мэдээ
Ц.Наран-Учрал: Нүүрсний давхаргаас метан хийг туршилтаар олборлох нэмэлт гурван цооногийг ашиглалтад оруулаад байна DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 28
271
Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Тэлмэн Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Наран-Учралтай ярилцлаа.
-Өмнөговь аймагт байрлах “Гурвантэс XXXV” талбайгаас нүүрсний давхаргын өндөр агуулга бүхий метан хий илэрсэн гэсэн мэдээлэл бий. “Тэлмэн ресурс” компани судалгаа, хайгуулын ажлаа хэзээ эхлүүлж байснаас ярилцъя?
-Монголын нүүрсний ордуудаас метан хийг олборлох боломж байна уу гэдгээс манай ажил эхэлсэн. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орж, нүүрсэнд агуулагдах метан хийг ашиглахтай холбоотой зохицуулалт тодорхой болсон. Тэр үеэс анхны компаниуд нүүрс ихтэй бүсүүдэд метан хий олборлохын тулд судалгааны ажлууд эхлүүлсэн байдаг. Манай компани энэ чиглэлээр ажиллахар болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай онцлог гэвэл Австрали улсын мэргэжлийн багтай. Австралийн мэргэжилтнүүд нүүрнээс метан хий гаргаж авах инженерчлэлийн бүх үйл явцыг маш сайн мэддэг, олон улсын туршлагатай. Энэ чиглэлээр Австрали улс нь их амжилттай явдаг. Нүүрсний том ордуудтай, тухайн ордууд дээрээ мөн метан хийн олон төслийг амжилттай хэрэгжүүлж, олборлож байна. Метан хийгээ ашиглах эрчим хүч үйлдвэрлэх, дэлхийн зах зээл дээр LNG болгож өнгөрсөн хугацаанд тасралтгүй борлуулж байна. Өөрөөр хэлбэл, манайхаас бусад орнууд нүүрснийхээ хийг ялгаж аваад, эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглаж болоод байна гэсэн үг. Монгол Улсын хувьд шинэ салбар болж хөгжиж байна.
-Танай компани Засгийн газартай хэзээ бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан бэ?
-2021 онд байгуулсан. Түүнээс хойш нүүрсний томоохон ордууд дээр метан хийн хайгуул үнэлгээ, туршилт-олборлолт, судалгааны ажлаа хийж байна. Монгол Улс хаана ямар нүүрсний ордууд байна вэ гэдгийг маш сайн судалсан. Гэхдээ яг тэдгээр ордууд дээр хийн хэтийн төлвийг үнэлэх, хийн олборлолт явуулж болох эсэх талаар тоймтой судалгаа хийгдээгүй. Манай компани тэдгээр ордууд дээр хийн хайгуул үнэлгээ, туршилтаар олборлолт хийж эхлээд байна. Нүүрсний давхаргын метан хийн хайгуул үнэлгээг хэд хэдэн зүйл дээр төвлөрч, ялгаатай хийдэг. Нүүрсний ордын хувьд сайн судлагдсан байдаг тул хаана, ямар гүнд, хэдэн метр нүүрс байгаа вэ гэдэг мэдээлэл сайн байдаг. Түүнийг түшиглээд бид метан хийн хэтийн төлөв өндөртэй байршлууд дээр төлөөлүүлж өнөөгийн байдлаар нийт метан хийн хайгуулын 11 цооногийг өрөмдөн нүүрсний давхаргын хийн нэвчүүлэх чадвар, хийн агуулга, хийгээр ханасан байдал зэргийг тогтоох шинжилгээг хээрийн болон лабораторийн нөхцөлд тодорхойлоод байна.
-Танай талбай яг хаана байдаг вэ? Хэчнээн хэмжээний нөөц тогтоогдсон бэ?
-Манай төслийн талбай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутгийг хамарсан байдаг.
Төслийн талбай Нарийн сухайт, Сүмбэр, Зангат уул, Баруун ноён уул зэрэг Монголын нүүрсний томоохон ордууд хамарсан байдаг. Эдгээр ордуудын нүүрс чанараараа маш сайн, битумлэг нүүрсүүд байдаг бөгөөд нүүрсний давхаргын зузаан их, заримдаа 200 м хүртэл тогтоогдсон байдаг. Энэ үзүүлэлтүүдээрээ Австрали, АНУ, Хятад зэрэг улсуудын нүүрсний давхаргын метан хийн олборлолт амжилттай явагдаж буй нүүрсний талбайтай геологийн нөхцлийн хувьд адилхан, зарим үзүүлэлтүүдээрээ манай нүүрсний давхаргууд давж гарсан байдаг. Манай нүүрсний хийн найрлага дахь метаны эзлэх хувь маш өндөр 92 хувиас дээш байдаг учир олборлолтын үед өөр төрлийн дахин боловсруулалт, шүүлтгүйгээр шууд ашиглаж болохоор байдаг. Манай компани өнөөгийн байдлаар төслийн нийт талбайн хэмжээнд олон улсын “газрын тосны баялгийн менежментийн систем” буюу PRMS аргачлалаар ойролцоогоор 5.4 tcf буюу 152 тэрбум шоо метр хийн хэтийн төлөвт баялаг байгаа гэж үнэлсэн. Мөн талбайн 3 хувийг эзэлж байгаа Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордын талбай дээр 1.2 tcf буюу 34 тэрбум шоо метр метан хийн нөхцөлт баялаг байгаа гэж үнэлээд байна. Энэ баялгийн хэмжээ Монголдоо болон дэлхийд нэлээд өндөрт тооцогдож байгаа юм.
-Энэ талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
-Энэ ордын хэмжээнд нэг тонн нүүрсэнд агуулагдаж буй хийн шоо метр хэмжээ нэлээн өндөр, дунджаар 10 м3/т гэж тогтоогдсон бөгөөд мөн орд дахь нүүрсний зузаан ихтэй холбоотой юм. Би яагаад баялаг гэж тодотгон хэж байгаа учир нь “баялаг” гэж тухайн давхарга дотор бий болсон хийн хэмжээг зааж байгаа бол бидний ярьж заншсан “нөөц” гэдэг маань тухайн нүүрсний давхаргаас олборлогдох боломжтой эдийн засгийн үр ашигтай хийн хэмжээг хэлдэг юм. Тиймээс манай компани Нарийн сухайтын нүүрсний ордын талбайн нүүрсний давхарга дотор байгаа хийн баялгийг олборлож болох эсэх, эдийн засгийн үр ашигтай өндөр гарцтай хий гарах эсэх судалгааг хийх зорилгоор анх удаагаа нийт зургаан туршилт-олборлолтын цооног өрөмдлөг хийж, хийн олборлолтын тоног төхөөрөмжүүд болон гадаргуун бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгээд байна. Бидний энэ судалгааны гол зорилго маань энэ талбай дээрээ нөөц тогтоон хийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал юм.
-Олборлолтын туршилтаа хэзээ эхлүүлсэн бэ?
-2023 оноос туршилтаар хийг олборлох ажил эхэлсэн. Нарийн сухайтын нүүрсний давхарга хийн агуулга, нэвчүүлэх чадвар харьцангуй өндөр байгаа нь маш сонирхол татахуйц. Гол нь хэрхэн олборлох, ордын онцлогт тохирсон технологи сонгох нь чухал. Анхны жил болох 2023 онд туршилт олборлолтын гурван цооногийг ашиглалтад оруулаад, тэр жилдээ манайх туршилтаар олборлосон хийгээ бамбардаж эхэлсэн.
-Бамбардана гэж юуг хэлээд байна вэ. Тайлбарлаж өгөхгүй юү?
-Бид хийг шатаахгүйгээр агаарт дэгдээж болохгүй. Бамбардана гэдэг нь цэвэршүүлж байнаа гэсэн үг. Өнөөдрийг хүртэл эхний ээлжинд гурван цооногоос цөөн төлөвлөгөөт засвар хийх үед зогссоныг эс тооцвол хий тасралтгүй гарч байна. Энэ нь маш сайн юм. Яаж гарцаа илүү сайжруулах вэ гэдэг зорилгоо тавиад судалж байна. Ер нь хоорондын зайг ойртуулж, нягтаршуулж цооног тавибал үр дүн үнэхээр сайжирч магадгүй юм байна гэж үзээд, Австрали талын мэргэжлийн гурван ч байгууллагаас зөвлөгөө аваад, энэ 2024 онд нэмэлтээр 3 туршилт-олборлолтын цооногуудийг өмнөх цооногуудтай ойрхон өрөмдөж, ашиглалтанд шилжүүллээ. Энэ ажил маань үр дүн сайтай байна.
-Одоо нийт хэчнээн цооног асаалттай байна вэ?
-Шинэ гурван цооногийн хувьд энэ жил 11 сард өрөмдөж, тоноглож дуусаад, 12 сарын эхээр асаасан. Одоо зургаан цооног бүгд ажиллаж байна. Зургуулаа нийлээд хэр өөрчлөлт орж байна вэ гэдэг үр дүн ирэх оны нэгдүгээр улиралд гарах байх. Бид энэ бүх үе шатанд судалгааны ажлуудаа мэргэжлийн хүмүүсээр хийлгэж байна. Яагаад би судалгааны ажил гэдгийг тодотгож яриад байна вэ гэхээр орд болгон өөр. Тухайлбал, Тавантолгой дээр өөр шинж чанартай, манай дээр өөр шинж чанартай нүүрсний давхаргууд байдаг. Тийм учраас энэ ордын нүүрсний давхаргын хийг яаж үр ашигтайгаар олборлох зөв аргаа олох вэ гээд ажиллаж байна. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг учраас TMK Energy гэдэг толгой компанийн бүтцээр Австрали улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болж, санхүүжилт татан үйл ажиллагаа явуулж байна.
-“ТMK Energy” компани ХБНГУ-ын “Jens Energie” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Туршилтын үед гарч байгаа хийг бид бамбардаад байх биш, эрчим хүч болгох зорилгын хүрээнд Герман улсын компанитай хамтран ажиллахаар санамж бичиг саяхан байгуулсан. Тухайн компани ирэх дөрөвдүгээр сарын 30 гэхэд манай метан хийн найрлага, бүтцэд зориулж тохируулагдсан,хийнээс эрчим хүч гаргадаг үүсгүүрийг Герман улсаас оруулж ирнэ. Бид Монгол Улс дотооддоо хийн нөөцтэй, түүнийг нь олборлож эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломжтой гэдгийг бодитоор нотлохыг зорин ажиллаж байна.
-Монгол Улс эрчим хүчний хомсдолтой байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах нь гэж ойлгож болох уу?
-Бусад эх үүсвэртэй харьцуулахад харьцангуй цэвэрхэн эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх боломж гарч байгаа юм. Мөн хийнээс эрчим хүч үйлдвэрлэхийн давуу тал бий. Нүүрсний станц дээр жишээ авъя. 150 мегаваттаар нэг модуль байдаг бол хий дээр нэг мегаваттынх ч байна, 10 мегаваттынх ч гэж байна. Аймаг, сум, дүүргийн гэх мэт хүссэн хэмжээнд хэсэгчлэн, модулаар шийдэх боломжтой. Төвлөрсөн бус, тухайлсан хэсгээр шийдэж болно. Тэгэхээр эрчим хүчийг шийдэх оновчтой эх үүсвэр гэж бид итгэж байгаа. Манай баг, Монгол Улсад хэрэгцээтэй эрчим хүчний бодит эх үүсвэр болгон хөгжүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.
-Монголд энэ чиглэлээр хайгуул судалгаа хийж буй хэчнээн компани байна вэ?
-Манайхыг оролцуулаад Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан таван компани ажиллаж байна. Ихэнх нь гаднын хөрөнгө оруулалттай. Тэр тусмаа гурав нь Австрали улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Өмнө хэлсэнчлэн манай толгой компани Австралийн хөрөнгийн бирж дээр “TMK Energy” гэдэг нэрээр гарсан. Бид тэндээс санхүүжилтээ татаж, төсөл рүүгээ хөрөнгө оруулалт хийж, ажлаа явуулдаг.
-Метан хий гаргаж авах төсөл дээр нийт хэчнээн хүн ажиллаж байна вэ?
– Дотоод болон гадаадын, нийтдээ 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Австралийн биржид бүртгэлтэй нээлттэй компани учраас тухайн улсынхаа биржийн шалгуурыг хангаад явж байна. Тэгэхээр яалт ч үгүй хамтарсан баг. Түрүүн хэлсэн, гурван компани Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, бүгд нүүрснээс хий гаргах зорилготой гэж. Аль ч компанийн хувьд хий сайн гарсан бол бид нэг салбарынхан учраас баярлана. Хэрэгцээ хангалттай байгаа учраас бид амжилттай ажиллах хэрэгтэй. Бид цаашид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хий олборлолтоо нэмэгдүүлнэ.
-Улаанбаатар руу хийгээ тээвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ямар нэгэн ажил хийхээр төлөвлөж байна уу?
-Хийг шууд эрчим хүч болгох, эсвэл CNG, LNG болгож болно. LNG болговол Улаанбаатар хот руу тээвэрлэж авчирч болно.Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал, агаарын бохирдлыг бодсон ч бидний хийж байгаа ажил цаад утгаараа маш их хэрэгцээтэй, шинэ эх үүсвэр гэж бодож байна. Түүний төлөө манай баг хамт олон ажиллаж байна.
-Хийн салбар манайд харьцангуй шинэ. Тийм учраас хангалттай боловсон хүчин байхгүй байгаа болов уу. Боловсон хүчнээ хэрхэн бэлдэж байна вэ?
-Монгол Улсад метан хийг олборлох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин хомс учраас манай ажилчид гадаад мэргэжилтнүүдтэйгээ хамтарч ажиллаад, бэлтгэгдээд явж байна. Энэ утгаар салбарын боловсон хүчнийг бэлдэж буй түүчээ болоод, цаашдаа Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин болж хөгжөөд явах байх гэж бодож байна.
-Хий олборлох, ашиглах тухайд хууль эрх зүйн орчин хангалттай байна уу?
-Бид АМГТГ-тай түлхүү хамтарч ажилладаг. Метан хийн ач холбогдлыг ойлгодог учраас шинэ салбар хөгжихтэй холбоотойгоор урд өмнө гарч байгаагүй шинэ харилцаанууд гарч байгаа дээр маш их хурдтай, салбарын компаниудыг дэмжиж ажилладаг. Эрх зүйн орчноор хангах, оновчтой зохицуулалтай байх, өмнө нь бодитоор хийгдэж байгаагүй учраас шинэ юм гарсан даруйд шийдэл олоод явж байна. Аль ч газар сорилтууд байдаг. Энэ салбарын хөгжил улс оронд хэрэгтэй гэдэг талаас маш их дэмжиж ажилладаг. Цаашдаа манай компанийн хувьд салбарын хөгжилд анхаарч, энэ чиглэлийн хууль болон журмыг сайжруулахад идэвхтэй оролцож, салбарынхаа онцлогийг бусдад таниулж, оновчтой зохицуулалттай болоход дуу хоолойгоо хүргэж ажиллая гэж бодож байна.
-Австралийн хөрөнгийн бирж дээр 1 метр куб метан хийн ханш ямар байна вэ?
Жишээлбэл, Австрали улсад байгаа ижил төрлийн метан хийн нөөцийг эргэлтэд оруулах тохиолдолд эцсийн хэрэглэгч хүртэл тухайн компани оролцохгүй. Зөвхөн төвлөрсөн,хийн магистрал шугам сүлжээ эзэмшиж буй компаниуд руу хийгээ нийлүүлнэ. Тэр нь LNG-н үйлдвэрт нийлүүлэгдэнэ гэх мэтчилэн бүх шатанд өөр өөрөөр үнэ тогтоно.
-Шалтгаан нь?
-Дэлхийн зах зээл дээр гэхээс илүү бид дотоодын зах зээл рүү эхлээд хийгээ нийлүүлэх бодолтой байгаа учраас дараагийн шатны үйлдвэрлэл нь эрчим хүч болгохоор байвал ямар өртөгтэй байх вэ гэдгээс хамаараад үнэ тогтоод явах байх гэж бодож байна.
-Хийгээ хангалттай олборлоод эхлэхээр хэрхэн тээвэрлэх вэ? Хоолой татах уу?
-Бидний туршилтын цооногт ашиглаж байгаа төхөөрөмж, тухайн цооногийн гүйцээлт нь эцсийн олборлолтынхтой яг ижилхэн. Цаашдаа эдийн засгийн эргэлтэд орох хэмжээнээс хамаарч “Олборлолтын цооног” гэдэг нэршил рүүгээ шилжээд, зохицуулалт нь жаахан өөрчлөгдөнө. Одоо бидний туршилт хийж байгаа тавьсан цооног 15 жил орчим ашиглагдах, цаашдаа үргэлжлээд олборлоод байх тоноглолтой.
-Өмнөговь аймаг урд хөршөөс эрчим хүчээ авдаг. Хий олборлолт жигдрээд ирэхээр энэ бүс нутгийн эрчим хүчний асуудлыг зохицуулж бас болох нь ээ?
-Тийм ээ. Тухайн бүс нутагт эрчим хүчний дутагдалтай. Хятад улсаас эрчим хүчээ импортолж байна. Уурхайнууд олон. Дизель түлшний хэрэглээнээс Эрчим хүч рүү шилжих нь яаж ч бодсон эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Дараагийн шатны хэрэглээ мэдээж Өмнөговь аймаг, мөн Улаанбаатар хотын гэх мэт төвлөрсөн бүсүүд байна. Тээвэрлэх боломжтой болгохын тулд бид хийг тухайн бүс нутагтаа боловсруулж, LNG болгох шаардлага гарна.
-“Jens energy” компани 2025 оны IV сараас “TMK Energy” туршилтын 6 цооногоос өдөрт багадаа 5000, ихдээ 15,000 куб метр хий олборлож нийлүүлнэ гээд өндөр хүлээлттэй байгаа юм билээ. Энэ боломжтой юу?
-Цооног бүр өөр үр дүнтэй байдаг. Дундажлаад үзэхэд, энэ бол их өндөр тоо бий. Эхний ээлжид ийм хэмжээний метан хий гарахад цахилгаан эх үүсвэр тавиад, түүгээр эрчим хүч үлдвэрлэж болохоор байна гэдэг тооцоон дээр үндэслээд явж байгаа юм. Бидний хүлээж байгаа үр дүн үүнээс өндөр. Олон цооногтой болж байж нэгж цооногийн үзүүлэлт өсөх байх. Эхний ээлжид бид хэт их өсгөсөн биш хүлээлттэйгээр тавихад ийм тоо гарч, түүгээрээ эрчим хүч үйлдвэрлэе гэж байгаа юм. “Jens energy” компани Герман улсдаа энэ чиглэлээр ажилладаг. Хийгээр эрчим хүч болон дулаан үйлдвэрлэдэг.
-Тэлмэн энержи бас хийгээр дулаан үйлдвэрлэх үү?
-Бид хийгээр эрчим хүч үйлдвэрлэнэ гэж яриад байдаг боловч эрчим хүч дулаан зэрэг үйлдвэрлэгддэг. Яг нарийвчилсан тоо хэлэх хэцүү. Тоног төхөөрөмжийн сонголт зэргээс хамаараад өөр өөр гарна. Бид хийнээс эрчим хүч гаргах үед дулаан хамт үйдвэрлэгдэнэ. Дулаанаараа ашиглах хэрэгтэй гэвэл дулаанаараа, дулаанаа бас эрчим хүч болгож болдог. Эхний ээлжид бид дулаан гэхээс илүү дан эрчим хүч л үйлдвэрлэхийг зорьж байна.
-“Jens energy” орж ирснээр та бүхэнд ямар давуу тал бий болж байгаа вэ?
-Бид олборлолтын цооног нэмэгдүүлэх, хийн гарцыг ихэсгэх тал дээр төвлөрч, харин олборлосон хийг тухайн компани эрчим хүч болгох тал дээр төвлөрч ажиллана.
Д.ЭРДЭНЭТУЯА
Баянхонгорын Гурванбулагт хамгийн зузаан цасан бүрхүүл тогтжээ DNN.mn
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгууд...
1 цагийн өмнө
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно DNN.mn
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. 2024 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг ...
2 цагийн өмнө
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2024.12.27) УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эр...
3 цагийн өмнө
5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа DNN.mn
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.27) хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжи...
4 цагийн өмнө
Даваа гаригаас ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэнэ DNN.mn
Энэ оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног /2024.12.30- 2025.01.03/-т ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалты...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд
Болд
Ёстой сайхан мэдэж байна манай улс хий үйлдвэрлэж байж энэ их эрчим хүчний дутагдал бас нүүрсний хэрэглээнээс салах ёстой танайхан ажилын маш их өндөр амжилт хүсэн ерөөе