-Улаанбаатар хотыг бие даасан 14 хот болговол ажлын байр нэмэгдэж, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болно гэжээ. Гэвч бодит байдал дээр энэ зорилт үр дүнгээ өгөх болов уу?
-XXI зуунд манай улсад цахимжуулах ажил маш амжилттай явж байгаа. Бүх хүн гар утастай болж, хоорондоо хурдан шуурхай мэдээлэл дамжуулдаг болсон байна. Мэдээлэл дамжуулах суваг нь тодорхой болсон ийм үед олон хот болгон хуваах нь илүү зардал, олон давхацсан бүтцүүдийг бий болгоно. Хэрэв Улаанбаатар хотыг 14 хот болговол ямар ч утга учиргүй, замбараагүй бүтэцтэй болж, иргэд төөрч будилна. Хоёрдугаарт, яриад байгаа төсвийн хэмнэлт, төрийн албан хаагчдын тоог цөөлөх, эрх үүргийг давхардуулах гэдэг нь бүр замхарлаа л гэсэн үг. Эдийн засаг, нийгэм талаасаа ийм хор уршигтай. Улс төрийн хувьд Монгол Улс нэгдмэл том орон байж байгаад, Бага хаадын үед гадны бодлогоор олон жижиг ханлиг, аймгуудад хуваагдсан. Энэ үед Монгол Улс гундах, буурах, задрах зам руугаа орсон.
Социализмын үед 18 аймагтай байсан. Яагаад гэвэл энэ үед бүтээн байгуулалт, нийгэм соёлын маш том үйл ажиллагаа явагдсан. Тэр үед хүмүүс тархай бутархай, хамгийн гол нь мэдээлэл солилцох дэд бүтэц байгаагүй. Бие биетэйгээ мориор л явж харьцдаг байсан. Өнөөдөр бол сансрын холбоотой болчихлоо. Уулын мухарт байгаа малчин хүртэл сүлжээтэй болсон энэ үед дээрх төлөвлөлт ямар ч ач холбогдолгүй. Цаашид хэрэгжих эсэхийг нь мэдэхгүй байна. Хэрвээ хэрэгжиж эхлэх юм бол 14 хотын даргатай болно, 14 орлогч дарга, зөвлөхүүдтэй болно. Монголд хотын дарга болох сонирхолтой хүн олон болсон юм шиг байна. Хамтарсан засаг нийлэхээрээ намууддаа даргын албан тушаал бэлэглэдэг. Даргынх нь орон тоо олдохгүй болохоор Майдар хот гээд Төв аймгийг тойруулаад хэдэн ч хот барих гээд байгаа юм. Харин ганцхан Хархорум хотоо хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.
Хархорум бол Монголын эртний нийслэл, дэлхийн өвд багтсан түүхэн ач холбогдолтой газар шүү дээ. Тэрэнтэй барьцаж байгаа юм уу, албан тушаал хуваарилж байгаа юм уу, олон намуудын амбиц нь дийлдэхгүй, тэрийгээ зохицуулж байгаа юм уу, бүү мэд. Ер нь хотын дарга болох гэсэн өвчин тусчихсан юм шиг байна.
-Таны хувьд авто замын салбарын хүн. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын асуудлыг өөрөөр шийдэх боломж бий юу?
-Би авто замын инженер хүн. Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт ажилласан. Нийслэлийн ажилд 10-аад жил оролцсон учраас энэхүү ажлыг ерөнхийдөө мэднэ. Өнөөдөр НЗДТГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх агентлагууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын нийгмийн, эдийн засгийн асуудлыг бүрэн шийдэх чадамжтай гэж бодож байна. Энэ шийдвэр 100 ямаанд 60 ухна гэдэг шиг л юм болж байна. Нэг хүн тэдэн хүнийг захирна гэсэн хэм хэмжээ алдагдана. Өнгөрсөн 30 жилийн түүхээс харахад аймаг, сумддаа тодорхой эрх мэдлийг хуваарилсан.
Гэхдээ энэ шийдвэрийн сөрөг тал нь давуу талаасаа илүү. Яагаад гэвэл нутгархдаг, намчирхдаг, нутгийн хүн нь биш л бол бараг чөтгөр шулам гэж үздэг болчихсон. Энэ бол боловсон хүчний бодлогоос эхлээд улсын хөгжилд эсрэг үр дүн авчирсан гэж бодож байна. Харин одоо Улаанбаатарыг дахиад 14 даргатай болговол 14 эрх мэдлээ задлаад хуваарилбал үүнээс ялгаагүй л юм болно.
-Нийслэлийг 14 хот болгон хуваах тал дээр цахим орчинд хүмүүс шүүмжлэлтэй хандсан байна лээ?
-Манай улс сүүлийн үед нэг л буруу жишигтэй болчихоод байгаа мэт санагддаг. Жишээ нь, хүмүүс юунаас залхаж байна гэхээр нэг л их олон даргатай болчихоод байгаа юм. Олон дарга байх тусмаа ажил сайн болох ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд ийм зүйл болсонгүй. Эсрэгээрээ буруу зүйл болсон. Тийм юм чинь нийгэм даяараа эсэргүүцэхээс өөр яах юм. Эсэргүүцэх нь ойлгомжтой.
-Олон даргатай болбол татвар төлөгчдийн мөнгө рүү л орно биз дээ?
-Эдийн засгийн хувьд маш их хохиролтой. Яагаад гэхээр шийдвэр гаргадаг олон давхаргатай болно. Тэр дарга нар бүгд унаатай болно, байшинтай болно, туслахуудтай болно. Одоо байгаа яамнуудаа цөөлнө, хэмнэлтийн бодлого гээд сайхан юмнууд яриад байгаа. Улаанбаатарыг 14 хот болгон хуваавал юун тэр хэмнэлтийн бодлого, дарга нарыг нь татвар төлөгчдийн мөнгөөр л тэжээнэ шүү дээ.
-Шийдвэр гаргаж байгаа хүмүүс юуг өөрчлөх гээд ийм зүйл төлөвлөсөн юм бол?
-Шинэ яам, агентлагт дарга нар томилогдохоороо ерөнхий юм л ярьдаг. Энэ асуудал дээр хамгийн түрүүнд “Ингэж олон хот болгон хувааснаар иргэдэд үйлчилгээ ойртоно” гэж ярина. Эрх баригчдын хийх тайлбар нь ердөө л энэ. Өнөөдөр Улаанбаатар хотын төрийн үйлчилгээ иргэддээ хангалттай хэмжээнд хүрч, үйлчилж байгаа гэж боддог. Яагаад гэвэл мэдээлэл авах, дамжуулах систем манай улсад гайгүй хөгжсөн. Дахиж ойртуулах шаардлага байхгүй. Олон хотын даргатай болчихоор хүмүүс даргатайгаа уулзахад ойртоно гэх байх. Гэхдээ энэ бол үлгэр л дээ, үлгэрийн яриа болоод л дуусна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа