мэдээ
Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

Админ
2025 оны 5 сарын 13

34

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн өнөөдөр (2025.05.13) тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндэсний аудитын газрын удирдлагыг томилж, чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоолууд, шинээр томилогдсон Ерөнхий аудиторын намтар, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдээс гаргасан саналуудыг танилцуулав.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн намтрыг танилцуулж, Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласныг тодотгосон. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулсны дараа томилогдсон анхны Ерөнхий аудитор гэдгийг онцлоод, чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүдээс аудиторын байгууллагын удирдлагад хандаж хэлсэн саналуудыг товч танилцуулав. Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангаж, үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар төрийн аудитын байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөн олон улсын аудитын байгууллагын туршлага, бүтцийг судалж гэрээгээр хамтран ажилладаг аудитын байгууллагыг сонгох, нягтлан бодох бүртгэлийн олон улсын аудитын стандарт, сахилга, ёс зүйтэй байдлыг үйл ажиллагаандаа баримтлах нь зүйтэй гэсэн саналуудыг уламжилсан. Мөн эдийн засаг, нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хийгддэг нийцлийн аудитын чанарыг сайжруулж, хэрэгжилтэд анхаарч ажиллах, бүх төрлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн саналууд гарсныг тодотгосон юм. Түүнчлэн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төслүүдийн ашиглалт, зарцуулалтад аудит хийхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх, төсөвт байгууллагуудын санхүүгийн байдалд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн хяналтын аудит хэрэгжүүлж ажиллахыг захиад, хуулийн хүрээнд Улсын Их Хуралтай үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджав тамга, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч, шинээр томилогдсон Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхийг хүслээ.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ил тод, нээлттэй ажиллах зарчмыг хангаж, мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж ажиллана хэмээсэн. Мөн аудит хийх явцад илэрсэн зөрчил, хууль тогтоомжоос давсан дүрэм, журмуудын талаарх мэдээллийг нэгтгэж, УИХ-д танилцуулна хэмээн мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.





Хөлбөмбөгийн холбоонд аудитын шалгалт оруулжээ
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар холбооны санхүүгийн сахилга батыг сайжруулж, тогтвортой үйл ажиллагааг тогто...
3 цагийн дараа
Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Олон улсын тээврийн төлөвлөлт, загварчлалын тэргүүлэгч PTV группийн Ази, Номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчдийг нийслэлийн Автоза...
2 цагийн дараа
Зарим гол үертэй байна
Сэлэнгэ мөрөн Орхон голын эх болон Хангай нурууны арын Идэр, Хануй, Хойттамир, Орхон, өврийн Хожуул, Завхан, Онги, өврийн Богд, Буян...
2 цагийн дараа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос орон сууцны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 4 дүгээр са...
1 цагийн дараа
УБЦТС: Маргааш цахилгаан таслах хуваарь
Маргааш буюу 2025 оны тавдугаар сарын 14-нд цахилгаан таслах хуваарийг хүргэж байна.
...1 цагийн дараа
Сэтгэгдлүүд