мэдээ
БОХХААБХ: Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ

Админ
2025 оны 4 сарын 15

63

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаан 10 цаг 53 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.
Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн /бүрэн эхээр нь эндээс// танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авна гэсний дагуу өргөдлийг хүлээн авсан. Нийт 71,452 иргэн гарын үсэг зурснаар нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, А.Ундраа, Б.Уянга, О.Саранчулуун нар ажилласан гэв.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар зохион байгуулах ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг томилж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр зохион байгуулахаар тогтож, тус Байнгын хорооны 10 дугаар тогтоолыг баталсан. Ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд эдгээр хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 194 иргэн, төрийн байгууллагын 93 албан тушаалтан оролцож, 75 иргэдийн төлөөлөл холбогдох төрийн байгууллагаас асуулт асууж, хариулт авч, 28 иргэн танилцуулга хийснийг дурдлаа.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Төрийн ордонд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий хяналтын сонсгол явуулах талаар зар мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сонсголд оролцогчдыг бүртгэлээ. Сонголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн бус байгууллагын төлөөлөл 6, иргэд 94, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл буюу шууд дамжуулалт хийх хоёр телевиз, нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагын төлөөлөл 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс 46 хүн оролцсон гэв.
Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлтийг танилцуулав. Уг дүгнэлтэд:
1.Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой хүн амын эрүүл мэнд, амь насанд угаартах аюул учирсаар байх тул угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах, “Таван толгой” түлш ХХК, Нийслэлийн засаг даргын тамгын газраас айл бүрийн эрсдэлийг үнэлж, арилгах;
2.Эрүүл мэндийн яамны зүгээс агаарын бохирдолд өндөр эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэнд, угаартаж амь насаа алдсан нийт хүн амын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс сэргийлэх, хамгаалах ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах;
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх;
4.Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох үйл ажиллагааг явуулах;
5.Цаашид нийслэлийг хатуу түлшний хэрэглээнээс гаргаж хийн болон бусад төрлийн түлшний хэрэглээнд нэвтрүүлэхдээ ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийсэн байхад анхаарах;
6.Гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, дулаалгын шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн дунд чөлөөт өрсөлдөөн бий болгох чиглэлээр үе шаттай арга хэмжээг салбарын яамны зүгээс авч хэрэгжүүлэн мөрдүүлэх;
7.Орон нутаг бүр агаарын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах, хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх;
8.Салбарын яамны зүгээс орон нутагт агаар бохирдуулагч бүрийг хэмжих чадавхыг бий болгож, хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай талаар дурдсан байлаа.
Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, П.Батчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгагдсан угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах зэрэг хувь хүний хариуцлагатай холбоотой зүйлийг тусгах нь зүйтэй эсэх, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох санхүүгийн боломж нөөц хэр байгааг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, иргэдийн амь насанд халтай угаарын хий гаргадаг түлш үйлдвэрлэх, мэдрэгчийг айл бүрд байршуулах зэрэг бизнесийг дэмжсэн ажлыг Байнгын хорооны тогтоолд тусгасан шалтгааны талаар тодруулж, хариулт авсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат нийслэл Улаанбаатар хот утаагүй өвөлжсөн тохиолдлууд бий. Өнөөдөр агаарын бохирдол ихэссэн шалтгааныг хяналтын сонсголоор хэрхэн дүгнэснийг тодруулав.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн хариултдаа, 2019-2021 оны өвөл агаар цэвэрхэн байсан шалтгаан нь нийслэл Улаанбаатар хотын томоохон уурын зуухуудад хатуу хяналттайгаар түүхий нүүрс оруулсныг эс тооцвол бусдаар түүхий нүүрс хэрэглэхийг хатуу хориглосон. Мөн барьцалдуулагчдаа тааруулан шахмал түлшний стандарт бууруулсан, түлш хатаах технологи нь өөрчлөгдсөн байсан.Түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхэд тавих хяналт байхгүй болсон. Түүнчлэн тухайн үед 5 мянга гаруй төрийн албан хаагчийг дайчлан өвлийн цагаар бохир утаа гаргасан айл руу очиж хяналт тавьж, түлшийг нь солиулж байсан. Энэ нь маш том соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байлаа. Энэ бүх сайн туршлага байхгүй болсон хэмээн хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, сүүлийн 20 гаруй жил утааг бууруулах чиглэлээрх санал санаачилгыг гаргаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг баталсан. Гэвч утаанаас болж 779 иргэн амь насаа алдаж, 5 тэрбум төгрөгийг утааг багасгахад зарцуулсан боловч үр дүнд хүрээгүй байгаа тул энэ удаагийн парламент манлайлал үзүүлж утааг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, түлш, хийг ашиглаж л байвал утаа гарах нь дамжиггүй. Иймд нийслэлийн утааны хүлээн зөвшөөрөх хэмжээг тогтоож, түлш, зуух, утаа мэдрэгч, яндангийн техникийн зохицуулалтыг баталж, хяналт тавихад анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Ингээд ажлын хэсгийн тайланг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс үзсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэснийг дурдлаа.
Төсөлд угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, агаарын бохирдлын талаарх мэдээллийг иргэдэд өдөр бүр тогтмол мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох, зорилтот бүлэгт хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй эмзэг бүлгийн хүн ам болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зэрэг 13 заалтыг тусгасныг Ж.Чинбүрэн гишүүн танилцуулгадаа онцлов.
Тогтоолдын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд эсвэл Шадар сайд зэрэг салбар дундын уялдааг хангуулах албан тушаалтнаар ахлуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дараагийн төслийг Засгийн газраас танилцуулах чиглэл өгөхийн зэрэгцээ, тогтоолын төсөлд дотоод орчны бохирдлын асуудлыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа дулаалгын нэгдсэн стандарт боловсруулах, барилгын дулаалгатай холбогдох стандартуудыг шинэчлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлэв.
Ингээд Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн бэлтгэсэн тогтоолын төслийг нэгтгэн, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгахаар боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулахаар тогтлоо.
Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараас, “Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно авласан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй”, “Энэ хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төсөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан “Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн удирдамжийг батлахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.





СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Тухайлбал...
8 цагийн дараа
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 552, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж ба...
8 цагийн дараа
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэг...
7 цагийн дараа
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа...
7 цагийн дараа
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
Иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимтэй өрн...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд