мэдээ
М.Буянбадрах: Нийгмийн даатгалын шимтгэл хувийн хэвшилд хамгийн том саад болж байна

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 4 сарын 15

24

Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбооны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ татварын реформ хийх, татварын дарамтыг бууруулах талаар нэлээн олон удаа мэдэгдсэн. Сангийн яам, Татварын ерөнхий газарт өөрөө очиж, үүрэг даалгавар өгсөн. Татварын дарамт яг ямар салбар дээр ямар хүндрэл үүсгээд байна вэ?
-Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид хүндрэлтэй асуудлуудаа семинар, хурал, форум дээр, татварын хэлэлцүүлгүүд дээр хангалттай ярьж байна. Татварын шинэчлэл зайлшгүй хийгдэх ёстой гэдэг асуудлыг Д.Занданшатар дарга 2024 онд гаргаж ирж байсан. Олон асуудлыг яримаар байгаа боловч хүндрэлтэй асуудлыг онцолж дурдъя. НӨАТ бол эцсийн хэрэглэгч төлдөг татвар. Үнийн өсөлтөөс шалт гаалж орлого багатай эцсийн хэрэглэгчдэд хүндрэл үүсч, харин НӨАТ суутган төлөгч, үйлдвэрлэгч нарын хувьд худалдан авалтад төлсөн НӨАТ-аа хасуулж чадахгүй өндөр ногдол гараад төлж чадахгүй өрийн дарамт үүсдэг нь үнэн.
И-баримт өгдөггүй газрууд олширсоор байгааг Татварын алба таслан зогсоох хэрэгтэй. НӨАТ-ын босго, хувь хэмжээг хэд болгож өөрчлөхийг гишүүд сайн судалж байж батлах хэрэгтэй. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт ач холбогдолтой ч хэт хавтгайрахаараа татварын гажуудлыг үүсгэдэг.
-Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуй, бизнес эрхлэгчдэд багагүй дарамт болж буй. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-НДШ-ийн асуудлыг татварын реформтой хамтатган зөв оновчтой шийдвэрлэхгүй бол цалин авч буй иргэдэд ч, ажлын байр бий болгож цалин олгож буй бүх байгууллагад маш хүндрэлтэй байна. Хувийн хэвшил үйл ажиллагаагаа хэвийн явуулах, өргөтгөхөд хамгийн том саад болж байна. Зоригтой өөрчлөлт хийх цаг нь болсон.
-Та олон жил АМНАТ-ийн асуудлыг хөндөж ярьсаар ирлээ. АМНАТ-ийг хэрхэн зохицуулбал оновчтой вэ?
-АМНАТ-ийн асуудлыг Татварын реформоос тусад нь авч үзэж болохгүй. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалт, энэ чиглэлийн мега төслүүдийн үйлдвэрийн хөгжил энэхүү төлбөрийн хуультай салшгүй холбоотой. Ашигт малтмалын хуулиас тусдаа бие даасан төлбөрийн хууль болгох цаг нь болсон. Төсвийн орлогоо амар хялбар бүрдүүлэхийн тулд хуулиа өөрчилсөөр байгаад хамгийн их татварын дарамт, маш их маргаан үүсгэдэг болгочихсон. АМНАТ бол ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд заавал төлөгдөх ёстой төлбөр. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй өөрийн ордгүй үйлдвэрүүдийг АМНАТ төлүүлдэг болгосноор бүгд өрөнд орж хаалгаа бариад байна.
-Уг нь төрийн нийтийн өмчөөс л АМНАТ авах зарчимтай байх?
-Тийм ээ. Одоо төрийн өмчөөс АМНАТ нь төлөгдөөд, компанийн өмчөөс АМНАТ авдаг ойлгомжгүй байдлыг үүсгэсэн. УИХ-д Ашигт малтмалын тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хууль чинь Монгол Улсын хөгжлийн чигийг харуулах том салбарын суурь хууль шүү дээ. Энэ хуулиа өөрчилсөөр байгаад, хөгжлийн гацаа болгоод орхисон. Хайгуулын салбар хоцрогдолд орж, шинэ орд, нөөц нэмэгдэхээ больсон. Ашиглаж байгаа ордуудын нөөц багассаар, орон нутагт уул уурхайн салбарын өгөөж муу болсон. Сүүлийн зургаан жил энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх жагсаалтад оруулдаг боловч Засгийн газраас өргөн барихгүйгээс хойшлогдсоор ирсэн. ГХО хэр орж ирэх, хайгуулын салбар сэргэх үү, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд сэргэх үү, шинээр баригдах уу, ажлын байр, валютын болон татварын орлого нэмэгдэх үү гэсэн олон хүлээлтийг үүсгэсэн байна. УИХ-ын гишүүд өмнө алдсан алдаануудыг засч залруулах үүрэг хүлээгээд байна даа.
-Нүүрс, төмрийн хүдрийн ханш унасаар байна. Уналт хэдийд дуусах бол. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний ач холбогдол болон газрын ховор элементийн талаар та бодлоо хуваалцахгүй юу?
-Том гүрнүүдийн худалдааны асуудлуудаас шалтгаалан нэлээд урт хугацаанд манай төсвийн орлогын эх үүсвэр болох нүүрс, төмрийн хүдрийн ханш өсөх магадлал маш бага харагдаж байна. Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд 2019 онд АМНАТ ногдуулдаг болсноос хойш өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд бүгд АМНАТ-ийн өрөнд орж хаалгаа барьсан. 1500 гаруй ажилчин ажилгүй, үйлдвэр нь ашиглалтгүй зургаан жил гаруй боллоо. АМНАТ-ын буруу бодлого нэвтрүүлсэн Сангийн яам алдаагаа засч залруулахгүй өнөөг хүргэлээ.
-Алдагдсан боломжийн өртгөөр яривал том тоо гарах байх?
-Эдгээр үйлдвэрүүд хэвийн ажиллаж байсан бол орон нутагтаа 10 орчим төрлийн татвараа төлөөд, нүүрснээс хагас кокс, металлургийн кокс, агуулга багатай төмрийн хүдрээс хорголжин, ширэм, агуулга багатай жоншны хүдрээс баяжмал, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан. Агуулга багатай жоншны хүдэр 4 вагон = 1 вагон жоншны баяжмал. Жоншны хүдрээ шороотой чигээр нь экспортолсоор байгааг анхаардаг байгууллага байхгүй. Газрын ховор элемент дээр хамтарч ажиллая гэж гадаадад явсан дарга болгон дуугардаг болсон. Тэр чухал ашигт малтмалын ганц ордоо хайгуул ч хийлгэхгүй гацаагаад зогсоогоод байгаа нь маш харамсалтай. Ашиглаад эхэллээ гэж бодоход АМНАТ ногдуулах эрх зүйн орчин маш ойлгомжгүй, баяжуулах үйлдвэрийг орд эзэмшигч байгуулж чадах уу гэх зэрэг хүндрэлтэй асуудлууд олон байна.
-Ашигт малтмал экспортолж буй компаниудад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
-Гурван том хүндрэл байна. Нэгдүгээрт, “жишиг үнэ” гэж гэрээний үнээс нь 40-80 хувиар борлуулсан гэж үзээд, олоогүй орлогоос нь хүчээр АМНАТ ногдуулдаг. Үүнээс болж маш олон компани өртэй болсон. Хоёрдугаарт, “Давхар АМНАТ”. Бага агуулгатай хүдрийг НӨАТ-тай, АМНАТ шингэсэн үнээр худалдан авч баяжуулж, боловсруулаад, экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг. Монгол Улс нэмүү өртөг шингэсэн экспортын үйлдвэрлэлээ дэмждэггүй цорын ганц улс болоод байна. Гуравдугаарт, “дагалдах металл”-ын асуудал. Төмрийн хүдэр, зэсийн баяжмалд ногдох АМНАТ-ийг экспортолсны дараа төлүүлээд, хэдэн сар, жилийн дараа маш багаар агуулагддаг дагалдах металлд лабораторийн дүгнэлтийн дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулдаг. Маргаан их дагуулдаг эдгээр асуудлуудыг одоо оновчтой шийдэхгүй бол өрийн болон шүүхийн маргаан улам үргэлжлэх болно. Монгол-Австралийн АМЕП төсөл энэ чиглэлээр маш ойлгомжтой зөвлөмж гаргасан. Ашиг лахгүй юм даа.
-Энд ямар зохицуулалт дутагдаж байна вэ?
-Алтны борлуулалт, Оюу толгойн зэсийн баяжмалын АМНАТ 5 хувь байдаг шиг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлүүд, мега төсөл хэрэгжүүлэгчдийн АМНАТ-ыг 5 хувь болгох хэрэгтэй. Мега төслүүд хэрэгжүүлнэ гээд байдаг. Тэд өрсөлдөх чадвар сайтай нөхцөлд тогтвортой ажиллаж, хөрөнгө оруулалтаа нөхнө. Мега төслүүд саатвал, зогсвол маш их хохирол үүсэх эрсдэлтэй тул эхнээс нь зөв бодлогоор дэмжих хэрэгтэй.
-Зарим улстөрчид улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ашигт малтмалын ордын 34, 50 хувийг ард түмний мэдэлд өгнө гэж ярьж буй. Та санал нэг байна уу?
-Олон ордод хайгуул хийж, маш их хугацаа, асар их хөрөнгө зарцуулж, эрсдэл гаргасны үр дүнд ашиглах боломжтой цөөн ордыг илрүүлдэг. 34, 50 хувийг төр эзэмшээд ямар үр дүнд хүрэх билээ? Засгийн газрын БЭТ хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх ажлаа эхлүүлсэн гэсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Уянгын хэлсэн, борлуулалтын орлогоос тодорхой хувь хэмжээгээр Баялгийн санд төвлөрүүлэх санал зөв хувилбар байж болно. Шууд хувь эзэмшдэг тогтолцоо бусад оронд байдаггүй. Олоогүй орлогоос, зараагүй металлаас, хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд АМНАТ ногдуулдаг, дэлхийд байхгүй гажиг тогтолцооноос гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид их айдаг болсон. Энэ УИХ “татварын реформ”-ын хүрээнд АМНАТ-ын зөв бодлого гаргаасай. Үр дүнд нь ашигт малтмалаа нэмүү өртөг шингээж, илүү валют оруулж ирэх, дотооддоо олон ажлын байр бий болгож, эдийн засгаа солонгоруулж, олон төрлийн бүтээгдэхүүн экспортолдог боломжууд нээгдэнэ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Д.Эрдэнэтуяа





СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Тухайлбал...
8 цагийн дараа
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 552, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж ба...
8 цагийн дараа
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэг...
7 цагийн дараа
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа...
7 цагийн дараа
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
Иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимтэй өрн...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд