Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

М.Бадамсүрэн: Малчид малаа эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулж байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 25

news-img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө танаас өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгаа талаар асуумаар байна. Энэ өвөл аль бүс нутгаар хүндхэн байна вэ?

-Баруун аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Увс аймагт байдал нэлээд хүндрэлтэй байна. Төвийн бүсийн зарим сум, тухайлбал Дорнод аймгийн зарим сум цагаан зуд, цагаанаар зудархуу ангилалд орсон. Засгийн газрын хуралдаанаар Улсын онцгой комиссын саналаар өвс, тэжээл, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Сайн мэдээ гэвэл малчид малаа эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулж байна. Махны экспорт 2025 оны байдлаар нэг их наяд төгрөгт хүрлээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцсэнээс 3-4 нь хөдөө аж ахуйн салбартай холбоотой байлаа. Тухайлбал, “Улсын аварга малчин” цол, шагнал урамшууллын шалгуурт өөрчлөлт оруулах, тариаланчдын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах, баруун бүсэд гурил, малын тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг чухал асуудлыг шийдвэрлэлээ.

-Жил болгон хэл аманд өртдөг нэг зүйл бол малчдад олгодог шагналын асуудал. Энэ утгаараа “Улсын аварга малчин” шалгаруулах шалгуурт ямар өөрчлөлт орж байна вэ?

-Шагнал урамшуулал үнэ цэнэтэй байх ёстой. Сүүлийн жилүүдэд шагнал хавтгайрч, бодит шалгуур сул байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа. Тиймээс бид зоригтой өөрчлөлт хийлээ. Монгол Улсын хэмжээнд 196 мянга орчим малчин өрх байна.

Цаашид 2000 малчин өрх тутамд нэг улсын аварга малчин шалгаруулна гэсэн тодорхой тоон шалгуур тогтоолоо. Өмнө нь ийм тоо, дээд хязгаар байгаагүй учраас зарим жил 150–160 аварга малчин шалгаруулж, зарим аймагт олон, заримд нь цөөн олголоо гэдэг асуудал үүсдэг байсан. Тодорхой тоон шалгууртай болсноор хамгийн олон буюу 20 мянга орчим малчин өрхтэй Хөвсгөл аймгаас 10 орчим улсын аварга малчин шалгарах боломжтой. Харин зарим аймгаас 2–3, эсвэл 4–5 хүн шалгарна. Энэ бол шударга, бодит харьцаа юм.

-Зөвхөн малын тоогоор биш, өөр шалгуур чухал гэж та онцолсон. Ямар шалгуурыг илүү чангатгаж байна вэ?

-Хамгийн гол нь малын ашиг шим. Олон малтай байх нь гол шалгуур биш, харин цөөн боловч ашиг шим өндөртэй малтай, үүлдэр угсааг сайжруулж, чанарт суурилсан мал аж ахуй эрхэлж байгаа эсэхийг харгалзан үзнэ. Мөн тухайн малчин улсын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, орлогоо үнэн зөв мэдүүлдэг эсэх, улсад төлсөн тавтарын хэмжээг шалгуур болгоно. Тариалангийн бүсийн малчдын тухайд уламжлалт мал аж ахуйг тариалантай хэрхэн уялдуулж, эрчимжсэн мал аж ахуйг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн хөгжүүлж байгаа эсэхийг ч үнэлнэ. Шагнал бол улс төрийн хэрэгсэл биш. Аварга малчин бол тухайн сум, орон нутагтаа нэр хүндтэй, манлайлагч хүн байх ёстой. Хийсэн бүтээсэн хөдөлмөр нь үнэлэгдэж, бусдад үлгэр дуурайл болох учиртай. Уламжлалаараа малчид шагналаа хотондоо, ах дүү, нутгийн олныхоо дунд авахыг илүүд үздэг. Энэ бол малчдын сэтгэл зүй. Гэхдээ шагнал гардуулахаар хэт олон хүн очиж, айлд ачаалал өгөхгүй байх нь чухал.

-Аварга малчдын шагнал урамшууллын хэлбэрт өөрчлөлт орж байна уу?

-Өмнө нь улаан угалзтай гэр өгдөг байсан. Одоо заавал гэр гэж нэг хэлбэрт барихгүй. Малчдаас өөрсдөөс нь санал авна. Тухайлбал, хөдөлмөр хөнгөвчлөх жижиг оврын ковш, техник, вагончик, битүү хашаа, малын тавлаг байдлыг хангах байгууламж, ашиг шим өндөртэй үүлдрийн эцэг мал, хээлтүүлэгч мал гэх мэт сонголт байна. Малын тавлаг байдал маш чухал. Мал даарснаас, дулаан хэвтэр муугаас болж хорогдол их гардаг. “Дунд идэш, дулаан хэвтэр” гэдэг монгол ухааныг бодлогоор дэмжих хэрэгтэй.

-Малын хөлийн татварын асуудал олон нийтийн анхаарлыг татдаг. Энэ талаар та салбарын сайдын хувьд тодорхой тайлбар өгөөч?

-Малын хөлийн татварыг орон нутгаас тогтоодог. УИХ-аас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрхийг нь өгсөн. Өөрөөр хэлбэл, таван төрлийн малд 0-2000 төгрөгийн хооронд татвар тогтоох эрх суманд бий. Сум бүр өөрийн онцлог, бэлчээрийн даац, малын тоо толгойг харгалзаад шийддэг. Ихэнх сум адуунд арай өндөр татвар ногдуулдаг. Зарим сум малын хөлийн татварыг бүрэн чөлөөлсөн ч тохиолдол бий. Энэ бол орон нутгийн өөрийн удирдлагын зарчим.

-Тариаланчдын зээлийг хойшлуулах шийдвэр гаргасан талаар тодруулбал?

-2024-2025 онд тариалангийн бүс нутагт олон жилийн дунджаас бага хур бороо орж, ган тохиосон. Үүнтэй холбоотойгоор тариаланчид, аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах хүсэлт олноор ирүүлсэн. Засгийн газар иргэдийн хүсэлтэд үндэслээд зээлийн үндсэн төлбөр, хүүг зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд зээлийн хүүгийн татаасыг төрөөс үргэлжлүүлэн төлнө. Үүнд ойролцоогоор дөрвөн тэрбум гаруй төгрөг шаардлагатай бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын батлагдсан төсвөөс зохицуулахаар тогтоолд тусгасан. Гэхдээ өмнө нь хүсэлт өгсөн тариаланчдын хүрээнд л энэ шийдвэр хэрэгжинэ. Нэмж хүсэлт авах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Баруун бүсэд гурил, тэжээлийг татваргүй оруулах шийдвэрийн зорилго, ач холбогдол нь юу вэ?

-Энэ жил тариалангийн бүс нутгаар гандуу, хур бороо бага орсны улмаас улаанбуудайн ургалт муу байсан. Баруун бүсийг онцолж байгаа нь тариалангийн үйлдвэрлэл сул, гурилын үйлдвэр байхгүй, төвөөс алслагдмал тул тээврийн зардал өндөр. Иймээс баруун таван аймгийн таван боомтоор 2026 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл гурил, малын тэжээлийг гаалийн татвараас чөлөөлж оруулах шийдвэр гаргалаа. Энэ нь квоттой, тоо хэмжээ хязгаартай. Өмнөх онд баруун бүсэд 25 мянган тонн гурил орж ирсэн бол энэ онд 15 мянган тонн орж ирсэн байна. Үүнтэй уялдуулж Хүнсний аюулгүй байдлын зөвлөл тоо хэмжээг тогтооно.

-Энэ шийдвэр гурилын үнэд бодит нөлөө үзүүлэх үү?

-Гурилын үнэ огцом буураагүй ч тогтвортой байж чадсан. Хамгийн гол нь иргэдэд үнийн дарамт үүсгэхээс сэргийлж байна. Энэ бол нэг удаагийн, цаг үеийн арга хэмжээ. Цаашдаа баруун бүсэд тэжээл тариалах, Увс аймгийн тариалангийн талбайг эргэлтэд оруулах, усалгаатай болгох, Баруунтуруунд гурилын үйлдвэр байгуулах зэрэг дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлнэ.

-Улс төрийн үйл явцтай холбоотойгоор танаас хэдэн зүйл тодруулъя. Сөрөг хүчний хувьд Засгийн газрыг огцруулах санал гаргахаа илэрхийлсэн. Шаардлага хүргүүлсэн. Танхимын сайдын хувьд уг асуудлыг хэрхэн харж байна, ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар тогтвортой ажиллах нь зүйтэй. Огцруулах үндэслэл бүхий асуудал байхгүй гэж үзэж байна.

-Таны хувьд ажлаа аваад удаагүй байна. Танай яаманд томилогдон ирсэн Дэд сайдтай та хэрхэн гар нийлж ажиллаж чадна гэж бодож байна. Ер нь салбар яамдуудад Дэд сайдын албан тушаал шаардлагатай байна гэж харж байгаа юу. Нөгөөтэйгүүр салбарын сайдын хувьд “би дэд сайдгүйгээр ажлаа хариуцаад явчихаж чадна” гэдэг зүйлийг Ерөнхий сайддаа хэлээд явах боломж, зохицуулалт байдаг уу?

-Томилогдон ирсэн Дэд сайдтайгаа гар нийлж ажиллах болно. Дэд сайд бол хэрэгтэй албан тушаал. Монгол Улс бүх цаг үед дэд сайдтай ажилласаар ирсэн. Дэлхийн улс орнууд нэгээс ч олон дэд сайдтай ажилладаг. Миний хувьд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Засаг даргын орлогч, дэд сайд нар олон ажил хариуцдаг. Өмнөх нийгмийн үед аймгийн Засаг даргын орлогч хоёр байдаг байсан. Нэг нь хөдөө аж ахуй, нөгөөх нь санхүү хариуцсан.

-Евразийн эдийн засгийн түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсан. Уг хэлэлцээрт орсноор эдийн засгийн хувьд ямар давуу болон сул тал үүсэх вэ. Эцсийн дүндээ бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, энэ хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдэд үр өгөөжтэй байж чадах болов уу?

-Бид өөрсдөө хичээж, дотооддоо зөв зохион байгуулалт хийж, үйлдвэрүүдээ сайтар дэмжиж чадвал өгөөжөө өгнө. Яагаад гэвэл, 200 шахам сая хүнтэй зах зээл. Евразийн орнуудын онцлог нь хүйтэн сэрүүний бүс нутаг учраас малын мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн болон ноос ноолууран эдлэлийн хэрэглээ өндөртэй. Харин хүнсний салбарын тухайд, хүнсний үйлдвэрүүдээ онцгойлон дэмжих, хүнсний салбараа өрсөлдөх чадвартай болгоход онцгой анхаарах ёстой. Тэгэхгүй бол үндэсний хүнсний үйлдвэрүүдэд нөлөөлөх эрсдэл бий.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Store Pay Winter Land төс...

img

8 цагийн дараа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна

Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэ...

img

7 цагийн дараа

Энэ онд ЭМД-ын санд 110,6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын сангийн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ онд эрүүл мэндийн даатгалаа аж, ахуйн ...

img

6 цагийн дараа

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурл...

img

6 цагийн дараа

Энэ онд шигшээ багийн тамирчид нийт 149 медаль хүртжээ

Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд