мэдээ
Улсаасаа баян компаниудтай байж л бид хөгжинө DNN.mn
ПҮРЭВИЙН ХАШЧУЛУУН
2024 оны 11 сарын 20
49
Улсаасаа баян иргэнтэй байж болно, харин Ерөнхийлөгчтэй байж болохгүй гэж Г.Дашрэнцэн олон жилийн өмнө бичиж байлаа. Ямартаа ч өнөөдөр улсаасаа баян удирдагч урган төлжиж болохгүйг хаа хаанаа ойлгохтойгоо болжээ. Харин “Улсаасаа баян хүн байна” хэмээн ад үзэж, нийгмээрээ зүхэж байгаа нь буруу шүү. Энэ бол хэтийдсэн туйлшрал. Харинчиг улсаасаа баян иргэдтэй, аж ахуйн нэгжүүдтэй болж гэмээнэ Монгол Улс хөгжинө. Энэ бол маш энгийн ойлголт. Өнөөдөр улсаасаа баян байна хэмээн ад үзэгдэж байгаа хүмүүсийн гол дүр нь манай үндэсний компаниуд болох МАК, MCS… гээд томоохон татвар төлөгчид, хэдэн мянган ажлын байр бий болгогчид байх шиг байна. Ер нь бол Монголын хэдэн том компанийн эзэд “Улсаасаа баян иргэд”-ээр нэрлэгдэж байгаа бололтой.
Тэгвэл тэд ямар ч байсан төрөөс төрсөн тэрбумтнууд биш. Яг үнэндээ Нямтайшир, Оджаргал… нарын Монголын хэдэн “том”-уудын хувьд үеийнхэн нь унтаж, амарч байхад хөдөлмөрлөж байсан хүмүүс. Тархи толгойгоо ажиллуулж байсан хүмүүс. Түүнийх нь үр дүнд өнөөдрийн “Цагаан суварга”, “Нарийн сухайт”, Евроцемент… гэсэн томоохон бүтээн байгуулалтууд бий болсон. МАК-ийн Евро цементийн үйлдвэр бол сая тоннын хүчин чадалтай. Өнөөдөр Дорноговийн Даланжаргалангийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа цементийн үйлдвэрийн суурь бааз болох тэрхүү хадтай мөргөцөг бол Монголын хээр талын байдаг л нэг дов толгод. Монголоор дүүрэн байгаа ийм уул, гүвээ бүрийг ашиглавал ихэнх нь эрдэс баялагтай байгаа. Гэхдээ тэр бүгдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах, тэгээд бизнес болгодог нь Нямтайшир шиг, Оджаргал шиг хүмүүсийн хийдэг ажил. Ийм хүмүүс л эх орны эдийн засгийн түүчээ болдог. Бүх тивд, бүх улс оронд шүү. Нэг том үйлдвэрийг ашиглалтад оруулахын тулд ямар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, нерв стресс зарцуулдаг гэж бодож байна. Хийж бүтээж үзээгүй хүмүүс бол мэдэхгүй. Хээр талд хэдэн малаа хариулахаас өөр ид шидгүй хүмүүс бол бүр ч мэдэхгүй. Өвөг дээдсээс минь өвлүүлж ирсэн тэр их баялгийг ухаж төнхлөө, улс орныг сөнөөлөө хэмээн тэмцэцгээх. Ерөөсөө өвөг дээдэс маань нэг их алт мөнгө бэлдээд газрын хөрсөнд булчихсан юм шиг ярьцгаах, ойлгоцгоох. Тийм биш шүү дээ. Тэрийг чинь баялаг болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэл явуулах гэдэг бол хүний нэг насанд ч ахдах шахуу үйл хэрэг байхгүй юу. Үүнийг ядаж улстөрчдийн зарим нь ч болтугай ойлгох хэрэгтэй. Ойлгосон цагт л төр засгийн бодлого зөв хэрэгжинэ. Бид энэ бүгдийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Өөрсдөө юу ч хийж бүтээхгүй, хөдөлмөрлөхгүй байж, хийж бүтээсэн, үр шимийг нь хүртэж яваа хүмүүстээ атаархдаг. Атаархал нь зүхэхийн муухайгаар зүхэж, доромжлохын дээдээр доромжлох хэлбэрээр илэрдэг. Ийм л утга учиргүй болчихсон Монголын нийгэмд утга учиртай амьдрах гээд зүтгэж яваа үндэсний хэдэн компанийнхаа эздийг хайрлах хэрэгтэй. Тэднийг нийгэмд муухай харагдуулах ажлыг эрчимжүүлж буй нь Монголын ирээдүйг гэрэл гэгээгүй болгож байгаа юм.
Бид өөрсдийгөө хөгжсөн улс орнуудтай харьцуулах дуртай. Тэр жишгээр Монголтой хамгийн ойр дотно болох БНСУ-ыг харцгаая. LG, Самсунг, Хьюндай, ДЭҮ гэсэн улсаасаа баян дөрвөн том хөрөнгөтнийхөө хүчинд энэ улс хөгжсөн. Тухайн улсын ерөнхийлөгч Пак бол өглөөний цайгаа зөвхөн энэ дөрвөн том группийн босстой ууж, улс орныхоо хөгжлийн төлөвлөгөө, томоохон бүтээн байгуулалтын зураглалуудаа гарган, улстөрчдөөр батлуулдаг байсан. Хийж гүйцэтгэдэг нь энэ дөрвөн компани, тэдний бий болгосон аж ахуйн нэгжүүд, туслан гүйцэтгэгчид байсан нь Солонгосын хөгжлийн түүх болон өнөөдөр бичигдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрайн гуайн нэгэн гоё тодорхойлолт бий. Тэрээр “Даяарчлал гэдэг бол хөгжсөн орны үндэсний томоохон компаниуд хил хязгааргүй тэлэхийг хэлж байгаа юм. Тухайн групп нь дэлхийн хэчнээн улс оронд салбартай байна, тэр хэрээр өөрийнх нь улс орны хөгжил тодорхойлогддог” гэж. Энэ бол галзуу тодорхойлолт. Японы хөгжлийн хурдасгуур нь Тоёота шүү дээ. Тоёотагаа дагаад л хөгжиж, цэцэглэж яваа. Хятадын мянган жилийн суут 10 хүний дотор Күнзээс эхлээд Мао Зэ Дун хүртэл орно. Тэрхүү суут 10 хүн дотор нь Алибаба компанийг үндэслэгч Жак Ма бий. Нэгийг хэлээд байгаа биз. Элон Маскийн нийт хөрөнгө дэлхийн 70 орчим улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг нийлүүлсэнтэй тэнцэнэ. Энэ дэлхий 200 гаруй улс оронтой. Тэгэхээр харж байгаа биз, улсаасаа баян иргэн бүү хэл, дэлхийгээсээ баян бизнесмэнтэй болчихсон цаг үед бид амьдарч байна.
Дэлхий ийм болчихоод байхад бид хандлагаа, харах өнцгөө өөрчлөх цаг болсон. МАК, МАКС, MCS, АПУ… өөр ямар компаниуд байна, бүгд улсаасаа баян болцгоох хэрэгтэй. Тив дэлхийд гарцгаах хэрэгтэй. Монголчууд муу муу гэхэд улсаа худалдсан түүх байхгүй. Цаг өнгөнд хувьсаж, өөрчлөгдөж явсан нь бий л байх. Гэхдээ түүхэнд улсаа худалдсан хүмүүс гэж нэрлэх дээрээ хүрвэл гацах байлгүй. Тийм болохоор бид тэдэнд итгэх хэрэгтэй.
Өнөөдөр үндэсний хэмжээний томоохон компаниуд гэгдэж байгаа хэдэн том группээ өндөрт өргөе, өөд нь татъя, хир битгий халдаа. Зүгээр л саад бололгүй өөрсдөөр нь явуул. Тэд нэг их удахгүй дэлхийд биш гэхэд тивдээ нэр нь дуулдацгаах болно. Монголын гэсэн брэндийг бий болгох хүсэл мөрөөдөл, эр зоригоор тэд жигүүрлэж яваа. Жишээ нь, МАК бол олон улсад нэлээн өндөр авсан компани шүү. Зах зээлд шилжээд нэг их удаагүй байгаа Монгол Улсын нэг хувийн компани болох МАК-д Европын Сэргээн босголт хөгжлийн банк аль эрт 2011 онд 869 сая ам.долларын зээл өгсөн нь нэр хүндийн асуудал юм. Маш том итгэл юм. Энэ мэтчилэн олон улсад санхүү, бизнесийн сайн түүхтэй хуруу дарам хэдэн компаниа Монгол Улс түшиж, тулж, дэмжиж байж хөгжинө. Хөгжлийн маш энгийн логик бол энэ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг зохион байгуулна DNN.mn
Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч ...
8 цагийн дараа
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой DNN.mn
Оноо дүйцүүлэх хүсэлтийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авна Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, ча...
7 цагийн дараа
НӨАТ: Нэг супер азтан шалгарлаа DNN.mn
НӨАТ-ын И-баримт сугалааны азтанууд тодорлоо. 2024 оны 10-р сарын 01-ээс 10-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтуу...
7 цагийн дараа
Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах технологийн шийдэл боловсруулах ажлын хэсэг хуралдав DNN.mn
Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг хиймэл оюун ухаан ашиглан арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх ажлын хэсэ...
6 цагийн дараа
Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ DNN.mn
Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд
dark capital
хэт туйлшрал….