Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Т.Ариунаа: Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн айхтар дөрөв таван жилийг давлаа DNN.mn

trend

ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА

img

2023 оны 11 сарын 19

img

170

news-img

Өдрийн сонины архиваас………….

Удтал чимээгүй байсан дуучин Т.Ариунаа “Утасны чинь дугаар 03” дуугаа шинэ клип, шинэ найруулгатайгаар фэнүүддээ барилаа. Дуу цацагдаад удаагүй байгаа ч аль хэдийнэ шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Энэхүү дуу нь түүний “Cosmic Ariunaa: The Remixes” шинэ цомгийнх нь нэг эс ширхэг бөгөөд дуучин маань цоо шинэ урсгал чиглэлээр эргэн ирлээ. Түүний яриаг уншигчдадаа хүргэе.


-Би 2006 оноос хойш шинэ цомог гаргаагүй, 2009 оноос хойш бие даасан тоглолт хийсэнгүй. Миний фэнүүд, сонсогчдын маань дунд “Т.Ариунаа хэзээ шинэ уран бүтээл хийх бол” гэсэн хүлээлт үүсчээ. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө олох, өөрчлөх, цаашид юу хийх вэ гэдгээ удаан бодож судаллаа. Олон ч хүнтэй уулзлаа. Буддын сургаал номлолыг ч судаллаа. Энэ хугацаанд гэр бүлийн амьдрал маань ч бас түвшин байсангүй. Мөнгөтэй байснаа мөнгөгүй болж үзлээ. Бизнесээ бусдад алдлаа. Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ туулж, айхтар дөрөв таван жилийг давлаа. Гэхдээ айхтар гэж байгаа боловч бидэнд их том сургамж, туршлага өглөө.

-Одоо хийх уран бүтээл маань ямар мөн чанартай байх ёстой вэ гэдгээ ч их бодлоо. Ер нь бид олон нийтийн давалгаанд автах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Хэт их мэдээллийн орон зайд ороод, түүндээ автаад байвал хүн өөрөө өөртөө асуудал үүсгэн, өөрийгөө стресстүүлээд явах юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдрөөрөө амьдрах, өөрөөрөө байх ёстой гэдгийг ойлгосон. Одоо цагт хийх юмаа хийгээд явахад ирээдүйд хийх юм боловсроод явах юм гэдгийг анхаарч яг өнөөдрөөрөө амьдарч байна.

-Уран бүтээлийн хувьд хоёр цомог гаргах гэж байна. Нэг нь “Cosmic Ариунаа” цомог. Нөгөөг нь О.Дашбалбар найрагчийн шүлгээр хийсэн дууныхаа нэрээр “Тэнгэр шиг бай” гэж нэрлэх бодол бий. Мэдээж, нэрний талаар найрагчийн хүү Д.Гангабаатартай ярилцаж оюуны өмчийн асуудлаар ярилцах ёстой.

-Космик бол сансар огторгуй. “Cosmic Ariunaa: The Remixes” цомог маань дахин шинэчилсэн хувилбараар гарч байгаа. 1990ээд онд дуулж байсан хит дуунуудаа хөгжмийн найруулга, стиль имижийг нь өөрчилж “Космик” төсөл болгоод явж байна. Үүний дараа “Тэнгэр шиг бай” төсөл рүүгээ орох юм.

“Космик” цомгийн маань зорилтот бүлэг 1835 насныхан гэж бид төлөвлөж байна. Миний 1990ээд оны дуунуудыг одоогийн 18, 19 настай залуус мэдэхгүй. 21 жилийн өмнө “Утасны чинь дугаар”аа дуулж байхад манай хүү төрөөгүй байж. Сая энэ дууны клипэнд хүү маань тоглосон. Энэ дууг анх сонсоод “Хөөх ээж ээ, та ийм дуутай байсан юм уу” гэж асууж байх жишээтэй. Одоо бүр өөрөө дуулаад явж байна.

-“Байгаль эх дэлхийгээ шүтэж амьдаръя, байгалийн хуулийг дагая, хүн байгалийн бүтээгдэхүүн шүү” гэдэг санаанууд дуунд маань шингэсэн. Клипээ ч ийм утгатай хийсэн. 1981 онд Монгол хүн сансарт ниссэн. “Утасны чинь дугаар” дууны клипээ 2081 онд монгол хүн оюун санаагаараа сансарт яагаад нисэж болохгүй гэж гэсэн шинжлэх ухааны зөгнөлт буюу апоколист жанраар хийсэн. Монголд анх удаа ийм жанраар хийсэн дуу. Монгол оюун санаа дэлхийг эзэлнэ гэсэн төсөөлөл зөгнөл.

-“Утасны чинь дугаар 03” дууны кпип “Үргэлжлэл бий” гэж дуусдаг. Хоёрдугаар анги нь буюу үргэлжлэл нь “Космик” гэж дуу гарна. Дэлхий даяараа, шинжлэх ухаан ч тэр, кино урлаг ч тэр космик гэж ярьж, судалж байна. Хар нүхний талаар янз бүрийн онол, баримт гарч байна. Бидний клипний зураг авалт ч энэ тухай өгүүлнэ. Мөн Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар явж зургаа авсан. Хэн ч барьж аваагүй шинжлэх ухааны зөгнөлт төрлийг зоригтойгоор барьж авч хийлээ. Бид өндөр түвшинд бол хийгээгүй ээ. Манай боломж бололцоо, техник технологи маань ямар билээ. Бид зөвхөн дөхүүлээд л хийсэн. Үүнийг харин манай залуус шүүрч аваад улам боловсронгуй болгон хөгжүүлж явах боломжтой.

-Кино үйлдвэрлэл хийдэг кино багтай хамтарч ажиллаж байна. “Космик” цомгоо “Хаган” студитэй хамтарч хийсэн. Захирал нь Америкт сургууль төгссөн чадварлаг залуу бий. “Хоёр нүүрт” киноны найруулагч нь. Бид багийн системээр ажиллаж байгаа. Ганц “Би”гээр явбал дан ганц нэг хүний тоглолт болно. “Космик Ариунаа”, “Тэнгэр шиг бай” төслүүд маань бүгд багаар явна. Монголд хийх нөлөөллийн аянг бид багаар л хийнэ. Өнөөдөр манай нийгэмд асуудал болоод буй хүчирхийллийн тухай ярихаасаа өмнө юунаас болж гараад байна, мөн чанар нь юу вэ гэсэн судалгааг сайн хийх хэрэгтэй. Сонирхуулахад, би ирэх долоо хоногоос НҮБын Хүүхдийн сангийн хүчирхийллийн тухай хичээлд суух гэж байна. Энэ сэдвээр нөлөөллийн аян өрнүүлэхийн тулд мэдлэг мэдээлэл, ул суурьтай судалгаа хэрэгтэй. “Космик”, “Тэнгэр шиг бай” цомог маань ч хүмүүст танин мэдэхүйн эерэг зөв мэдээллийг нь өгөх гэж хичээсэн. Үнэн зөв мэдээлэл байхгүй учраас өнөөдөр бид энийг ч буруутгаад, тэрийг ч загнаад байдаг. Үнэндээ яг бид өөрсдөө л буруутан нь байдаг гэдгээ мэддэггүй. Соён гэгээрүүлэх гэж бид ярьдаг даа. Тэгвэл дуу хуураар дамжуулан хүмүүнийг засах үйл ажиллагаа бол хамгийн амархан. Түүнээс биш нэг улстөрч гарч ирээд засч залруулна гэж байхгүйг мэддэг боллоо. Урлаг, утга зохиол, спорт хүмүүсийг яагаад ингэж төлөвшүүлдэг юм гэдгийг бид өөр өөрийн шугамаараа хийх хэрэгтэй байгаа юм.

-“Космик”ийг би халаалт болгоод залуу зрителээ татах зорилготойгоор хийсэн. Миний есөн дуу багтсан. Ес дэх нь “Космик” нэртэй, бага хүү маань клипэнд нь тоглосон. “Утасны дугаар”, “Эргээд чамдаа ирнээ”, “Хайрыг минь сонс”, “Жинжиймаа”, “Хуучраагүй жинс”, “Үггүй мордсон чи минь”, “Баяртай гэж хэлж чадахгүй” гээд хит болж байсан дуунуудаа шинэчилж оруулсан. 1990-ээд оны залуус миний энэ дууг мэддэггүй. Сонсоод маш их таалагдаж байгаа. Сайн уран бүтээл цагийн уртыг даадаг гэдэг.

Данзанравжаагийн хийдэд очиж “Утасны чинь дугаар 03” дууны шинэчилсэн клипээ хийсэн. Нөхөр хүүхэд, дөч тавин уран бүтээлчдээ дагуулаад, өнөө онгоцоо чирээд явлаа даа. Зардал нь яаж гарах бол гэж бас санаа зовоостой. Амьдрал л юм даа. (инээв) Хийдийн хамт олон, орон нутаг маань биднийг сайхан хүлээж авсан. Алтангэрэл ах маань зураг авах их сайхан газар зааж өгсөн. Нэг нь шар, нэг нь улаан, дундуураа заагтай их гоё өвөрмөц газар зургаа авсан. Зураг авалтын үеэр нэг шөнө айхавтар элсэн шуурга бослоо. Нүүр нүдгүй юм боллоо. Тэгсэн найруулагч маань хэлж байна “Яг энэ үеэр зураг авмаар байна” гэнэ. “Яаж авах юм” гэсэнд “Фото зураг авна” гээд авахаар боллоо. Намайг өндөр дөрвөлжин тавцан дээр зогсоогоод , нөгөө хэд маань уяагаар татаад, даашинзыг маань бас барьчихсан, би уначих гээд бөөн л юм боллоо. Би чинь хоёр жилийн өмнө хөлөө хугалсан, тэнцвэр муу байсан болохоор өнөө шуурганд нь тэсэхгүй уначихсан. Амьсгаа авч болохгүй, хөдөлж болдоггүй. Өнөөдүүлдээ уурлана биз дээ, “Та нар л энэ абшигтай газар ухаж сэндийлээд байсан, тэрнээс боллоо” энэ тэр гээд дээж өргөөд сүйд болсон. Аз болоход тэнд бариач таарч бариулаад арай дээрдсэн. Бүр сарын дараа эдгэсэн дээ. “Космик”-ийн бичлэг, клипүүдийг хагас жил хийсэн. Тэр олон зураг авалт, хөгжмийн бичлэг, сурталчилгаа гээд асар их ажлын дараа нэг дууны клип таван минут гээд бодохоор бас л чамлалттай санагдсан шүү. Ирэх хоёрдугаар сард “Космик Ариунаа” гээд цомгийн баяраа хийнэ.

-“Космик” цомгийнхоо дараа гаргах “Тэнгэр шиг бай” цомогт дандаа шинэ уран бүтээл маань багтах юм. О.Дашбалбарын үг, Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Д.Пүрэвдоржийн үг, Б.Шаравын ая “Тусгаар тогтнол”, “Монгол бүүвэй” гээд том дуунууд бий. Реппер Жи-тэй хамт “Хиж гөрөөс” гэж дуу хийсэн. Хиж гөрөөс гэж орк гэсэн үг. Бүр 13 дугаар зуунд байсан үг юм билээ. Оркуудыг монголчууд хиж гөрөөс гэдэг байжээ. Орк гэдэг үгийг хиж гөрөөс гэдэг үгээр сольж, моодонд оруулна. Бусдын юмыг булааж идсэн хүнийг хиж гөрөөс гэдэг байж. Амьтнаас ялгаагүй ухамсар муутай хүнийг хиж гөрөөс гэдэг юм байна. Хиж гөрөөс дотроо бас олон янз. Булай, булхай, боулхай гэж нэрлэдэг байжээ. “Космик” цомог маань дуу болгоныхоо өмнө нь тухайн дууны утга учрыг бичсэн тайлбартай. Өөрөөр хэлбэл сонсдог ном хэлбэрээр гарах юм.

-“Тэнгэр шиг бай” цомгийн дараа залгуулаад “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо хийнэ. Ирэх жилээс хийх төлөвлөгөө байна. Энэ удаа би дандаа залуустай хамтарч ажиллаж байна. Шинэ залуусыг гаргаж ирнэ. Би сая Орост П.Крикоровын “Я” гээд тоглолтыг үзлээ. Энэ тоглолтыг үзээд би “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо заавал хийх ёстой юм байна гэж бодсон. Бид хоёр нас чацуу юм байна. Ямар гоё, ямар нүсэр тоглолт болов оо. Тэндээс санаа авах, ажил хэрэг болгох зүйл их байнаа. Зочдоо хаана суулгадаг юм, бүжигчид нь яаж бүжиглэж байна, гэрэлтүүлэг, дэлгэц нь ямар байна гээд ажиглаж харж л явлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг засаж байна DNN.mn

Олон улсын чанартай А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй аадар бороо орсны улмаас 120-133км-ийн хооронд ...

img

8 цагийн дараа

Инфляци улсын хэмжээнд зургадугаар сард 5.1 хувьтай гарав DNN.mn

2024 оны зургадугаар сард хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо...

img

7 цагийн дараа

Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгджээ DNN.mn

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин үерийн усанд автсан, автомашин голын салаанд боогдсон гэх 5 удаагийн дуудлага м...

img

7 цагийн дараа

Нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Он...

img

6 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпийн XXXIII наадмын нээлтэд оролцлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд