Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

А.Ганбаатар: Ардчилсан тогтолцоот улсуудын аюулгүй байдлын асуудлуудыг даван туулж, зөв арга зүйг боловсруулж байгаа туршлагыг сонсоно гэдэг бидэнд чухал

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 12

news-img

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд саяхан АНУ-д очиж ажиллаад ирлээ. Таны хувьд энэхүү албан томилолтын бүрэлдэхүүнд багтан, АНУ-ын төр, засгийн гишүүд болон олон улсын судалгааны хүрээлэн, мөн АНУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзаад ирсэн. Энэ талаар болон АНУ-д хийсэн ажлын уулзалтуудын хүрээнд яригдсан гол асуудал, үр дүнгийн талаар ярихгүй юу?

-Намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын хамт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчийн хувиар АНУ-д долоо хоног ажиллалаа. Чамгүй олон ажил амжуулсан. АНУ-ын Ардчиллын үндэсний санд зочилж сангийн ерөнхийлөгч Дэймон Уилсон, дэд захирал Брайн Жозеф, хөтөлбөрийн ахлах менежер Пема Туласан нартай ажил хэргийн уулзалт хийлээ. Ардчиллын Үндэсний Сан бол дэлхий даяар эрх чөлөөг хамгаалан сурталчилж ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, АНУ-ын төсвөөс санхүүждэг ашгийн бус, төрийн бус сан бөгөөд Монгол Улсад 1990-ээд оноос хойш төрийн бус байгууллагуудуудаар дамжуулан цөөнгүй төсөл хэрэгжүүлж ирсэн, цаашид ч дэмжиж ажиллах талаар ярилцлаа. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнд ажиллаж тус хүрээлэнгийн ерөнхийлөгч Даниэл Твайнинг, Ази Номхон далайн бүсийн захирал Адам Кинг нартай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс ардчиллын замыг сонгоод 35 жил буюу парламентын ес дэх удаагийн сонгуулийн хугацаа өнгөрч, ард түмэн ардчиллыг ихээр дэмжиж байгаа мөртлөө сонгуульд ардчилсан хүчин төдийлөн өндөр амжилт үзүүлэхгүй байгаа учир шалтгаанд анализ хийж, цаашид илүү бодлого суурьтай, цэгцтэй системийг бүрдүүлэх, намын чадавхыг бэхжүүлэх талаар хамтын ажиллагаагаа чиглүүлэхээр тохиролцсон. БНОУХ-ийн удирдлагын зүгээс Монголын Ардчилсан намын дотор болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж, удирдлагын болон бодлогын шинэчлэлийг дэмжиж хамтран ажиллахдаа баяртай байх болно гэсэн.

-АНУ-ын Сенатын танхимын гишүүдтэй уулзалдаж байх шиг харагдсан…?

-Бид Сенатын танхимын гишүүн Жон Бүүзман, АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Райн Зинке зэрэг тус улсын парламентын гишүүдтэй уулзсан. Ардчилсан намын даргын зүгээс Монголд ардчиллыг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх бодлогын улс төр чухал бөгөөд Ардчилсан намын бодлогын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа илэрхийлсэн. Сенатор Бүүзман “Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог, бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ улс болохын хувьд Америктай үнэт зүйл нэгтэй, стратегийн түнш тул дэмжиж хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэж сайхнаар хүлээн авсан. Хатагтай Тайтус өмнөх сонгуулийн хугацаанд Америк-Монголын парламентын бүлгийг хамтран даргалж, хоёр улсын харилцааг өргөжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж ирсэн Монголын анд нөхөр бөгөөд энэ удаагийн парламентад ч мөн уг бүлэгт орж удирдан ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Харин Бүгд найрамдах намын талаас Америк-Монголын бүлгийг даргалж ажиллах саналыг төлөөлөгч Зинкед тавьсан. Ноён Зинке АНУ-ын худалдааны болон геополитикийн бодлогын талаар мэдээлэл өгч хоёр улсын харилцааг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, тэнгисийн цэргийн тусгай албанд алба хаасан бэлтгэл офицер, түүх сонирхдог хүний хувьд Чингис хааныг хүндэлдэг тухайгаа ярьсан нь бидэнд их сайхан санагдсан. Сенатын гишүүн МакКормикын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Люк Бүрке, сенатор Билл Кассидигийн ажлын албаны дарга Марк Малон, гадаад бодлогын ахлах зөвлөх Жол Херст нартай уулзаж худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлаар санал солилцсон.

-Цахим сүлжээгээр та бүхэн АНУ-д ажиллах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзжээ гэдэг бичлэг нэлээд цацагдлаа. Энэ ямар үйл явдлаар уулзалт болов гэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Олон улсын ардчиллын холбооны “IDU- Interna­tional Democracy Union” дэд ерөнхийлөгч буюу “Vice chairman” шүү дээ. Уулзах нь тодорхой. Ц.Элбэгдорж гуайн хувьд Стэнфордын их сургуульд зочин багшаар ажиллаж байгаа. Тэгээд тус байгууллагын дэд даргын хувиар “Номхон далайн бүсийн хөгжил ба сөрөн тэсвэрлэх чадвар” сэдэвт салбар хуралд панел зочноор оролцсон. Ардчилсан намын дарга байсан хүний хувьд манай намын олон улс дахь нэр хүндэд ч онцгой нөлөөтэй. Нөгөөтэйгүүр миний хувьд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд нийт найман жилийн турш Нийгмийн бодлогын зөвлөхөөр нь ажилласан. Ер нь зүгээр хувь хүний үүднээс ч, Монгол орныхоо нэр хүндтэй Ерөнхийлөгч байсан хүнтэй хүндэтгэн уулзаж яагаад болохгүй гэж.

-Ер нь гадны нүдээр Монголын ардчилал ямар түвшинд явж байх шиг байна. Бидэнд хэлж байгаа зөвлөгөө юу байна вэ?

-Олон улсын ардчиллын холбоо бол баруун төвийн үзэл баримтлалтай ардчилсан намуудын нэгдэл юм. Манай Ардчилсан нам ч албан ёсоор баруун төвийн үзэл баримтлалаар ажиллахаа нэгэнт баталгаажуулж тунхаглан, тухайн үзэл баримтлалаа зүй ёсоор дагаж яваа. Сая АНУ-ын Вашингтон хотноо зохиогдсон чуулга уулзалтад тус холбооны гишүүн дэлхийн 65 орны 80 гаруй улс төрийн намын төлөөлөгчид оролцсон. Улс орон бүрд өөрийн үндэсний онцлог, ардчиллын замд тулгардаг бэрхшээл бий. Түүнийг өөрийн үзэл баримтлалын хүрээнд шударга дагаж, улс орныхоо эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой гэж би боддог. Сая чуулга уулзалтад дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, ардчилсан тогтолцоот улсуудын аюулгүй байдал, илт худал мэдээлэл болон мэдээллийн дайн, хиймэл оюун, зах зээлийн хяналт хязгаарлалтыг бууруулж жижиг дунд бизнесийг дэмжих нь зэрэг өргөн сэдвүүдээр хуралдсан. Манай улсын хувьд ч эдгээр асуудлын дийлэнх нь эмзэг байгаа. Тиймээс ийм асуудлуудыг даван туулж буй, зөв арга зүйг боловсруулж байгаа улс орнуудын туршлагыг сонсоно гэдэг өөрөө бидэнд тун чухал зүйл.

-Манай ардчиллыг тэд юу гэж дүгнэж байна вэ…?

-Таны асууж байгаа шиг гадаадын улс орны төлөөлөгчид “Танайх нэг иймэрхүү байна шүү” гэж хэлэхгүй шүү дээ. Ардчиллын үнэт зүйлээ хадгалах, иргэнийхээ эрхийг хамгаалах, хуулиа дагах. Ердөө л энэ. Гэхдээ, АНУ-ын Ардчиллын үндэсний сан дээр хийсэн уулзалтын үеэр сангийн ерөнхийлөгч Дэймон Уилсон “Монголын 35 жилийн ардчиллын хөгжлийг бид бахархан ажиглахын зэрэгцээ энэ түүхийг бүтээхэд Ардчилсан намын гүйцэтгэсэн үүргийг ч сайн мэдэж, өндрөөр үнэлдэг” хэмээн онцлон хэлсэн. Тэгээд цаашид Монголын ардчиллын үйл явцыг дэмжиж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэсэн. Энэ бол зохих үнэлгээ гэж бодож байна. Ардчилсан намын төлөөлөгчдийн зүгээс байгалийн баялагт суурилсан эдийн засгийн хувьд, иргэн бүрд өсөлт хөгжлөөс үр шим хүртэх баталгаа нь хууль засаглах ёс тул өмчийн эрх, гэрээний эрх, бизнесийн эрхийг хангасан хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж буйгаа танилцуулсныг АҮС-ийн удирдлагууд олзуурхан хүлээж авч энэ чиглэлээр туршлагатай олон улсын судлаачид, мэргэжлийн байгууллагатай холбон дэмжиж ажиллахаар боллоо. Мөн чуулганы үеэр бид Олон улсын ардчилсан холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй Канад улсын ерөнхий сайд асан Стивен Харпер болон Итали, Австрали, БНСУ зэрэг улсуудын ижил төстэй үзэл баримтлал бүхий улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцсон.

-АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа уулзсан байх. Энэхүү уулзалтаар гадаад суугаа монголчуудын хувьд та бүхэнд ямар санал, хүсэлт илэрхийлж байна вэ. Тулгамдаж байгаа, шийдэх шаардлагатай ямар асуудлын талаар ярилцсан бэ?

-2025 оны арваннэгдүгээр сарын 30-нд Вашингтон ДиСи хот орчимд оршин суугаа Монгол иргэдтэй ЭСЯ-ны байранд уулзалт хийсэн. 10 гаруй жилийн өмнө энд Иргэний танхим байгуулахад гар бие оролцож байлаа. Уулзалтад ирсэн иргэд Монгол Улсын хууль эрх зүйн орчин, боловсролын тогтолцоог сайжруулах, Монгол хэл, соёлын дархлааг хамгаалах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын үйл ажиллагааг дэмжих зэрэг сэдвийн хүрээнд асуулт асууж, санал бодлоо илэрхийлж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хилийн чанадад байгаа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангах бол манай нэг чухал асуудал. Хүний үндсэн эрхүүдийн нэг бол сонгох, сонгогдох эрх шүү дээ. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг одоо хүртэл бүрэн шийдэж чадахгүй байгаа нь томоохон асуудал юм. Зөвхөн консулын газартай хотууд буюу Вашингтон ДС, Нью-Йорк, Чикаго, Сан Франциско гэсэн дөрвөн хотод л сонгуулийн байр ажилладаг. Гэтэл өөр хотод ажиллаж амьдардаг иргэд маань ирж сонгуулиа өгөх гэхээр сонгуулийг дандаа ажлын өдөр зохион байгуулж байгаа нь АНУ дахь иргэдийн сонгох эрхээ хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлж өгөхгүй бас нэг шалтгаан юм байна. Иргэд “Сонгуулийг амралтын өдрүүдээр, бямба, ням гарагт явуулж байвал сайн байна, зорьж очиж сонгуулиа өгнө” гэж саналаа илэрхийлж байсан. Монгол хэлээ заах, монгол соёлыг сурталчлах, өвлүүлэх талаар иргэд маань санаа зовниж байна. Энд тэнд монгол хэл заадаг жижигхэн сургалтын төв, сургалтууд байдаг. Энэ бол “эх оронч сэтгэлтэй аав ээж нар”-ын хүчээр л явдаг. Тэд хандив өгч, багшийг цалинжуулж иймэрхүү сургалтууд явагдаж байна. Арван жилийн өмнө ч ийм л байсан. Тэхээр би бол тухайн улс оронд байгаа ЭСЯ-дад нь Монгол хэлээ заах, монгол соёл түгээх сургалтын төсөв өгөөд, албан ёсоор, бодлоготойгоор энэ ажлыг хийх ёстой, тийм боломж байгаа гэж харж байна.

-Саяхан Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээ 1990 оны цагаан морин жил зорьж, мөрөөдөж байсан ардчилал 35 жилийн дараа ямар болсон байна. Өнөөгийн ардчиллын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ардчилсан тогтолцоо бол иргэн төвтэй улс орны зайлшгүй замнах зам шүү дээ. Монголын ардчилал хөгжлийн явцад зайлшгүй тулгарах зарим нэг саад бэрхшээлийг даван туулаад, хөгжөөд явж л байна. Улам бэхжүүлэх шаардлагатай. Эдийн засгийн тогтвортой, хурдтай өсөлтийг бий болгох, баялаг дагасан популизм ба худал мэдээллийн нөлөө гээд бидний нэн даруй шийдвэрлэх асуудлууд байна. Дээр хэлснээр, иргэнийхээ сонгох, сонгогдох эрхийг хангах нь ардчиллын чухал суурь, үүнийг онцгойлон анхаарах хэрэгтэй. “Ардчилал бол амьдрах гоо зүй” гэж үздэг. Энэ бол ардчиллын агуулгыг маш сайхан илэрхийлсэн гэж боддог. Бид иргэдээ ийм гоо зүйтэй, сайн сайхан амьдруулах үүрэгтэй шүү дээ. Түүнчлэн “Өдрийн сонин”-оор дамжуулж Монголынхоо ард түмэнд Ардчиллын баярын мэнд дэвшүүлж, үнэ цэнтэй, гоо зүйтэй амьдралыг хүсэн ерөөе.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй шийдвэрийг дагаад хамт олны баярыг нийтээр нь хориглоё

Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй гэх шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж төрийн бүх албан хаагч, бүх шатны Засаг дарга ...

img

8 цагийн дараа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалы...

img

7 цагийн дараа

Голуудын мөсний зузаан олон жилийн дундажтай харьцуулахад 5-45 см нимгэн байна

Манай орны ихэнх голуудад мөсөн зах болон битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний дундаж зузаан 5-80 см байна. Голуудын мөсний зузааны...

img

7 цагийн дараа

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:42 цагт и...

img

7 цагийн дараа

Оросын худалч удирдагчид ба бодит байдал

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев энэ сарын 10-ны лхагва гарагт болсон Армийг гэрээт цэргээр нөхөн бүрдүүл...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд