мэдээ
Б.Уянга: Налайхын нүүрсний уурхай дахь метан хийг олборлож, Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах боломжтой DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 1 сарын 19
29
Улсын Их хурлын гишүүн Б.Уянгатай ярилцлаа
-Сүүлийн үед үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд байгалийн хий ашиглах тухай ярьж байна. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар нэг шат ахиж байгаа явц ч гэх нь бий. Тэгвэл манай улсад одоогоор байгалийн хийн хайгуул, олборлох, ашиглах үйл явц ямар шатанд байгаа вэ?
Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийг бууруулъя гэж байгаа энэ үед байгальд нүүрсийг бодвол илүү сөрөг нөлөөлөл багатай эрчим хүчний шийдэл нь байгалийн хий юм. Мэдээж ногоон эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг бид давхар хараад явж байх ёстой. Манайд сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр баригдаад ашиглалтад ороод явж байгааг бид мэднэ. Харин байгалийн хийн хувьд газрын тосны ордод, нүүрсний ордод хий байдлаар байдаг. Дангаараа ч хийн орд байх боломжтой. Тусдаа хийн ордыг эрж хайх асуудал Монгол Улсад хийгдээгүй байгаа. Харин сүүлийн жилүүдэд нүүрсний ордод, нүүрсний давхаргаас метан хийг ялгах зорилготой эрэл, хайгуулын ажлууд хийгдэж байна. Одоогоор хамгийн амжилттай явагдаж буй төсөл Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь “TMK Energy” компанийн Гурвантэсийн XXXV нүүрсний давхаргын хийн төсөл хэмээн харж байна.
-Байгалийн хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломж, бололцоо бидэнд бий вэ?
Агаарын бохирдлыг бууруулж, суурьшлын бүсэд буй яндангийн тоог бууруулах зорилгоор хийн түлшний хэрэглээнд нэгдэхийг нийслэлээс чиглэл болгон ажиллаж байгаа юм билээ. Үүнийг би хувьдаа дэмжиж байгаа. Мөн хийн эх үүсвэрээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Улаанбаатар хоттой хамгийн ойрхон нүүрсний давхаргын метан хийн төсөл Төв аймгийн Эрдэнэ суманд хайгуулын шатандаа явж байна.
Налайхын нүүрсний уурхай метан хийн дэлбэрэлтээс болж хаагдаж байсныг бид мэднэ. Тэгэхээр тус уурхайд байгалийн хий бий гэж ойлгож болно. Түүний хэмжээг нь тодорхойлоод олборлоод эхэлбэл Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах боломжтой гэж боддог. Холбогдох байгууллагуудаас энэ хайгуулын төслийг дэмжиж, хурдасгах арга хэмжээ авч, анхаарч ажиллах нь зөв байх.
-Байгалийн хийн асуудал дээр хууль, эрх зүйн орчин манай улсад хангалттай бий юу. Цаашид өөрчлөх, шинээр боловсруулах тал дээр юу хийвэл дээр вэ?
Хууль, эрх зүйн орчны хувьд 2005 онд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг дагаж мөрддөг. Энэ хуулийн Газрын тосны бүтээгдэхүүн гэх тодорхойлолтод шатдаг хийн асуудал хамаарах учир энэ хуулийн зохицуулалтад хамаарч байгаа. Ер нь бид агаарын бохирдлын асуудал, нүүрсний хэрэглээг бууруулах хүрээнд зэргэлдээ улсууд байгалийн хийн хэрэглээ рүү нэгэнт шилжиж буй жишгийг дагана гэж үзвэл дотоодынхоо эх үүсвэрийг бүрдүүлэх ёстой. Тиймээс байгалийн хийн хайгуулыг дэмжих хүрээнд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай. Миний хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явдал байгалийн хийн салбарт төдийлөн тохирдоггүй гэж үздэг. Бусад улсын жишгийг харахад анзаарагдсан зүйл юм. Энэ талаар холбогдох мэдээллийг салбарын яам, агентлагт хүргэж ажиллана.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явдал байгалийн хийн салбарт төдийлөн тохирдоггүй гэж байна. Жаахан дэлгэрүүлж болох уу. Үүний оронд ямар арга, гэрээ хэлцлийг ашиглах ёстой юм бэ?
Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явц нэгдүгээрт их процесстой ажил. Дөнгөж хайгуулын шатандаа явж байхад нь бөөн гэрээний нөхцөл яригдах нөхцөлийг тулгадаг. Хувийн хэвшил үүнээс нь халшраад хөрөнгө оруулахгүй байх талтай. Харин үүний оронд хатуу ашигт малтмалын адил авч үзвэл процесс нь хурдлах магадлалтай гэж үздэг.
-Энэ бол харьцангуй шинэ салбар. Тэгэхээр боловсон хүчний асуудал хөндөгдөх байх. Энэ талын боловсон хүчин манайд хангалттай бий юу?
-Хангалттай байхгүй учраас бид сургах хэрэгтэй. Технологи болон хэрэглээг нь хөрш зэргэлдээ орноосоо шилжүүлэн авч, нэвтрүүлэх шаардлагатай байна. Бидэнд нүүрсийг нарийвчлан судалдаг олон судлаач бий. Бид олон жил нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлсэн улс. Тиймээс нүүрсний чиглэлээр ажилладаг боловсон хүчнээ хийн чиглэл рүү хөрвүүлбэл богино хугацаанд боловсон хүчнээ бэлтгэж чадна. Тэр дундаа Казахстан улсыг би онцолмоор байгаа юм. Өнгөрсөн 1970-аад оны үед байгалийн хийг дулааны эх үүсвэрт ашиглаж эхэлсэн байдаг. Аль нэг хотод нь очоод харвал шар өнгийн хийн турба хаа сайгүй сүлжиж харагддаг. Дотооддоо байгалийн хийн (2.5 триллион метр куб) арвин нөөцтэй. Түүнийгээ илрүүлээд, хэрэглээнд амжилттай нэвтрүүлж байгаа улс. Тиймээс бидэнд суралцах зүйлс их байна.
-Ер нь байгалийн хий олборлох энэ ажил яригдаж эхлээд 10 гаруй жил болж байгаа. Гэвч нэг л эрчээ авч өгөхгүй л байх шиг байна. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлээгүй явдал томоохон нөлөөтэй байх. Ноднин жилийн аравдугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төв XXXVI нүүрсний давхаргын метан хийн хайгуулын талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эрх олгосон. Хамтарсан Засгийн газраас энэ мэтчилэн байгалийн хийн салбарыг дэмжиж, гэрээ байгуулах эрхийг олгох нь бид хэдий хэмжээний байгалийн хийн нөөцтэй вэ гэдгээ нэмж тогтоох боломжтой болно. Өнгөрсөн 2022 оны зургадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн алба, МУИС-ийн эрдэмтэдтэй хамтран “Монголын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөв”-т үнэлгээ өгсөн. Үр дүнд нь нүүрсний 15 сав газрын хэмжээнд 7.4 триллион метр куб баялгийг тооцоолсон. Бид одоо нөөц болгон нарийвчлан судалж, хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Байгалийн хийг олон улсад ашигладаг тэргүүн туршлага нь юу байдаг вэ?
Байгалийн хийг эрчим хүчний эх үүсвэр байдлаар, дулаалгын технологид, аж үйлдвэрлэлд болон бензин, түлшний оронд автомашинд хэрэглэж байгаа. Эрчим хүчний системд тохируулгын оролцоотой байгалийн хийн цахилгаан станцууд олон улсад их байдаг. Манайд хийгээр ажилладаг автомашинууд нэвтэрсэн. Одоо бусад чиглэлээр хэрэглээ нэвтрэх нь цаг хугацааны л асуудал.
-Ойрын жилүүддээ ашиглаад эхэлбэл утаа, агаарын бохирдол зэргийг бүрэн шийдэх гарц, гаргалгаа нь байгалийн хий байж чадах уу?
Чадна гэж үзэж байна. Европын улсууд, Казахстан, Канад зэрэг олон улсын туршлагыг харахад байгалийн хий бол цэвэр эрчим хүчний эх үүсвэр юм байна гэдгийг ойлгоно. Харин Монгол Улсын хувьд аль болох байгалийн хийн дотоодын эх үүсвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно DNN.mn
Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ г...
7 цагийн дараа
Ерөнхийлөг Юн Сог Ёлийг цагдан хорих хугацааг сунгажээ DNN.mn
Сөүлийн баруун тойргийн шүүхээс “нотлох баримтыг устгаж болзошгүй” гэсэн үндэслэлээр онц байдал тогтоосонтой нь холбоото...
6 цагийн дараа
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна DNN.mn
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 2024 онд ...
6 цагийн дараа
ҮСХ: Төгрөгийн хадгаламж өмнө оныхоос 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн DNN.mn
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлийг ҮСХ-ноос танилцууллаа. Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилг...
6 цагийн дараа
Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлнэ DNN.mn
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгж...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд