мэдээ
Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна DNN.mn
Админ
2024 оны 11 сарын 14
33
Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.
-Хүндээ нийцүүлж хотоо төлөвлөх үү, хотдоо тааруулж амьдралаа зохион байгуулах уу гэдэг нийслэлчүүд бидний тулгамдсан асуудал байсаар ирлээ. Бид хот төлөвлөлтөө сайн хийж чадаж байна уу гэдэг асуултаас эхлэн ярилцъя?
-Хот төлөвлөх нь байтугай хэн нэг дарга дураараа, хүмүүсийн амралтын өдрөөр, маргааш машин явах, явахгүйг, сургууль цэцэрлэг орох, орохгүйг шийддэг болсон. Ямар юмных нь төлөвлөлт, байхгүй шүү дээ. Юу шийдэж байна вэ гэхээр, хэн нэг дарга ямар ч тооцоо, судалгаагүй “Ингэх нь зөв юм байна” гээд шийдвэр гаргаж байна. Ноднин хотын нийтийн тээврийг бүхэлд нь будилуулсан, энэ шийдвэрээ буцаасан. Дугаарын хязгаарлалт хийсэн. Хамгийн сүүлийн жишээ бол төрийн ордон руу автобус явуулах шийдвэрээ буцаалаа. Энэ бүх буруу шийдвэрийн ард хүмүүсийн амьдрал хохирч, зардал их
гарч байна. түүнийг буруу шийдвэр гаргасан хүмүүсээр төлүүлдэг байх хэрэгтэй.
-Хотын иргэд бид хотын төсөв хэдэн төгрөгөөр батлагдаж байна, тэлж байна уу, нэмэгдэж байна уу гэдэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй. Ер нь хот төсвөө ямар байдлаар баталж байна гэж хэлэх вэ?
-Хотын төсөв маш дампуу байна. Хамгийн их үрэлгэн. Өр зээл тавьдаг, ууж иддэг айл ямар байдаг вэ, яг тийм байдалтай л байна гэсэн үг. Хот өөрөө гарч байгаа зардлаа санхүүжүүлэх мөнгөгүй мөртлөө 500 тэрбумын зээл тавиад, түүнээсээ 300 тэрбумыг хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа төсөлд зээлчихсэн, 150 тэрбумыг нь зам, дэд бүтцийн засвар луу оруулсан. Гэхдээ энэ нь оны эхэнд шийдэгдээгүй, өнгөрсөн дөрөвдүгээр сард гэнэт шийдээд, зургадугаар сард мөнгөө босгоод, тендер зарласаар яваад, наймдугаар сараас өнөөдрийг хүртэл бродюр солихоос эхлээд ажил нь дуусаагүй, зуун задгай өвөлжих гэж байна. Энэ бол ямар ч төлөвлөлтгүй байгаагийн нэг жишээ.
-Хотын эдийн засаг ямар байх ёстой вэ. Бусад оронтой харьцуулбал Улаанбаатар хотын эдийн засаг ямар түвшинд байна вэ?
-Улаанбаатар хот 1.8 сая хүнтэй. Олон улсын жишгээр дундаж хотын л хэмжээ. Асуудал бол тэгтлээ том биш. Монгол Улс маань өөрөө маш сонин бүтэцтэй. Маш том газар нутагтай, тархан суурьшсан мөртлөө Улаанбаатар хот Хонконг, Сингапурын жижгэсгэсэн хувилбар болчихоод байна. Хүмүүс нь дандаа хөдөө гадаа явдаг. Унаа тэрэгтэй байх шаардлагатай. Энэ нөхцөлийг ерөөсөө ойлгохгүй, дандаа халуун дулаан орны, тухайлбал Сингапурын шийдлийг авчраад, бүгдийг нь нийтийн тээвэр лүү шахаж байна гэдэг нь асуудлыг шийдэхгүй. Мухраар зүтгэж буй, мунхаг шийдвэрийг л харуулж байгаа юм. Энэ хүмүүс судалгаа хийхгүй байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн 20 хувь байнга хөдөө орон нутаг руу явж, ирж, шилжих хөдөлгөөн хийдэг. Амьдарч буй хүмүүсийн талаас илүү нь хөдөө орон нутагт ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь байна. Энэ хүмүүс маань заавал хувийн машинтай байхгүй бол болохгүй. Бид хот улс биш шүү дээ. Улаанбаатар хот маань жижиг боловч Монгол Улс маань том учраас унаатай байх шаардлагатай.
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд машины тоог механикаар хязгаарлах шийдвэр гаргасан нь зөв үү?
-Энэ бол муйхар шийдвэр бөгөөд цаанаа авлигыг л хөгжүүлнэ. Өөр үр дүн гарахгүй. Хүмүүс машинаа тавиад, автобусаар явахгүй. Нйтийн тээврийн асуудлаа шийдэж чадаагүй мөртлөө “Та нар машинаа тавь” гэхээр яах юм бэ. Явган явах зам байхгүй, нийтийн тээвэр нь хүрэлцээгүй. Хүйтэн, даарч байна. Гэр хорооллын зарим замаар нийтийн тээвэр ч явах боломж бололцоо байхгүй байна. Гэтэл тэр хүмүүсийг яаж “машинаасаа буу” гэж хэлэх юм бэ. Боломжгүй байхгүй юу.
-Хотоос иргэдээ “хөөлөө” гээд эдийн засгийн хөгжил авчрахгүй болов уу. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Хотын эдийн засгийн байдлыг тэтгэх, яавал зөв байх вэ гэдгийг бодож байгаа нэг ч хүн байхгүй байна. Хот бол амьд механизм. Дотроо бичил эдийн засгууд явж байдаг. Энийгээ тэтгэх ёстой. Гэтэл одоо гаргаж байгаа шийдвэрүүд нь зөвхөн ойрын харааны, сарын, хоёр сарын харааны л байна. Эдийн засгаа унагаад ч хамаагүй түгжрэлийг шийдэх гэж оролдож, муйхар шийдвэр гаргаж байна. Энэ хэрээр эдийн засгийг боож байна, хоёрдугаарт зардал хэт өсгөж байна. Бид хотоо хөгжүүлэхийн тулд бизнесийг дэмжих ёстой. Гэтэл машины дугаарыг нь хязгаарлана, түгээлтийн машиныг тав хоногийн нэг өдөр явуулахгүй гэдэг. Цаанаа зардалтай, машин парклалтыг дахин 20 хувиар нэмэгдүүлж байгааг тооцоолох ёстой. Бизнесийн орчныг дэмжих, зардлыг бууруулах, бодит амьдралд нийцсэн шийдвэрүүд л гаргах ёстой.
-Гадны орнууд хот төлөвлөлтөө ямар арга замаар хийж, асуудлуудаа шийдвэрлэж байна вэ?
-Бид хотод төвлөрөл их байна, хөдөө орон нутаг эзгүйрлээ гэж айдас төртөл ярьдаг. Хот руу ирээд, утаан дээрээ бүгд төвлөрөөд байна гэдэг. Үгүй. Яг 90 оны дүнг харвал, хөдөө өмнө нь нэг сая хүн амьдарч байсан бол одоо тэндээ амьдарч л байгаа. Тэр тоо өөрчлөгдөөгүй. Харин хүн амын өсөлт нь Улаанбаатар хот руугаа шилжсэн байна. Улаанбаатарт амьдардаг байсан 200гаад мянган хүн гадаад улс руу явчихжээ. Хөдөөнөөс хотоор дамжаад, гадаад явсан хүмүүс бас байна. Хот руу хүмүүс нүүж ирж байгаа нь жам ёсны процесс. Хотжилтын түвшнээ бодвол ерөөсөө 50 хувь гэдэг нь барууны хөгжилтэй орны жишгээс бага. Тэнд хотжилтын түвшин 7080 хувь, зарим улсад 90 хувь, тэнд хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс нь хотынхоо хүн амыг хүнсээр, тариа будаагаар хангаад, амьдраад болоод байгаа юм. Гэтэл Монгол Улс яагаад болохгүй байна вэ гэхээр бидний бүтээмж муу байгаагаас л шалтгаалж байгаа юм.
-Хүмүүс ахуй амьдралаа дээшлүүлэх юмсан гэж хотод ирцгээж байгааг хотын удирдлагууд ойлгохгүй байна уу?
-Хүн бүр л сайн сайхан амьдарч, илүү орлого олох юмсан гэж бодож, тухтай амьдрал хөөж хотод орж ирж байгаа шүү дээ. Тэр процессыг ойлгохгүйгээр, хийх юмаа олж ядаад, хотын түгжрэл нэмэх гэж орж ирсэн юм шиг ярьдгаа болих ёстой. Хот гэдэг өөрөө төвлөрөл. Энд ажлын байр байна. Орлого нь илүү байна. Мөн хүмүүсийн үзэж хардаг үзвэр үйлчилгээ, хүсч буй шинэ зүйлс нь байна. Залуучууд маань хот руу тэмүүлж байна. “Та нар хот руу ирж битгий түгжрэл нэмээд бай, хөдөөнөө сууж бай” гэж хэлж болохгүй. Хүмүүсийн соёл яриад байдаг. Хөдөө кино үзүүлээд соёлжуулчихгүй, хот руу орж ирж байж хотын хүн амын бодит амьдралтай нийцэж, соёл гэдгийг өөрөө мэдэрч сурдаг байхгүй юу. Киноноос харж сурдаг юм биш.
-Засгийн газраас гэнэт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх шийдвэр гаргаж, ерөнхийдөө шилжилт хөдөлгөөн хийгдээд дуусч байна. Түгжрэлийг бууруулах нэрийн дор гаргасан энэ шийдвэр зөв үү?
-Хамгийн тэнэг шийдвэрүүдийн нэг жишээ. Угаасаа улсын нийслэлийнхээ төвд Засгийн газар нь төвлөрч байдаг. Байнга уулзаж, хуралдаж, шийдвэрүүд гарч байдаг. Мөн хүмүүс яам руу асуудлуудаа шийдвэрлүүлэхээр очиж байгаа. Тэр хүмүүс яах юм бэ, Дархан явах юм уу. Ийм шийдвэр хөдөлгөөн хоорондын зорчилтыг улам нэмдэг. Зарим хүмүүс нийслэлийн засаг захиргааны байгууллагуудыг хотоос гаргачихъя гэж ярьдаг. Ингэж шийдэхийг оролдсон хүмүүс байдаг. Төрийн байгууллагуудыг хотын нэг дүүрэг болгож тусад нь гаргаад, эсвэл өөр жижиг хотод төвлөрүүлье гэдэг. Ийм тохиолдолд хот үхмэл хот болдог. Өглөө хүмүүс ажилдаа цуглаад, орой буцаад хот руугаа явдаг. Бүх үзвэр үйлчигээ, найз нөхөд, амьдрал нь тэнд байна. Тэгэхээр түгжрэлийг бууруулах гэж оролдох биш, харин хөдөлгөөнийг нь бүр нэмэгдүүлдэг жишээ ч байна. Ажлаа тараад, жижиг хотоосоо том хот руугаа “нүүх”ээр харин ч хөдөлгөөн нэмэгддэг. Бид бусад орнуудын алдаан дээрээс суралцах хэрэгтэй. Хэн нэг хүн муйхраар шийдээд, судалгаагүй нэг дарга өөрөө бодож байгаад л шийдвэр гаргаад байгаад гол алдаа бий.
-Орон нутгийн иргэд хотыг муухай харагдуулж байна гэсэн ойлголт бий. Тэд маань соёлжиж чадаж байна уу?
-Хотын соёлд хотод удаан амьдарсан хүн л суралцана. Хотод төрж өссөн, хотын дүрэм журам, дэг жаяг ямар байдаг, бусдыг хүндлэх, бусдад төвөг болохгүй амьдарна гэдгийг багаасаа мэдэрч, хэвшил болгосон хүн жинхэнэ хотын соёлтой болно. Улаанбаатарчуудын хоёр дахь үе л хотод төрж өсөж байна. Тийм учраас хотын соёл сайн төлөвшөөгүй байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн тал нь хөдөө төрж өсөөд, 90 оноос хойш хотод ирсэн хүмүүс. Тэгэхээр хотын соёл үе үеэр төлөвшөөд явна. Урт хугацаны процесс.
-Нийслэлийн тогтолцооны, засаглалын реформ утгаараа хэрэгжих боломжтой юу?
-Тэнэг реформ хийгээд яваад байна. Үндсэн хуулиа зөрчиж, нийслэлээ 14 хотод хуваана гээд яриад байгаа нь маш буруу. Засаг захиргааны нэгж хуваагаад, маш их зардал болно. Хүнд суртлын зардал учирна. Түүнийг ярихаа больё гэхэд ард нь ямар ч эдийн засгийн утга байхгүй. 14 жижиг хот бие даан өөрийгөө санхүүжүүлээд, гарах зардлаа хийгээд, хүмүүсийн хаясан хогийг тээвэрлээд, ус, дулаан, цахилгааныг нь шийдээд, замыг нь тавиад, бүх асуудлыг нь шийднэ гэж байхгүй. Хүн ам хамгийн их төвлөрсөн Баянгол, ХанУул дүүргийн зарим орлоготой хорооллууд асуудлаа бие даагаад шийдэж болно. Гэтэл Толгойт, Баянхошуу, Шархад яах юм бэ. Хүн амын хамгийн орлого багатай хэсгээ ялгаварлан гадуурхаж, нийгэмшүүлэхгүй хаях болчихоод байна. Шийдвэрээс нь ийм үр дүн гарах гээд байна. Францын “13 дугаар хороолол” гэж кино байдаг. Ядуусын хорооллыг ялгаад, тэр дунд нь хүмүүсийг гаргахгүй хориод, тэр нь ямар их зэвүүцэл, хорсол, баячуудыг үзэн ядах үзлийг дэвэргэж, нийгмийг хагалж, хуваадаг вэ гэдгийг харуулсан кино.
-20 минутын хот гэсэн концепц яриад байгаа талаар та ямар бодолтой байна вэ?
-Хүмүүсийг дүүрэг дотроо амьдар, 20 минутын дотор үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээ ав аа, тэндээсээ битгий гар аа гэж хэлж байгаа нь нийгмийн ялгаварлал үүсгэнэ. Энэ нь яваандаа нийгэм дотор баян, ядуу, чи хотын захын дүүргийнх, би хотын төвийнх гэдэг хуваагдлыг үүсгэх эрсдэлтэй тул буруу. Ингэж болохгүй. 20 минутын хот гэсэн бүтэлгүй санааг хэрэгжүүлэхийн тулд маш их мөнгө зарах болно. 14 жижиг хуваасан тохиолдолд бүгдэд төрийн, нийгмийн үйлчилгээнүүдийг хүргэх дэд бүтцийг хийнэ. Үүний тулд маш их зардал гарна. Энэ зардлаа бид дийлэх үү? Чадахгүй л байхгүй юу.
Д.ЭРДЭНЭТУЯА
Хэнтий аймагт Талын түмэн адууны баяр болно DNN.mn
Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” фестивалийг 10 дахь жилдэ...
3 цагийн дараа
Энэ сарын 26-нд бүх нийтээрээ амарна DNN.mn
Энэ сарын 26-ны өдөр буюу Мягмар гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, тус өдөр Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм. Мөн арванх...
2 цагийн дараа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зээгтийн даваагаар зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn
Өлгий-Цагааннуур улсын хил чиглэл дэх Зээгтийн даваанд цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагджээ. Энэ даваагаар тээврийн хэ...
2 цагийн дараа
Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ DNN.mn
Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслий...
1 цагийн дараа
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ DNN.mn
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгий...
39 минутын дараа
Сэтгэгдлүүд