мэдээ
Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй шийдвэрийг дагаад хамт олны баярыг нийтээр нь хориглоё

Админ
2025 оны 12 сарын 12

Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй гэх шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж төрийн бүх албан хаагч, бүх шатны Засаг дарга нарт уриалсан. Энэ бол тун зөв зүйтэй шийдвэр боллоо. Зөвхөн төсвийн хөрөнгө мөнгөөр гэлтгүй хамт олон, байгууллагын “шинэ жил” нэрийн доорх хавтгайрсан архидалт, утга учиргүй баярыг манай улс болих хэрэгтэй байна. Монгол шиг ингэж шинэ жилийн баярыг нийтээрээ өргөн тэмдэглэж бүтэн сарын туршид баярлах нэртэй утга учиргүй архидацгаадаг улс орон дэлхийн хаана ч байхгүй. Хуучин социалист нийгмийн үлдэгдэл.
Гэхдээ хуучин нийгэмд одоогийнх шиг ингэж идэж ууж, найр наадам болдоггүй байсан. Жилийн эцсийнхээ дүнг гаргаж, амжилт бүтээлийг үнэлж дүгнэсэн хурал хийгээд тарна. Сумын ёолк гэж улаан буланд болно, тэнд ямар ууж идэх биш. Дуу хуур, бүжиг наадам болоод сайндаа л алиалагчид сайн муу ажилласан нөхдийг дурандаж шараа болгохоос өөр юм байгаагүй.
Төрийн байгууллагуудын ёолк үнэндээ тансаг болдог. Ямар сайндаа Ооба Ерөнхийлөгчийн тансаг гэсэн үг тухайн үедээ трэнд болж байхав. Монголчуудын шинэ жилийн баярыг төрийн байгууллагуудын ёолк ийм тансаг хэмжээнд аваачсан. Үнэт шигтгээ сваровскийтой плаж, алтан цаг, хаан тоорой, мисс охидын сала бүжиг гээд гял цал тэр бүхнийг төрийнхний шинэ жил олны нүдийг хужирлаж, мөнгөөр зодож оны шилдгүүдийг тодруулахаас аваад бүх л шагнал, дээд зэргийн архи дарстай болгож ард түмнийг хөлдөө чирсэн.
Ялангуяа намуудын ёолк, мөн шүүх, прокурор, цагдаа, гааль гээд хууль хүчний байгууллагуудын ёолк дээд зэрэглэлийн тансаг архидалт, хаад ноёд хатдын баян тарганаа гайхуулах цэнгүүн болж хувирсан. Ардын намынхан гэхэд 31-ний орой “Алтан сарнай”-гаараа ядарсан ардаа “цохиж алах”-аа алддаг байлаа шүү дээ. Төрийн энэ тансаглалыг хувийн хэвшлийнхэн аваад нэртэй том компани аж ахуйн нэгжүүдийн шинэ жил гэдэг бас л дээдсийн тусгай хүрээнийхний архидалт, өмссөн зүүснээ бусдадаа гайхуулах гэсэн аз зэтгэр, атаа жөтөөний үдэшлэг болж хувирсан.
Тэгэхээр зөвхөн төрийн хөрөнгөөр шинэ жил тэмлэглэхийг хориглох биш, хувийн хэвшлийнхний шинэ жил, дээрээс нь сургууль, цэцэрлэгүүдийн шинэ жил, нутгийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, анги хамт олны төгсөлт зэрэг энэ олон ёолкийг нийтээр нь хорих хэрэгтэй байна. Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр. Арванхоёрдугаар сарын 25-нд Христийн мэндэлсэн өдрийг дэлхийн олон орон тэмдэглэдэг. Merri Christmas гэдэг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг бөгөөд Зул сарын энэхүү баяр нь хүн төрөлхтөнд энхтайван, эвлэрлийн бэлгэ тэмдэг болдог.
Шинэ жил угтаа гэр бүлийн баяр юм. Аз жаргал гэр бүлд л байдаг. Тиймээс он солигдохын торгон хайртай гэр бүлтэйгээ аз жаргал дүүрэн угтаж, айл бүр сүлд модоо засан шинэ жилийн баярыг гэр бүлээрээ инээд хөөр аз жаргалтайгаар тэмдэглэх хэрэгтэй байна. Аав нь байгууллагын шинэ жил гээд архидаад алга болдог, согтуу ирж агсам тавьдаг тэр бүлд шинэ жилийн орой ямар аз жаргал байх билээ. Шинээ оноо баяр хөөртэйгөөр яаж угтах билээ. Философич доктор С.Молор-Эрдэнэ “Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн 31-ний орой л гэр бүлээрээ гоё ширээ засаад, амттай хоол хийж идээд аз жаргалтай өнгөрөөх ёстой. Тэгээд л болоо. Тэрнээс биш бүтэн сарын турш байгууллагын шинэ жил ч гэх шиг, хамт олон ч гэх шиг хачин юм хийдгээ болих хэрэгтэй. Өдөр бүхэн уулздаг хүмүүстэйгээ л тэмдэглэж байж өчнөөн мөнгө төгрөг үрээд, өр ширэнд ороод ямар ч утгагүй хоосроод дуусна. Энэ чинь солиорол байхгүй юу” гэж хэлсэн нь яах аргагүй үнэн.
Ирланд улс шинэ жилийн баярын өдрөөр гэртээ давстай талх барин ойр дотны хүмүүс хөршүүдээ дайлж, тэдэндээ бэлэг болгон өгч үргэлж хамт байхыг бэлгэддэг бол Эстони улс баярын ширээ дүүрэн амттан бэлдэж, ирсэн зочид нь заавал түүнийг идэж дуусгадаг уламжлалтай байх жишээний. Дани улс гэхэд 31-ний орой гэр бүл, ураг саднаараа цугларч он гарах мөчид буйдан дээрээ үсэрч дэвхцэн муу муухай бүхнээ үлдээн хөөдөг гэх тогтсон жаягтай. Дэлхийн орнууд шинэ жилийг иймэрхүү байдлаар тэмдэглэдэг.
Тэгэхээр монголчууд бидний утга учиргүй архидалт, түүнээ дагасан харгис хэрцгий явдлууд шинэ жилийн хавтгайрсан баярыг өөрчлөх цаг болсныг сануулсаар байдаг. Шинэ жилийн баярын шөнө ёолкноосоо согтуу гараад өргөмжлөлөө тэврээд гоёлын даашинзтайгаа орцныхоо үүдэнд хөлдөж үхсэн бүсгүйн кейсийг бид мартаагүй байгаа. Өдөр нь байгууллагынхаа шинэ жилд баяр хөөртэй гэрээсээ гарсан залуухан ээж буцаж ирээгүй. Тэр айлын хувьд, үлдсэн хүүхдүүдэд нь шинэ жилийн баяр гэдэг тамын баяр, байгууллагын шинэ жил гэдэг ёстой ёрын шинэ жил санагдах нь мэдээж. Баярын үеийн осол аваар, архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэргүүд нийгмийг яаж цочроож ирснийг бүгд мэднэ.
Ер нь Монголд дэлхийд байдаггүй сонин, хамт олныг хамарсан баярууд олон байдаг. Үүнээс жишээ болгон зүгээр дурдахад, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хонхны баяр, Их дээд сургууль, Техник мэргэжлийн сургууль төгсөгчдийн хонхны баяр, цэрэг цагдаа, хууль хүчнийхний онжавуудын уулзалт баяр, эцэг эхийн нийллэг, түүнийг дагасан эцэг эхчүүдийн спортын тэмцээнүүд, анги төгсөлтийн уулзалт нийллэг гээд гайхмаар олон баяр болдог болсон. Одоо бүр сүүлдээ нийт төгсөлтийнхнийг хамарсан ёстой “аймаар” гэж хэлэхээр том баяр болсон байна лээ. Тэр нь Монгол даяар хуучин 10 дугаар анги төгссөн төгсөлтийнхний баяр.
Андуураагүй бол анх “Монгол 93” гэж эхэлсэн санагдана. 1993 онд Улаанбаатар хотын болон бүх аймаг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийг төгссөн төгсөгчдийн баяр. За энэ бол ёстой хавтгайрсан юм болж байгаа. Төгсөлтийнхний уулзалт гээд тэр чигээрээ архидалт. Урлаг, спортын тэмцээн гээд архидалт. Хамгийн аюултай нь энэхүү нийллэгний дараа олон гэр бүл салж, олон үр хүүхэд өнчирч хоцордог. Өмнө нь үерхэж байсан нөхдүүд буцаад нийлчихдэг юм гэсэн. Хоёр жилийн өмнө байна уу “Монгол 98” гэдгийн уулзалт Хүй долоон хутагт бараг л даншиг наадам шиг юм болж, том том жийптэй гоё ганган залуучууд цуглаж хэд хоног архидацгааж, бараг л эр эм хүмүүсийн нийллэг болсон гэж яригддаг.
Яг одоо хот хөдөөгүй доргиж байгаа энэ олон ёолкны ихэнх нь төгсөлтийн баяр. Эхлээд манайхан жигтэйхэн сүрхий уулзалдаж баяраа ёс төртэй эхэлдэг. Дуусах багцаанд бүгд согтож зан зангаа мэдэхгүй тэр олон нөхдүүд чинь нэг нэгнийхээ үгийг сөрж хэрүүл гарч, улмаар зодолдож, хардалт сэрдэлт, атаа жөтөө, баян хоосон есөн шидийн муу муухай бүхэн тэнд үүрлэдэг. Тиймээс төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй гэх Засгийн газрын шийдвэрийг дагаад хамт олны утга учиргүй, хэтэрхий бүдүүлэг хоцрогдсон баярыг нийтээр нь хориглоё. Бусад орнууд шиг шинэ жилийн баярыг гэр бүлээрээ, айл өрх бүр аз жаргал дүүрэн тэмдэглэдэг болъё.
Д.Батболд
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томо...
8 цагийн дараа
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид...
8 цагийн дараа
Д.Жигмэд Азийн залуучуудын V пара наадамд түрүүлэв
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадам болж байна. 35 орны баг тамирчид оролцож буй тус наадамд ман...
7 цагийн дараа
Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй шийдвэрийг дагаад хамт олны баярыг нийтээр нь хориглоё
Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй гэх шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж төрийн бүх албан хаагч, бүх шатны Засаг дарга ...
7 цагийн дараа
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалы...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


