Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Н.Номин-Эрдэнэ: Би сагсан бөмбөгөөс амьдралын найзаа олсон

trend

Админ

img

2025 оны 5 сарын 13

img

75

news-img

Монголын оюутны 2025 оны сагсан бөмбөгийн лигт 32 Их, дээд сургуулийн 1124 оюутан залуус долоон сарын турш өрсөлдөж, өнгөрсөн сарын 30-ны өдөр аваргаа тодруулсан билээ. “Өдрийн сонин”- нэрэмжит “Оюунлаг тамирчин” шагналын эзнээр шалгарсан АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн “Нийгмийн эрүүл мэнд судлаач” хөтөлбөрийн дөрөвдүгээр дамжааны оюутан, “АШУҮИС Doc­tors” багийн тамирчин Н.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.


-Сагсан бөмбөгийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би арван жилдээ сагсан бөмбөг сонирхдог байсан, энэ спортоор хичээллэе гэж бодож байсан ч “Ковид-19” цар тахал гарсны улмаас чадаагүй. Удалгүй оюутан болж, гэнэтийн байдлаар сургуулийнхаа сагсны шигшээ багт орсон. Сагсан бөмбөгийн спортоор тэр цагаас хойш дөрвөн жил тууштай хичээллэж байна.

-Нууц биш бол тэр “Гэнэтийн байдал”-ынхаа талаар ярихгүй юу?

-Би гэдэг хүн оюутны лиг үздэггүй, болдог эсэхийг нь ч ерөөсөө мэддэггүй, зүгээр л сагс тоглох сонирхолтой хүүхэд байсан. Сургуулийн шигшээ багт оюутнуудыг сонгон шалгаруулж авдаг тухай би огт мэддэггүй байлаа. Гэтэл манай ангийн хүүхэд намайг “Чи сагс сонирхдог уу. Хоёулаа ерөөсөө сургуулийн сагсны шигшээний шалгаруулалтад орж үзэх үү” гэхээр нь дагаад очсон. Биднийг очиход заал дүүрэн хүүхэд шалгаруулалтад оролцох гээд ирчихсэн байсан. Би анх “Ийм олон хүүхэд сургуулийн шигшээ багт орохыг хүсч байгаа юм байна. Би ч юув дээ” гэж бодож байлаа. Багш нар, дээд үеийн эгч нар бидний дундаас хэсэг хүүхдэд “Та нар дараагийн бэлтгэлд ирээрэй” гэхэд нь “Ингээд шалгарчихаж байгаа юм болов уу” гэсэн бодол төрсөн. Тэр жил сургуулийн сагсны шигшээ багт надаас гадна нэгдүгээр курсийн гурван оюутан орсон.

-Танай баг хэдэн тамирчинтай вэ?

-Тамирчдын тоо савлагаатай байдаг. Багт маань байнгын, тогтвортой байдаг 10 тамирчин бий. Хүүхдүүд явцын дунд багт орж ирдэг. Багш дасгалжуулагч маань ч сагс тоглох сонирхолтой хүүхдүүдийг багтаа оруулдаг. Хичээл номоо зохицуулаад, хажуугаар нь сагсаа тоглоё гэж бодсон оюутнууд нь үлддэг. Ер нь тууштай оюутнууд үлддэг юм болов уу гэж анзаарагддаг. Анагаахын сургуульд хэн ч “Сагс тоглоё” гэж бодож элсэхгүй шүү дээ. Бидний арван хэдэн хүүхэд сургуулийнхаа нэрийн өмнөөс хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийж байгаа болохоор өөрсдийгөө ёстой л бор зүрхээрээ явж байгаа гэж боддог.

-Та оюутны лигт хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Энэ жилийн оюутны лигт танай баг ямар амжилттай тоглосон бэ?

-Би дөрөв дэх жилдээ оролцож байна. Манай баг шилдэг наймд орох гээд чадаагүй.

-Энэ их бэлтгэлийн хажуугаар хичээл номоо яаж зохицуулж байна вэ. Ямар үед хамгийн ачаалалтай байдаг вэ?

-Шалгалт шүүлгийн үеэр л хамгийн ачаалалтай байдаг. Манай багийнхан өөр өөр салбар сургуулийн, өөр өөр мэргэжилтэй оюутнууд байдаг. Тийм ч учраас бүгдийнх нь цаг завыг тохируулахын тулд долоо хоногт 3-4 удаа оройны 20:00 цагаас бэлтгэлээ хийдэг. Бид өглөөнөөс орой хүртэл хичээлтэй байдаг учраас бэлтгэлээ орох хүртэл тус тусынхаа ажлыг зохицуулдаг. Хэрэв хичээлээ хийж амжаагүй бол бэлтгэлээ тарчихаад хичээлээ давтдаг.

-Өнөөдрийг хүртэл хэчнээн тэмцээн, уралдаанд оролцсон бэ?

-Оюутны лигээс гадна сургуулийнхаа спортын их, бага наадмуудад оролцож байсан. Их наадам нь хоёр жил тутамд нэг удаа болдог. Намайг оюутан болсон жил “Их наадам”-тай байсан. “АШУҮИС Doctors” багаараа сургуулийнхаа “Их наадам”-д хоёр удаа оролцож, хоёуланд нь түрүүлж байсан.

-Санаанаас тань гардаггүй тоглолт бий юу?

-Санаанаас гардаггүй тоглолт гэвэл энэ жилийн оюутны сагсан бөмбөгийн дээд лигийн манай багийн сүүлийн тоглолтыг нэрлэнэ ээ. Тэр тоглолт бол манай баг шилдэг наймд үлдэх боломжтой тоглолтуудын нэг байсан юм. Манай багийнхан хожиж яваад сүүлийн мөчид хожигдсон.

-Та “Хэрэв сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт ороогүй байсан бол…” гэж боддог уу?

-Боддог шүү. Шигшээ багт ороогүй байсан бол хичээлийнхээ хажуугаар өөр зүйл сонирхоод явах байсан байх. Би өөрийгөө дасгал хөдөлгөөнтэй байгаа тулдаа эрүүл амьдарч байгаа гэж боддог юм. Дасгал хөдөлгөөн хийсэн цаг хугацаандаа ч, сургуулийнхаа сагсны шигшээ багт орсондоо ч харамсаж байсан удаагүй.

-Сургуулиа төгсчихөөд сагсан бөмбөгийн спортоо орхих уу, эсвэл үргэлжлүүлэн хичээллэх үү?

-Сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажиллана. Тэгвэл сагс тоглох цаг маань багасах байх. Үүнийг эс тооцвол сагсан бөмбөгөө орхиж чадахгүй. Хүнд хэзээд дасгал хөдөлгөөн хэрэгтэй шүү дээ.

-Энэ спортоор хичээллэснээрээ ямар давуу талыг өөртөө суулгасан бэ?

-Сагсан бөмбөг бол багийн спорт. Тэр ч утгаараа хүнд их зүйл сургадаг. Би нэгдүгээр курст байхдаа багийнхаа хамгийн жоохон нь байсан бол ирэх жил хамгийн том эгч нь болно. Багт өөр өөр орчинд төрж өссөн, өөр өөр зан ааштай хүүхдүүд бий. Бид хоорондоо нийлж нэг цул болж, нэгэн зорилгын төлөө бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ингэхдээ хэзээ ч хийж буй зүйлдээ дургүй байдаггүй. Хэрэв дургүй байвал больчихно шүү дээ. Багаараа бэлтгэл хийх дуртай, дасгал хөдөлгөөн хийхдээ сэтгэл ханамж авдаг хүүхдүүд нь үлддэг. Би яг үнэнээ л хэлье. Би сагсан бөмбөгөөр хичээллэж эхлэхдээ юу ч чаддаггүй л байсан юм билээ. Багш маань надад бүхнийг эхнээс нь зааж сургасан. Одоо ч би өөрийгөө сагсан бөмбөгийн сайн тоглогч гэж хэлж чадахгүй. Сайжрахын төлөө хичээгээд явж байгаа. Мөн сагсан бөмбөгийн спорт надад тууштай байдлыг сургасан.

-Хүүхдүүд шантраад больдог гэж та хэллээ. Танд шантрах үе байв уу?

-Байлгүй яахав. Хүнд бэлтгэл орох үед өөрийгөө голох үе бишгүй олон байсан. Больё гэж олон ч удаа бодож явсан. Би сагсан бөмбөгөөс амьдралын найзаа олсон. Тэр найзыг минь А.Амаржаргал гэдэг юм. Найз маань энэ бүх цаг хугацаанд намайг хазайхад түшиж, хальтрахад тулж байсан. Найз минь намайг унтрах гэж байхад асаадаг тийм л хүн. Шантрах үе олон тохиосон ч дэргэд найз минь зогсож байсан. Би нэг, хоёрдугаар курст байхдаа шантрахаараа уйлчихдаг байсан юм. Тэр үед Г.Энхбаяр багш маань “Юм бүхэнд өөрийн гэсэн цаг хугацаа бий” хэмээж надад маш том дэм болсон. Мөн намайг ах, ээж, эмээ гурав минь үргэлж дэмждэг учраас би өөр зүйлд санаа зовохгүйгээр хичээл, бэлтгэлдээ төвлөрч чаддаг. Өдий зэрэгтэй яваа минь тэдний ач, хайр энэрэл гэж боддог.

-Танд үлгэр дуурайл авдаг тамирчин бий юу?

-Би А.Амаржаргал найзаасаа үлгэр дуурайл авдаг. Найз маань дээд лигт тоглоод үзчихсэн, үнэхээр мундаг охин байдаг.

-Сагсан бөмбөг сонирхогч хүүхдүүдэд хандаж юуг хэлэх вэ?

-Дасгал хөдөлгөөн хийж байгаарай гэж уриалмаар байна. “Дасгал хөдөлгөөнд цаг заваа зарцуулахгүй бол ирээдүйд өвчин зовлонд цаг заваа зарцуулах болно” гэдэг үг бий. Тиймээс эрүүл амьдрахын тулд өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Хүн уурлаж, бухимдсан үед хүний биеэс ялгарсан “Кортизол” хэмээх дааврыг дасгал хөдөлгөөний тусламжтайгаар бууруулж болдог. Түүнчлэн дасгал хөдөлгөөн хийснээр аз жаргалын даавар ч ялгарч байдаг. Бид бэлтгэл хийснийхээ дараа заалнаасаа инээгээд л гардаг. Бүтэн өдрийн ажлын дараа, оройн цагаар бэлтгэл хийнэ гэдэг амаргүй шүү дээ. Хэдий тийм ч бэлтгэлийнхээ явцад сэргэчихдэг дээ.

Ө.АНХЗАЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хөлбөмбөгийн холбоонд аудитын шалгалт оруулжээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар холбооны санхүүгийн сахилга батыг сайжруулж, тогтвортой үйл ажиллагааг тогто...

img

6 цагийн дараа

Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Олон улсын тээврийн төлөвлөлт, загварчлалын тэргүүлэгч PTV группийн Ази, Номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчдийг нийслэлийн Автоза...

img

6 цагийн дараа

Зарим гол үертэй байна

Сэлэнгэ мөрөн Орхон голын эх болон Хангай нурууны арын Идэр, Хануй, Хойттамир, Орхон, өврийн Хожуул, Завхан, Онги, өврийн Богд, Буян...

img

5 цагийн дараа

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсчээ

Үндэсний Статистикийн Хорооноос орон сууцны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 4 дүгээр са...

img

5 цагийн дараа

УБЦТС: Маргааш цахилгаан таслах хуваарь

Маргааш буюу 2025 оны тавдугаар сарын 14-нд цахилгаан таслах хуваарийг хүргэж байна.

...
img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд