мэдээ
Д.Хишигбаатар: Тогтолцооны гажуудал, хяналтын систем муу ажиллаж байгаа учраас гал түймэр, гамшиг ослын тоо буурахгүй байна DNN.mn
Админ
2024 оны 10 сарын 30
14
Гал түймэртэй тэмцэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл комиссар, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Хишигбаатартай ярилцлаа.
-Та онцгой байдлын салбарт хэдэн жил ажилласан бэ?
-Миний үндсэн мэргэжил бол галын аюулгүй байдлын мэргэшсэн инженер. Би галын байгууллагад 18 настайдаа орж, гал сөнөөгчөөр гурван жил ажилласан. Хуучнаар ЗХУ-ын Дотоод явдлын яамны харьяа “Галын инженер техникийн дээд сургууль”ийг галын аюулгүй байдлын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд 1983-1986 он хүртэл “Галын аюулаас хамгаалах газар”-т сургалт, суртал ухуулга хариуцсан байцаагчаар гурван жил ажилласан. Дараа нь хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны орон тооны нарийн бичгийн даргаар дэвшиж, галын албаны залуу дайчидтай тулж ажилласан. 1990 онд улс орон зах зээлийн эдийн засагт шилжин газар сайгүй өөрчлөлт шинэчлэлт өрнөж, хуучин дарга нараа ихэнхийг нь өөрчилсөн. Тэр үед би Галын аюулаас хамгаалах газрын орлогч, УБ хотын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга байсан.
1990-2005, 2007-2008 он хүртэл Галын газрын даргаар 16 жил ажилласан. Дараа нь Гамшгийн менежментийн дээд сургууль байгуулах ашиглалтын өмнөх захиргааны даргаар хоёр жил ажилласан. Ингэхдээ үндэсний боловсон хүчин бэлтгэх, тухайн үеийн ханшаар материаллаг баазыг бүрдүүлж, багш нараа сургаж бэлтгэн гурван удаа 45 хоногийн дамжаа хичээллүүлэн бэлтгэсэн. 2007 онд сургуулийн нээлтэн дээр БСШУ-ы сайд өөрөө хүрэлцэн ирж оролцож байлаа. Гэтэл гэнэт Засгийн газрын шийдвэр гарч уг сургуулийн байрыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Сүүлд сонсох нь ээ улсын өмч хөрөнгө шамшигдуулдаг сайд дарга нар байрыг маань шилжүүлсэн юм билээ. 2008 онд тэтгэвэртээ гарч, үүнээс хойш хувийн хэвшилд 15 жил галын аюулгүй байдлыг хариуцсан албаны даргаар ажилласан. Галын байгууллагаас урьдчилан сэргийлэх, унтраах ажилд өөрийн ухамсарт амьдралынхаа 48 жилийг зориулсан байна. Гал сөнөөгчөөс эхлээд бүх шатанд нь ажиллаж байсан.
-Сүүлийн жилүүдэд галын дуудлага мэдээлэл, түүнээс үүдсэн аваар, осол нэмэгдэж байгааг галын байгууллагад олон жил ажилласан хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Сүүлийн үед төр засаг гал түймэр, гамшиг осолтой тэмцэх ажилд онцгой анхаарч байгаа. Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник хэрэгслээр хангах, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж хөдөлмөрийн үнэлэмжийг боломжийн хэрээр сайжруулсан. Удирдлага зохион байгуулалт, хяналтын систем л муу байна. Шат шатандаа ажил хариуцах чадвар, тэдэнд хариуцлага тооцдоггүй байдал нөлөөлж байна. Ийм учраас гал түймэр, гамшиг ослын тоо буурахгүй эсрэгээрээ өсөж байна.
-Өнгөрсөн баасан гаригт Шангри-ла төвд гал гарч гал унтраах аврах анги ажиллаж, бүрэн унтраасан. Гэвч тэнд машинтай зорчигчдоос зогсоолын төлбөрөө нэхэмжилж, иргэдийг зогсоолдоо түгжсэн асуудал үүссэн. Хэрэв гал түргэн хугацаанд тархсан бол тэнд бөөгнөрсөн хүмүүсийн амь нас, эд хөрөнгөд хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ. Үүнийг ямар дүрэм, журмаар зохицуулах хэрэгтэй байдаг юм бол?
-Хаана хариуцлага суларна, тэнд дагаж үүсдэг гамшгийн нэг төрөл нь галын аюул. Учирч болзошгүй гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Тэнд хөрөнгө мөнгө, хүчээ төвлөрүүлбэл гамшиг ослын тоо буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг эрс сайжруулж, хөрөнгө мөнгө зарж, хүн хүч ажиллуулах хэрэгтэй. Нэг үеэ бодвол гал түймэр, гамшиг осолтой тэмцэх хууль эрх зүйн орчин сайн бүрдсэн. Харамсалтай нь түүнийг хэрэгжүүлдэг албан тушаалтан, удирдан чиглүүлэх удирдлага дутагдаж байна. Ялангуяа байгууллага, ААН, хүн ам олноор цуглардаг худалдааны төв, зочид буудалд гамшиг осол гарсан тохиолдолд хэн юу хариуцах, мэргэжлийн байгууллага иртэл хэн ямар үйл ажиллагаа явуулах талын мэдлэг, дадлага, чадвар дутагдаж байна.
Гол арга нь тэнд ажиллаж байгаа алба хаагчдын гал түймэр, гамшиг ослын талаарх мэдээллийг дээшлүүлэх ёстой. Хэрэв гал гарвал эхний ээлжинд объектод байгаа хүнийг аврах ёстой. Юун мөнгө төгрөг авч, оочерлуулах вэ. Аль болох гал түймэр гарч байгаа газраас хүнээ аврах ёстой шүү дээ. Түүнээс таван төгрөг хураах асуудал биш. Онцгой байдал үүссэн үед зогсоолд машиныг нь зогсоогоод мөнгө авч байна гэдэг бол гамшиг, аюулын эрсдэлийг мэдэхгүй байна гэсэн үг. Авлаа гэхэд тав арван мянган төгрөг л авна. Гэтэл тэр хүний машин, дотор нь явж байгаа хүний амь нас ямар үнэ цэнэтэй билээ гэдгийг ойлгохгүй байна. Ер нь гал түймэр, гамшиг ослын үед яах ёстой вэ гэдгийг доод шатнаас нь эхлээд ажил үүрэг гүйцэтгэж байгаа бүх шатанд нь ойлгуулж байх хэрэгтэй.
Манай бизнесүүд ер нь ийм байгаа. Гамшиг, эрсдэл гэдгийг тооцдоггүй. Хүнээс мөнгө аваад байгаа мөртлөө тэр хүнд хэдий хэмжээний мөнгө төлөх вэ гэдгээ ойлгохгүй байна. Томоохон үйлчилгээний байгууллагад мөнгө төлж машинаа байрлуулж байна, мөнгө төлж үзвэр үйлчилгээ авч байна. Мөнгө л бодоод байхаас биш аюул үүсвэл яаж аврах вэ, мэргэжлийн байгууллагад яаж хандах вэ, тэр хооронд бид юу шийдэх вэ гэдэг сургалт явдаггүй. Манайд хамгийн аюултай юм нь юу гэхээр үнэн юм хэлсэн хүнд их дургүй. Ийм тогтолцоотой газар чинь аюулгүй байдлыг хангаж байна гэж хэлж чадахгүй.
-Энэ тал дээр яагаад мэргэжлийн байгууллагын хяналт сул байна вэ?
-Мэргэжлийн байгууллага хяналт тавьж байгаа ч тэднийг чиглүүдэг дарга алга. Яагаад гэвэл ерөнхий удирдлагад нь мэргэжлийн бус хүмүүс байгаа болохоор хяналт тавьж чадахгүй байна. Жишээ нь, би мэргэжлийн биш эмч хэрнээ чамайг шифриц бариад гүйгээд байвал ажлаа хийж л байгаа гэж бодно. Гэтэл чи өвчтөндөө эмчилгээгээ цаг хугацаанд онож хийж байна уу, тун нь таарч байна уу, эм нь буруу зөв эсэхийг хянаж мэдэхгүй. Үүгээр би юуг хэлэх гэж байна вэ гэвэл тогтолцоо, хариуцлага гэдэг зүйл алдагдсан. Яагаад хариуцлага алдагдсан гэхээр тэнд галын мэргэжилтэн хяналт тавьж байх ёстой байтал тэгдэггүй. Өмнө гарсан аюул осолдоо дүгнэлт хийсэн үү, одоо ямар арга хэмжээ авсан гэдгийг шалгаад үзэхээр өдөр шөнө шиг ялгаатай. Энэ тал дээр инженер техникийн хүмүүс тодорхой үзлэг, хяналт явуулаад, хариуцлага тооцоод явах ёстой. Харамсалтай нь тэгж чадахгүй байна.
Хамгийн гол нь мэдлэггүй хүн мэргэжлийн хүнийг удирдан чиглүүлж, хянаж, ажлыг нь дүгнэж чаддаггүй юм. Гол шалтгаан нь тэр. Хэрвээ Шангрилаг галын мэргэжилтэн хяналтдаа аваад, ядаж жилд нэг удаа очиж үзээд дадлага сургуулилт хийвэл гал сөнөөгчид ч мэргэжлийн болно. Хоёрт, ажилчид нь аюул гарсан үед юу хийх вэ гэдгээ мэдээд авна. Ийм хамтын ажиллагаа дутагдаж байна. Үүнийг зохион байгуулдаг мэргэшсэн хүн байхгүй учраас “дүлийдээ найдаж унгав” гэгчийн юм болж байна. Нарантуул зах гэхэд гурван удаа шатаж байсан. Тэнд ганц ч галын мэргэжлийн хүн байхгүй. Өчнөөн хүний өмч, хөрөнгө төвлөрч байгаа. Тэр хүмүүсийн өмч аюулгүй байгааг хэн хянаж байгаа юм. Хэн тэрийг аюулгүй байлгаж чадаж байгаа юм. Дотроо гал унтраах усан сан ч байхгүй. Тэгсэн хэрнээ өндөр түрээстэй.
-И-март худалдааны төвөөд жишээ болгож асууя. Тухайн газрын зогсоолоос гарах гэж 3040 минут түгжирдэг. Шууд төв замтай нийлдэг учраас ингэж их түгжрээ үүсдэг. Муугаар бодоход, тухайн байгууллагад гал гарлаа гэхэд тэр олон машинтай иргэд яах вэ. Ийм асуудлыг байгууллагууд ер нь яаж шийдэх хэрэгтэй юм бол?
-Ийм аюул тохиолдвол гэрэл дохио байрлуулж, түүнийг асаасан нөхцөлд авралтын ажиллагааг чөлөөтэй явуулах нөхцөл үүснэ. Ийм л юм хийнэ. Тэрнээс биш гэрэл, дохио байхгүй бол төв замаар зорчиж байгаа иргэдийг буруутгах ёсгүй. Тэнд юу болж байгааг мэдэхгүй. Хэрэв аюулгүй байдлыг мэддэг мэргэжлийн хүн бол “Танайх 50 машины зогсоолтой юм байна. Нэг машиныг гаргахад хоёр минутаар бодоход хамгийн багадаа нэг цаг гучин минут болох юм байна” гэдгийг хэлнэ. Гал гарвал эхний 30 минутад бүх юм галд өртөнө. Тийм учраас гэрэлтүүлгээ энд хий, зогсоолын ажилтанд үүрэг хариуцлагыг нь ойлгуул. Авралтын эхний ээлжинд ордог, гардаг гарцаараа зэрэг машинуудыг гаргах ёстой” гэдгийг хэлж, сургалт явуулаад аюул үүсвэл ингэх ёстой гэдгийг хэлээд гарын үсэг зуруулж авах ёстой. Хэрэв үүнээс болоод хүний амь нас, эд хөрөнгө хохирвол танайх хариуцлага хүлээнэ гэдгийг урьдчилан сэргийлэхийнхэн ягштал ойлгуулах хэрэгтэй.
-Гал гарсан хойно биш өмнө нь яаж сэргийлэх вэ гэдгийг бодлогын үүднээс хэрхэн шийдэх ёстой юм бол?
-Жишээ нь, алслагдсан сумдад гал унтраах мэргэжлийн байгууллага байдаггүй юм гэхэд эвлэлдэн нэгдээд гал бага байгаа дээр нь очоод унтраачихдаг байх хэрэгтэй. Судалгаагаар ой хээрийн түймэр гарах өндөр магадлалтай 17 аймаг, 147 сум байна. Тэдгээрт очоод гал унтраах багаж зэвсгийг нь хангаж өгөөд, хэрхэн ашиглах дадлага сургуулийг байнга хийж байх ёстой.
2022 онд гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ой болсон. Улсад 70 гаруй гал унтраах анги байдаг. Бүгдээр нь орлоо. Тэгэхэд орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байсан. Үүнд цалин хөлс, ажиллах нөхцөл, орон байр гэх мэт нийгмийн асуудал байгаа учраас мэргэжлийн боловсон хүчнээр нөхөн хангалт муу байна. Үүнийг шийдэх арга зам бий. Сүүлийн үед манай ажилчид чинь 38, 40-тэй тэтгэвэрт гарч байгаа. Жилдээ 300-400 хүн солигдож байгаа. Тэр хүмүүсийг орон нутагт тодорхой хугацаагаар ажиллуулаад гурав юм уу таван сумын дунд нэг галын байцаагч ажиллуулах хэрэгтэй. Ингэхдээ тэр хүн суманд очоод машин техник нь бүрэн байна уу, бэлэн байдал хангагдсан эсэх дээр хяналт тавиад явах зэрэг дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй байна.
-Улаанбаатарт байгаа барилгын стандарт буруу байгаагаас гал амархан тархдаг байх?
-Сүүлийн үеийн байшингуудын зай хоорондын хэмжээ алдагдсан. Мөн дулаалж байна гээд эргэн тойрон битүү хөөсөөр бүрж байна. Тэр барилгын галын аюулгүй байдлыг нь хэн тогтоосон юм. Тэр байшин нь нэг хүний хариуцлагагүй байдлаас болоод шатаад эхлэхэд тэр чигээрээ шатна. Энэ хөөсөнцөр чинь дамжин шатдаг, галын хамгийн аюултай материал. Одоо зарим байшин, барилгуудын дундуур хүн нь явж чадахгүй байна. Юун галын машин орж үйлчлэх. Тэрний аюулгүй байдлыг хянадаг байгууллага байх ёстой. Тэгж хянаж чадахгүй байж байтал хажуу байранд нь салхиар төөнөөд давхар шатах эрсдэлтэй. Дээр нь байрны гадаа бөөн бензинтэй машин. Нэг машин дээр нь гал унавал бүгд дэлбэрэх аюул үүснэ. Бодит байдал ийм л байна.
Сүүлийн үед гарч байгаа гал түймэр, гамшиг осолтой холбогдуулан хариуцлага тооцох зүйл алга байна. Энгэрээ цоолж цол аваад, дарга болохын донтой хүн маш их болсон байна. Яагаад гэвэл хариуцлага хүлээдэггүй учраас айхаа байчихсан. Тиймээс тогтолцоо, хариуцлага гэдэг зүйлийг бүх шатандаа ягштал мөрдүүлэх хэрэгтэй.
Г.Балгармаа
“Монгол бахархлын өдөр”-өөр зах худалдааны төвүүд ажиллана DNN.mn
Энэ бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 2-нд Их эзэн богд Чингис хааны төрсөн өдөр тохионо. “Монгол бахархлын өдөр”-өөр бүх нийтэ...
8 цагийн дараа
“Харбин 2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 100 хоног үлдлээ DNN.mn
Ирэх оны хоёрдугаар сарын 7-14 ний хооронд БНХАУ-ын Харбин хотноо 9 дэх удаагийн Азийн өвлийн наадам зохиогдох билээ. Энэ удаагийн н...
8 цагийн дараа
С.Дэмбэрэл: Бүсчилсэн хөгжлийн реформыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монголын эрдэмтэд манлайлан ажиллана DNN.mn
ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 1983-1989 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилта...
7 цагийн дараа
“Талын түмэн адуу” фестиваль ирэх сарын 21-24-ний өдрүүдэд болно DNN.mn
Монголчуудын уламжлалт соёл, аж ахуйд чухал байр суурийг эзлэх адуу дагасан соёлыг түгээн дэлгэрүүлж, залуу үед сурталчлан өвлүүлэх ...
7 цагийн дараа
Сайжруулсан шахмал түлшний 88 мянган тонн нөөц бүрдүүлээд байна DNN.mn
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд