьж, хэлж байна. Шинэ эрчим хүч рүү шилжих, хот сууринаа дэд бүтэц, архитектураар нь өөрчлөх зэрэг маш том, том хөрөнгө оруулалтын асуудал эрчимтэй яригдаж байгаа ийм цаг үед бид хоцорч, хойш сууж яавч болохгүй. Харамсалтай нь манайд хөрөнгө нь байгаа мөртлөө түүнийгээ хангалттай ашиглаж чадахгүй байна. Улстөрчдийн дотоодын хадгаламжийн хэмжээ хэд болчхоод байгаа билээ. Тэгээд л бодоход бүх зүйл ойлгомжтой болно. Дахиад хэлэхэд, энэ олон сан, төсөв, тендер тойрсон “хулгай” эдийн засгийн нийт эрэлтийг хумихад хүргэж байгаа. Эдийн засгийн эргэлт ч суларч байна. Зах зээл дангаараа дээрх олон асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг сүүлийн 30 гаруй жилийн нөхцөл байдал бүрэн харууллаа шүү дээ.
-Угтаа зах зээлийн эдийн засагт найдах. Гэвч асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж үү?
-Монголын эдийн засгийг өнөөгийн зогсонги байдлаас гаргахын тулд баячууд л улам их баяжаад байх бус, бүх нийтэд хүрэлцээтэй болох буюу тэгш бус байдлыг арилгах нийгэм бүтээн бий болгохын тулд эдийн засгийн эрс өөр бодлого шаардлагатай гэдгийг л би баттай хэлж чадна. Эдийн засгийн зөв онол баримтлал, түүнд тулгуурласан зөв бодлого хэрэгтэй болж байна. Ийм бодлого үгүйлэгдэж байна.
Манайханд нэг нийтлэг зүйл байна. Ардчиллыг эдийн засгийн ухагдахуун, зөвхөн зах зээлийн эдийн засагт тулгуурлахдаа сонгодог болон шинэ сонгодог онолынхны хүрээнд л ойлгодог. Би бол ардчиллын үнэт зүйл болох бүх нийтийн шударга сонгуулиар төрийг бий болгох, аливаа нэгэн байдлаар бие биенээ гадуурхахгүй байх, зөвхөн хуульд захирагдах гэх мэт иргэний эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, парламент олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийг хүндэтгэх үзэл санааг үргэлж дэмжсээр ирсэн. Түүнээс бус ардчилал гэдэг нь хэн нэгэн хөрөнгөтэй хүний хөрөнгийг зах зээлийн эдийн засаг нэрийн дор хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, түүний ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйлдийг хаацайлахыг хэлэхгүй байх.
Нэг үгээр хэлбэл, Монголд бизнесмэн, инновацлагч, сэхээтэн гэж байхгүй, харин зэрлэг капиталистууд бий боллоо гэж би хувьдаа харах болсон. Ардчилсан сонгуульд сүүлийн хэдэн жилд дандаа зэрлэг капиталистууд ялж байна. Энэ капиталын эзэд өөрсдийн үр өгөөж, үр хойчоо бодно уу гэхээс улс орноо бодно гэсэн ухамсар, ойлголтгүй болсон. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслийн эхний нүүрийг үзэхэд л тэдгээрийн хууль бус үйлдлүүдээр дүүрэн болсон шүү дээ.
-Ерөөсөө эдийн засаг заавал өсөж байх ёстой юу? Эдийн засгийн өсөлт гэдэг зүйлд ямар давуу, сул тал байна вэ?
-Эдийн засаг заавал өсөж байхаас өөр арга байхгүй. Эдийн засгийн өсөлтийн талаар ярихдаа өсөлт гэж юу вэ, өсөлтийг хэрхэн хэмжих вэ, тоолуур нь юу байдаг вэ гэдгийг хөндөх хэрэгтэй болно. Сүүлийн жилүүдэд эдийн засагчдын үзэж байгаагаар ДНБ эдийн засгийн хүчин чадлыг бүрэн хэмжиж үнэлэхэд учир дутагдалтай үзүүлэлт болсон. ДНБ нь байгаль орчны сүйрэл, ашигт малтмалын нөөцийн шавхагдалт, баялгийн хуваарилалт, хүртээмжтэй өсөлт, түүний тогтвортой байдал зэргийг тусгадаггүй гэх мэт асуудлыг дагуулж буй. Үүнийг засах талаар онолын хувьд сайжруулалт хийгдсээр байгаа. Түүнээс бид хоцорч болохгүй. Мөн үүнтэй холбогдуулан өсөлтийн бүтцийнх нь хувьд өөрчлөх шаардлагатай гэж ихэнх эрдэмтэд үзэж байгаа. Түүнээс бус байгалийн баялгийг улс төрийн эрх мэдлийн хүрээнд баруун солгойгүй үрэлгэн зарцуулж, байгалийг үндсээр нь сүйтгэж буй материалист эдийн засаг цаашид оршин тогтнох ямар ч бололцоогүй нь дэлхийн эдийн засгийн томоохон форумуудаас илэрхий харагдаж байна. Материалист эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжиж, дэлхий дахинтай хөл нийлүүлэхээс өөр арга бидэнд байхгүй. Тиймээс таны асууж буй “өсөлт” нь материалист өсөлтийг хэлж байгаа бол эдийн засгийн өсөлт гэдэг нэр томьёог энд дурдах ч хэрэггүй юм.
Өөрөөр хэлбэл, таны асуусан эдийн засгийн өсөлт нь материалист өсөлт бол тэр нь эдийн засгийн өсөлтийг авчрахгүй ээ!!! Та үүнийг ойлгохын тулд сүүлийн 15 жилийн ДНБ-ий өсөлт болон өөрийн амьжиргааны түвшнээ харахад л хангалттай. Энд тоо тавибал их сайн болно доо.
-Түрүүн ярианы дундуур зах зээлийн эдийн засагт тулгуурласан сонгодог онол гэлээ. Тэр тухай илүү тодруулж хэлж өгөөч?
-Зах зээлийн эдийн засаг гэнэт хаа нэгэн газраас гарч ирээгүй. Бусад шинжлэх ухааны адилаар хувьсан өөрчлөгдөж ирсэн, цаашид ч хувьссаар байх болно. Анх үүсэхдээ тун энгийн цомхон, гар урлал, газар тариаланд тулгуурласан зах зээлийн эдийн засаг байсан. XVIII зууны сүүлээс XIX зууны эхээр өрнөсөн Аж үйлдвэрийн хувьсгал зах зээлийн эдийн засгийг үүсэхэд томоохон хөшүүрэг болсон. Улмаар шинжлэх ухаан ба технологи гэсэн хоёр хос гартай болсноор пүүс компани, корпорац, нэгдэл болж томрох тусмаа эдийн засаг бүхэлдээ бүтцийн хувьд хувьсан өөрчлөгдсөн.
Эдийн засгийн ухааны загалмайлсан эцэг гэгддэг Адам Смитийн талаар энд дурдахгүй байхын аргагүй. Орчин үеийн олон эдийн засагч Адам Смитийн онолыг үргэлжлүүлсээр байгаа. Адам Смитийн үндсэн номлол нь аливаа нэгэн хувь хүн болон байгууллага зөвхөн хувийн ашгийн төлөө явах нь нийгмийн үр ашгийг бий болгоно, үүнийг “үл үзэгдэгч гар” зохицуулна гэдэг. Адам Смит “Үндэсний баялаг” аугаа бүтээлээ одоогоос 250 гаруй жилийн өмнө туурвисан байдаг. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал өнөөгийн эдийн засгийн бүтэц төдийгүй шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаас тэс өөр шүү дээ. Тиймээс өнөөгийн капитализмыг Адам Смит бүрэн ойлгож байсан нь эргэлзээтэй. Олон эдийн засагч Адам Смит болон Карл Марксын онолыг зөвхөн материалист үзэл дээр тулгуурласан гэж үздэг. Гэтэл өнөөдрийн мэдээллийн технологийн салбарын хөгжлийг та бид бүгд мэдэж байгаа шүү дээ… Материалист гэхээс илүүтэй идеалист хийсвэр зүйлд тулгуурласан гэхэд хилсдэхгүй байх аа. Байгалийн баялгийн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжинэ гэдгийг Адам Смит бараг төсөөлж байгаагүй шинжлэх ухаан технологи инновацын шинэ эрин үе ирчхээд байна. Өнөөдөр дэлхийд нэртэй эдийн засагчид, судлаачид Адам Смитийн үл үзэгдэгч гарын тухай ид маргалдаж, мэтгэлцэх нь элбэг боллоо.
Ер нь хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээнд хуваарилах гэсэн эдийн засгийн явцуу, хоцрогдсон тодорхойлтоосоо бид салах хэрэгтэй. Орчин цагийн мэдээллийн технологийн эрин үед мэдлэгийн болон оюуны нөөц хязгааргүйд тэмүүлж байна. Бидний 30 жилийн өмнө хязгааргүй амьсгалж чадаж байсан агаар маань өнөөдөр хязгаартай болтлоо бохирдож, түүнээс хамаарсан үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзэл хэтэртлээ өсөх боллоо. Бид бүгдийн өмнө нь баталж байсан зүйлс одоо худал болж, худал байсан нь үнэн болж, үүнийг дагаад шинжлэх ухаан хувьсан өөрчлөгдөж байна. Монголчууд бид энэ удаагийн сонголтоо эдийн засгийн цоо шинэ онол баримтлал, шинэ бодлого явуулж чадах шинэ залуу боловсролтой үеэ сонгох цаг нэгэнт болсон. Тэр цаг үе ч ирсэн гэж харж, итгэж байгаа.
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол...
8 цагийн дараа
ТОЙМ: “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Монгол...
8 цагийн дараа
Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.10.31) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишү...
6 цагийн өмнө
Тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар хаясан иргэнийг 10 сая төгрөгөөр торгожээ DNN.mn
Нийслэлийн прокурорын газраас хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох тосолгооны тосны хаягдлыг зориулалтын...
6 цагийн өмнө
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn
Арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Fвлий...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд