Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Н.Энхбаяр: Шатахуунаар биеэ даахгүй бол намрын байдал ч хүндрэх магадлалтай DNN.mn

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 3 сарын 14

img

75

news-img

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлий  дарга,эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


 -Монгол Улсын макро орчны төлөв байдлыг харахад улс орны эдийн засагт багагүй сорилт тулгарахаар хүндхэн байна. Энэ удаагийн ярилцлагаа хоёулаа энэхүү сэдвээр эхлүүлье?

Миний хувьд 2023 оноос хойш энэ тухай анхааруулж байна. Яагаад гэхээр нүүрсний үнийн хувьд илүү явцуу, жижигхэн зах зээлд нийлүүлэгдэж байна. Ганцхан зах зээлд. Өөр улсад нийлүүлэх боломж байхгүй. Биет хэмжээний хувьд манай экспорт бараг 100 гаруй сая тонн гэж байна. Энэ хэмжээний нүүрсийг одоогоор тээвэрлэх дэд бүтэц төмөр зам үндсэндээ байхгүй. Бага хэмжээнд дотооддоо ашиглаж байгаа боловч бидэнд экспортын төмөр зам гэж алга байна. 100 сая ачааг автомашинаар л тээвэрлэж байна. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр хоёр л Замын-Үүд боомтоор гарч байна шүү дээ. Манай экспортын түүхий эдийн бараг 60, 70 хувь нь Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн хоёрхон боомт дээр ногдож байна. Хилийн боомтын холболтын тухай асуудал гэрээ, хэлэлцээр хийгдээд, дөнгөж эхэлж байна. Дахиад гурван жил ажиллана. Ямар ч байсан эдийн засгийн нөхцөл байдалдаа анхаараад, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа нь сайн хэрэг.

-Гүйцэтгэх засаглал хэтэрхий өөдрөг хараад, тайвшруулаад байна уу гэж бодогдох юм. Танд тэгж санагдаж байна уу?

Судлаачийн хувьд харахад, дүгнэлт арай өөдрөг хэвээрээ байгаад байна. Олон улсын зах зээл дээр гарч байгаа мэдээллийг харсан ч тэр. АНУ-ын ерөнхийлөгч тангаргаа өргөснөөс хойш удаа дараа тарифын асуудал хөндөгдөж байна. Одоо энэ нөхцөл байдал нэлээд тодорхой болоод ирлээ. Энэ асуудал зөвхөн АНУ, хоёр хөршийн асуудал биш, Канад, Европын холбоонд хүртэл хамаарч байна. Тэр дотроос манайд хамааралтай асуудал бол гангийн татварын тухай асуудал. Энэ хөндөгдөөд байгаа учраас дэлхий нийтээрээ хөдөлгөөнд орох гэж байна. Жишээлбэл, Канад, Европын холбооны ган дээр тариф тогтоохтой холбоотойгоор дэлхий нийтэд байсан эрэлт, нийлүүлэлт өөр болох гэж байна шүү дээ. Хятад улсын зөвхөн АНУ-д нийлүүлж байгаа ган бус, Европын холбоонд нийлүүлэх ганд тогтворгүй байдал үүсэх нь. Үндсэндээ дэлхийн зах зээл дээр гангийн илүүдэл үүсэх гэж байна. Үүнийг Хятад улс түрүүлж хараад, хоёр их хурлынхаа үеэр тодорхой түвшинд хэлэлцэж, Хятадын шинэтгэлийн хорооноос мэдэгдэл хийж байна шүү дээ. Нэгдүгээрт, дотоодын эдийн засгийн асуудал байна. Дээр нь тарифын маргаантай асуудлууд байгаа учраас дотооддоо бүтцийн тохируулга хийж, гангийн үйлдвэрлэлээ сая тонноор бууруулна гэж мэдэгдлээ. Жилдээ нэг тэрбум, зарим жилд нэг тэрбум 36 сая тонн үйлдвэрлэдгээ бууруулах тухай ярьж байна.

-Ийм таагүй нөхцөлд бид өнгөрсөн оны гүйцэтгэлээ хараад, дүгнэлт хийгээд байж болохгүй нь, тийм ээ?

-Тийм ээ. 2023,2024 оны гүйцэтгэл маань өнгөрсөн түүх болчихсон. Монгол Улсын сүүлийн 20 жилийн эдийн засгийн циклийг харахаар бидний өөдрөг байсан жил 2-3 жил л үргэлжилсэн. Бид 2008, 2009 оны хямралыг туулсан. 2013-2016 оны түүхий эдийн уналт гэдэг зүйлийг туулсан. Дараа нь ковидын үе гээд, бид гурван удаа үндсэндээ санхүүгийн хүндрэлд орчихсон. Энэнээсээ одоо сургамж авах ёстой. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш унахдаа нэг их айхтар холоос дохио өгөөд, очиж байна шүү гэж ирдэггүй. Үйл явдал болоод өнгөрсөн. Тэгэхээр харьцангуй жижиг эдийн засаг, ялангуяа энэ том эдийн засгийн хажууд дагаж явдаг эдийн засгийн хувьд болж байгаа үйл явдлыг бид урьдчилж харж сэргийлэх ёстой. Монгол Улсын экспортын түүхий эдийн эзэлж буй хувийг харсан ч зэсийн баяжмал л дэлхийн зах зээл дээр нөлөө бүхий байна. Бусад нь хаа ч байхгүй, бид дэлхийн зах зээл дээр эхний арав, 20-д ч багтахгүй. 80 сая тонн гээд асар том тоо яриад байгаа мэт боловч дэлхийн зах зээл дээр бүхий л нийлүүлэгч улс орнуудыг аваад үзвэл тийм том биш. Зөвхөн коксжих нүүрсээрээ л Монгол Улс дэлхийн зах зээл дээр 4, 5-д орж байна. Үндсэндээ бидэнд ийм хоёр хүчин зүйл л байна. Тэгэхээр нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас бид одоо үүсч байгаа нөхцөл байдал дээр илүү анхааралтай дүгнэлт хийж байж арга хэмжээ авахгүй бол зөвхөн нэг, хоёрдугаар сарын төсвийн орлогын гүйцэтгэл сайн байна гэж хэлж байгаа нь арай л болгоомжтой биш байна. Эрсдэлээ төдийлөн сайн олж харж чадахгүй байна. Ялангуяа эдийн засаг хурдацтай тэлсэн учраас хэрвээ асуудал үүсвэл учирч болох эрсдэл маш өндөр юм. 2015, 2016 онд бид ямар их хүндрэлтэй байдалд орж байлаа. Цалин, тэтгэврээ өгч чадахгүй, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Тэр үед Японы Засгийн газар маш том буюу 5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж байж бид эргээд хөл дээрээ зогссон. Энэ байдлаасаа бид сургамж аваад, урьдчилсан бэлтгэл арга хэмжээ авахгүй бол бидэнд хувилбар бага.

-Ойрын хугацаанд ямар эрсдэлүүд гарч болзошгүй байна вэ?

Нэгдүгээрт, олон улсын зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурах маш өндөр магадлалтай. Өнгөрсөн оны тоон мэдээллийг харахад, Монголын нийт нүүрсний экспорт биет хэмжээгээр өссөн боловч үнийн хувьд буурсан байна. Яг хилийн тодорхой боомтуудаар аваад үзэхээр Хятадын Дайлан боомт дээр өнгөрсөн оны турш нүүрсний үнэ буурсан. Манай Сэхэ, Ганцмодны боомт дээр, Хятадын гаалийн байгууллагаас гаргадаг нүүрсний ханш бас буурсан байна. Манай дотоодод мэдээлэгдэж байгаагаар 80 гаруй ам.доллар гэж яригдаад байна. Нэгэнт дотооддоо ийм арга хэмжээ авч байгаа учраас энэ үнэ цаашдаа буурах хандлагатай. Хятадын судалгааны хэд хэдэн байгууллага, судлаачдын судалгааг үзлээ. Энэ дээр нүүрсний үнэ ханш өсөх тухай таамаглал ерөөсөө алга байна. Манай нүүрсний экспорт 57 хувь эзэлж байгаа. Ийм том хувийн жин эзэлж байгаа тул үүнийг нөхөх боломж бидэнд маш бага. Одоо хоёрдугаар сарын статистик мэдээллийг харахад зөвхөн нүүрс, зэсийн баяжмал гээд хоёрхон түүхий эд дээр л орлого нь өссөн байна. Бусад түүхий эдийн 5-6 нэр төрөл буурсан. Тэр бууралтыг нөхөх боломж бидэнд ерөөсөө байхгүй. Гол гурван нэр төрлийн түүхий эдийн экспортын орлого өссөн. Нийт өссөн дүн нь 162 сая ам.доллар. Нүүрс болон бусад түүхий эдийн бууралт 482 сая ам.доллар. Ингээд зөрүүг харахад өнгөрсөн оноос 320 сая ам.доллараар буурсан байна. Энийгээ бид жилийн эцэст бодоод, нүүрсний орлого өнгөрсөн онд 8.7 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ том дүнтэй орлогын бууралтыг бид бусад түүхий эдээр нөхөх боломж маш бага.

 -Засгийн газар алтны экспортын орлогоор нүүрсний орлогын бууралтыг нөхөх тухай ярьсан. Ийм боломж бий юу ?

Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд алтны экспорт бусад түүхий эдийн орлогоо нөхнө гэж ярьсан. Алтны орлогын хувьд тодорхой хэмжээгээр нөхөх боломж байгаа байх. Үнэ ханш нь сайн байна. Гэхдээ энэ нь нүүрсний орлогыг бас төдийлөн орлож чадахгүй болов уу. Нөгөө талаар алтны экспортын, алтны орлогын тухайд дутагдалтай тал бий. Манайд нүүрс экспортлогч компаниуд 10 гаруй байна. Тэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд төсөвт оруулах орлого нь арай өндөр. Гэтэл алт олборлогч цөөхөн компаний бий. Алтны олборлолт, тушаалт нэмэгдлээ ч түүнээс төсөвт орох орлого хамаагүй бага, нүүрсний компаниудынхыг гүйцэхгүй. Ийм эрсдэлүүд байна.

 -Сангийн сайд нүүрсний үнэ нэлээд унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна гэж мэдэгдсэн. Гэтэл төсвийг зайлшгүй тодотгохоос өөр аргагүй байдалд хүрээд буй талаар эдийн засагчид хэлж байна. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

Бид зөвлөгөө өгдөг байгууллага. Шийдвэр гаргахад УИХ-ын гишүүдэд зориулж зөвлөгөө өгч байгаа юм. Ийм асуудал байна шүү, ийм асуудлаар судалгаа хийх хэрэгтэй гэх мэтчилэн. Мэдээж шийдвэр гаргахыг санаачлах эрх нь Засгийн газарт, хэлэлцэн батлах уу гэдэг нь УИХ-ын мэдлийн асуудал. Энэ асуудал дээр ямар болгоомжлол байна вэ гэхээр, 2022 оноос хойш үндсэндээ гурван жилийн амжилттай түүх маань одоо дуусч байна. Манайд эдийн засгийн өнгөрсөн түүх өөрөө үүнийг хэлээд байгаа байхгүй юу. Бид төрөлжсөн эдийн засаг биш учраас ковидын дараа 2021 оноос хойших шиг эдийн засгаа явна гэж төсөөлөөд байна. Манай эдийн засагт тийм түүх байхгүй. Вьетнам, Зүүн Европын орнууд шиг олон худалдааны түнштэй, эдийн засгийн худалдааны олон түнштэй, аж үйлдвэр нь төрөлжсөн салбартай бол бид тэгж өөдрөг төсөөлөх боломжтой. Харамсалтай нь, манайх экспортынхоо 92 хувийг ганцхан зах зээлд нийлүүлдэг улс. Тэр улс нь ямар бодлого барьж байгаа нь өнөөдөр харагдаад байна шүү дээ. Олон улсын зөрчилдөөнтэй асуудал, дотоодын эдийн засгийн түвэгтэй асуудал байна. Ийм учраас төсвийн орлого айхтар өөдрөг байна гэж төсөөлөх боломж байхгүй. Өнгөрсөн оны намар 2025 оны төсөвт хийсэн дүггнэлт дээрээ ч хэлсэн. Дахиад нэг болгоомжлох зүйл байгаа юм.

-Тэр нь юу вэ?

Өнгөрсөн намар буюу наймдугаар сарын 27-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталсан.Хөтөлбөр маань гарсан, гэхдээ тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө хэд вэ гэдгийг тооцоогүй. 2025, 2026, 2027 онд тавьсан зорилт байгаа, түүнийгээ хэрэгжүүлэх мөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэдэг тооцоо байхгүй. УИХын тогтоолоор хөтөлбөрийг батлахдаа Засгийн газарт үүрэг өгсөн. Хөтөлбөрөө бид баталчихлаа, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тооцооллыг хийгээд, эргэж танилцуулаарай гэсэн үүрэг өгсөн. Харамсалтай нь, тэр хийгдээгүй, долоо найман сар өнгөрсөн байна. Дахиад нэг асуудал нь юу вэ гэхээр нэг, хоёрдугаар сард Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж маш том дүнтэй төлөвлөгөө баталчихлаа. 2025-2040 он хүртэл 15 жил хэрэгжүүлэх төлөвлөгөө. Танилцуулга дээрээ нийт дүн нь бараг 240 их наяд. Улсын төсвөөс гарах нь бараг 96 их наяд. Жигд хуваарилбал нэг жилд улсын төсвөөс гарах мөнгө нь зургаан их наяд болох гэж байна. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой хэсэг нь бий, бүтнээрээ байхгүй зорилт. Одоо бидэнд юу хэрэгтэй байна вэ гэхээр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтуудаа хангахад ямар эх үүсвэр хэрэгтэй юм бэ. Бичсэн төслүүдээ үнэлэх хэрэгтэй. Нэмэх нь Улаанбаатар хот 2040, УИХ-аас Хархорин хот байгуулахаар баталсан. Энэ болгоныг нэмээд, ирэх дөрвөн жилд бидэнд ямар мөнгө хэрэгтэй вэ гэдэг тооцоо байхгүй. Тэр байхгүй байхад бид дараагийн гурван жилийн төслийн асуудлыг ярих боломжгүй. Тэгэхээр бидний эдийн засаг өөдрөг байхад тавьсан зорилт маань асар өндөр. Бодит нөхцөл байдал өөр. Энэ хоёрын зөрүүгээр төсөвт ирэх ачаалал маш өндөр.

 -Монгол Улс шатахууны экспортод 1.9 тэрбум ам.доллар гадагш нь урсгаж байна гэж мэдээлж байна. Бид үүнийг яаж либералчилж шатахуунтай болох вэ. Та бодлоо хуваалцахгүй юу?

-Улс орны хувьд газар зүйн нөхцөл байдал маш чухал. Манай улс олон жилийн турш хоёр хөрштэй явж ирсэн. Дэлхийн далайд гарцгүй 44 улсын нэг. Далайд гарцгүй улсуудад тулгардаг худалдааны, тээврийн зардал өндөр бэрхшээл бий. Дэлхийн зах зээл дээр түлш шатахуун экспортолдог орон маш олон. Гэхдээ бид тээвэрлэлтийн өртөг зардлаасаа хамаараад хамгийн ойрхон байгаа ОХУ-аас л 70, 80 жил бараг шатахуун оруулж ирж байна. Одоо төрөлжүүлье гээд. Ялангуяа намрын улиралд Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр дээр урсгал засвар орох үед бид найм, есдүгээр сард шатахууны хомсдолд ордог. Энэ байдал өнөөдөр ч хэвээрээ л байна.

-Хятад улсаас шатахуун авах хэрэгтэй гэж зарим хүмүүс үздэг?

Хятад улсын шатахуун нэгдүгээрт, үнийн хувьд ОХУ-аас авдгаас 20, 30 центээр өндөр. Дээр нь байнгын гэрээ хийдэггүй. Дутагдсан үедээ гүйж очиж аваад, гайгүй болонгуут мартчихдаг. Тэгэхээр ийм найдваргүй худалдан авагчидтай гэрээ хийх хүсэлгүй байна шүү дээ. Нэг, хоёр сар аваад л больдог байдлаа бид тогтворжуулах ёстой. Бидний байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр стратегийн хувьд чухал. Бидэнд үйлдвэрээ байгуулаад, ямар үнэ өртгөөр гаргах вэ, өрсөлдөх чадвартай юу гэх мэт олон асуудал бий. Энэ ажил харамсалтай нь нэлээд сунжирч байна. Төслийн үнэ өртөг нэмэгдэж байна. Одоо танилцуулж байгаагаар 2028, 2029 онд л ашиглалтад орохоор байна. Санаа зовоож байгаа асуудал бол энэ үйлдвэр яг иж бүрнээрээ ашиглалтад орох уу гэдэг асуудал. Үйлдвэр, дамжуулах хоолойг бид хариуцаж буй. Гэтэл шингэн бүтээгдэхүүн болохоос тоологддог бараа, мах, гурил биш байхгүй юу. Ийм учраас борлуулалтын сүлжээ маш чухал. Борлуулалтын сүлжээ сайн байж байж үйлдвэр жигд ажиллана. Яагаад гэхээр газрын тос үйлдвэрийн нэрэх цооногоор орж ирээд, нефть болох процесс жилийн 365 хоног тасралтгүй явах ёстой. Тэр нөхцөлийг бүрдүүлж байж үйлдвэрээ эхлүүлэх ёстой. Тэгэхгүй бол газрын тос тасалдвал үйлдвэрлэл зогсоно. Галт тэрэг, вагонд тээвэрлэж байгаа, мөн агуулах нь дүүрчихвэл бас зогсоно.

-Шатахуунаар ер нь биеэ даахгүй бол Монгол Улс цаашид ч хэцүүхэн байдалтай хэвээр байх нь ойлгомжтой. Та санал нийлж байна уу?

Тийм. Шатахуунаар биеэ даахгүй бол намрын байдал ч хүндрэх магадлалтай. Бид энэ хүрээнд ОХУ-аас гадна бас дахин өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж, тодорхой оролдлого хийх хэрэгтэй. Жишээлбэл, Казахстан улс ОХУ-ын адил хямд шатахуунтай. Манайх тус улсаас авч чадвал боломжтой гэж бодож байгаа юм. Үүнд дахиад тээвэр ложистикийн асуудал бий. Энэ асуудал дээр гурван улсын хамтарсан ложистикийн асуудлыг шийдэх шаардлага тулгарч байгаа юм. Казахстанаас дамжсан Евразийн төмөр зам Говь-Алтайн урд талд, Хятадын нутгаар дайрч байгаа байхгүй юу. Тэгэхээр бид энэ тээвэрлэлтийн урсгал дээр Казахстанаас авах газрын тосны тээвэр ложистикоо шийдэх хэрэгтэй. Мэдээж их хэмжээний асуудал биш. Нэг цуваа явахад 2-3 нь Монголын газрын тос байж болно. Ийм байдлаар шийдээд, газрын тосоо Монгол руу дамжуулаад авч болно. Тэгэхээр Баянхонгор, Говь-Алтайд цомхон жижигхэн үйлдвэр байж болох байхгүй юу.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно DNN.mn

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Ула...

img

5 цагийн дараа

Дундговь аймагт 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар  (2025.03.13) Дундговь ай...

img

4 цагийн дараа

Чансаа өндөр 64 бөхийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөг гардана DNN.mn

Үндэсний үйлдвэрлэгч “Бест Буйдан” компанийн нэрэмжит “Best buzzer-2025” өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн...

img

4 цагийн дараа

Хүнсний ногооны урамшуулалд 8.2 тэрбум төгрөг олгоод байна DNN.mn

Тариаланчдыг дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан хүнснийн ногооны урамшууллыг олгожээ. Хүн...

img

3 цагийн дараа

Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэли...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд