Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

З.Боргилмаа: Х.Нямбаатар сэтгүүлчдээс уучлалт гуйхгүй бол хотын үйл ажиллагааг хэвлэлүүд мэдээлэхгүй DNN.mn

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2024 оны 12 сарын 24

img

79

news-img

МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа.


-МСНЭ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сэтгүүлчдээс уучлалт гуйхыг шаардлаа. Ер нь өндөр албан тушаалтнууд сэтгүүлчдийг асуулт асуухаар элдвээр загнах хандлага бий болжээ. Тэд иргэдэд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна уу. Эсвэл өөрсдөө асуудлаа мэдэхгүй болохоороо ингэж бултаж байна уу?

-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, тэр албан тушаалаасаа Засаг даргаар томилогдсон, нэг үгээр бол сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацааг дамнуулан эрх мэдэл эзэмшиж байгаа хүн. Энэ фактыг яагаад хэлэх ёстой вэ гэвэл Х.Нямбаатар хувь хүн талаасаа ааш зан нь албан тушаалдаа “дасан зохицож” дарга байдлаар бүх зүйлд ханддаг хэнээтэй болж байгаа нь сэтгүүлчдэд үзүүлж буй хандлагаар илрэх болсон байна. Хууль хүчний байгууллагыг удирдахад “чи бос, илтгэ”, “чи суу, дуугүй” гэж захирч болдог байх. Сайд ч юм уу, генерал ч юм уу “илтгэ” гээгүй л бол цэрэг, цагдаагийнхан дуугүй суудаг байх ёстой гэж бодож байна.

Харин хэвлэл мэдээлэлтэй ингэж хандаж болдоггүй юм. Яагаад гэвэл сэтгүүлчийн нэг микрофон, нэг камерын ард гурван сая иргэний үзэл бодол, дуу хоолой, мэдээллийн эрх чөлөө, Х.Нямбаатар шиг даргыг томилж, төсвийг нь бүрдүүлж байгаа татвар төлөгчдийн хяналт тавих эрх ашиг байгааг мартаж болохгүй. Энэ бол ардчиллын нэг хэм хэмжээ юм.

Х.Нямбаатар зөвхөн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хөндөж буй биш. Яагаад гэвэл тэр нийтийн албан тушаалтныхаа хувьд дахиад маш бүдүүлэг алдаа хийсэн. Иргэд, татвар төлөгчид утааны эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого, зардлын талаар асуух ёстой. Мэдэх эрхтэй. Дарга гэдгийг нийтийн эрх ашгийн төлөө тэдний өгсөн мөнгөөр ажиллаж байгаа хүн гэдгийг ойлгуулах гэж бид 30 жил зарцуулсан. Дарга бол удирдагч юм, уурлахаараа дарангуйлагч юм гэдэг үзэл суртлыг өөрчлөх гэж, хэвлэл мэдээлэл даргыг дагаж сурвалжилдаг лайв биш юм гэдгийг хараат бус чөлөөт хэвлэл 30 жил хангалттай л харуулж байгаа.

Монгол Улс Үндсэн хуульдаа хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулснаас гадна засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх ардчиллын энэхүү суурь зарчмыг ханган ажиллах институциудийг Үндсэн хууль болон бусад хуулиар бий болгосны нэг нь ардчилсан, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл юм. Гэтэл Х.Нямбаатар удаа дараа сэтгүүлчдийн асуултад цензур тавьж, “асуулт таалагдахгүй байна, дуугүй бай” гэдэг хариултыг өгдөг боллоо. Энэ бол агуулгын хяналт. Аливаа эрх мэдэл хэвлэн нийтлэх агуулгыг хүссэнээрээ шийддэг болох нь үзэл суртал.

-Хэрэв хотын дарга МСНЭ-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Өмнөх тохиолдлуудад МСНЭ мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан. Одоо ямарваа байдлаар хариулт өгөхгүй бол хотын үйл ажиллагааг хэвлэлүүд дамжуулахгүй, мэдээлэхгүй.

Гэхдээ энэ тохиолдол хэр үр дүнтэйг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглосон байдаг ч нийслэлээс эхлээд бүх л яам, агентлагууд дэргэдээ асар том медиа үйлдвэрлэлтэй, технологийн дэвшил бүхий дэд бүтэц ашигладаг болчихсон. Бүхэлдээ хараат бус чөлөөт хэвлэл гэдэг институци эрх мэдлийн хяналтын үүрэг, хоточ нохойн үүргээ гүйцэтгэх нь улам амаргүй болж байгаа. Х.Нямбаатар шиг дарга нар хүссэн үедээ дуу хорьдог, хүссэн үедээ “зэрэгц дундаа, жагсаалын дуу гаргаад!” гэж командалдаг болох нь. Гэхдээ үүнийгээ зүй ёсны гэж боддог болж байгаа нь л айдас юм.

-Сэтгүүлчдийг шантаажчин, мэдлэггүй гэх зэргээр цоллож нийгэмд муухай харагдуулах явдал хэрээс хэтэрлээ. Ингэхэд сэтгүүлчид яагаад ингэж нэр хүндээ алдах болов. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Сэтгүүл зүйг хүчгүйдүүлэх, нэр хүндийг нь унагах, нийгэмд жигшүүлэх ажлыг улстөрчид зохион байгуулдаг болчихсон. Яг үнэндээ тэдэн дунд хэвлэл уншдаг нь цөөхөн шүү дээ.

Хэвлэл уншдаггүй хүнтэй би сэтгүүл зүй сайн, муу тухай маргах мэтгэх утгагүй. Монголын сэтгүүл зүй хангалттай үүргээ гүйцэтгэж байгаа. Гэхдээ чадал чансаа, алдаа дутагдал, ур чадварын асуудал байхыг үгүйсгэхгүй. Бас Үндсэн хуулиар иргэнд олгогдсон хэвлэн нийтлэх эрх чөлөөг лицензжүүлж хэрэгжүүлнэ, хэн нэгэн ур чадварын шалгалт авч эрхийг нь сунгана гэдэг ойлголт байж таарахгүй. Энэ дунд медиаг сэтгүүл зүй гэж харахгүй, бизнес ашиг хонжоо болгож байгаа хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй. Гэлээ гээд сэтгүүл зүйг бүхэлд нь харлуулж болохгүй.

-АН-ын бүлэг өчигдөр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн танилцуулгыг сонслоо. Хуульд орж буй онцлох өөрчлөлтүүдээс сонирхуулахгүй юу?

-Хэвлэн нийтлэх иргэний эрх, эрх чөлөө ба сэтгүүл зүйн үйл ажиллагааны ялгаа заагийг тодруулж байгаа. Ингэснээр мэргэжлийн эрх ашиг илүү хангагдах байх. Эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах заалт орсон.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай 1998 оны хуулийн үзэл санааг хадгалж үлдэхэд хэвлэлийнхэн дуу хоолойгоо илэрхийлж байсан. Нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиуд нэлээн чамбай болсон гэж үзэж байгаа. Агуулга хянасан, хэвлэлд шахалт үзүүлсэн нэлээн хэдэн хуулийн заалтуудыг хүчингүй болгохоор байгаа нь эрх зүйн орчинд бий болох нааштай өөрчлөлтүүд болох байх.

-Сэтгүүлчдийг яллаж буй Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төслийг Ч.Лодойсамбуу гишүүн санаачилжээ. Энэ зүйл заалтаар хэчнээн сэтгүүлч шүүхийн хаалга татаад байна вэ?

-Эрүүгийн хуулийн 13.14 заалтаар сэтгүүлчдэд гомдол үүсгэх, шалгах тохиолдлууд байна. Зөвхөн сэтгүүлчдийг шалгадаг заалт бас биш. Шалгагдсан шийтгэгдсэн тохиолдолд сэтгүүлчдийн эзлэх хувь их үү, бага уу гэдгийг хууль хяналтын байгууллагаас статистик тоо гаргуулж авч байж л хэлэх нь зөв байх.

Бусдын нэр хүндийг хамгаалах зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулж 2017-2019 онд хэрэгжүүлж байсан. Сэтгүүлчид олноороо дуудагддаг байсан. Шалгах, шийдвэрлэх процесс хамгаалалтгүй байсан. Ямар ч баримт, үнэн худлыг шүүх боломжгүй. Хэвлэл уншиж үзсэн юм уу гэмээр нэг байцаагч өөрийн эрх мэдлээр шууд торгууль оноогоод л явчих жишээний.

Хуулийн давхардал байгаа юу гэвэл байгаа. Иргэний хуульд бүхэл бүтэн бүлэг байгаа. Үүгээр явж болох уу гэвэл болно. Гэхдээ хуулийн санкци нь хэцүү. Нэхэмжлэгч тал нэр төрөө хэд гэж үнэлэх нь өөрийнх нь л хэрэг. Нэг тэрбум төгрөг нэхэж л байсан биз дээ?!

Гэх мэт тал талаас нь судлах шаардлагатай гэдэг хувийн байр суурьтай байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Р.Даваадорж: Төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй болгоогүй үед цаашдаа овойж оцойтлоо хуримтлалтай болохгүй DNN.mn

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа. -Баялгийн сангийн тухай хуульд “…уул уурхайн ордын 34 хувьд ногдох орлого Монго...

img

8 цагийн дараа

Гаднаас ажиллах хүч авах тухай хууль цагаа олоогүй болохоос хэрэггүй хууль биш DNN.mn

Аж ахуйн нэгжүүдийн толгойны өвчин болсон ганц асуудал бол ажиллах хүчин гэдэгтэй угтаа хэн ч маргамааргүй юм. Энэ асуудлыг хуулиар ...

img

7 цагийн дараа

ЗУРХАЙ: Өнөөдөр харагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 25, Буд гариг. Билгийн тооллын 25, Салхины эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 08:41 цаг...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас:  25, 30-нд нутгийн зарим газраар, 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Нэрт нийтлэл Баабарын “Алуурч хаан, эх оронч баатар хоёрын үндэсний эвлэрэл” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт МАК” группийг үүсгэн б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд