онцлох-нийтлэл
Дорноговь аймгийн ИТХ, Ноён хутагт Данзанравжаагийн музейн захирал, МУСГЗ Зундуйн Алтангэрэл
2016 оны 6 сарын 09
59
Монголын их соён гэгээрүүлэгч тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаагийн өвийг долоон үеэрээ агуулан хамгаалж ирсэн, уламжлал соёлоо дээдэлсэн говь нутгийн хүү Тахилч З.АЛТАНГЭРЭЛ.
З.Алтангэрэл өөрийн эцэг өвгөдийн хамтаар Ноён хутагтын эдлэл хэрэгсэл, ном судар, бурхад тэргүүтэй түүхийн үнэлж барамгүй үнэт өвийг өнөө цагийн монголчууддаа тээн авчирсан гавьяатай хүмүүн. Үнэт энэхүү өв хөрөнгө нь Монголын төдийгүй дэлхийн түүх соёлын гайхамшигт өв соёл мөн ажээ.
Удам сайтай, учиртай төрсөн хүний үр
Ноён хутагт тахилч Балчин Чойжоодоо “Би чиний үр удамд тэмдэг дохио болно. Тэр хүнийг тахилч хэмээн өргөмжилж байгаарай” гэж захисан гэнэ. Балчин Чойжоо хутагтын хоёр хүүгийн нэг нь том тэмдэгтэй (мэнгэ) төржээ. Хутагтын тэмдэг дохио хэмээн үзэж, тахилчаар залгамжлуулсан аж. Тэрхүү мэнгэ үе үеийн тахилчдын гэр бүлийн ганц гишүүнд, тэр тусмаа эрэгтэй хүүхдэд, яг л тухайн газартаа уламжлагддаг нь гайхалтай. Харин Г.Түдэв тахилчийн үр хүүхэд ямар ч тэмдэг, дохиогүй төрсөнд “цаг цөвүүн болж байна” хэмээн бодсон гэдэг. Гэтэл 1959 онд түүний хүү Г.Зундуй гэрт хутагтын тэмдэгтэй хүү төрснийг дуулсан өвгөн тахилч яаран ирж “Миний хүү” хэмээн өөр дээрээ авчээ. Тэр хүү бол өнөө бидний нэр дэвшигч З.Алтангэрэл билээ.
МУСГЗ Зундуйн Алтангэрэлээс дараахь тодруулгыг авлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат. 1960 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. 1968 онд Сайншандын төмөр замын найман жилийн дунд сургуульд элсэн орж, Зүүнбаянгийн дунд сургуулийн 8-р ангийг 1977 онд төгссөн. 1977-1979 онд Улаанбаатар хотын тээврийн ТМС-ийг авто засварчны мэргэжлээр төгссөн.
1980 онд Цэргийн албанд мордож, Ардын армийн 107 дугаар ангид жолоочийн мэргэжил эзэмшсэн. 1986 онд Зүүнбаянгийн дунд сургуулийн 10 дугаар ангийг оройгоор дүүргэж, УБДС-ийн зураг ерөнхий техникийн факультетэд элсэн орсон. 1990 онд УБДС-ийг урлал техникийн мэргэжлээр төгсч багш мэргэжил эзэмшсэн. УБДС-д суралцахын зэрэгцээ Буддын гүн ухааны чиглэлээр судлаач-түүхч мэргэжил эзэмшсэн.
1993-1998 онуудад музейн ажилтныг мэргэшүүлэх курс, Соёл урлагийн ажилтнуудыг мэргэжүүлэх Англи хэл-менежментийн тусгай курс ЕSP зэргийг тус тус төгссөн.
-Аймгийн тээврийг удирдах газарт галчаас эхэлсэн таны ажлын гараа аймгийн музейн захирал хүртэл хэрхэн дэвшсэн нь соирхол татлаа?
-Би 1979-1980 онд Аймгийн тээврийг удирдах газарт засварчин, галчаас эхэлсэн. 1980-1983 онд Цэргийн алба хааж, улмаар албыг үргэлжлүүлэн АА-ийн 126 дугаар нэгтгэлд ахлагч цолтой жолооч-багш, 1990 онд Сайншанд хотын Төмөр замын 10 жилийн сургуульд багш, 1991 оны аравдугаар сараас Данзанравжаагийн музейг байгуулж, захирал, мөн аймгийн Музей-сургалт судалгааны төвийн захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн Музейн захирлаар ажилласан.
-Өнгөрсөн хугацаанд чамгүй олон газар удирдах албан тушаал хашиж байсан. Энэ тухайд?
-1990 оноос Хамарын хийдийн зөвлөлийн дарга, 1996 оноос Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МҮАН-ын Дорноговь аймгийн хорооны дэд дарга, Д.Равжаа судлалын төвийн нарийн бичгийн дарга, Байгаль аялал жуулчлал хөгжүүлэх “Таван дохио” ТББ-ын зөвлөлийн гишүүн, “Говийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн гишүүн, “Равжаа сан”-гийн зөвлөлийн гишүүн, 2008-2016 онд Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч.
Үүрэг хүлээж хатуу гараар хүмүүжсэн хөвгүүн
Тахилчийн албыг авч явах хөвгүүн Алтангэрэл бага балчир цагаасаа урьдын уламжлалт гэрийн ном мөнхүү шинэ цагийн боловсролоор давхар боловсорчээ.
Мэргэн ард гэгчээр тахилч Г.Түдэв нь ач хүүгээ хоёр номоор хүмүүжүүлжээ. Алсын холч хараатай өвгөн ирэх цагт ихийг нээх, өв сахих тахилч хүүг дунд сургуулийн боловсролоос гадна Монголын гуйваагүй түүх, уламжлалт ёс заншил, бурхны шашны нарийн зан үйл, буддын гүн ухааны үзэл баримтлал, бясалгал, тахилчдын нууц ёс, тарни ном зэрэг арга билгийн нарийн ухааныг өвлүүлэхээр махран чармайсан хэрэг. Өвөө, ач хүү хоёр хөдөө хээр гарч, энэ тэндхийн сархиаг дунд майхан барьж хонож, цагдаа, тагнуулын ажилтан, нутгийн иргэдэд сэжиг төрүүлэхээс сэрэмжилж, морь тэмээгээ өндөр газарт уях зэргээр тахилчдын арга ухаанаа гарган байж ач хүүдээ эрдэм мэдлэгээ өвлүүлжээ. Нууц өвийн тухай цаасан дээр бичиж үлдээж болохгүйгээс хойш балчир хүүг өвгөн тахилч тун их шахдаг байсан гэдэг.
Тахилч З.Алтангэрэл:– Өвөө бид хоёр шөнөдөө газар ухаж, нууцын авдраа гаргаж задална. Өвөө эдлэлийн үүх түүхийг сайтар тайлбарлаж өгөөд дараа нь хоёулаа буцаад булаад явна. Өвөө харанхуй шөнөөр нэг газар аваачаад орчноо сайтар хар гэж тушаана. Намрын дунд сарын 15-нд уул, овоо, мод, сарны тусгал, сүүдрийн огтолцол дээр авдруудыг нуусан, тэр цэгийг олсон ч хамаагүй ухвал сааль гэдэг зэвсэг чамайг нэвт харвана. Иймээс огтлолцол цэг дээрээ гэрийн буурийн чинээ тойрог зур, Алтангадас одоор баримжаалж тойргоо 12 цаглабарт хуваа. Хонь, үхэр, бар, туулай гэхчилэнгээр.Тухайлбал, хонь цаглабарын чигт тэрхүү сааль бий. Аюулгүй болгохын тулд тэр цаглабар талаас нь ух, ухахын өмнө заавал түлхүүр тарни унш.Энэ газрыг хараасан, оюун санаанд хүртэл нөлөөлж мэдэхээр цоож тарни уншсан байгаа гэхчилэн нарийн нууцыг заана. Зөвхөн эдлэл хэрэглэлийн нэр ус, алийг юунд ашигладаг байсныг төдийгүй, бүхий л ёс, дэг жаяг, шашны үйл хэргийг хэрхдэг зэргээр шашны тулгуур ойлголтыг мэдүүлнэ.Тогтоогоогүй бол зандарч, гар хүрэх энүүхэнд. Есөн настайд маань оршуулгын газар ганцаар хонуулж, бясалгал хийлгэнэ. Харанхуй агуйд гурван хоног түгжих зэрэгт нь би өвөөгөө буг чөтгөр мэт л ойлгож, бүр үзэн ядах ч үе надад байлаа. Надад бусдын адил эрх дураар бага нас гэж байгаагүй юм шүү дээ. Тэр цагт өвөө намайг их үйл эхлүүлнэ хэмээн тийнхүү чанга хатуу гараар хүмүүжүүлсэн юм билээ. Энэ бүхэн миний хувьд алсдаа үүрэх, олон түмнийхээ өмнө хариуцлага хүлээж мэдэх энэ цагт минь бэлтгэх гэсэн үйл юм байж дээ гэж одоо би бодож байна шүү дээ.
Тахилч гэдэг нь соён гэгээрлийн өвийг тээгч юм
1971 онд хулгайд алдагдсан Түмэн мэсийн бурхан маань олдов
Тахилч гэдэг нь сүм хийдийн хувьд өдөр тутмын болон цаг цагийн тахилыг шинэчлэн сольж дараа дараагийн хурал, зан үйлийн бэлтгэлийг хангадаг хүнийг хэлдэг байжээ. Египетийн Фараоны тахилчид, Грекийн Олимп уулын тахилчид, Ромын хаадын тахилчид гэхчилэн дэлхийн улс орон бүрт өвөрмөц зан заншилтай явж иржээ. Данзанравжаагийн ёс уламжлалаар бол долоон үе дамжсан энэ тахилч нь бусдаас өвөрмөц байдгаараа ялгаатай.
Тодруулбал V Ноён хутагт Данзанравжаагийн амьд ахуйдаа хийж бүтээж байсан буяны үйл болон номын ёс уламжлал, зан заншлын өвөрмөц шинж чанарыг огтхон ч гажуудуулж холилдуулалгүйгээр дараа үеийн тахилчдаа зааж сурган өөрийн олж авсан мэдлэг боловсролоо нэмж өгдгөрөө онцлог байжээ. Энэ нь шашны уламжлалт сургалтаас ялгаатай бөгөөд бүгдийг монгол хэл бичиг дээр зааж сурган биетээр өвлүүлэх эд зүйлсийг хүлээлгэж өгдөг байна. Тахилчдын эрдмийг өндөр ёс суртахуун, хатуу дэг жаягийн дор балчир наснаас нь өвлүүлдэг уламжлалтай. Тахилч гэдэг нь соён гэгээрлийн өвийг тээгч юм.
Тахилч З.Алтангэрэл:
-Би залуудаа ч тэр өөрийн хүслээр амьдралаа залсан удаагүй. Бүгдийг Ажаа (Л.Түдэв) маань л миний өмнөөс шийднэ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатарт сургуульд явах санаатай байсан ч Ажаа цэрэгт явуулж, цэргийн жолооч болгосон.Жил гаруйн дараа дарга нартай яриад буцаагаад нутагт авчирсан юм.
Жолооч болгох нь хутагтын өв хөрөнгийг аюул тохиолдсон үед нааш цааш зөөхөд нэмэр болно гэж өвөө маань бодсон бололтой шүү. 1984 он, намайг 25 нас хүрдэг жил 72 настай Ажаа маань “Хайрхан дээр гаръя” гээд Шарил тайлин одоогийн Хүслийн ууланд дагуулж гарсан юм. Өвөө уулын оройгоос тал руу ширтэж удаан сууж байснаа гэнэт л асгартал уйллаа. Уйлсныхаа эцэст надад хандаж “Миний нас хүрэхгүй нь. Алтангэрэл минь, одоо чи 25 нас хүрлээ. Энэ цагийн хүн энэ цагийн аюулыг ч мэднэ, авралыг ч мэднэ. Би бол хоцрогдсон. 64 авдрыг би 17 газарт нуусан байгаа. Өмнө чамаар бүгдийг нь задлуулж, утга учрыг хэлчихсэн. Хэлж өгч байхдаа өдөр болгон чамайг зодож, уйлуулсан. Өвөө чинь биш юм шиг л аашилдаг байлаа.Намайг үзэн яддаг байсныг чинь мэднэ. Үнэндээ эцэг хүний хайр бол байсан юм шүү. Чи над шиг ганцаараа ажиллах учир хат суух ёстой юм. Би чамайг өчүүхэн шуналаас ангид, алсын хараатай болгох хүслээр 25 нас хүртэл чинь нөлөөлөх гэж оролдлоо. Цаашид хэрхэх нь чамаас шалтгаална. Нэг бурхан зарчихвал өөрийгөө насан туршдаа яллах тийм занг чамд суулгасан гэж бодож байгаа. Би чамд хутагтын өв хөрөнгийг хүлээлгэн өглөө.Одоо чи бүгдийг мэдэх боллоо.Маргааш гаргаж ирээд шатаах эсэх нь чиний эрх. Гэхдээ энэ бүхэн бидний өмч биш шүү.Ард олных. Цаг нь ирэхээр ард олондоо ямар нэгэн арга олж хүлээлгэн өгөөрэй” гэж хэлж билээ.
Зундуйн Алтангэрэл баялаг бүтээгч
-ДАХИН СЭРГЭЛТ-БҮТЭЭН БОСГОЛТУУД-
Данзанравжаагийн музейн нээлт. 1991 оны 07 сарын 10
Хамарын хийд 1990 онд
Хориод жилийн өмнө зэлүүд тал байсан газарт Хамарын хийдийг 1990 оны арванхоёрдугаар сарын 9-нд дахин сэргээн босов. Зүүнбаянгийн Цэргийн ангиас актлагдсан модон байшин нэгийг хандив дэмжлэг болгон өргөсөн нь Хамарын хийдийн анхны дугана болсон юм. 2014 онд “Номин холдинг” компанийн хүч хөрөнгөөр шинэ дугана цогцолсноор Хамарын хийдийг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөж Дорноговь аймаг өдгөө улсын төсвөөс татаас авдаггүй бие даасан аймаг болон хөгжиж байна.
1991 онд
Сайншанд хотод ДАНЗАНРАВЖААГИЙН МУЗЕЙ байгуулагдав. Хутагтын өв хэмээн тахилч өвгөдөөсөө нандигнан хадгалж уламжлуулсан 64 авдар бурхан тахил, ном судар, эд өлгийн зүйлс болох түүхийн дурсгалыг З.Алтангэрэл олны хүртээл болголоо. Музей байгуулах зам дардан байсангүй. Байр сав, үзмэрийн хорго гээд олон зүйл хэрэгтэй байсан ч З.Алтангэрэл энэ ажлыг зориглон эхлүүлсэн юм. Үр дүнд нь олон түмний оролцоотойгоор аймгийн дэлгүүрийн барилгыг музейн байр болгон ашиглах боломж тохиов. Хожим нь Данзанравжаагийн музейн үзмэрийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын түүхийн хосгүй үнэт ангилалд бүртгэн авсан юм. Нийт 2000 гаруй үзмэр олны хүртээл болж Улсын нэгдсэн тооллогоор 17 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн.
1997 онд: Говь нутгийн түүх соёлын дурсгал, утга соёлын өвийн цэсийг үйлдэж зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад оруулав.
1998 онд:
Шарилын уулын мөргөлийн сүмийг бүтээв. “Их говийн Догшин Ноён хутагт” номыг монгол англи хэл дээр хэвлүүлэв. Юнескогийн оны шилдэг 10 бүтээлд шалгарч оны шагнал хүртэв.
1999 онд:
Хамарын хийд орчимд аялал жуулчлалын маршрут зохиож, гадаад дотоодын аялал жуулчлалын хүрээг тэлэв.
2001 онд:
Хамарын хийдэд анхны жуулчны бааз байгуулагдав. Өнөөдөр Хамарын хийдэд 16 айл өрх, аж ахуйн нэгж, 100 гаруй гэр буудал ажиллаж байна. Нэг дор 300 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай.
2004-2005 онд
Шамбалын орны их 102 суваргыг бүтээв.
Олон улс орноос эдгээр суваргуудыг бүтээхэд хандив тусламжаа өргөсөн байдаг. Герман, Төвд, Америк, Орос, Чех, Канад, Хятад, Япон, Тайвань зэрэг орнуудаас сүсэгтэн олон хандив өргөж “Шамбалын орон”-ыг жинхэнэ дүр төрхөөр нь бүтээжээ.Оросын нэрт эрдэмтэн Н.Рерих олон жил Энэтхэг, Төвдийн уулсаар аялж, үлгэр домгийн Шамбалын орныг хайсаар эцэстээ “Шамбал” хэмээх нэгэн том зохиол бичиж үлдээсэн.Тэрээр, Монголын говьд “Шамбалын орон” байдаг бөгөөд тэндхийн ард олны дунд Шамбалын тухай дуу хүртэл байдаг тухай өгүүлжээ.
2006 он:
Юнескогоос Ноён хутагт Данзанравжааг “Дэлхийн сод хүн” хэмээн зарлаж Монголоос анх удаа түүхт ойг нь дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлсэн юм. З.Алтангэрэлийн 30 гаруй жилийн турш агуулж хамгаалж ирсэн говийн Догшин Ноён хутагтын сан хөмрөг дэлхийн өв соёлын үнэт зүйлд бүртэгджээ.
2010-2011 онд:
Өвгөн суварга ашиглалтад орж нээлтээ хийв.
Хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан уг бүтээн байгуулалтад төрөөс нэг ч төгрөг гаргаагүй юм. З.Алтангэрэл энэхүү суваргыг бүтээх үйлсийг эхлүүлж, өөрөө манлайлан олны өглөгийг цуглуулж чадсан юм.
2012 онд:
Тойногийн сүм (бүсгүйчүүдийн сүм) нээлтээ хийв.
2014 онд:
Цогчин дугана нээлтээ хийв.
2015 онд:
Чойдонгийн ууланд их чулуун бурхан бүтээж сэргээн босгов
Дорноговьчууд аа! Түүх соёлын бахархлаараа баялаг бүтээцгээе!
МАНАЙ ДОРНОГОВЬ АЙМАГ УЛСДАА ТЭРГҮҮЛЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС НУТАГ БОЛОХ БҮРЭН БОЛОЛЦООТОЙ
Сайн хүний үйл савнаасаа цалгина гэдэг
Говийн Догшин Ноён хутагт Данзанравжаа япон шавьтай байсан бөгөөд XIX зуунд тэр шавь нь хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт газар болох 108 агуйн хажуу жалганд уг Сакураг нутгаасаа авчирч суулгасан гэдэг.
Далайн эргийн мод говь цөлд ургана гэдэг өөрөө хачирхалтай зүйл. Зөвхөн хэдхэн мод цэцэглэхийг үзэхээр манай говийг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бол нутаг орноо сурталчилсных… Гэтэл манай Монгол орон маань дэлхийд гайхагдах ахуйтай, гайхамшигтай өв соёлтой, үүх түүх, ёс заншилтай. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс дорнын нууцлаг оюуны санд дурлагсадын тоо олширч, бясалгал мөргөл, даяаны үйлээр ч манай Хамарын хийд, энергийн төвийг зорьж байна шүү дээ. Төрийн зүгээс оюуны болоод түүх соёлын өв хөрөнгөө уудалж баялгийг бүтээхэд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь тун чухаг.
Хүслийн уул, дэлхийн энергийн төв цэг Шамбалын орон, Хамарын хийд, Мөөм овоо буюу Тонтой овоо, Энх тайвны хонх буюу Тэнгэрийн хонх, Хилэнцийг арилгах алтан хаалга, Бирдийн ходоод, Алтан гавал овоо, Эхийн умай гээд энэ газар орны маань тухай одоо улс хотлоороо андахгүй. Аялан жуулчлагчид Шамбалын орон хэмээн зорьж ирэн байгаль дэлхийн эрч хүчийг авч, уул усанд сүсэглэн, улс эх орноороо бахархах сэтгэлээр хандаж буй нь манай говь нутгийнхны бахархал.
Их үйлс нийтийн хүчээр бүтдэг. Дорноговьчууд бид бахархлаа баялаг болгож эхэлж байна. Миний зорилго Дорноговь аймгийнхаа сум бүхэнд буй түүхт газрууд, өвөрмөц байгалийн тогтоц, өв соёлыг дагасан цогц бодлого бүхий бүтээн босголтуудыг хийх хүсэл зорилготой. Надад хангалттай туршлага бий.
НЭГЭН ХҮМҮҮНИЙ ГЭГЭЭН ҮЙЛС НИЙТИЙН САЙН, САЙХНЫГ БҮТЭЭНЭ.
З. Алтангэрэл Ардчиллын салхийг хөдөө нутагт эхлүүлэгчдийн нэг
Ардчилал- Алдарт цагаан морин жил Монголд сайн цагийг авчирлаа
“Миний байгуулсан хийд тал тоосгогүй болтлоо балрах цаг ирнэ, Шашир довны энгэрт улаан, цагаан хувцастай улсууд цуглаад дахиж нэг байгуулаад өнөд орших болно” хэмээн Ноён хутагт нэгэнтээ айлдсан байдаг.
1990 он гарч, ардчилал ялж, хутагтын бошго биелэх нь тэр. Зургаа дахь үеийн тахилч З.Алтангэрэл энх цаг ирж, тогооны гурван хөл бүрдлээ гэж үзээд Данзанравжаагийн өв хөрөнгийг нийтэд дэлгэхээр шийджээ. Аймгийн удирдлагуудад хутагтын өвийг хадгалж байгаагаа хэлсэн ч үнэмшсэнгүй.
Монголын үндэсний дэвшлийн намын гишүүн байсны хүчинд тухайн үеийн шадар сайд Да.Ганболдод учирлаж байж, Сайншандын II арван жилийн дотуур байрны нэг өрөөг аваад үзэсгэлэн гаргаж, ховор нандин эдлэлийг дэлгэн үзүүлжээ.
Шадар сайд нь ирсэн учир аймгийн удирдлагууд хүрэлцэн ирээд алмайрч гайхсан ажээ. З.Алтангэрэлийн гэр бүл, хамаатан садангууд ч мэл гайхаж, цэл хөхөрнө гэдэг нь болжээ. Учир нь Г.Түдэв тахилч 48 жил хамт амьдарсан гэргийдээ хүртэл огтхон ч дурсаагүй байв.
Соён гэгээрүүлэх үйлсийг залгамжлагчид
Л.Одончимэд: Өнөөдөр монголчууд бид буддын шашныг мухар сүсгээр шүтэхээ больжээ. Өнөөг хүртэл З.Алтангэрэл бид хоёрын ойлгуулахыг зорин байж зүтгэсэн үйл хэрэг нэгэнтээ бүтжээ. Данзанравжаа бол жинхэнэ соён гэгээрүүлэгч гэдгийг ухамсарлан таньсан учраас сэргээн босголт, бүтээн байгуулалтад оролцсон хэн бүхнийг мөнхүү соён гэгээрэх үйлсийг залгамжлагч хэмээн бодож байна. Манай дорноговьчууд бол оюунлаг ард түмэн.
З.Алтангэрэлийн дэс дараатайгаар хийсэн энэ олон ажил, үйл хэрэг нь ирээдүйд хөдөө орон нутагт буй болох томоохон төсөл, мөн түүнтэй уялдуулсан олон улсын аялал жуулчлалын бааз байгуулах хэтийн санаа байсан юм. Энэ бол өнөөгийн амьдрал үнэн хоёрт ойр, сэтгэлд бодитой нийцэх зөвхөн “суудлын” төлөө бус дорнын соёл, шинжлэх ухааны үндэслэлтэй, эх орон ард түмний үндэсний эрх ашигт шүтэлцээтэй соён гэгээрүүлэх хөтөлбөр байсан юм.
Ард түмний нэрийн өмнөөс түүх соёлоо олж харах, ариун тунгалаг мэлмийтэй, хэлэх үг нь зүрхний халуун галтай тийм нэгэн түшээ хүн өнөөдөр үгүйлэгдэж байна. З.Алтангэрэлийн үйл хэрэг бол зөвхөн Дорноговийг хөгжүүлэх гэсэн явцуу санаа төдий бус, дорнын их соёлыг олон улсын соёлын харилцааны уулзварт холбож хүргэх гэсэн оюун сэтгэлгээний гүүр юм.
Өв соёлын үнэт түүхийг тээж ирсэн тахилчдын арга ухаан, уламжлал нь улмаар ард олноо өвлөгдөж байна
Айл гэр эд олбор ихтэй, баян тансаг амьдралтай байх нь нэг хэрэг. Гартаа бэл бэнчинтэй, гаднаа мал машинтай байх бас нэг хэрэг. Гагцхүү тархиндаа гэрэл гэгээгүй, бахархах бишрэх юмгүй бол улс орон юутай ч байгаад нэмэргүй. Дээдсийг далайн цаанаас юм уу бурхны орноос эрэх хэрэггүй, дэргэд чинь, говьд байна. Бидэнд бүх юм бий.
Зундуйн Алтангэрэл айл гэрийн эзэн, сайн хань
1977 онд Зүүнбаянгийн дунд сургуулийн нэг ангийн хүү охин хоёр үерхэж эхэлсэн цагаас улс оронд маань нэгэн шинэ гал голомт бадран асчээ. Алтангэрэлийнх гэдэг айл өдгөө үр ач, өвгөд хөгшдөө тойруулсан өнөр өтгөн гэр бүл болжээ. Ач зээ нийлсэн зургаан хүүхэд эмээ өвөө, өвөг эцэг дээрээ өдрийг өнгөрөөж, жирийн монгол айлуудын нэгэн адилаар бужигнана.
Хань Ц.Жаргалсайхан:-Миний хань дэндүү бодь хүн. Үр хүүхдэдээ бол яг л нөгөө Энх-амгалан хааны дүр шиг өөрийгөө ноолуулаад л жаргаж суух дуртай. Эх хүн, гэргий хүн гэдэг чинь үр хүүхдийнхээ аз жаргалын төлөө, мөн ханийнхаа сайн сайхан, ажил үйлсийнх нь төлөө амьдрахаас гадна айл хотлынхоо төлөө байх учиртай л гэж би бодож явдаг юм шүү дээ. Миний хань их сонин хүн дээ. Хамт амьдраад арав гаруй жил болсны хойно надад нандин нууц сахин хадгалагч гэдгээ хэлж билээ. Тэгээд гэнэт л музей байгуулна, хийд сүм сэргээн босгоно гэж ярьсан юм. Би тэр үед их гайхсан шүү. Нууцлах ёстойг нууцлах тийм хатуу чанга бодол нь үе удмынх нь ёс суртахуун хүмүүжил болохыг мэдсэн дээ.
Том охин Энхцэцэг нь музейн судлаач мэргэжлээр сурч боловсрон аавынхаа байгуулсан Ноён хутагт Данзанравжаагийн музейн сан хөмрөгийн эрхлэгч хийж байна. Харин удаах охин Энхмаа говь нутгийнханд хамгийн буянтай үйл хэрэг болох ундны усны аюулгүй байдлын төлөө шинэ бизнес эхлүүлжээ. Шандынхан “Амин ус” ХХКийг андахгүй. Харин
хамгийн бага хүү Алтан-Очир аялал жуулчлалын менежер мэргэжлээр Шанхайд суралцжээ. Аавынх нь эхлүүлсэн ажил хүүд өлзийгөө өгөх нь дамжиггүй.
Хүү Алтан-Очир: – Аавын маань сэргээн босгосон Хамарын хийдийг зорих жуулчдын цуваа жилээс жилд нэмэгдэж байна. Үүнээс ч илүү арвин баялаг түүх соёлын дурсгалт газар манайд бий. Би ааваараа бахархдаг. Ажил үйлсийг цаашид улам л дэлгэрүүлэх юмсан гэж мөрөөдөж, мөрөөдлөө бүтээхийг хүсч явна даа.
Сар шинийн нэгний өглөө энэ айл ургийн бичигтээ бүл нэмсэн шинэ хүмүүсээ бичиж үлдээх ёслол үйлддэг нь бас л сонирхолтой. Жинхэнэ нүүдэлчин монголчуудын өв соёл, зан заншил, үнэт зүйлсийг Алтангэрэл үр хүүхдэдээ сургана, бас захина. Яг л удам дамжсан тэр сургаал ном ёсоор… Түүнээс төрсөн нэг хүүд хутагтын тэмдэг бий.
З.Алтангэрэл өнөө цагт ховор хүн
“Хүн юмыг хувьдаа авах амархан, харин нийтийнх болгох хэцүү, ойр дотнын хүмүүс ч заримдаа нөлөөлөх гэж оролдох юм” гэж Алтангэрэл тахилч нэгэн удаа хэлж байсныг би сонсож бай юм. Өвлөгдсөн өвөө хувьдаа л зориулж, харамлаж суух, зарж үрэх хүн гэж бий. Гэтэл энэ хүн бол үнэхээр л бат
хатуу хүмүүжилтэй. Олноо гэсэн чин сэтгэлтэй юм шүү дээ. Өнөө манай Монголын төрд ийм л төрийн түшээ хэрэгтэй байна даа. Авах идэхийн төлөө биш. Хийж бүтээхийн төлөө төрсөн хүн гэж байдаг. Тэр л хүн энэ хүн. Нутгаа, ард түмнээ гэх сэтгэл хаа сайгүй дутаж байгаа энэ цагт энэ мэт гэгээн үйлстэй, хийсэн бүтээсэн нь ил цагаан мөртэй, цайлган сэтгэлтэй, ноён нуруутай хүмүүн тун хэрэгтэй байна даа. Хүн хүнээр дутдаг.
Дамаа хүнлэг гэгээн тунгалаг хүнийг улс орон ч хүсдэг. Манай нутгаас нэг ч гэсэн чих улайлгахгүй, нүүр халуу оргиулахгүй хүн төрийг түшилцээсэй билээ.
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно DNN.mn
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. 2024 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг ...
7 цагийн дараа
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2024.12.27) УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эр...
6 цагийн дараа
5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа DNN.mn
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.27) хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжи...
5 цагийн дараа
Даваа гаригаас ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэнэ DNN.mn
Энэ оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног /2024.12.30- 2025.01.03/-т ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалты...
4 цагийн дараа
Өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан болно DNN.mn
Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлө...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд