Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

П.Пүрэвдорж: Манай улсын хууль эрх зүйн орчин машины хулгайг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг бүрдүүлдэггүй DNN.mn

trend

Админ

img

2024 оны 11 сарын 27

img

29

news-img

Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс нь Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах,илрүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг билээ. Тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Пүрэвдоржтой тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргийн талаар ярилцлаа.


-Манай улсын хэмжээнд нийт хэдэн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ. Жилд дунджаар хэд орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг вэ?

-Монгол Улсын хэмжээнд 1.7 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 1.3 сая орчим нь идэвхтэй буюу үзлэг оношилгоонд орсон байдаг. Үүнээс нийслэлд 804.000, орон нутагт 532.000 орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Манай улсад жилд дунджаар 70-80 мянган тээврийн хэрэгсэл орж ирдэг ч эхний 10 сарын байдлаар 182 мянган тээврийн хэрэгсэл импортолсон нь өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Үүнийг дагаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн.

-Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хулгайн нөхцөл байдал ямар байна вэ?

-2024 оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад авто тээврийн хулгайн нийт 863 дуудлага бүртгэгдсэн. Энэ нь нийт хулгайн гэмт хэргийн 14.6 хувийг эзэлж байна. Сард авто тээврийн хулгайн 78 дуудлага дунджаар бүртгэгдэж байна. Тээврийн хэрэгслийн хулгайн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт ч өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Алдагдсан тээврийн хэрэгслийн дийлэнх нь мотоцикл байдаг. Улаанбаатар хотод спорт кросс мотоцикл, хөдөө орон нутагт “Мустанг”, “Ямаха” гэх мэт БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл ихээр алдагдаж байна. Зарим мотоцикл улсын бүртгэлгүй, улсын дугааргүй учраас эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг.

-“Миний машин алга болчихлоо” гээд гомдол, мэдээлэл гаргасан ч гэр бүлийн гишүүд нь мэдэгдэхгүйгээр машиныг нь авч явсан болох нь тогтоогдсон гэх мэт явдал их гарах уу?

-Энэ онд бүртгэгдсэн нийт дуудлага мэдээллийн 25 хувь нь хулгайн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан. Дуудлага мэдээлэл буцаагддаг гурван үндсэн шалтгаан бий. Эхний шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ (бусдаар жолоо бариулж) тээврийн хэрэгслээ зогсоол андуурч тавиад, маргааш нь сэрээд машинаа алдчихлаа гэж дуудлага өгдөг. Дараагийн шалтгаан нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тээврийн хэрэгслээ тавьсан бол тээврийн хэрэгслийн эзэмшигч нь банк бус санхүүгийн байгууллага болдог. Хэрэв иргэн зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн байгууллагаас тээврийн хэрэгслийг шууд аваад явах тохиолдол байдаг. Гурав дахь шалтгаан нь “Эхнэр, найз, ах, дүү маань авч явсныг нь би мэдсэнгүй,зогсоолоо андуураад тавьчихсан байж” зэрэг зүйлийг хэлж дуудлага мэдээллээ буцаадаг. Энэ тохиолдолд хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн гэж үзээд, иргэнийг 50 мянган төгрөгөөр торгодог хуулийн зохицуулалттай.

Үлдсэн 647 хэрэг буюу 75 хувьд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 374 хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол 253 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Хулгайч нар нь зохион байгуулалтад орсон бүлэг этгээд байдаг уу. Нэг үе насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн үйлддэг байсан шүү дээ. Байнга автомашин хулгайлж амьдралаа залгуулдаг хэдэн хүн байдаг бол?

-Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд машин жолоодож үзэх гэсэн хобби, сонирхлоо дарах, зугаацах, нэг газраас нөгөө газарт хүрэхэд ашиглах зорилгоор үйлддэг. Мөн эцэг эхийн хараа хяналт маш сул, тэнэмэл байдлаар амьдардаг хүүхдүүд хоног төөрүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэл хулгайлдаг. Энэ хүүхдүүдийн дунд асрамжийн газар өссөн хүүхэд нэлээдгүй байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс хэрэгт холбогдсон хүүхдүүдийг олж, түр хамгаалах байранд саатуулдаг. Хэрэв хүүхдүүдэд “Хүний машиныг хулгайлаад, унаад яваад байж болдог юм байна” гэсэн бодол төрвөл ченжүүдэд машиныг задалж зарах, цаашилбал өөр гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж болзошгүй.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, холбогдох шалгалт хийж, прокурорын байгууллагад яллагдагчаар татах саналтай шилжүүлдэг. Гэвч манай улсын хууль эрх зүйн орчин энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох бууруулах нөхцөл байдлыг бүрдүүлдэггүй гэж дүгнэж болохоор байдаг. Эрүүгийн цагдаагийн албанаас энэ төрлийн гэмт хэргийг удаа дараалан үйлдсэн 43 орчим этгээдүүдэд тогтмол хяналт тавьж байна. Энэ хүмүүсийн дотор хорих ангид ял эдэлж байгаа хүн ч бий. Тэд зөвхөн машин хулгайлсан хэргээр биш, өөр төрлийн гэмт хэрэг давхар үйлдсэн учраас хорих болон бусад төрлийн ялаар шийтгүүлж байсан.

-Автомашины хулгай идэвхждэг үе гэж бий юу. Автомашинаа халаах зорилгоор машинаа онгорхой үлдээх үед хулгайд алдсан тохиолдол байдаг шүү дээ?

-Хүйтний улиралд иргэд тээврийн хэрэгслээ халаах зорилгоор түлхүүртэй нь асаалттай үлдээдэг. Энэ онд 83 иргэн тээврийн хэрэгслээ асаалттай үлдээсний улмаас алдсан. Мөн баяр наадмын өдрүүдэд иргэд дэлгүүр, худалдааны төв рүү орохдоо машинаа онгорхой орхиод зам дээр үлдээдэг. Машиныхаа цонхыг онгорхой орхиод түлхүүрээ дотор нь үлдээдэг. Мөн машинаа унтраасан ч нөөц түлхүүрээ дотор нь үлдээдэг байдал нь энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан болдог.

-Тухайн автомашины хаалгыг яаж онгойлгодог юм бол. Тээврийн хэрэгслийн удирдлагын системд нөлөөлөхийн тулд гар утаснуудын доторх жижиг төхөөрөмжүүдийг ашигладаг гэсэн. Мөн автомашин зардаг ченжүүд түлхүүрийг нь хувилж аваад хулгайч нарт өгдөг гэж сонссон. Энэ үнэн үү. Хулгайлсан машинаа зарж борлуулж байна уу, эсвэл эд ангийг нь ашигладаг уу?

-Олон жил ашигласан түлхүүр үзүүр лүүгээ нарийсаад, шүднүүд нь элэгдчихдэг. Элэгдсэн түлхүүрийн оронд хуучин элэгдэлд орсон бүх төрлийн түлхүүр оруулаад хөшихөд л хаалга нь онгойчихдог. 2005 оноос өмнө үйлдвэрлэсэн бүх тээврийн хэрэгсэл түлхүүрээр онгойдог, асаалтын систем буюу кундактортай байдаг учраас түлхүүр тааруулах аргаар машиныг онгойлгож, асааж байна. Үүнд, “Honda Fit”, “Toy­ota prius-10, 11”, “Chaser, mark 2”, “Harier”, “Hyundai Sonata”, “Hyundai Elentra”, “Avanti”, “Toy­ata Aqua” зэрэг автомашинууд багтдаг.

Мөн “Toyota Prius-20, 30, 41” маркийн автомашин алдагддаг тохиолдол бий. Гэхдээ смарт түлхүүртэй учраас түлхүүр тааруулж хулгайлдаггүй. Хашаа байшинд амьдардаг иргэд машинаа хашаандаа оруулаад л цоожлохгүй орхичихдог. Эсвэл нөөц түлхүүрээ машин дотроо орхих, түлхүүрээ зоолттой орхих зэрэг шалтгаанаар смарт түлхүүртэй, сүүлийн үеийн автомашинууд хулгайд алдагдаж байна. Энэ онд смарт түлхүүртэй тээврийн хэрэгсэл болох “Toyota prius-30” маркийн автомашинд түлхүүр тааруулан хулгайлсан гэх нэг гомдол мэдээлэл бүртгэгдсэн боловч иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан болох нь тогтоогдсон. Мөн хулгайлсан машинаа задалж зарсан нэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлэн хийж буй олон тээврийн хэрэгсэл байгаа.

Автомашин зардаг ченжүүд түлхүүр хувилж, хулгайч нарт өгөх замаар тээврийн хэрэгсэл хулгайлан зарж борлуулсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаад машиныг онгойлгож, хулгай хийж байгаа тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдээгүй.

-Машиныг хулгайд алдахаас сэргийлэх ямар ямар арга зам байна вэ?

-Иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэлдээ дохиолол, байршил тогтоогч, тээврийн хэрэгслийн 24 цагийн хяналтын камер зэргийг байршуулан гар утастайгаа холбон гэмт халдлагаас хамгаалах аргыг ашиглаж байна. Эдгээр нь өртөг өндөртэй ч таны тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахад чухал нөлөөтэй гэдгийг хэлмээр байна.

-Хулгайч нар ямар эрүүгийн хариуцлага хүлээдэг вэ. Ял шийтгэл нь хэр хатуу вэ?

-Тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдэд хоёр төрлийн эрүүгийн хариуцлагын аль нэгийг нь хүлээлгэдэг. Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн уг хуулийн 17.7 дугаар зүйлд зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол 450.000-1.350.000 хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдэг.

Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд удаа дараа гэсэн утга санаа байхгүй учраас нэг мотоцикл хулгайлсан ч, 10 автомашин хулгайлсан ч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу ял шийтгэл онооно. Гэмт этгээдүүд нь дүүрэг, орон нутаг дамжсан маршрутаар хулгай хийдэг ч баригдахдаа хийсэн үйлдлээ завших, амьдралын эх үүсвэр болгох зорилгогүй гэж хэлдэг. Гэвч санаа зорилго нь хэлж ярьж байгаагаас нь огт өөр буюу завших, амьдралын эх үүсвэр болгох явдал байдаг. Энэ тохиолдолд гэмт этгээд

Эрүүгийн хуулийн 17.7 дахь зүйлээр шийтгүүлдэг буюу хорих ял эдэлдэггүй. Энэ нь гэмт этгээдүүдэд ял завших боломжийг олгож байна уу гэж харж байна.

Завших зорилгогүйгээр бусдын тээврийн хэрэгслийг аваад явсан байлаа гэж бодъё. Гэвч эзэн нь машиндаа хийчихсэн байсан 80-100 мянган төгрөгийн бензинийг нь дуусгаад орхисон бол эзэн нь 80-100 мянган төгрөгөөр хохирчихоод байна шүү дээ. Гэвч гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа машин дотроос ямар нэгэн зүйл алдсан эсэхийг буюу хохирлын хэмжээг харгалзаж үздэггүй. Насанд хүрсэн хүн хийсэн үйлдлийнхээ төлөө ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээгээд өнгөрдөг. Харин Эрүүгийн хуулиар насанд хүрээгүй иргэн эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх зохицуулалттай. Хулгайч нар Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлээр шийтгэгдэхийг л хүсдэг, учир нь хорих ялгүй байдлыг нь ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн цоорхойг ашиглаж байна гэж ойлгож болохоор.

-Одоо хүйтэн сэрүүний улирал эхэлж байна. Та иргэдэд хандан тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө өгнө үү?

-Иргэддээ хандаж хэлэхэд, тээврийн хэрэгсэл хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл өгөхөөсөө өмнө та тээврийн хэрэгслээ Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгүүлсэн бол зээлийн төлөлтөө хийсэн эсэхээ лавлаж асуугаарай. Түр зогсохыг хориглосон газар байршуулсан байтал ачигч тээврийн хэрэгсэл авч явсан эсэхийг “Ачигч авто машины нэгдсэн холбоо”-ны 75551000 дугаарын утаснаас лавлах шаардлагатай. Мөн ойр дотно, гэр бүлийн гишүүд тань жолоодож явсан эсэх, хэн нэгэн хүнтэй ямар нэгэн эд хөрөнгийн маргаантай эсэхээ эргэцүүлэн бодсоны дараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхийг зөвлөж байна.

Үүнээс гадна тээврийн хэрэгслийг халаахдаа, энд тэнд орохдоо онгорхой асаалттай орхихгүй байх, хашаандаа байршуулахдаа нөөц түлхүүрээ үлдээхгүй байх зэргийг хатуу санаж явах хэрэгтэй. Боломжтой тохиолдолд тээврийн хэрэгслийг харуул хамгаалалт бүхий хяналтын камертай газар байрлуулах, хуучин онтой тээврийн хэрэгслийн хуучирч муудсан асаалтын системийг солихыг зөвлөж байна. Нэмж хэлэхэд, энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, хамтран ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжийн нууцыг чанд хадгалах болно.

Ө.АНХЗАЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөвтэй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх арванхоёрдугаар сарын ерөнхий төлөвөөр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх...

img

8 цагийн дараа

Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац...

img

7 цагийн дараа

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ DNN.mn

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газр...

img

7 цагийн дараа

ЗГ: Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Монгол Улсын За...

img

7 цагийн дараа

Ирэх сарын 23-наас 1-2 дугаар ангийнхны нэгдүгээр улирлын амралт эхэлнэ DNN.mn

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа. Энэ хичээлийн жил гурван улиралд хуваагдаж байгаа бөгөөд эхний улирлын амралт д...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд