Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Д.Даваасамбуу: НДШ-ийг буцааж олгох нь нийгмийн эмзэг хэсэгт очих мөнгөнөөс хумсалдаг, хавтгайрсан халамжийн шинж DNN.mn

trend

Пүрэвсүрэнгийн Батзаяа

img

2022 оны 4 сарын 23

img

1

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.


-2022 оны төсвийн тодотголын төслийг Засгийн газраас өргөн барилаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Төсвийн тодотголын төсөл Төсвийн тухай хуулиа барьж чадав уу?

-Засгийн газар 2022 оны Төсвийн хуулиар батлагдсан алдагдлын хэмжээнд тодотгол хийхээр УИХ-д хуулийн төсөл барьжээ. Орлого, зарлагыг хоёулангаас нь хассан хэрэг. Алдагдлыг нэмээд ч түүний санхүүжүүлэх эх үүсвэр гадаад дотоодоос олдох нь хязгаартай. Бас үнэтэй болох учраас төлөвлөгөөт алдагдлыг багасгах чиглэлээр Сангийн яам маань ажиллах байх гэж найдаж байна. Сангийн сайд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахаа саяхан болсон эдийн засгийн форумын үеэр мэдэгдсэнийг талархан хүлээн авч байгаа.

Манай улс дэлхий нийтийн жишгийн дагуу орлогоороо зарлага нөхдөг төсөвтэй болох, алдагдал гаргавал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байх. Засгийн газрын өрийг мөн ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарлалт, шалгуурыг 2010 онд хуульчлан тогтоосон. Гэвч тогтоосон хязгаарлалтыг зарим үед мөрдөхгүй явж ирснийг зогсоож, УИХ, Засгийн газраас эдгээрийг мөрдүүлэхэд нь санаа дохио өгөх, түмэн олон, хэвлэл мэдээллийнхэндээ үнэнийг хэлж дэмжлэг авч ажиллах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын Зөвлөлийг 2018 онд байгуулж, ажиллуулж байна.

Төсвийн алдагдлын хувьд манайх шиг жижиг хөгжиж буй орны хувьд гадаад өрийг нэмэгдүүлж, эдийн засгийн хараат байдлыг алдагдуулах үр дагавартай гэдгийг сануулсаар байна. Манай зарим улстөрчид Япон, Хятад, АНУ зэрэг орнууд төсөв нь алдагдалтай, өр үүсгээд болоод байгаа тухай ярьж, ард иргэдийг тайвшруулахыг оролддог. Эдгээр болон эдгээртэй төсөөтэй өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн чадавхи асар их ээ.

-Тодруулж хэлэхгүй юу?

-Жишээ нь, Японы эдийн засаг дахь хадгаламж, харилцах, сангууд зэрэг нийт мөнгө ДНБ-ээс гурав дахин, Хятадынх хоёр дахин их байхад Монголын нийт мөнгө ДНБ-ний 40 хувьд хүрэхтэй үгүйтэй байна. Японы Засгийн газар энэ их хуримтлагдсан мөнгөний нэлээд хэсгийг зээлдэн авч эргэлдүүлэх нь үндэснийх нь эрх ашигт нийцдэг байх аа. Хятад мөн адил.

Дэлхийн улс орнуудын, жишээ нь Хятадын 3.2, Японы 1.2 их наяд доллартай тэнцэх валютын нөөцийн ихэнхийг ам.доллар бүрдүүлж, АНУ-ын эдийн засагт эргэлдэж, төсвийнх нь алдагдлыг нөхөж байна.

Харин бидний хувьд бол эдийн засгийн бодлогын нэг номерын асуудал бол хуримтлал, хадгаламжийг нэмэгдүүлэх арга хөшүүргийг бий болгоход оршино. Үүний нэг нь төсвийн дүрэм алтан дүрэм болох дээрх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, төсөв, төрийн сандаа хуримтлалтай болох учиртай байна. Ард иргэдээ ч энэ зүг рүү хандуулах ёстой болж байна. Ийм ч учраас хүүхдийн хуримтлал, өндөр насны тэтгэврийн хадгаламж, хуримтлалыг бий болгохыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл уриалж сурталчилж байна.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс УИХ-ын Төсвийн байнгын хороонд төсвийн тодотголын төсөлтэй холбоотой саналуудыг хүргүүлж байгаа юм байна. Ямар асуудлыг онцолж байгаа юм бэ?

-Төрөөс аливаа тэтгэмж, дэмжлэг болон татвар, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхдээ иргэдийн орлоготой холбох, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, улс орныхоо зээлжих зэрэглэлд илүүтэй анхаарч, өрийг багасгах, төсөвт онцгой нөлөөтэй нүүрс зэргийн борлуулалтыг дэмжих арга замыг олох, үнэгүйдээд буй мал аж ахуй зарим түүхий эд үнэгүйдлийг багасгах чадавхийг сайжруулах зэрэг санал санаачилга гаргаж байгаа.

Гадаад орчин маш ээдрээтэй, хаашаа ч эргэж болзошгүй байгаа тул төсвийн зардлыг хасах эрхээ Засгийн газар УИХ-аас өөртөө авч, шуурхай ажиллах, төсвийн орлогын бүрдүүлэлтийн хэмжээнд санхүүжилтийн эрхээ авах, Сангийн яамны хяналтыг тойруулж, төсвийн шинжтэй зардлыг гаргаж, улс орныг өрөнд оруулдаг сувгуудыг ил болгож, хязгаарлах, тайлан мэдээлэл тогтмол хийж байхыг санал болгож байгаа. Жишээ нь, төсвийн шинжтэй зардлуудыг гаргадаг Төв банк, Хөгжлийн банк, концесс, төрийн өмчийн байгууллага, компаниуд зэрэг далд сувгуудад анхаарал тавин ажиллаж байна.

-Эдгээр саналуудаас дэлгэрүүлж тодруулмаар байна. Дундаж цалингаас доош орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг түр хойшлуулах саналыг гаргаж байгаа үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн зарим хэсгийг буцааж олгох нь зөв байж болох ч бас л амьдралын ялгааг үл хамаарсан, нийгмийн эмзэг хэсэгт очих мөнгөнөөс хумсалдаг, хавтгайрсан халамжийн шинж гэж үзэж байгаа. Бага болон дундаж орлоготой иргэдэд шимтгэлийн тодорхой хэсгийг буцааж өгөхийг дэмжиж байна. Шударга ёс зүйг сахиулахгүй бол амьдралын ялгаварлал улам нэмэгдэж нийгэм бухимдалтай байх талтай.

-Тендерээс татгалзаж дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд гэрээгээр худалдан авах ба үнэ нь олон улсын зах зээлийн үнээс 20 орчим хувь өндөр байхыг зөвшөөрөх тухай санал анхаарал татаж байна. Шууд гэрээгээр худалдан авах нь эрсдэл дагуулдаг гэж ойлгодог. Хуулиараа заавал тендер зарлах ёстой биш үү?

-Тендер аль хэдийний олон тохиолдолд дүр эсгэсэн ажиллагаа болсон хэмээн бизнес эрхлэгчид ярьдаг юм билээ. Тийм ч байх. Ихэнх орнуудад захиалагч хамгийн шилдэг үйлдвэрлэгчдийг урьж уулзаад гэрээ хэлцлээ хийдэг болсон. Харин сонголт буруу хийсэн байвал тухайн захиалагч хариуцлагаа хүлээдэг байх аа. Захиалгаар дүүрээд зарим үйлдвэрлэгчид урилгаас татгалзсан байх талтай. Манайд масс, бөөн хэмжээний үйлдвэрлэл бараг байхгүй болсон шиг байна. Төр асар том худалдан авагч болохоор дотоодынхоо бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлийн үнээс 20 хувиар өндөр үнээр авахыг зөвшөөрч, хамгийн бага үнийн зарчмаас зоригтой салах санал дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, дотоод үйлдвэрлэл явагдаж ажлын байртай болж байвал 20 хувийн зардал аяндаа нөхөгдөнө. Шударга өрсөлдөөнийг хамгийн их сурталчилдаг АНУ саяхнаас дотоодын бүтээгдэхүүнээ 25 хувиар өндөр үнээр дотоод зах зээлээс авах шийдвэр гаргалаа.

-Зэс, төмөр, нүүрсний ханш, үнийн өсөлтөөс олох орлого гэдэг өнөөдрийн байдлаар хэр бодит вэ. Учир нь хил гааль хязгаарлалттай байгаа үед эдгээр бүтээгдэхүүний экспорт төлөвлөсөн хэмжээгээр гарч чадаж байгаа юу?

-Тийм. Тоо хэмжээний хувьд 30 гарсан сая тонн нүүрс гаргаж чадахгүй байх. Мөн төмрийн хүдрийг ч санасан хэмжээнд экспортлоход хүндрэлтэй байх нөхцөл үүсэхээр байна. Иймээс үнэ хүргэж худалдах, ханшийн уналт, үнийн өсөлтөөс олж буй нэмэгдэл орлогодоо тайвшрахгүйгээр хүчин чармайлтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын хувьд Хөгжлийн банкны алдагдалтай холбоотой ямар байр суурьтай байна вэ. Хөгжлийн банкны олгосон зээлээс төсөв хариуцах зарим зээлд өрийн баталгаа гаргаж бусдыг нь зээлдэгчидтэй хамтран төлүүлэх мастер төлөвлөгөө гаргуулж батлуулах ёстой гэж үзсэн байна. Энэ асуудлыг дэлгэрүүлэхгүй юү?

-Энэ асуудал хэвлэл мэдээлэл хийгээд УИХ дээр зөндөө яригдлаа. Үр дүнгээ өгч байна гэсэн дүгнэлттэй байна. Зээл төлөгдөж байна. Хамгийн чухал нь зээлийг эргүүлэн төлүүлж, улсыг хохиролгүй болгох явдал юм. Хүндэрсэн банкуудад хоёр жилийн өмнө манайд хийсэн Дэлхийн банкны судалгаагаар зээлдэгч болон зээл гаргагчидтай хамтран ажиллах нь бусад орнуудтай харьцуулахад ихээхэн доор түвшинд, бараг тэг үнэлгээ авсан харагдсан. Үүнээс санаа авч ажлаа мэдэх хүмүүсийг хөндийрүүлж, улсыг хохироох, мөн бас ял завшуулах байдал гаргаж болохгүй.

-Бондын эргэн төлөлтийн асуудал олны анхаарлын төвд байгаа. Монгол Улсын хувьд төлөх чадамж бий юу, ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-УИХ-аас өрийн удирдлагын стратеги баталсан. Авсан, өгсний зөрүүгээр өр буурсан байх зарчим тогтоосон. Үүнийг хэрэгжүүлж, 2023 онд төлөгдөх бондын наад зах нь 20-оос доошгүй хувийг төлж, үлдсэнийг нь дахин зээллэгжүүлэх бэлтгэлийг одооноос хангах ёстой. Үүний тулд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж болох аливаа эрсдлээс зайлсхийж, төсвийн алдагдлыг багасгах, Хөгжлийн банкны төлбөрийн чадварыг дээшлүүж, бондынхоо төлбөрийн шийдлийг хямд аргаар шийдэх санаа юм. Зориглоод төлчихвөл их ачаа хөнгөрч, төсвөөс гардаг хүүний төлбөр яваандаа багасна. Одоо нэг их наяд төгрөг болж байна.

-Дарханы арьс ширний үйлдвэрийг түшиглэн мэргэжилтнүүд бэлдэх шаардлагатай гэж үзсэн байна. Хэтийн үр дүн, ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд арьс, ширний үнэ унаж, бараг хог дээр хаягдахад хүрч байна. Энэ салбар уг нь улсын төсөвт ихээхэн орлого оруулж, олон хүнийг ажлын байраар хангах боломжтой. Бид Улаабаатар, Дарханы зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Тэнд сайн инженер, гадаадын мэргэжилтэн, арьс, ширний анхан шатны тордолтоос эхлээд зөөлөн шир, торгон арьс болтол бүх технологийг мэддэг залуус байв. Миний бие мөн зарим оюутан аспирантуудын судалгаатай танилцахад манай их сургуулиудад энэ чиглэлийн суралцагчид, заадаг багш бараг байхгүй байсан.

Дарханд арьс ширний томоохон цогцолбор барих төлөвлөгөө гарсан байна. Хориод сая богийн арьс, хоёр сая орчим бодын арьс бол асар их нөөц. Олон улсад арьс шир эргээд сэргэх шинжтэй болж, технологи сайжирч буй мэдээ байгаа. Эдгээрийг бодолцож, олон улсын жишгийн дагуу үйлдвэрийг бараадуулж, хүнийг сургаасай гэсэн дохио, мэдээ гэх үү дээ. Тэнд хүмүүсээ сургаад улс даяар сургагч багш нарыг бэлтгэж, өргөн цар хүрээтэй сургалт хийж, хүмүүсээ чадавхжуулах боломж байна гэж харж байгаа. Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогын нэгэн чухал жишиг асуудал бол энэ агаад цаашаа ноос, мах, сүү гээд хөврөөд баяжаад явах цар хүрээтэй. Сум орон нутгийн төсвийн баазыг бэхжүүлэх жишиг болох нэн чухал ажил болно гэж найдаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг засаж байна DNN.mn

Олон улсын чанартай А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй аадар бороо орсны улмаас 120-133км-ийн хооронд ...

img

8 цагийн дараа

Инфляци улсын хэмжээнд зургадугаар сард 5.1 хувьтай гарав DNN.mn

2024 оны зургадугаар сард хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо...

img

7 цагийн дараа

Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгджээ DNN.mn

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин үерийн усанд автсан, автомашин голын салаанд боогдсон гэх 5 удаагийн дуудлага м...

img

7 цагийн дараа

Нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Он...

img

6 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпийн XXXIII наадмын нээлтэд оролцлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд