мэдээ
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

Админ
2025 оны 12 сарын 25

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурлын 73 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.
Монгол Улс өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлээд 35 жил болж байгаа бөгөөд 1991 оноос хойш нийтдээ 2019 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэв.
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байдаг байна.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9 хувь), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5 хувь), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7 хувь)-тай тус тус тэнцэж байгааг танилцуулсан.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “АЛСЫН ХАРАА-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үе шаттай хувьчлалыг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын компанийн засаглалын зарчимд нийцүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх, өмчийн харилцааны бүртгэл, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангуулах, цахим шилжилт хийх зорилтууд тусгагдсан болохыг төслийн танилцуулгад дурдсан.
Иймд төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулалт, санал болгох хувьцааны хэмжээг үндсэн чиглэлээр тодорхойлсны дагуу нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдэлд байх өмчийн хүрээг дахин тодорхойлох төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэж, ангилал тус бүрийн онцлогт тулгуурлан төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ялгамжтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн давхардсан чиг үүрэгтэй, үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх үүднээс чиг үүргийн давхардлыг арилгах, бүтэц, орон тоог оновчлох замаар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Төсөлд эхний ээлжид олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулахаар дараах компаниудыг тусгасныг С.Бямбацогт сайд нэгбүрчлэн танилцуулаа.
Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК; “Хөдөө аж ахуйн бирж” ХХК; “Үндэсний давхар даатгал” ХК; “Монголын хөрөнгийн бирж” ХК; “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК; “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК; “Эрдэнэс Тавантолгой” ХК; “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ; “Дулааны III цахилгаан станц” ХК; “Дулааны IV цахилгаан станц” ХК; “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК; “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК; “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; “Багануур дулааны станц” ТӨХК; “Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.
“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн сайд танилцуулсан.
Үүний зэрэгцээ өмнөх жилүүдийн хувьчлалын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, зайлшгүй төрийн мэдэлд байх төрийн өмчийн хүрээг дахин тодорхойлсны үндсэн дээр давхардсан чиг үүрэгтэй, үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг С.Бямбацогт сайд тэмдэглэв. Тодруулбал, Улсын Их Хурлаас 2001-2022 оны хооронд төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг таван удаа баталсан ч хэрэгжилт хангалтгүй буюу 33 хувьтай, давхардсан тоогоор нийт 115 хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах заалттай ч дийлэнх хувь нь хэрэгжээгүй байх тул дээрх үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авах арга хэмжээний талаарх саналыг тогтоолын төсөлд тусгасан байна. Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, эхний ээлжид авах арга хэмжээний саналыг төсөлд тусгажээ.
Төрийн өмчийг хувьчлах бодлогыг хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, эрэлт, нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын сонирхол, хуулийн этгээдийн бодит үнэ цэн, үнэлгээнд тулгуурлан тогтоож, үе шаттай, ил тод, хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.
Тус төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулсан юм. Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулжээ. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр тохиож байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэмдэглээд “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэв.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ө.Шижир, О.Цогтгэрэл, Б.Найдалаа, Б.Хэрлэн, Г.Алтаншагай, О.Номинчимэг, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Дав.Цогтбаатар нар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүд Б.Пүрэвдорж 1992 оны болон түүнээс хойших өмч хувьчлалын талаарх байр сууриа илэрхийлсэн бол Ө.Шижир гишүүн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны гажуудалтай холбоотой байр сууриа илэрхийлж, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-д 7000 тн-ын шатахууны нөөцийн сав байдаг бөгөөд хувьчлалын төлөвлөгөөнд 11 тэрбум төгрөгөөр үнэлж тусгасан байгааг тодруулав. Нэг талдаа төр шатахууны нөөцийн савны асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулж байхад нөгөө талдаа эзэмшлийн нөөцийн саваа дээрх хэмжээгээр үнэлэн худалдах гэж байгаа нь төрийн байгууллага хоорондын, төрийн бодлогын уялдаа холбоогүй байгаагийн илрэл, төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж авах гэсэн захиалга гэх хардлага үүсгэж байгааг хэлж байв.
Өмнөх таван удаагийн төрийн өмчийг хувьчлах арга хэмжээтэй холбоотойгоор иргэд болгоомжилж байгааг С.Бямбацогт гишүүн хүлээн зөвшөөрөөд, эдгээрийг цэгцлэхээр ажиллаж байгааг хэлсэн. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө нь ДНБ-ий 74 хувьтай тэнцэж байгаа нь хэт өндөр гэж үзсэн учраас энэ төслийг боловсруулсан гэв. Төрийн өмчийн компаниудын худалдан авалттай холбоотой асуудлыг цахимжуулж, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлсний хүрээнд үр дүнтэй болсон гээд холбогдох жишээг танилцуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад хөрөнгө оруулалт татах талаар ярих нь зохимжгүй гэдгийг хэлж байв. Төрийн өмчит компанийн маш бага хувийг хувьцаа хэлбэрээр олон нийтэд арилжаад, үндсэн том хувь эзэмшигчид нь хэвээрээ үлдэх нь ямар ч үр дүнгүй гэдгийг бидний олон жишээ батална хэмээн Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн талаар дурдсан.
Шатахууны хэрэглээ сүүлийн дөрвөн жилд дөрөв дахин өссөн ч нөөцийн савны хэмжээ өөрчлөгдөөгүйгээс эмзэг байдал үүсээд байгаа гэж Г.Дамдинням сайд хэлээд “Шатахууны нөөцийн сав нэн чухал байгаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам энэ оны зургадугаар сард “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-д байгаа шатахууны нөөцийн савыг авах хүсэлт тавиад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай маргаантай байгаа. Төрийн өмчийн хороо яг тухайн нөөцийн савтай холбоотой хэсгийг салгаад, манай яамны харьяанд шилжүүлэх ажиллагаа хийж байгаа” гэв. Засгийн газрын шийдвэрээр “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийг хувьчлахаар болж байгаа бөгөөд Төрийн өмчийн хороо зарим яамны хүсэлтийн дагуу тухайн агуулахын хэсгийг салгаад, холбогдох хүсэлтийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Хамгийн сүүлийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төрийн өмчийн хувьчлалд тухайн шатахууны нөөцийн сав бүхий агуулахыг өмч хувьчлалд оруулахгүй байх бичгийг Төрийн өмчийн хороонд ирүүлээд байгаа аж.
Хууль, дүрмийн бус үйл ажиллагаа, өртөг зардлаа бууруулах идэвх сонирхолгүй, нүсэр бүтэцтэйгээс үүдэн төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгаа атал нөгөө талд нь хувийн хэвшил бага орон тоогоор, оновчтой бүтэц, зохион байгуулалтаар илүү үр ашигтай худалдан авалт хийж, ашигтай ажил болоод байдаг хэмээн С.Бямбацогт сайд хариулаад “Тиймээс алдагдалтай ажиллаж байгаа компаниуд дээр олон нийтийн, хувийн хэвшлийн оролцоог бий болгож, хяналтад оруулах юм бол үр ашиг нь нэмэгдэнэ гэж тооцсон учраас алдагдалтай ажиллаж байгаа эдгээр компанийг өмч хувьчлалын үндсэн чиглэлд оруулсан. Төрд ашиггүй, орлого оруулдаггүй, аж ахуйн нэгж, хөрөнгө байх шаардлагагүй гэж үзсэн. Үүнийг илүү үр ашигтай болгохоор хувьчлах бодлого хэрэгжүүлж байна” хэмээсэн. Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулахдаа бүх зүйл зүй зохисын дагуу буюу цахимжсан, орчин цагт хөндлөнгийн байгууллагаар төрийн өмчийн хөрөнгүүдийг бодитоор үнэлүүлж, нээлттэй, ил тодоор худалдаалж, хөндлөнгийн хяналттай, олон улсын болон дотоодын аудитаар хийгдэх болно гэдгийг нэмж тодотгосон. Мөн гишүүдийн тодруулсны дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байхаар төсөлд тусгасныг мэдээлсэн. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсний дараа энгийн хувьцааны 66 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 34 хувиас багагүй байхаар; “Үндэсний давхар даатгал” ХК-ийн энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих, хувьцааг арилжаалахдаа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжид санал болгон хуваарилах зарчим баримлах, төрийн эзэмшил 66 хувиас багагүй байхаар тусгажээ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гарган биржээр нээлттэй арилжаалах бөгөөд төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас багагүй байлгахын зэрэгцээ хувьцааг арилжаалахдаа олон улсын хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжид санал болгон хуваарилах зарчмыг баримтална хэмээн үндсэн чиглэлийн төсөлд тусгасныг С.Бямбацогт сайд хэлсэн. “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсний дараа энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байх; “Шивээ овоо” ХК-ийн энгийн хувьцаа 49 хүртэлх хувийг нэмэлт хувьцаа гарган биржээр нээлттэй худалдах арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байх; “Багануур” ХК-ийн энгийн хувьцаа 24 хүртэлх хувийг нэмэлт хувьцаа гарган биржээр нээлттэй худалдах арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд төрийн эзэмшил 51 хувиас багагүй байхаар төсөлд тусгажээ.
“МИАТ” ХК-ийн энгийн хувьцааны тодорхой хэсгийг стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, энгийн хувьцаа нэмж гарган олон улсын биржээр нээлттэй худалдах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж төсөлд тусгасан байна. “Төрийн банк” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааг 51 хувиас багагүй хэмжээнд үлдээж, Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшлийн 45.03 хүртэлх хувийг биржээр нээлттэй худалдах аж.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай болон Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь энэхүү төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чухал суурь зохицуулалт байх болно гэдгийг Н.Учрал дарга хэлээд холбогдох төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа гишүүдэд анхааруулсан. Зөвхөн нээлттэй болгох гээд алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хувьчлахаар хэр үр дүн гарах билээ, “алдагдал үйлдвэрлэж” байгаа компани хувьцааг хэн авах билээ гэдгийг бодох ёстой гэдгийг хэлэлцүүлгийн явцад сануулж байв.
Төслийн хүрээнд зөвхөн төрийн өмч, хөрөнгө л яригдаж байгаа болохоос орон нутгийн өмчийн хөрөнгө, аж ахуйн нэгжүүдийг хэрхэх талаар бодлого байхгүй байгааг гишүүд шүүмжилж, нэг талдаа төр зах зээл дэх оролцоогоо хумихаар бодлого гаргаж байхад нөгөө талд нийслэлийн ИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хот такси компанитай болж байгаа жишээг хэлж байв. Түүнчлэн өмч хувьчлалын өмнөх шийдвэрүүдийг биелэлтийн хувь амжилтгүй байгаа дээр дүн шинжилгээ хийсэн эсэхийг тодруулаад, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулахдаа өмнөх алдааг давтахгүйгээр бодит үр дүнд хүрэхүйц байдлаар зохион байгуулах шаардлагатайг, төрийн өмчийг хувьчлах бодлоготой зэрэгцүүлэн тухайн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн асуудлыг хэрхэх талаар, хувьчлал хийхэд дэд бүтэц нь бэлэн эсэхийг нэгбүрчлэн тодруулж, хариулт авснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.
Үдээс хойших нэгдсэн хуралдаан “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуух асуултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Store Pay Winter Land төс...
8 цагийн дараа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэ...
7 цагийн дараа
Энэ онд ЭМД-ын санд 110,6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын сангийн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ онд эрүүл мэндийн даатгалаа аж, ахуйн ...
7 цагийн дараа
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурл...
6 цагийн дараа
Энэ онд шигшээ багийн тамирчид нийт 149 медаль хүртжээ
Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



