Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Монгол түмнийхээ их сүлдийг цэнгүүлэгч морьтон баатрууд DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2024 оны 6 сарын 26

img

66

news-img

Бороо зөөлөн шивэрсэн өглөө эртлэн дархан цаазат Богд хан уулын Шажин хурахын амыг зорилоо. Уг аманд уламжлалын дагуу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч, байлдагч нар төрийн Есөн хөлт цагаан тугийг наадмаар цэнгүүлэх бэлтгэл хийж байгааг сурвалжилахаар болсон нь энэ. Налайхын замаар явсаар Хонхор руу салдаг уулзвар дээр биднийг тус ангийн захирагч, хурандаа М.Болдбаатарын жолооч угтсан юм. Ийн газарчлуулан явсаар зорьсон газраа ирэхэд ангийн захирагч өөрийн биеэр угтан авч, гэрт орууллаа. Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэлдээ тэд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн гарчээ. Цэргүүд өглөө бүр 06.00 цагт босч, гимнастикаа хийж, гар нүүрээ угаагаад цайлна. Түүний дараагаас эхлэн дундаа 15-20 минутын завсарлагаатайгаар 21.00 цаг хүртэл бэлтгэлээ тасралтгүй хийдэг гэнэ. Биднийг ирэх сургаар энэ өдрийн бэлтгэл эхлэх цагийг жаахан хойшлуулсан юм байна. Түүнээс биш шиврээ бороо, нар, салхийг үл харгалзан тэд бэлдсээр байдаг аж. Арга ч үгүй биз. Монгол хэмээн омогших, эх орныхоо эзэн нь болж төрснөөрөө бахархдаг уламжлалт баяр бол наадам. Энэ л өдрүүдэд монголчууд үгийн сайныг ярилцаж, үйлсийн сайхныг хийж, төрийнхөө сүлдэнд залбирч, Есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэх ёслолыг амьсгаа даран үздэг. Тиймээс тэд бол зөвхөн үүрэг хүлээсэн ажлаас гадна үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж бэлтгэлийг ийн шаргуу хийдэг байна.

 

Шинэ шөл аягалж, хонины гэдсээр дайлуулсан биднийг гэрээс гарахад битүү нөмөрсөн үүлээ сөхөөд тэнгэр цэлмэж, Богд уулын оройгоор манан суусан нь нэн үзэсгэлэнтэй. Хажуу дэргэд гөрөөс боохирч, алсад хөхөө донгодох нь сонсголонтой. Хурандаа М.Болдбаатар “Богд уулын 30 гаруй ам байдгаас барилга байшингүй барилгүй үлдсэн цорын ганц нь энэ. Үнэхээр сайхан хангай шүү дээ” хэмээн хэлнэ. Ингэж хэлэхэд нь аргагүй л тангараг өргөсөн эр цэрэг эх орноороо бахархан, зарчмаасаа хазайлгүй явж ирсэн эр хүний бахархал мэдрэгдэнэ. Шажин хурахын амыг хааж Зэвсэгт хүчний 032 дугаар анги ийн жил бүр баяр наадмын бэлтгэл хийдгээс үүдэн тэр бүр хүн очоод газар авч, барилга бариад байж чаддаггүй бололтой юм.

Бэлтгэлийн хашаан дотор хоёр гэр, цэргүүдийн амрах болон гал тогооны майхан байна. Тэдгээрийн чанх урд нэлээд зайтай морины уяагаа босгожээ. Уяаны эхэнд хоёр загал морь, түүний араас найман шарга морь, тэдний дор торгон цэргүүдийн унах бараан зүсмийн морьд гэсэн дарааллаар уясан байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнг төлөөлүүлэн зууван хэлбэрээр туг хатгаж бэлджээ. Энэ нь морь, цэрэггүй багцаа авах, алхаа гишгээгээ тааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнээс гадна Цэнгэлдэхэд 20 гаруй жил есөн хөлт цагаан тугийг байрлуулсан тугны суурийг голд нь байрлуулжээ. Ноднин жил шинэ суурьтай болсон учраас энэ жилээс хуучин суурийг нь бэлтгэлдээ ашиглаж байгаа нь энэ юм. Энэ бүгдийг ярихын завсар хурандаа цэргүүддээ морио эмээллэхийг санууллаа. Тугчид болон торгон цэргүүдийн унадаг нэг морины эмээл, хазаар, ташуур, хөмөлдрөг, хударга гэхэд л нийлээд тав гаруй сая төгрөгийн үнэтэй эд байдаг аж. Энд бүх зүйл тушаалын дагуу явах учраас цэргүүд гялсхийтэл морьдоо эмээллээд сургуулилт эхлэхэд бэлэн болов.

Есөн хөлт цагаан тугийг наадам болон Их эзэн Чингис хааны төрсөн өдрөөр цэнгүүлдэг. Ингэхдээ ангийн захирагч өөрөө Төрийн хонжины үүрэг гүйцэтгэн загал морь унаж, бүхний тэргүүнд явна. Төрийн хонжин гэдэг нь тугийг цэнгүүлэх ёслолыг удирдан зохион байгуулдаг хүнийг хэлдэг аж. Түүнээс гадна Их тугч, тугчид, торгон цэргүүд гээд нийтдээ 32 морьтон энэхүү ёслолд оролцоно. Нэг ёсондоо тэд бол монгол түмнийхээ их бахархал, оройн шүтээн болсон их сүлдийг мандуулан цэнгүүлдэг морьтон баатрууд юм. Төрийн хонжингийн араас есөн хөлт цагаан тугийг гурав, гурваар нь эгнүүлэн залж явна. Ингэхдээ их цагаан тугийг голд нь Их тугч авч явдаг байна. Харин тэдний араас бараан зүсмийн морь унасан торгон цэргүүдийн ахлагч болон торгон цэргүүд жагсаалаар явна. Энэхүү бэлтгэлийг хийхдээ есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос авах болон Цэнгэлдэхэд байрлуулах хүртэлх бүхий л зүйлийг нэгд нэгэнгүй хийнэ. Төрийн хонжин тушаал өгч, хөл тавин алхсаар тугны суурийг тойрон зогсов. Бүгд төрийн туганд ёсолж хүндэтгэл үзүүлсний дараагаар тугчид жижиг тугуудыг авна. Улмаар их туганд бусдыг нь гурвантаа бөхийлгөн хүндэтгэл үзүүлээд их тугчин тугаа авдаг байна. Ингээд жагсаалаар алхаж явсаар морьд дээрээ ирэхэд морьдыг нь барьж байсан торгон цэргүүд тугийг шилжүүлэн авч тугчдыг мордсоны дараагаар эргүүлэн өгнө. Торгон цэргүүд өөрсдийн морин дээрээ очсоны дараагаар төрийн хонжин мориндоо гэсэн тушаал өгч, ташуураа өргөн жагсаалын эхэнд сүр бараатайгаар явах аж. Хашааныхаа гадуур бүтэн тойрч ирээд өнөөх сууриндаа тугуудыг байрлуулав. Тугчид, торгон цэргүүдийн энэ бүх үйлдэл бүгд тушаалын дагуу явдаг гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ. Мөн цэргүүдийнхээ жагсаал, морьдынх нь сургуулилтыг ажиглах, алдаа дутагдлаа засахын тулд үе, үе дрон нисгэж бичлэг хийдэг байна. Энэ нь яг наадмын нээлтийн үеэр морьдыг дроноос үргэхгүй байхад ч нөлөөлдөг болохыг хурандаа М.Болдбаатар хэлж байлаа. Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор анхны төрийн хонжин хийсэн бөгөөд энэ удаад гурав дахь жилдээ энэ хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа нь энэ юм. Харин Их тугчаар 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын сургагч ахлагч Н.Энхтайван явж байгаа юм. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул бөгөөд 032 дугаар ангидаа 2005-2006 онд цэргийн алба хаажээ. Улмаар ахлагч болсноор 2007 оноос нийтдээ 17 дахь жилдээ ёслолын ажиллагаанд оролцож байна. Эхлээд торгон цэргийн салаан даргаар явж байсан бол хөл тугч хийж байгаад Их тугчаар хоёр дахь жилдээ явах гэж байгаа аж. Анх торгон цэргийн салаан даргын хувиар Төв цэнгэлдэх рүү орж байхад төрсөн мэдрэмжээ тэр хэзээ ч мартаагүй. Харин Их тугчаар ороход маш их үүрэг хариуцлага ирдэг хэмээн өгүүлж байна. Их туг ойролцоогоор 35, хөл тугууд 25 орчим кг жинтэй байдаг гэнэ. Гэтэл үүнийг Төрийн ордноос гаргаад Цэнгэлдэх хүртэл огт хазайлгахгүй, тэнцвэрийг нь олж авч явна гэдэг маш их тэсвэр, тэвчээр шаардана. Тийм болохоор тусгайлан бэлдсэн төмрийг өргөж бэлддэг байна. Энэ жилийн хувьд таван ахлагч шинээр тугч болсон бол хугацаат цэргийн алба хаагчдаасаа сонгон торгон цэргээр авдаг. Хамгийн гол шалгуур нь морь сайн унадаг байх ёстой. Тэгэхгүй бол яг чухал үйл ажиллагаан дээр асуудал үүсэх эрсдэлтэй хэмээн Н.Энхтайван нэмж хэлэв.

А.Бадраа: Хүндтэй үүрэг хүлээсэн гэж бодохоор бүхзүйл амархан санагддаг

Бид энэ жил шинээр торгон цэрэгт явж буй А.Бадраатай ярилцсан юм.


-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Авъяабаатар овогтой Бадраа гэдэг. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат. 2023 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид татагдсан.

-Хөдөө өссөн юм байна. Багаасаа морь унасан уу?

-Тийм, хүүхэд байхаасаа хурдан морь унасан.

-Хугацаат цэргийн алба хааж байх үедээ есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд торгон цэргийн үүрэг гүйцэтгэж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ үнэхээр бахархалтай зүйл. Хүүхэд байхдаа баяр наадмын нээлт, есөн хөлт цагаан туг цэнгүүлэхийг зурагтаар л харж байсан. Гэтэл өөрийн биеэр энэ ёслолд оролцож байгаадаа үнэхээр их баяртай байгаа.

-Бэлтгэл хийхэд хэцүү зүйл гарч байна уу?

-Тийм зүйл байхгүй ээ. Дээрээс нь энэ хүндтэй үүргийг хүлээсэн гэж бодохоор өөрийгөө улам дайчилж, хичээдэг. Тэгэхээр бүх зүйл амархан юм шиг санагддаг.

-Хэзээ халагдах вэ. Нэмж юу хэлмээр байна?

-Одоо энэ 10 дугаар сард халагдана. Өмнөговь аймгийн Хүрмэн сумандаа ажиллаж, амьдарч байгаа аав Адъяабаатар, ээж Үүрийнцолмон нартаа танай сониноор дамжуулан мэнд хүргэе. Хүү нь сайн. Эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа шүү. Тун удахгүй халагдаад та хоёр дээрээ очно оо гэж хэлье.

Хурандаа М.Болдбаатарын хувьд эх орондоо тангараг өргөснөөс хойш Туркийн цэргийн сургуульд суралцахас эхлээд Ховдын цэнхэр хязгаар, холын Африк тивд ч үүрэг гүйцэтгэжээ. Харин сүүлийн жилүүдэд 032 дугаар ангийн захирагчийн албыг хашиж байгаа аж. Тус анги ноднин жил л гэхэд том, жижиг 300 ёслол хийсэн байна. Энэ жил ч гэсэн төрийн өндөр хэмжээний айлчлал их наадмын дараагаас уул хайрхадын тахилга тайлгад оролцох учраас энэ хэмжээний ёслолд мөн л оролцох аж. Төрийн торгон сүргийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хариулах бөгөөд тэндээс шарга морьдыг болон торгон цэргүүдийн бараан зүсмийн морьдыг сонгодог байна. Энэ жилийн хувьд нэг загал, дөрвөн шарга морийг шинээр сургаж, бэлдэж байгаа. Ер нь өмнө оролцож байсан нь уяа морьд шиг болчихсон байдаг гэнэ. Гэвч амьтан л учраас бэлтгэл сургуулилтыг улам чамбайруулж, элдэв зүйлсээс үргэж, төрийн ёслолыг тасалдуулахаас сэргийлнэ. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлаж, Цэнгэлдэхэд орох, гарах зэргээ бодитоор бэлддэг байна. Түүний хэлж буйгаар хамгийн бэрхшээлтэй зүйл нь цэрэг, морьдоо сургах бус Цэнгэлдэх рүү ороход байдаг гэнэ. Учир нь зай завсаргүй олон барилга байшин барьчихсан нь их төвөг учруулдаг аж. Гэхдээ л тангараг өргөсөн морьт баатрууд учраас элдэв бэрхшээлийг тоочиж суулгүй даваад гарна. Тэгж байж монголчуудын их цэнгэл баяр наадам өргөн дэлгэр, сайн сайхан болно. Төрийн тугийг огтхон ч ганхуулалгүй авч явж байж төр, түмний минь ажил үйлс өөдөө дэвжинэ гэсэн итгэл, бишрэлээр ажилдаа ханддаг хэмээв.

Төрийн торгон сүрэг Зэвсэгт хүчний 032 дугаар ангид харьяалагддаг. Тиймээс наадмын бэлтгэл хийхийн хажуугаар гүүгээ барьж, айраг исгэдэг юм байна. Ойр хавийн айлууд нь ч унагаа номхруулаад өгөөч хэмээн гуйна. Тиймээс энэ жил нийт гурван азарга адууны 20 гаруй гүү сааж байна. Ер нь хурандаа М.Болдбаатар бол аж ахуйч, ажилч нэгэн аж. Ямар сайндаа л Ховдод цэргийн ангийн захирагч байхдаа цэргүүдийнхээ хүнсэнд нэмэрлэх зорилгоор дөрвөн тоорой авч тэжээсэн нь сүүлдээ 60 гаруй болтлоо өссөн байх вэ дээ. Гүү сааж, айраг исгэх гэдэг бол ажилтай, анхиатай хүмүүсийн хийдэг ажил. Хоёр цаг тутам гүүгээ саана. Олон гүү бол бүр чанга. Харин энэ үүргийг Булган аймгийн Могод сумын харьяат, хугацаат цэргийн албан хаагч Чинзоригийн Очирбат үеийн нөхөдтэйгөө хамтран гүйцэтгэж байна. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

Ч.Очирбат: 20 гаруй гүүг 30 минутад саадаг


-Өөрөө булган аймгийн Могод сумынх юм байна. Тийм учраас л гүү саах үүрэгт ажилд томилогдсон уу?

-Тийм, ангийнхаа гүүг бариад он жавууд болон бие бүрэлдэхүүнд айраг уулгаж байгаа. Энэ ажлаа ямар ч байсан чадах чинээгээр л хийж байна.

-Айрагны хөрөнгөө хаанаас авсан бэ?

-Айрагны хөрөнгийг Булган аймгаас авч ирсэн гэсэн.

-Нийт хэдэн гүү саадаг вэ?

-Гурван азарга адууны 20 гаруй гүү сааж байна. Хоёр цаг тутамд саана. Нэг удаадаа гурвуулаа гараад 30 гаруй минут зарцуулдаг.

-Нэг удаадаа хэдэн литр саам авдаг вэ?

-Одоо унаганууд нялх байгаа учраас 10 гаруй литр сүү л авч байгаа. Манайх адуутай, гүүгээ барьдаг. Тийм болохоор би бага байхаасаа л гүү сааж байсан гэв.

Биднийг очиход Зэвсэгт хүчний 032 дугаар анги өчигдөр “Дээлтэй Монгол” өдөрлөгөө хийж таарав. Ангийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхэн гээд хүүхэд томчуудгүй монгол хувцсаа өмсөж иржээ. Өдөрлөгийг нээж ангийн захирагч үг хэлэхдээ баяр ёслолуудаар амардаггүй учраас нэг өдрийг ч гэсэн анги хамт олноороо хөгжилтэй өнгөрөөг хэмээн бодож энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа тодотгосон юм. Мөн ахлагчийн албанд шилжиж, дэд ахлагч болсон Ш.Гэрэлт-Од, Г.Гантулга нарт цолыг нь гардуулж өгөв. Хурандаа М.Болдбаатар “Дээлтэй Монгол” өдөрлөгийг хийхдээ бас давхар нэг зүйл боджээ. Тэр нь олон хүний өмнө бэлтгэл хийлгэж морьдынхоо цочироог гаргаж, цэргүүдийнхээ нүүрийг хагалах байжээ. Тэр ингэж л анги, хамт олноо удирдаж, төрт ёсныхоо уламжлалт баяр наадмын нээлт, хаалтыг алдаа мадаггүй хийхийн тулд олуулаа хичээж байна.

Монгол түмнийхээ их шүтээн, есөн хөлт цагаан тугийг эгц шулуун, элчилгүй өндөрт өргөж яваа морьтон баатрууд Төрийн хонжингийн “Мориндоо” гэх тушаалаар сэвхийтэл мордож, бахархал дүүрэн салхи сөргүүлэн алхуулж явна.

…Хөл тугийг түш.

Их цагаан тугийг түш… Төрийн хонжингийн энэхүү команд зөвхөн цэргүүддээ бус бүх монголчууддаа өгч буй сануулга, тушаал гэлтэй сонсогдож байв.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

СЕХ: Гар тооллого үргэлжилж байна DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө. Сонгуулийн хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа олон нийтэд ...

img

7 цагийн дараа

УИХ-ын гишүүний болзол хангасан 32 эмэгтэй DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр дуусаж, тойргоор 8, жагсаалтаар 24 эмэгтэй УИХ-ын гишүүний болзол хангаад байна. Тойргоос сонгогдсон ...

img

6 цагийн дараа

ОБЕГ: 1752 иргэнийг завиар зөөвөрлөж, аюулгүй байдлыг хангав DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр зохион байгуулагдсантай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, ...

img

5 цагийн дараа

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бо...

img

5 цагийн дараа

Цаг завыг хүчээр гаргахгүй бол хэзээ ч гарч ирэхгүй DNN.mn

“Цаг завыг хүчээр гаргахгүй юм бол хэзээ ч гарч ирэхгүй” хэмээн “Амжилтын тарни” номд бич сэ н ба йд а г. Б о д о о д ба...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд