Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 27

Валютын ханш

value

xурдан-морь

Г.Баттулга: Монголд мэргэжлийн морь унаач буюу Jockey бэлдэх хэрэгтэй гэж боддог DNN.mn

trend

ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА

img

2024 оны 11 сарын 27

img

24

news-img

Одоогоос 10 гаруй жилийн өмнө АНУ-ын баруун Виржиниа дахь “Чарльз таун” цогцолборын морин тойруулгын уралдаанд монгол уяачийн уясан Сансар-Уул нэртэй морь түрүүлсэн талаар шуугиж байв. Дараа жилүүдэд нь дараалан “Цэнгэлийн Манлай”, “Сутайн салхи” нэртэй морьдыг өнөөх монгол уяач уяж түрүүлгэснээс хойш монголчуудын олон морьд тэнд торгон жолоогоо өргүүлж байна. Өнгөрсөн сард л гэхэд Бридж констракшны ТУЗ-ын дарга Ч.Дорждэрэмийн хүрэн халзан соёолон дээрх уралдаанд түрүүлжээ. Эдгээр хурдан хүлгүүдийн уяа сойлгыг тааруулдаг уяач Гүрийн Баттулгатай ярилцлаа.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Америкт хэзээ очсон бэ. Одоо наанаа суурин амьдарч бна уу?

-Намайг Гүрийн Баттулга гэдэг. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат. Аравдугаар ангиа Төв аймагтаа төгсөж , УБИС-д орж 4 жил сурч төгсөөд 2001 онд Америкт ирсэн, одоо хүртэл амьдарч байна. Анх ирээд олон янзын ажил хийсэн тогооч, тогоочийн туслах, жолооч ,жолоочийн туслах барилга, мужааны туслах гээд. Сүүлийн жилүүдэд морин уралдааны тойруулга дээр ажилаж байна. Багадаа хөдөөний хүүхдүүдийн адил аав ээждээ туслаж малчин айлын хүүхэдүүд ямар байдаг, тэр жишгээр л өссөн дөө.

-Аав тань морь уядаг байсан уу?

-Манай аавыг Гүр гэдэг. Адуунд сайн, эмнэг моринд эрэмгий, ямар ч эмнэг мориноос айлгүй булгиулдаг, морь сайхан уургалдаг, их даруухан, дуу цөөтэй хүн байсан. Сумын зургаан удаагийн аварга. Монголд бужигар адуу гэж сонин адууг үеэл ах Чүлтэмийн хамт дайны үеэр оруулж ирж бий болгосон түүхтэй. Одоо ч бужигар адуудаас нь байгаа. Дээхнэ үед ороо адуу гэж байсан. Хүний бараанаар ороолж дайждаг. Хүмүүс холоос барааг нь харахаас барина, ойртоно гэж байдаггүй. Харин манай аав болон Чойдорын Пүрэвдорж гээд цөөхөн хэдэн хүн л уургалж барьдаг байсан гэсэн.

-Америкт очоод морин тойруулгатай яаж холбогдсон юм…

-2006 онд энэ “Charles Town” морин тойруулгын Уяач Жэймс Кэсэй гээд уяачийн ферм дээр ажилд орж, эмнэг даагануудыг нь сургалцан, хавар гүү унагалахад нь тусалж эхэлсэн. Эмчийн туслахаар нь ч ажиллаж байсан. Дараа нь морин тойруулга дээр очиж уяачийн туслахаар ажиллахдаа морьдыг өглөө унахаас эхлээд уралдааны төрлийн бүхий л ажлыг хийсэн. Энэ бүгдийг би ганцаараа хийдэггүй, олон хүмүүсийн хамтын ажил. Нэг морь сургана гэхэд 2-3 хүн элбэж хамтарна. Нэг морь уялаа гэхэд нэг унаач унана, дараа нь нэг хүн алхуулна, өөр нэг хүн өрөөг нь цэвэрлэнэ гээд хүн бүр тус тусынхаа ажлыг хийнэ. Гурван том фермтэй, жилд 40 гаруй гүү унагалдаг.

-Монголд морь уях, Америкт морь уяхын ялгаа юу вэ?

-Монгол, Америкийн морь уях ялгаа их ээ. Америкт морь уях, уралдуулах нь бизнес спортын чиглэлээр маш нарийн хөгжсөн. Уралдааны морийг 18 наснаас дээш мэргэжлийн унаач нар унана. Адууг хоёр наснаас нь эхэлж уралдуулна. Яагаад гэхээр бага адуу хүүхэд хоёрын яс нь бэхжиж дуусаагүй байдаг. Шинэ морийг 3-6 сарын хугацаатай уяна. Морь болгоны биеийн онцлогт уяагаа тааруулна. Эхний 1-2 сард зөөлхөн ергүүлж давхиулж сургана. Дараа нь бяр хүч, хурд амьсгааг нь тааруулна гэх мэтээр ажиллана. 2000 оны эхээр Монголын зарим нэгэн уяач энд ирээд явсан. Энд морь яаж уяхыг харсан байх. Одоо Монголд зарим уяач эндхийн уяагаар морьдоо уяж байх шиг байна лээ. Зөөлхөн ергүүлж, цогиулдаг. Эрлийз адууг тэгж л хүч бярыг нь тааруулж давхилын төгсгөлд аажим аажмаар хөдөлгөж тарлаж уядаг.

-Монголдоо ирж байгаа юу?

-Жилдээ нэг Монголдоо очдог. Өнгөрсөн жил нутгийн 100 жилийн ойгоор их морь түрүүлж, азарга 4-т, соёолон 3-т орж сайхан наадсан. Галын хүрэн, Даваанэрэнгийн халзан гээд манай сумаас улсын наадамд олон түрүүлсэн хүлгүүдийн хөшөөнд наадмын өглөө хүндэтгэл үзүүлэх ёслол болсон юм. Би энд сургаж уралдуулж, олон түрүүлгэсэн мориныхоо хоёр тахыг нь өвөртлөөд очиж хөшөөн дээр нь хадагтай тавина даа гэж явтал ээжийн минь их дотны дүү, улсын наадамд хүрэн морио унаж түрүүлж байсан Нэргүй эгч маань тэнд таягаа тулаад явж байхыг хараад сэтгэл хөдөлж, ээжийгээ их санаж жаахан уйлж, холоос харж байгаад явсан. Нутгийн хоёр морины хөшөөн дээр ч очиж чадаагүй. Түрүүлсэн морьдынхоо тахыг багадаа өссөн уулсынхаа тахилга дээр тавчихаад яваад өгсөн. Энд америкууд түрүүлсэн морины тахыг их нандигнаж хадгалдаг нь бэлгэ дэмбэрэл, ёс заншил юм.

-Ер нь Монголоос Америк хүртэл явахдаа хамгийн гоё адууг хаана харсан вэ?

-Монголдоо харсан. Манай Баянжаргалан сум сайхан адуутай. Намайг хүүхэд байхад манай сумын Пүрэвсүрэн,Цэвэгсүрэн гээд сайхан гоё адуутай, адуугаа азарга азаргаар нь, зүс зүсээр нь өсгөдөг айлууд байсан, одоо ч байна. Д.Чимэд-Очир, Г.Шагдар, Дагвадорж гээд сайхан адуутай айл зөндөө байгаа. Энэ нутгийнхаа адууг л гоё адуу гэж хэлнэ дээ. Манай сумын домогт халзан азарганы эзэн, их уяач Даваанэрэн болон Гал гуайн ач зээ нар адуу малаа сайхан өсгөж нутаг орондоо аварга, мянгат малчин болж өвгөдийнхөө голомтыг залган нэр төртэйгөөр амьдарч байна. Даваанэрэн гуайн зээ хүүгийн азарга, Гал гуайн дөрөв дэх үеийг залгамжилж яваа Саранхүү ахын хязаалан сумынхаа 100 жилд хол тасархай түрүүлж байна лээ. Энэ бүгд л миний хамгийн сайхан бахархал даа. Энд морьдоо түрүүлэхээр хамгийн түрүүн аав ээжийгээ, нутгаа л их санадаг даа.

-Монгол уяачдаас Америкт хамгийн анх морь түрүүлгэсэн хүн нь Та. Ер нь гаргасан амжилтуудаасаа дурдаач…

-“Ан олзвор” компанийн захирал, анхны Их хурд уралдаанд азарга нь түрүүлж байсан У.Буяндэлгэр гээд ахын Сансар-Уул нэртэй морийг 2011 онд түрүүлгэсэн. 2012 онд Булган аймгийн Могд сумын харьяат Ц.Цэнгэлийн “Цэнгэлийн Манлай” хүлгийг, 2013 онд Ховд аймгийн Дарви сумын нутгийн зөвлөлийн дарга Баатарын “Сутайн салхи”, бас Ц.Цэнгэл ахын нэлээд хэдэн америк нэртэй морьдыг түрүүлгэсэн дээ. Миний өдий зэрэгтэй яваа маань Буяндэлгэр ахын минь их буян юм аа. Буяндэлгэр гээд том компанийн захирал, уяачдын холбооны тэргүүн, танихгүй шахуу хүн “Би аавын тань талаар сонссон. Гүр гээд их тохитой, дуу цөөтэй, адуунд сайн хүн байсан гэж дуулсан. Чи Америк явж үз” гээд надаас нэг ч доллар авалгүй анх Америкийн визанд оруулж өгч байсан юм. Дараа нь намайг энд морин тойруулгад ажилд орсны дараа “Одоо энэ фермийн эзэн, манай дарга Жэймс Касэйтэй өөрөө ярьж, эмнэг үрээ авч түрүүлгэж байсан түүхтэй. Манай Буяндэлгэр ах хүн чанар сайтай, өндөр боловсролтой хүн дээ.

-Та нэг яриандаа “Америкт ирээд морь уяхыг сурлаа. Хүн чанартай амьдрахыг сурлаа” гэж байсан санагдана. Яагаад ингэж хэлэх болов?

-“Би морь уяж сурсан” гэж онгирохгүй ээ. Гэхдээ надад морины уяач (Horse Trainer) гэсэн эрх нь байгаа л даа. Миний сургасан, уялцсан адуунаас зөвхөн нэг морь л гэхэд 47 удаа уралдахад 37-д нь түрүүлсэн байдаг юм. Тэр бүгдийг тоочоод байвал бусдын адуугаар онгирсон болох байх. Манай Монголын уяач нар байгалиас заяасан авьяас чадвартай, морийг үнэхээр сайн уядаг. Монгол уяач нараа хүндэлж, бахархаж явдаг. Америкт болон бусад хөгжилтэй оронд морин уралдаан мэргэжлийн өндөр түвшинд хүрч хөгжсөн байдаг. Жишээ нь, 18 наснаас дээш, олон жил морь унасан гарамгай сайн тусгай унаач л морь унах эрхээ авч, уралдаанд оролцдог. Насанд хүрээгүй хүүхдийг морь унуулах байтугай морьд байгаа хашаагаар нь ч оруулахгүй.

Би энд ирээд хүн чанар гэдгийг фермийн эзэн, уяач Жэймс Касэйгээс харсан даа. Хаана л ядарсан хүн байна тусалж, өнчин хүүхдүүдийн асрамжийн газар, эзэнгүй хаягдсан нохой, муурны газарт мөнгө харамгүй хандивладаг. Ажилчдадаа цалингаас гадна морь түрүүлэх болгонд тусгай хувь өгнө. Өөр дээрээ жишээлэхэд, бөөрний чулуу авахуулах хагалгаанд орж тухайн үед нэлээд өндөр төлбөр гарахад бүгдийг нь төлөөд зогсохгүй, гэртээ байх сар гаруйн хугацаанд цалинг маань бүрэн олгож байсан. “Гүр Тулгааг заавал буцаж ажилдаа ор гээрэй” гээд менежерээр хэлүүлж байж билээ. Хүний нутагт өвдөж байхад үүнээс илүү тус гэж хаа байх вэ. Ер нь өндөр боловсролтой хүн их мөнгөтөй байх нь нар сар шиг л бусдыгаа гэрэлтүүлж, тэтгэж байдаг юм билээ. Олон ч морийг нь сургаж, олон ч морийг нь түрүүлгэсэн дээ. Энэ даргаасаа хүн чанарын сайхан талыг авч үлдэх юмсан гэж хичээх юм. Би өндөр настай америк уяач өвгөчүүлийн адууг нь үнэ өртөг гэлгүй сургаж өгдөг. Боломж гарвал хүнд тусалж явах нь их буян гэж боддог.

-Америкт өөрөөс тань өөр морь уядаг монгол хүмүүс байна уу?

-Миний мэдэх Э.Ганбат гээд ах баруун эрэгт байдаг. Морьдондоо дандаа Монголынхоо сайхан нэрийг өгдөг. Дэлхийн аваргын хэмжээний том уралдаанд морьдоо түрүүлгэж байсан хүн. Баруун, зүүн эрэг хоорондоо хол болохоор хааяа нэг манай энд ирж уралддаг.

-Улсын наадмаар монгол болон эрлийз морьдын талаарх маргаан их гардгийг та сонсдог байх. Одоо бараг монгол морь уралдахаа больсон ч гэдэг. Энэ талаарх таны бодол…

-Тийм ээ, наадмаар харсан. Монгол наадмаараа зөвхөн монгол морьдоо уралдуулаад, бусад үед морин уралдааныг гадны хөгжилтэй орнууд шиг мэргэжлийн дагуу хөгжүүлж, гаднаас ирж байгаа азарганы төлүүдийн морин тойруулга дээр уралдуулах хэрэгтэй. Наранбат, Анар, Цолмон нарын залуус нийлээд Монголд олон улсын стандартын дагуу морин тойруулга барьсан байна лээ. Хөгжлийн төлөө явж байгаа залуусаа дэмжиж, тэр тойруулга дээр уяач нар цэвэр цусны адуугаа хурдны болон өндрийн хэмжээгээр нь уралдуулах нь зүйтэй. Тэр тойруулга дээрээ уяж бэлдэж байгаад гадагшаа Япон, Солонгос, бүр цаашлаад Австрали, Америкт гарч уралдсан ч болохгүй зүйлгүй. Манай уяачдын холбоо жилд биш сар тутамд хуралдаж оновчтой шинэ дүрэм хууль гаргах хэрэгтэй. Энэ олон цэвэр цусны азаргыг ягштал бичиг баримттай нь хэдэн үеэр нь үргэлжлүүлж үржүүлж өсгөх ёстой. Энэ том адууг хүүхдээр унуулаад байх нь зохимжтой юу гэдгээ ч бодолцох ёстой. Цаашдаа монголд мэргэжлийн морь унаач буюу Jockey бэлдэх хэрэгтэй гэж боддог.

-Америкт морь уяж байгаа морины эзэд уяачдын зан үйл ямар байх уу?

-Хоорондоо их эвтэй, бүх зүйл Уяачдын холбооны дүрмийн дагуу явагдана. Ямар нэгэн буруу зөрүү хүн, морь уралдааны маргаан гарахгүй болохоор хүмүүс нь их тайван амар байдаг. Манай монголчууд ч уяачид нь адуудаа 25-35-50-75 гэж хэлж ангилаад байхад Уяачдын холбоо нь энэ бүгдийг зохицуулж шинэ хууль дүрэм гаргах, адууг яг үүлдэр угшлаар нь үржүүлж, монгол адуугаараа наадмаар наадаж цэвэр азарганы цустай адууг нь Тойруулга дээр уралдуулбал ямар нэгэн маргаан гарахгүй, уяачид нь хоорондоо их эвсээд цаашаа хөгжихөд их дөхөмтөй байна байх.

-Америкт амьдраад олон жил болжээ. Төрсөн нутгаа санадаг уу ?

-Төрсөн нутгаа саналгүй яахав. Дэлгэр-Овоо гээд уулын дэргэд бага насаа өнгөрөөсөн. Багад шөнө бороо ороод түнэр харанхуй дунд цахилгаан гялбахад тэр уул минь их тод харагддагсан. Одоо ч гэсэн энд бороо орж тэнгэр дуугарахаар уулаа их санадаг даа. Дэлгэр овоо уулын энгэрт яруу найрагч П.Бадар, доктор професер улсын начин Балдорж гуай гээд ухаант буурлууд төрж өссөн сайхан энеригтэй уул бий.

-Анх Америкт очиход хамгийн хэцүү зүйл юу байсан вэ ?

-Монголоос ирэхдээ Америкийн тухай ямар ч мэдлэг байхгүй, зурагтаар үзсэн киногоороо л төсөөлөн мөрөөдөж байсан. Бас болоогүй ээ, явахдаа Багшийн дээд төгсөхдөө өмсөж байсан костюмаа чемодандаа хийгээд явсан байдаг юм. Хамгийн анх тогоочийн туслахаар ажилд ороод хиншүүн дунд олон цаг зогсож ууц нуруу хөшиж, юун зурагтаар харсан төсөөлөл, юун костюм пиджак л байлаа. Тэгээд жилийн дараагаас л Америкийн амьдралд жигдэрч дассан даа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусламж үйлчилгээ авчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зөвх...

img

8 цагийн дараа

Ирэх сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөвтэй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх арванхоёрдугаар сарын ерөнхий төлөвөөр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх...

img

7 цагийн дараа

Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац...

img

7 цагийн дараа

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ DNN.mn

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газр...

img

7 цагийн дараа

ЗГ: Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Монгол Улсын За...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд