мэдээ
Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань Европт хөл тавьж буйд Монголоороо бахархаж байна

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 4 сарын 21

61

МЗЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн хошой шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын Цогнэмэхтэй ярилцлаа.
-УДЭТ-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн зохиол, төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээрээ 12 дахь удаагийн МИТЕМ олон улсын театрын наадмыг нээх гэж байна хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр шуугих боллоо. Та зохиолчийн хувьд оролцох уу?
-Оролцоно. Унгарт болох “МИТЕМ-12” олон улсын наадам бол дэлхийн тайз. Тус наадмыг нээхээр манай “Тэнгэрийн хүү” жүжгийг Европын зохион байгуулагчид сонгосонд туйлаас баяртай байна. Өнөөдөр (дөрөвдүгээр сарын 19-нд) Н.Наранбаатар найруулагч тэргүүтэй толгойн баг Будапешт руу мордлоо. Үлдсэн цөм хэсэг нь 21-ний өглөө мордоно. Ер нь 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр Европт хөл тавих гэж байна.
-УДЭТ-ын хувьд анхны удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ театрын өлгий нутаг Унгарт хөл тавьж байгаа гэл үү?
-Тийм л дээ. 1949 онд Улсын төв театр нэртэй байхдаа дуучид, хөгжимчид оролцож байсан юм билээ. Монгол Улсын театрын урлагийн хөгжлийг нэг шат ахиулж буй түүхэн үйл явдал болж байна.
Зохиолч миний хувьд дорнын их найрагч Б.Явуухулангийн “Хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаглалыг биелүүлсэн уран бүтээлчийн халуун догдлолтой байна. Онцгойлон өгүүлэхэд, би Гүрү багш Д.Урианхай хэмээх их хүмүний ачийг бага ч атугай хариулж байгаа юм. Багш маань сонсоод тунчиг баяртай байсан даа. Манай уран зохиол, урлаг соёл, түүхэн өв маань шавийн маань жүжгээр дамжин театрын хэлээр дэлхийн тавцанд цуурайтлаа шүү дээ. Монголчуудын маань цааш ахих үндэс болтугай хэмээн ерөөсөн.
-“МИТЕМ-12” олон улсын театрын наадмын талаар товч мэдээлэл өгөх үү?
-2025 он бол Монгол, Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй жил. Манай жүжгийг “Go Mongolia” уриан дор хоёр орны соёл, түүхийн харилцааг өргөжүүлэхээр тоглож байгаа гэж ойлгож болно. Соёлын яамнаас дэмжиж байгаа. Энэ наадамд УДЭТ оролцож байгаа нь урлагийн ахисан түвшний амжилтаар зөвхөн хязгаарлагдахгүй. Эх орныхоо нэр хүндийг дэлхийн тайзнаа өргөж байна. Чингисийн монголчууд, Модуны монголчууд үндэстний ялгамжаа, соёлын огторгуйчлал, түүхийн бахархлаа Европынхонд хадаг дэлгэх шиг өргөн барьж байна. Ашгийн төлөө бус, уран бүтээлийн дээд чанар, урлагийн үнэ цэнийг гүнээ дээдэлдэг Серби, Мексик, Македони, Румын, Турк, Грек, Орос, Гүрж, Бельги, Итали, Польш, Хятад, Япон, Израиль, Франц зэрэг 30 шахам орны дэлхийн шилдэгт тооцогддог театруудтай нэг тайзнаа манай УДЭТ өрсөлдөнө шүү дээ.
-Үнэхээр нэр төрийн хэрэг юм даа, Монголын театрын хувьд?
-Тэгэлгүй яахав. Энэ наадам нь 2014 оноос хойш Унгарын үндэсний театраас санаачлан зохион байгуулсаар энэ жил 12 дахь хавартайгаа золгож байгаа юм билээ. Монголын үзэгчдийн хувьд “Тэнгэрийн хүү”-г сайн мэдэх тул нуршин ярих нь илүүц биз. Өнгөрсөн жил Н.Наранбаатар найруулагч бид нар ярилцаад тус жүжгээ шинэчилсэн. 15 үзэгдлийг 10 болгож шигшсэн. Ер нь бол шинэчилсэн зохиол, шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр “шинэ” жүжиг тавьлаа гэсэн үг. 2011 оноос хойш Хүннү судлалаар маш олон судалгааны ажил, түүхийн шинжлэх ухааны нээлтүүд ч боллоо. Шинэчлэх цаг нь болсон байсан. 2011 онд бид Хүн гүрэн бол монголчуудын өвөг дээдэс мөн гэсэн Г.Сүхбаатар түүхчийн номлолыг уран бүтээлээрээ баталсан. Бас газар шороо бол улсын үндэс мөн гэсэн Модун шаньюйн алдарт тунхагийг өнөөгийнхөндөө, төр засгийнханд, хойч үеийнхэнд сануулахыг зорьсон. Тэр нь ч биелсэн. Төрийн ялзрал доройтлыг ч урьдчилан сануулж байлаа. Одоо та бүхэн эргэн тойрноо нэгжин хар даа. “Хаан хүмүн гэдэг ард түмнийхээ зарц нь байхын нэр буюу” хэмээх алдаршсан олон сануулгуудаараа жүжиг маань дахин шинээр төрсөн юм шүү. 2011 онд үзэж байсан сурагч багачууд өдгөө нэгэнт нас биед хүрээд ертөнцийг үзэх үзэл нь хэдийнэ бүрэлдэн тогтжээ. Надад олон аав ээж, залуус ярьдаг. Энэ жүжгийг тэр үед (2011 оноос хойш) үзээд миний амьдрал, үзэл бодол тогтсон шүү. Миний хүү, охин одоо эх орноо, улс үндэстнээ гэх гүн итгэл үнэмшилтэй болсон гэж ярихаар цээж дүүрэн сайхан.
-Төрийн хэлхээ төрлийн хэлхээ болох ёсгүй гээд л өдий төдий үг цээжинд хоногшсон гэж үзэгчид ярьдаг шүү?
-Тийм ээ. Энэ жүжиг бол эртний ерөөлөөр мэндэлсэн жүжиг. Тэнгэрээс шивнэсэн ч байж магад. Ер бусын амь сүнстэй. Монголчуудын зүрх сэтгэлийн дуудлагаар төрсөн соёл түүхийн үнэт зүйл бүхий том харанга юм. Энэ харангыг хэн дэлдэж чадна, тэр эх оронч мөн. Үндэсний ухамсар, өв соёлын гүн гүнзгий агуулгыг шингээсэн энэхүү бүтээл маань шинэ найруулга, шинэлэг шийдлүүдээр амьсгалахдаа дэлхийн, европын үзэгчдийн сэтгэл зүрхэнд орших болж бүхүйд бахархал гийж байна. Нөгөөтэйгүүр Монголын туульс, Хүн гүрний дуулал ураг элгэн, угсаа нэгтнүүдийнхээ нутагт зочилж байгааг онцлууштай.
-Та эртний Унгарт оршин тогтнож байсан Аттилагийн Хүннүгийн эзэнт гүрнийг хэлж байна уу?
-Тийм ээ. Ер нь Унгар төдийгүй Берлин, Вена, Ром зэрэг европ, дэлхийн хүн төрөлхтний өв соёлын гол төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит гудамж, талбай, хөшөө бий. Харин манайд ийм нэртэй баар, архи л байдаг байх. Аттила гэдэг нь Ата эл буюу ард түмний эцэг гэсэн үг. Ижил мөрний нэр нь Этцил буюу Аттилагийн нэр гэж судлаачид үзэж байгаа. Унгар буюу Мажаруудын домогт эрт цагт дорно зүгээс, Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овог аймгийн их удирдагч Аттилагийн тухай маш дэлгэрэнгүй дүрслэн өгүүлсэн байдаг юм билээ. Өрнөд Хүн нарын Европын гүн рүү хийсэн аян дайн, өв соёл, их нүүдлийн цөмрөлт нь зүүн, төв Европт суурьшиж байсан гот, алан, вандал, бургунд, франк, суев зэрэг олон овог аймгуудыг баруун Европ руу шахаж, тэнд хүн ам нягтрахад хүргэсэн. “PAX Romanica” нь Хүннүгийн дэг ёс буюу “PAX Hunnica”-гаар солигдож Ромын эзэнт гүрнийг задран мөхөхөд хүргэсэн. Аттилагийн аян дайны үрээр барууны гэх ертөнц бүрэлдэн тогтсон юм даа. Чингис хаан шиг дэлхийг өөрчилсөн түүхэн хүн. Дэлхийн алтанд умбаж байсан энэ хүн модон аяганд хоол цай идэж уудаг энгийн амьдралтай байсан нь сонирхолтой биш гэж үү. Үүнийг Аттилагийн ордонд ирж нүдээр харсан түүхч Прискус тэмдэглэж үлдээсэнд талархам. Модун шаньюйгийн 33 дахь үеийн удам гэж Унгар, Болгарын сурвалж бичигт дурдсан нь бий. Харин Чингис хааны дээд өвөг Бөртэ чоно манай түүхчдийн өгүүлдэг зүүнээс, эргүнэ голын хавиас Далай нуурыг “гэтлэн” ирсэн, эсвэл Хөвсгөл нуур, Байгаль далайн зүгээс нүүдэллэн ирсэн гэдэг таамаглалыг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй.
-Монголын нууц товчооны эхэнд “Бөрт чоно гэргий Гоо Маралын хамт тэнгис далайг гэтлэн ирж… Бурхан халдунд нутаглав” гэж өгүүлдэг л дээ. Тэгээд хаанаас ирсэн байх вэ?
-Одоогийн Унгараас ирсэн. Унгарын тал хээр нутаг, Дунай мөрний хөндий бол нүүдэлчдийн амьдран нутаглахад туйлын тохиромжтой өлгий нутаг. Тийм учраас л Өрнөд Хүн нар өнөөгийн Монгол нутгаас Ижил, Хар тэнгисээр дамжин нүүдэллэж, байлдан дагуулсаар МЭ-ий 500-гаад оны үе гэхэд зүүн Европ руу цөмрөн орсон. Аттила Дорнод Хүн нарыг 435-453 оны хооронд удирдаж их эзэнт гүрнийг байгуулахдаа Унгарын тал хээр нутгийг сонгон нийслэлээ байгуулж байв. Түүнийг нас нөгчихөд эзэнт гүрэн нь бутарч 20-30 жилийн дараа сураг алдардаг. Европт үлдсэн Аттилагийн удмын зарим хэсэг нь өнөөгийн Унгар,Болгарын хаадын өвөг дээдэс болсон. Гол цөм нь чухамдаа Алтай руугаа, өлгий эх нутаг руугаа буцсан хэрэг. Монголын нууц товчооны тэнгис далайг гэтэлж гэдэг нь Хар тэнгис, Каспийн тэнгисийг хэлээд байгаа юм. Оросын Кафаров гэхэд л Монголын нууц товчооны “тэнгис-ийг Хөлөн, Буйр нууртай холбон дэвшүүлдэг бол С.А.Козин тэр “Внутренее море” бол өнөөгийн Каспийн тэнгис мөн гэсэн үзэл баримтлалын эхлэлийг тавьсан. Энэ санаа намайг “Тэнгэрийн ташуур” хэмээн жүжиг бичих явцад улам гүнзгийрсэн.
-Ярианы явцад харахад та өрнөд Хүн нар, Аттилагийн тухай маш сайн мэдэж байсан. Түүний тухай жүжиг бичиж байсан юм байна шүү дээ?
-Тийм ээ. Жүжиг бичих уран зохиолын хамгийн хүнд төрөл мөн. Түүхэн жүжиг бичихэд бүр хүндрээд ярвигтай атлаа амттай, маш их судалгаа, хөдөлмөр шаардсан атлаа жаргалтай болгодог.
Миний хувьд Бөртэ чоно бол Каспийн тэнгис, Хар тэнгисийн хойгуур Унгарын тал хээр нутгаас иржээ гэсэн таамаглалаа анх удаа хэвлэлээр, “Өдрийн сонин”-оороо дамжуулан монгол түмэндээ дэвшүүлж байна.
Би Герман, Скандинавын орнуудын дунд өргөн тархсан Аттилагийн тухай “Небулингуудын дуулал” хэмээх туулиас эхлэн Патрик Ховарт нарын номуудыг уншсан. Манай Я.Ганбаатар гуай байна. Аттилагийн тухай уран зохиолын төрлөөр туурвисан Григорий Томский нарын номуудыг ч уншсан. Тэгээд монгол Аттилагийн дүрийг босгоно гэж өөртөө өчиг тавьснаа эхлүүлээд байгаа.
Бас роман болгон бичих төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа.
-Маш олон бүтээл туурвилтай байгаа юм байна. Ирэх сард болох “Гэгээн Муза-25” наадамд долоон номинациар өрсөлдөх гэж буй “Асарын өндөр” жүжиг тань бас Хүннүгийн сэдэвтэй байх аа?
-Тийм ээ. Бас л Хүн нарын тухай юм. Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Г.Солонго захиралтай Хөгжимт жүжгийн театрт тавьсан “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг маань манай өвөг дээдэс Хүн нар Буддын шашинтай байсан гэдгийг сурвалж бичгийн үндсэн дээр тулгуурлан анх удаа орон даяар тунхаглалаа. Гэтэл Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан-Ус гэдэг газраас олдсон археологийн хосгүй үнэт олдвор болох утлагын бойпор үүнийг баталсан. Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы мэлмий дор мэндэлсэн жүжиг юм шүү.
Мөн л Паараа маань найруулсан. Надад улсын уралдаанд түрүүлсэн “Модуны анд Улаадай” гэж хүүхдийн роман бий. Бас “Дуртмал сайхан” гэдэг Хүн гүрний сэдэвтэй моно жүжиг ч бий л дээ. Харин оны өмнөхөн би цогт эх оронч, ерөнхий сайд А.Амарын тухай “Хөх төрийн бэрс” түүхэн жүжгээ Эрдэнэт хотын Х.Хишигбаатар захиралтай Хүүхэд залуучуудын театрт толилууллаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай маань найруулсан. Өнгөрсөн нэгдүгээр сард УДЭТ-ын алтан тайзнаа бас тоглосон.
-Сэтгүүл зүйн салбарт тод мөртэй явсны хувьд та энэ чиглэлийн бүтээл номоо гаргах бодол бий юү?
-Байгаа.. Залхуурал гэх үү, завдахгүй байна гэх үү, сэтгүүл зүйн бүтээлүүдээ эмхэлж амжихгүй л явна. Ярилцлагын болон нийтлэлийн хоёр ном төлөвлөж л байгаа. Тэнд амттай, шимттэй юм их бий шүү.
-Та зохиолч, сэтгүүлчээс гадна судлаач хүн. Энэ талын бүтээл хийж байна уу?
-Өнгөрсөн онд гэхэд л манай сумын 100 жилийн ой болсон. Увс аймгийн Өндөрхангай сум шүү дээ. Үзэсгэлэнт Хан Хөхүй уулын өвөрт оршдог, Чингисийн 13 хүрээнийн нэгийг дангаараа бүрдүүлж явсан Элжигэн халхуудын гол цөм нь. Энэ их билигт соён гэгээрүүлэгч, нэрт улстөрч, театрын зүтгэлтэн Лу жанжин гүн (С.Лувсандондов)-ий 170 жилийн их ой давхацсан нь ерөөл болов. Гурван жилийн судалгааны үр дүн болсон “Хан Хөхүйн сан тахилга, магталга найраг хийгээд Лу жанжин гүн”, “Лу жанжин гүний билиг сургаал” гэдэг хоёр ном хэвлүүллээ. Мөн “Өр зүрхэнд хоноглох Өндөрхангай мину”, “Ай, баян Хан Хөхүй мину” зэрэг их ойдоо зориулсан түүхэн болон гэрэл зургийн номуудын редактор, зохиолчоор оролцсон. Сумын ойн наадмын нээлтийн зохиолчоор ч ажилласан. Хамгийн сайхан нь Лу жанжин гүний 170 жилийн ойд зориулсан “Алтан дуулга-2024” найргийн наадмыг зохион байгуулсандаа баяртай байлаа. Энэ үеэр Элжигэн халхчуудын угсаатны онцлогийг харуулсан тоглолт ч хийсэн дээ. Хамтран ажилласан Өндөрхангай сумын сургуулийн багш Д.Эрдэнэгэрэлдээ одоо ч талархаж байна.
-Тун их бүтээлтэй байжээ. Ер нь та хэчнээн жүжиг туурвиад байна вэ?
-Би 40 гаруй түүхэн болон хүүхдийн, орчин үеийн жүжиг, дуурь, бүжгэн жүжгийн цомнол бичсэн юм байна лээ шүү. Яруу найраг, өгүүллэг, эссээ, баримтат өгүүлэл, тууж, роман, жүжгийн 15-16 ном өлгийдөн авчээ. Одоо Аттилагийн тухай жүжиг болон роман бүтээх гэж буйдаа л ихэд догдолж бахархаж явна.
-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Унгарын Будапешт хотноо болох олон улсын театрын их наадамд “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг амжилттай оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин та ирэхдээ сэтгүүлчийн хувьд аян замын тэмдэглэлтэй ирнэ буй за?
-Энэ сайхан ёслол, түүхэн үйл явдлыг үзэглэж үлдээхгүй аваас алдас болно. Богц дүүрэн аян замын олзтой ирж “Өдрийн сонин”-ыхоо уншигчидтайгаа хуваалцана аа.
М.Мөнхцэцэг





Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань Европт хөл тавьж буйд Монголоороо бахархаж байна
МЗЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн хошой шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын Цогнэмэхтэй ярилцлаа. -УДЭТ-ын уран бүтээлчид Б.Цо...
2 цагийн өмнө
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний барилгад жуулчдад зориулсан мэдээллийн танхим, үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан үйлчилгээний талбай байна
ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нур...
2 цагийн өмнө
Гадаадын иргэний хаягийн баталгаажуулалтыг үнэн зөв мэдүүлэхийг зөвлөж байна
Дэлхийн улс орнуудын зорчих хөдөлгөөн уян хатан, хялбар болж хөгжихийн хэрээр хилээр зорчих гадаадын иргэдийн урьдчилсан шатны хянал...
2 цагийн өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг ш...
3 цагийн өмнө
Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1.250.000 төгрөгийг залилжээ
Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд