Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

З.Ядмаа: Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 1 сарын 05

img

1

news-img

-ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ-


Өдрийн сонины 2013 оны архиваас………………….

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт шог зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай ярилцлаа. Тэр бүр олны өмнө ил гарч бүтээл туурвил хийгээд өөрийнхөө тухай яриад байдаггүй
эл эрхэм Зохиолчдын байгууллагын гал тогоог дөч шахам жил түшихдээ Явуу, Эрдэнэ, Гайтав, Чимидээс аваад үе үеийн бурхадтай ах дүү, багш шавийн барилдлагатай явсан билээ. Тэрээр “Зохиолчдын гэгээн шог”, “Зохиолчид инээлдсэн он жилүүд” зэрэг шог хошин зохиол мөн “Янгирын цэнхэр уулс”, “Их үдийн говь”, “Сэтгэлийн гэрэлт бүсгүй” зэрэг яруу найргийн номуудтай.

-Таныг чинь Зохиолчдын хороонд далаад оны эхээс аваад л зүүлттэй байсныг хүмүүс хэлдэг. Тэгэхээр хэдэн онд анх босгыг нь алхаж байв. Тэрхүү дурсамжаасаа хуваалцвал сонин байх болов уу?

-Далан дөрвөн оны долдугаар сарын найманд юм аа. Би гэдэг хүн Сономын Удвал  даргын тушаалаар Зохиолчдын хороонд ирж байлаа шүү дээ, базарваань. Хүмүүс намайг сүрхий том зохиолч л уригдаж ирсэн мэтээр ойлгож байгаа байх. Гэвч би чинь нягтлан бодогч хүн. Хоринхоёругаар автобаазын ахлах нягтлан
сөөсгөр залууг Зохиолчдын хороо нягтлангаараа авч байсан түүхтэй.

-Ядмаа зохиолчийг бүхий л насаараа зохиолчдын хорооны дансыг барьсныг уншигч олон гадарлана.  Харин та бол данс барих нэрээр зохиолчдоо шоголж
суусан хүн дээ?   

-Би чинь Санхүүгийн техникумыг хорин настай залуу төгсөөд Өмнөговь аймгийн захиргаанд хуваарилагдаж байлаа. Тухайн
үедээ бас л утга зохиолд зүрх сэтгэлээ өгч явсны илрэл биз дээ, өмнийн говийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгтэл жараад оны дундуур Зохиолчдын хорооноос зохион байгуулсан утга зохиолын өдрүүд Өмнөговь аймагт зохиогдохоор болдог юм аа. Хотоос С.Удвал дарга, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, Б.Бааст, С.Дашдэндэв гээд олон зохиолчид очлоо. Би бол яахав, эхлэн бичигч л байсан. Гэхдээ л Пүдо(Дэндэвийн Пүрэвдорж агсныг хэлж байна) багшийнхаа  хараанд өртсөн шиг байгаа юм. Сүүлд мэдэх нь ээ,  22 дугаар автобааз руу Пүдо багш Удвал даргын гарын үсэгтэй албан тоот хэд хэдэн удаа явуулж байж намайг зохиолч бурхадын  бөөрөнд авчирсан түүхтэй. Тухайн автобаазын дарга нь Баясах гэж хүн байлаа. Ц.Лоохууз нарын хэрэгт холбогдож байсан хүн л дээ.

-Ахлах нягтлангаа тийм ч амар тавьчихаагүй
байна даа?

-Үгүй яахав, дээ. Намайг Өмнөговиос ирээд байхад тэр хүн бааздаа авсан. Тиймээс явуулах дургүй байж л дээ. Удвал гуайн нэрээр Пүрэвдорж гуай мундагдаж байж л авсан байгаа юм. Зохиолчдын хороонд ирэхэд Хайдавданзангийн Цэвээн гэж сайхан буриад хөгшин санхүүг нь хариуцаж байсан. Тухайн цагт Зохиолчдын хороо гэдэг чинь  шат дүүрэн цэцэгтэй, шал дүүрэн хивстэй, өрөө
бүрээр нь зохиолчид дүүрсэн ордон байлаа шүү дээ. Урьд өмнө нь би тийм газар орж үзсэн биш. Наран тал руугаа харсан цацлын халбага шиг гурван давхар байшин байсан даа. Удвал гуай дарга, Түдэв гуай орлогч, Тарваа гуай “Цог” сэтгүүлийг, Эрдэнэ гуай
“Утга зохиол” сонинг, Явуу яруу найргийн зөвлөлийг, Пүрэвдорж утга зохиолын фонд, Ц.Мөнх гуай шүүмж судлал, Л.Чойжилсүрэн гуай үргэлжилсэн үг, Бааст гуай залуу зохиолчдыг хариуцаж байхад нь би нягтлангаар орсон юм. Тэр том том зохиолчидтой нэг дор ажиллана гэдэг бурханаас өгсөн шагнал юм даа. Анх ороход би хамгийн залуу нь байлаа. Хог цэвэрлэж, туг хатгахаас аваад бүх зүйлд тохоон томилогдоно.  Харин наяад оны дундуур О.Дашбалбар, Х.Мэргэн, Н.Энхбаяр, Л.Нарангэрэл, Р.Нарантуяа, Ц.Энхбат нар ирж хойноос (Горькийн сургууль) ирээд би гэдэг хүн өдөр тутмын ажлаас чөлөөлөгдсөн түүхтэй.

-Зохиолчдыг шоглодгоо та нэг л ярихгүй байна
даа. Илт тойроод байх чинь?

-Би ганцаараа тэр бурхадыг чинь шоглоод байсан юм биш. Зарим нь нэгнээ хэргээр явуулчихаад яалт ч үгүй баригдахдаа “Ядмаа л тэгж байна лээ” гээд намайгаа бариад өгчихдөг шиг байгаа
юм.

-“Буурал анчны домог” гэж хүн бүгдийг элэглэсэн
нэг найраглал бий дээ?

-Түүнийг чинь Пүрэвдорж багш, Дооров хоёр гаргасан юм. Жаран есөн онд шүү дээ. Тэр жил Зохиолчдын хорооны 40 жилийн ой болсон. Өмнөговь аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн хувьд би гэдэг хүн уригдлаа. Дуурийн театрт баярын хурал болсон санагдана.  Ринчен гуай, Дамдинсүрэн гуайгаас
аваад бүх л аваргууд байсан үе. Архангайн  О.Цэнд бид хоёр “Улаанбаатар” зочид буудалд нэг өрөөнд хамт байлаа. Тухайн үеэр л “Буурал анчны домог”  гарсан даа. “Бямбын Ринчен шиг буурал анчин Жүгдэрийн Дамдин шиг их буугаа үүрээдБабын Ахтаан шиг бүргэд мөрөндөө суулгажБөхийн Бааст шиг хав нохойгоо дагуулаад…” гээд эхэлдэг шүү дээ.

Ахмадуудын тухай дурсаач. Явуу, Эрдэнэ, Гайтав… өөр хэн ч байж болно?

-Дурсвал бүгдийг нь л дурсмаар байна. Тэр аваргуудыг
чинь мөнхийн юм шиг л бодож явж дээ. Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм даа. Бид чинь хавар, зуны хэдэн сар ирээд буцаж буй шувууд юм уу даа. Далан дөрвөн онд Удвал гуай эмэгтэйчүүдийн байгууллагын  ажил руу яваад өглөө. Түүний оронд Л.Түдэв гуай дарга боллоо. Нэг өдөр Түдэв даргын үүдэнд Явуу сууж байх юм. “Та энд юу хийж байгаа юм” гэхэд, дарга намайг дуудаад гэж байна. Уучихсан байгаа нь царайнаас нь илт ээ, улаа бутраад л. Гэвч сонин зажилчихсан сууна. Даргадаа үнэртүүлэхгүй гэж тэр шүү дээ. Далаад он чинь Явуугийн жинхэнэ мандаж байсан үе биз  дээ. Энгэртээтөрийн шагналын тэмдэг гялалзуулчихсан дорнын их найрагч тийм л жудагтай байсан.  Дарга нараа тэгж л хүндэтгэж байсан. Одоо бол манай зохиолчид ямар болсныг мэдэхгүй юм аа.

Танаас Пүрэвдорж, Дооровын тухай асуулгүй өнгөрч боломгүй л байх юм?

-Дооровыг өнгөрсний дараа Х.Зандраабайдытай хамтарч
“Дэлгэрхангай уулан дээрээс дэлхий харсан Дооров” гэсэн ном гаргаж байлаа. Миний санаачилсан ном л доо. Хоёр гурван жил хөөцөлдөж байж гаргасан юм даг. Дараа нь Пүрэвдорж гуайн тухай дурсамжийн ном хийсэн. “Тэнгэрлэг найрагч” гэсэн ном. Түүнээ гаргачихаад  Төрбат, Зандраабайды бид гурав аваачиж өгч байв. “Та нар хэдийдээ ийм ном гаргачихав” гэж өвгөн багш минь ихэд баярлаж байсан. Ингэж л би багшийнхаа амьдад номон
суварга босгосон хүн юм. Үхсэн хойно нь магтаад хэрэггүй, амьд дээр нь баярлуулах шиг сайхан юм үгүй гэдгийг тэгэхэд бие сэтгэлээрээ ойлгож байлаа. Дооров өрөөндөө духайчихаад л пал пал хийтэл  инээгээд, ганган трубээрээ тамхиа нэрээд,
хөдөө гадаан голдуу хүмүүс тойруулаад ихэд баясалтай хөхин сууж байдаг сан. Мань хүн бусдыг явуулах, хошин яриа хөөрөө гаргахдаа цаанаа л нигууртай. Ямар сайндаа
Горький төгсөж ирсэн зохиолчдоос өөрийнхөө зохиосон изм-ын тухай асуугаад бантанг нь хутгаж байхав дээ. “Цаана чинь “сунтагизм” гэж нэг сүрхий нэр томъёо, утга зохиолын изм гарчээ” гээд өнөө хэдийгээ байдалд оруулчихна. Нэг удаа  Д.Пүрэвдорж гуайгаас асуудгийн даваан дээр Эрдэнэ гуай “Чи битгий нохойтоод
бай л даа” гээд болиулсан гэдэг. Сүүлд багш энэ тухай “Дооров хэрвээ надаас тэгж асуусан бол би баараггүй худлаа ярина. Үзсэн юм шиг л гөрөх байсан” гээд инээд алдаж байсныг санаж байна.

-Зохиолчдынхоо хөгжөөнтэй явдлуудаас ярихгүй
юу. Уншигч олон танаас тийм л зүйл хүсэх нь мэдээж?

-Жамсрангийн Лодой гэж үг газар гээдэггүй, егзгөр буриад хөгшин байлаа. Лодой зохиолч нэг удаа бууз хийхээр үхрийн толгой шулсан байгаа юм. Тэр нь өдөржингийн  юм болж л дээ. Оройхон хэрд гэргий нь уурлаад “Лодой минь дээ чи арай л удаж байгаа юм биш үү” гэхэд, идэж байгаа юм биш болохоор
болохгүй байна ш дэ гэж учирласан удаатай. Бас мань хүн нэг удаа Их дэлгүүрт оочерлож байж. Тэгтэл халаасанд нь гар ороод ирж. Чанга гэгч нь атгаж аваад Лодой гуай “За хүү минь чи байтугай өвгөн би өөрөө мөнгөө олохгү байна аа. Энэ золигийн халаас
нь цоорчихож ээ” гэж үнэнээ хэлсэн гэдэг. Одоо Пүрэвдорж багштай холбоотой түүх ярья.  Мань хүн Сэлэнгэ аймагт очиход Хасбазар гэж дарга угтаж авсан байна. Тэр чинь жараад оны сүүл үе. Пүдо багш өнөө даргад “Танай нутгийн тухай нэг аятайхан шүлэг байна. Та сонссон уу”гээд ингэж уншсан байгаа юм.

“Мохоорын үнэр ханхалсан

Модон байшинд төрсөн би

Моодон сүүлтэй гахайгаа

Морио гэж хайрладаг

Модон торхтой бараашигаа

Эхийнхээ сүү шиг санадаг

Монхор хамартай аавыгаа

Папа гэж дууддаг” гэжээ. Сэлэнгийнхнийг олон зүйлээр дайруулж хэлсэн хэрэг шүү. Өнөө дарга “Би огт сонсоогүй юм байна” гэснээ гэнэт  түсхийтэл инээсэн гэдэг шүү. Харин Пүрэвдорж багшийг Горькийн сургуульд явахад  Ламзавын Ванган гуай “За би чамд сайн сураарай, олон сайхан шүлэг найраглал бичээрэй, утга зохиолын олон нөхөдтэй болоорой гэж хэлэхгүй. Харин чи Москвад зам хөндлөн гарахдаа хоёр талдаа таван бүдүүн орос авгайтай л гардаг юм шүү” гэж аминчлан захисан байдаг. Пунцагийн Бадарчаас “Болор цом” наадам хэн хэн шүлгээ уншив гэж нэг нь асуужээ л дээ. Тэгэхэд нь буурал найрагч

“Өвгөн Дооров халирч уншив

Өндөр Цоодол хөлөрч уншив

Бавуугийн Лхагвасүрэн шатаж уншив

Барнангийн Доржпалам шартаж  уншив

Шаравын Сүрэнжав хөл хальтарч уншив

Шагдарын Уянга хэл хальтирч уншив

Дарьгангын Дашбалбар давшилж уншив

Дэрэнгийн Чимэддорж дэвсэлж уншив

Баргын Дулмаа шил гялалзуулж уншив

Бямбажавын Энхтуяа гуя гялалзуулж уншив” хэмээн тэр дор нь хариулжээ. Энэ мэт зохиолчдын шогийг ярьвал барахгүй ээ.

-П.Пүрэвсүрэн зохиолч угаалгын машинд бараашиг
эсгэсэн гэх яриаг бас л та гаргасан санагадана?

-Би гаргах юу байхав, болсон явдал юм чинь. Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн, “Тоншуул”-ын зураач Арнайн Гүрсэд хоёр нэг “юм” зохицуулъя гэтэл мөнгө нь дутжээ. Тэр даруй хоёул
нэг арга бодож олсон байгаа юм. Байгаа мөнгөөрөө түргэн эсгэгч, элсэн саахар аваад Пүрэвсүрэнгийнд очжээ. Тэдний шинэхэн аваад байсан угаалгын машинд буцалсан ус хийгээд саахар, исгэгчээ хийчихэж.Тэгээд цаг орчим нижигнүүлж байгаад гайгүйхэн шиг шуугиулж аваад өнөөхөө ууж суусан түүхтэй. Ийм л золигийн хүмүүс дээ, манайхан чинь.

-Та бол Дундговийн Дэлгэрхангай сумынх. Олон зохиолч төрсөн нутаг даа?

-Өө тэгэлгүй яахав. Мань мэт шиг амьтад нь багтахгүй л дээ. С.Буяннэмэх, С.Дашдооров, за тэгээд Дарамын Батбаяр гээд явна. “Ардын эрх”-ийн Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн, “Морьтой ч болоосой”-гийн Гончиг буюу гавьяат Батсүх, мөн алиалагч Батсүх, морины Нансалмаа гээд манайхаас чинь хичнээн ч гавьяат
төрсөн юм бэ дээ. Сүүлд нь миний бие зохиолч нөхдөө
дурсах гэсэн юм. Дэмбээгийн Мягмар гэж агуу хүн байлаа. Түүний “Найрын ширээний ууц” гэдэг ганцхан жүжгээр л Улсын
драмын театр жилдээ сая төгрөг олсон гэдэг. Мөнгө хатуу цагийн сая төгрөг гээд бодохгүй юу. Тэгтэл өнөөдөр гэргий хүүхэд
нь айлын царай харж, бараг гудманд шахуу амьдарч байна. Мөн Жигжидийн Бямбааг дурсмаар байх юм . “Үнэний хорвоо”, “Хорвоогий өнгө” гэх номуудтай хүн. Яг энүүхэндээ хэлэхэд өвгөн ахад нь уулзах зохиолчид өдөр ирэх тусам л ховордоод байх
юм аа. Зон-Пай-Жингийн Баттулга гэж бас л сонин зохиолч байсныг манайхан мэднэ. “Хөх тэнгэр” романаас аваад тухайн үедээ шуугиантай дедегтив зохиолууд бичиж байсан хүн шүү дээ. Түүнийг далаад оны эхээр Түдэв дарга хороонд дуудаад номын санчаар ажиллуулж байсан. Бид хоёр нэг өрөөнд суудаг байлаа. Орос авгайтай байсан хүн. Дараа нь түүнээсээ салаад залуухан хүүхэнтэй суугаад Дархан явсан. Тэгээд бараа тасарсан
даа. Горький төгсч ирсэн хүн шүү дээ. НАХЯ-нд ажиллаж байсан. Мөн Нанзадын Надмид гэж сайхан хөгшин байлаа. Түүнийг дурсах нь бүү хэл мэддэг хүн өнөөдөр ховор болжээ. Тэрээр Зохиолчдын хороонд жижүүр хийж байхдаа “Хүлээс алдарсан
нь” зохиолоо бичсэн юм шүү дээ. Бид бурханы оронд  хэдийнэ одсон бурхадыгаа хаа нэг дурсаж, зохиол бүтээлийг энд тэнд ярьж, гэргий хүүхдүүдтэй нь уулзаж ойр дотно байх хэрэгтэй.
Ах нь ингэж л боддог оо.

Ярилцсан
Н.Гантулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвлийн адаг сарын шинийн 8, хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын 1 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Дэлгэрүүлэгч одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг н...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 06,07-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар,  08-нд Алтайн уулархаг нутаг боло...

img

7 цагийн дараа

ТОЙМ: “Татварыг багасгаж, аж ахуйн нэгжүүдээ чөмөг суулгах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт НЭМҮТ-ийн агаарын чанар...

img

7 цагийн дараа

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр захирамжаар байгуулагдсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн ...

img

7 цагийн өмнө

УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана DNN.mn

УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ удаагийн намрын...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

GANAA

ESTOI SAIHAN

Онцлох нийтлэлүүд