мэдээ
Өмнөдэлгэр суманд Хамтын ажиллагааны хороо байгуулъя

Админ
2025 оны 5 сарын 07

29

Монгол Улсын төсвийн дийлэнхи хэсгийг уул уурхайгаас бүрдүүлж байгаа. Цаашид ч энэ байдал жин дарах нь тодорхой байгаа нь хариуцлагатай уул уурхайн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Хариуцлагатай уул уурхай гэхээр олборлогч компани үйл ажиллагаа явуулсны дараа нөхөн сэргээлт хийдгээр л төсөөлдөг хүн цөөнгүй.
Үнэн хэрэгтээ энэ нь илүү цогц ойлголт юм. Мэдээж нөхөн сэргээлт хийх нь чухал. Гэхдээ энэ бол дараагийн үйл явц. Өөрөөр хэлбэл, дэс дараатай цогц ажил хийж байж хариуцлагатай уул уурхай сонгодог утгаараа ажиллана. Тодорхой тайлбарлавал, үүнд нутгийн иргэдийн оролцоо маш чухал. Тэдний оролцоогүйгээр уул уурхай эрхэлнэ гэдэг нь хариуцлагатай байхын эсрэг дүр. Нутгийн иргэд шийдвэр гаргалтад оролцож байна гэдэг нь хяналт тавих нэг боломж, нөгөө талаар төрсөн нутаг, байгалиа хамгаалах нэг арга гэдэгтээ олон хүн санал нийлэх биз ээ. Чухамдаа ийм боломж, орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг.
Тэгвэл нутгийн иргэд нь уул уурхайн шийдвэр гаргалтад оролцдог, байгалийн баялгаасаа хувь хүртдэг, компани нь хариуцлагатай ажилладаг гоё тогтолцоо хэдийнэ бүрджээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгорын нүүрсний уурхай. Тус сумын Хар алтат багийн Нүүрстийн хөндийд “Хотгор” ХХК, “Эрчим Баян-Өлгий” ХК-иуд үйл ажиллагаа явуулахдаа хариуцлагатай уул уурхайн сайн жишээ болж байгаа юм.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-ний 4.1.–т “Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.”, 4.2-т “Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө“ гэсэн заалтууд орсон байдаг.
Харин уг гэрээний заалтын дагуу хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг төслийн зөвлөх багаас 2018 онд анхлан боловсруулсан. Түүнчлэн энэхүү хороонд иргэдийн хууль тогтоомжийн дагуу заагдсан оролцох эрхийг баталгаажуулан хангах тал дээр онцгойлон анхаарсан билээ. Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй.
Бөхмөрөн суманд гурван уурхай байдаг ч хоёр нь үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр уурхайтай 2018 онд батлагдсан журмын дагуу гэрээ байгуулж ажилладаг. Хамтын ажиллагааны хороонд есөн гишүүн ажилладаг бөгөөд тухайн жилд ямар чиглэлээр санхүүжилт хийхээ ярилцаж, хэлэлцэж байж шийддэг. Уул уурхайн компанитай жилд дунджаар 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулдаг. Сүүлийн жилүүдэд 750 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. Тухайн хийгдсэн ажлуудаас дурдвал, сумын бүх өрхөд үнэ төлбөргүйгээр нүүрс олгож байна, багийн төвийн байр болон замын засвар, гэрэлтүүлэг хийх, зорилтот бүлгийн зарим хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх зэрэг олон ажлыг дурьдаж болно. Эдгээр хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг сонгоход иргэдийн саналыг үндэслэн талуудын тэгш оролцоог хангасан хорооны саналыг үндэслэн шийдвэрлэдэг.
Хамтын ажиллагааны хорооны ач холбогдол нь уул уурхайн компаниуд сум орон нутагт хөрөнгө оруулалт хийхээс гадна нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцох, үр шимийг нь хүртэх боломжийг нээж өгсөнд байгаа юм.
Өмнөдэлгэр суманд Хамтын ажиллагааны хороо хэрэгтэй
Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан билээ. Дагаад олон бүтээн байгуулалт хийгдэж байна, цаашид ч хийгдэнэ. Мэдээж зарим газарт уул уурхай ажиллах магадлал байгаа. Тэр бүгдэд бэлэн байж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь орон нутгийн шийдвэр гаргагчдын анхаарах ёстой асуудлын нэг юм. Анхаарал хандуулах зарим сум орон нутаг ч байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Онон голын сав газрын энэ сум байгаль экологийн онцгой ач холбогдолтой нутагт оршдог. Нөгөө талаар ашигт малтмал, уул уурхайн баялагтай. Сумын нутагт алт олборлолт явуулж байсан цөөнгүй газар бий. Жишээлбэл, 2020 оны байдлаар “Нутгийн мана” ХХК, “Ирээдүйн алтан шонхор” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байв. Мөн Өмнөдэлгэр сум болон Батширээт сумын нутагт байрлах “Алтай хангайн бүрд” ХХК Сайхны уурхайд MV-006505 тоот тусгай зөвшөөрөлтэйгөөр 378.49 га талбайн шороон ордод алт олборлож байна.
Уг уурхай нь Сайханы голоос 100 гаруй метр зайд олборлолт явуулдаг бөгөөд 2010 оны эхээр аймгийн удирдлагын зүгээс шүүмжлэлд өртөж байсан удаатай. Хэрвээ ямар нэг алдаа гарч алт угааж бохирдсон ус гол руу урсвал Сайханы гол бохирдох төдийгүй Барх, Онон голууд эрсдэлд орох бодит аюул байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг билээ. Энэ бол анхаарах ёстой зөвхөн нэг жишээ. Хэрвээ бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид алт олборлоод эхэлбэл эрсдэл улам л нэмэгдэнэ.
Тэгвэл энэ байдлаас гарах, урьдчилан сэргийлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломж Өмнөдэлгэр суманд байна. Тодруулж хэлбэл, Хамтын ажиллагааны хороо байгуулснаар дээрхи эрсдэлийг бууруулах төдийгүй нутгийн иргэдийг уул уурхайн шийдвэр гаргалтад оролцуулах бүрэн боломжтой юм. Хуулийн зохицуулалт нь ч байна, боловсруулсан журам, амжилттай хэрэгжүүлж байгаа бодит жишээ ч байна. Тиймээс одоо Өмнөдэлгэр сумын удирдлагын санаачилга, идэвхи зүтгэл хэрэгтэй байгаа юм. Ялангуяа сумын ИТХ-ын дарга Ц.Пүрэвдорж , Засаг дарга Р.Энхтөр нарын манлайлал маш чухал. Хэрвээ тэд санаачилгатай ажиллавал нутгийн иргэд дэмжих нь гарцаагүй. Нөгөө талаар нутагт орноо хөгжүүлнэ хэмээн иргэдийн итгэлийг авч сонгогдсон тэдний анхаарал хандуулах ёстой үүрэг нь ч юм. Нэгэнт нутагт нь уул уурхайн үйл ажиллагаа явагдах нь тодорхой байгаа үед холбогдох хуулийг хэрэгжүүлэх, боломжийг алдахгүй байх нь чухал. Хамтын ажиллагааны хороо байгуулж талуудын төлөөллийг оруулна гэдэг оролцооны манлайлалд онцгой ач холбогдолтой. Хамгийн гол нь, нутгийн иргэд, талуудын хяналт бий болсноор хариуцлагатай уул уурхай хөгжиж байгаль орчноо хамгаалах төдийгүй сумандаа хөрөнгө оруулалт татаж бүтээн байгуулалт хийх боломж гарах билээ.





Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь болгож, сугалаа явуулахгүй байлгах тухай өргөдөл санаачилжээ
“НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувь төлчихөөд эргээд 2 хувийг буцаан олгож, сугалаа явуулдаг нь ямар ч хэрэггүй зүйл...
5 цагийн өмнө
“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг нийслэлийн өмчид буцаан авав
НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр Ж.Хатанба...
6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Бай...
6 цагийн өмнө
Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 24 удаагийн хяналт шалгалтад 304 аж ахуйн н...
7 цагийн өмнө
Үхрийн цул мах 23325 төгрөг болжээ
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хони...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд