Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

SPEAK OUT: Парламентад анх удаа сонгогдсон хүмүүсээс хэн юу хэлэв DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2024 оны 7 сарын 01

img

163

news-img

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуулийн үр дүнгээр анхны 126 гишүүнтэй парламент бүрдэж байгаа юм. энэ долоо хоногт анхны чуулганаа зарлан хуралдуулж, тангараг өргөснөөр тэдний бүрэн эрх хэрэгжиж эхлэх билээ. Бид нам, эвслээс парламентад анх удаа сонгогдон УИХ-ын гишүүн болсон нэр дэвшигчдээс байр суурийг нь сонирхлоо.


АН-ын жагсаалтын дөрөвт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Цэнгүүн:

-Монгол Улс бол залуусын орон. Хамгийн залуу гишүүн болж парламентэд үе тэнгийн залуусаа төлөөлөх эрхэм үүрэг ногдсон нь миний хувьд маш том хариуцлага гэж бодож байна. Жижиг төрийн төлөө би улс төрд орсон. Энэ зарчмаа цаашид ч баримтлах болно. Ардчилал гарснаас хойш төрсөн, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй залуусаа төлөөлж хувийн өмч, хувь хүний эрх чөлөө болон чөлөөт зах зээлд тулгуурласан бодлого хэрэгжүүлэхийн төлөө тууштай явна. Эрчим хүчний салбарт реформ хийх зайлшгүй шаардлагатай энэ цаг мөчид улс төрийн зориг гаргаж бид томоохон өөрчлөлтүүдийг хийх болно.

АН-аас долдугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан Л.Мөнхбаясгалан:

-Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэж, том тойрог буюу дөрвөн аймгийн хэмжээнд өрсөлдөж, дөрвөөр гарсан АН-ын анхны эмэгтэй гишүүн боллоо. Их хүнд, хэцүү сонгууль болсон. Гэхдээ ялалт байгуулж чадлаа. Говийн ард түмэн маань итгэл хүлээлгэсэнд баяртай байна. Цаашдаа говь нутаг, Монгол Улсын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана.

Манай улсын говийн бүсэд экологийн тэнцвэр алдагдаж, усгүй болж байна. Гүний усыг уул уурхайд хэрэглэж байгаа. Тийм учраас үүнийг шийдэхийн тулд тууштай ажиллаж “Хэрлэн говь”, “Туул говь”, “Орхон говь” төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бүх хүч чадлаа дайчилна. Мөн Монголын төрд нүүрлэсэн шударга бусын зудыг арилгана. Төрөөс хулгай хийдэг, баяждаг, төрд монополь тогтоочихсон олигархуудтай зад үзнэ. Улсаа шударга ёсны хямралаас л гаргана. Үүний төлөө бүх зүйлээ зориулж ажиллана.

МАН-ын жагсаалтын 10 дугаарт бичигдсэн Б.Уянга:

-Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд говийн бүсийн дөрвөн аймагт МАН-аас нэр дэвшсэн хүмүүсээ дэмжиж ажилласан. Учир нь манай уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарын гол цөм тэнд л байгаа шүү дээ. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид ямар их хөдөлмөр зүтгэл гаргадгийг хажуунаас нь харж, дэмжиж ажилласандаа баяртай байгаа. Одоо бол ажил дуусаагүй, харин ч эхэлж байгаа мэт санагдаж байна.

Би бол эрдэс баялгийн салбарын төлөөлөл. Манай салбарын хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх цаг нь болсон. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай гээд олон чухал хууль бий. Тийм болохоор салбарынхаа гол хуулиудыг ямар нэгэн давхардал, хийдэлгүй болгохын төлөө ажиллана. Тэгж байж уул уурхайн салбар бүрэн цэгцэндээ орно гэж бодож байгаа.

МАН-ын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Ж.Галбадрах:

-Сэтгэгдэл их өндөр байна. Жагсаалтад орох хүсэлт намаас ирснийг хүлээн авч, энэ удаагийн сонгуульд оролцсон. Өнгөрсөн хугацаанд би өөрөө хийж хэрэгжүүлэх олон зүйл бодож явсан. Үүнд улс төр, төрийн нөлөө хэрэгтэй байгааг олж харсан учраас ийм шийдвэр гаргасан.

Би улс төр нэг их сонирхдог байгаагүй. Яг л багш хүн. “Шинэ Монгол” сургуулийг 2000 онд байгуулснаас хойш шинэлэг зүйлүүд их хийсэн. Үүнийгээ төрийн сургуульд хийх саналаа өгч, 2020-2022 оны хооронд найман сургууль сонгоод менежментийг нь хийсэн. Харамсалтай нь төрийн сургуулийнхаа орчин нөхцөлийг сайтар мэдрээгүйгээс тийм ч сайн үр дүн гараагүй. Харин өнгөрсөн жил уг төслөө улам сайжруулаад улсын хэмжээнд 60 сургуульд хэрэгжүүлсэн. Сайхан үр дүн гарсан. Төрийн сургуулийн чанар сайжирвал Монгол Улс хөгжинө. Чанарыг сайжруулахын тулд багш нарын хүртээмж маш чухал. Дунд сургуулийн шилдэг төгсөгч нь багш, эмч болдог тогтолцоог бий болгохын төлөө ажиллана. Багш нарынхаа нийгмийн хамгаалал, нэр хүндийг өсгөхийн тулд хичээнэ. Ер нь улс орны үндсийн үндэс нь боловсрол.

ХҮН-аас баянгол дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулсан Ж.Золжаргал:

-Их олон хүний санал авлаа. Баярлах гэхээсээ илүү хариуцлага мэдрэгдэж байна. Ер нийгмийн хүлээлт байсан. Тийм болохоор энэ хүлээлтэд хүрсэн бодлого гаргах, үр дүнтэй ажиллах гэсэн хариуцлага ирж байгаа ч түүнийг хийж чадна гэсэн итгэл байна.

Монгол Улсад өнөөдөр ажил хийж байгаа. Бүтээж байгаа хүмүүст ирэх татварын дарамт маш өндөр байна. Өнөөдөр бид өөрсдийгөө Европ болон Азийн өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулж болохгүй. Манайд тээвэр логистикийн зардал их өндөр. Тийм болохоор бүх төрлийн татвар, хураамжийг буулгах хэрэгтэй. Төсвийн үргүй зарцуулалтыг бууруулах юм бол төгрөгийн ханш чангарч, зээлийн хүү буурна. Дээрээс нь Улаанбаатар хотын гэр хороолол, орон суцны дэд бүтцийн асуудал, нягтрал ихтэй газруудын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг шийдэхийн төлөө эрх зүйн зоригтой шийдлүүдийг гаргана. Миний хувьд ирэх дөрвөн жилд салбар, салбарын төлөөллөөс баг бүрдүүлж ажиллахаар төлөвлөж байгаа.

ИЗНН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн М.Нарантуяа:

-Миний хувьд гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөж, энэ удаад УИХ-ын гишүүн болж байна. Гэвч энэ бол маш том үүрэг хариуцлагатай ажил. Гэвч гэсэн энэхүү хариуцлагыг үүрч ажиллах болно. Мэдээж миний хувьд анхнаасаа хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж чадна гэсэн итгэл дүүрэн байгаа. Манай ИЗНН-ын дэвшүүлэн мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал байгаа. Үүнээс гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хийхээр санаж бодож, төлөвлөж байгаа ажлуудаа хийх болно. Тухайлбал, хүүхдийн ховор тохиолддог өвчлөлийг бууруулах, эмчлэх асуудлыг хөндөж тавина. Хүүхэд хамгааллыг сайжруулах, хүчирхийллийг бууруулах, эрүүл мэнд, боловсролын салбар гээд олон чухал асуудал бий.

Гэхдээ одоо ийм, тийм гэж олон ажил ярихаас илүүтэй ажлаа эрэмбэлээд шат дараатайгаар хийж хэрэгжүүлээд явна гэж бодож байгаа. Миний хувьд бусад нам, эвслийн хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө гэж санаачилсан ажил бүрийг дэмжиж ажиллана.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улс 2014 оноос хойш анх удаа дундаас дээш орлоготой улсуудын эгнээнд багтлаа DNN.mn

Дэлхийн банк жил бүр гишүүн 189 улс, үүнээс гадна 29 улсыг 1 хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор нь өндөр, дундаас дээш, дунд...

img

8 цагийн дараа

О.Баярсайхан “Азийн хүүхдүүд 2024” наадмаас алтан медаль хүртлээ DNN.mn

ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Якутск хотод “Азийн хүүхдүүд 2024” олон улсын VIII наадам үргэлжилж байна. Монгол Улсаас спортын ес...

img

7 цагийн дараа

Баруун, төвийн аймгуудын баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд төвийн аймгуудын нутгаар бор...

img

6 цагийн дараа

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо DNN.mn

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2...

img

6 цагийн дараа

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу галт тэрэг явна DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оныдолоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурв...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд