мэдээ
“Бид эмэгтэйчүүд” чуулганаар орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна

Админ
2025 оны 5 сарын 21

1

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өнөөдөр /2025.05.20/ Төрийн ордонд эхэллээ. Энэхүү чуулган уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалтын нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. /илтгэлийг бүрэн эхээр нь https://www.parliament.mn/nn/74838/ танилцана уу/
Тус чуулга уулзалтад БНСУ, БНХАУ, БНТУ, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Европын холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА, КОЙКА, Фридрих Эберт, Ханнс Зайделийн сан зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Эдгээр Элчин сайд болон олон улсын байгууллагуудыг төлөөлөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар чуулганы төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, 2021 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хөтөлбөрийн үр дүнд эрх зүйн орчин, тогтолцоог сайжруулахаас гадна хүртээмжтэй соёлыг төлөвшүүлэн, эмэгтэй манлайлагчид хоорондын харилцааг өргөжүүлэх зэргээр бодит ахиц дэвшил гаргаж чадсан. Өнөөдөр Монгол Улсын парламент эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдож, 25.4 хувьд хүрсэн байна. Энэ нь БНСУ-аас ч өндөр үзүүлэлт гэдэг нь бахархмаар амжилт юм гээд бид хамтдаа энэ төлөөллийг бодит нөлөө, утга агуулгатай өөрчлөлт болгон хувиргахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй байна гэв. Мөн цаашид энэхүү амжилтад тулгуурлан бүсийн болон орон нутгийн эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд төслийн хоёрдугаар шатыг эхлүүлнэ. Энэ удаад орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, бүс нутагт манлайллын ур чадвар, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байна хэмээн онцоллоо.
Түүний дараа УИХ-ын дэд дарга, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, монголын эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах буюу улс төрийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож ирсэн тухай түүхийн талаар өгүүлээд ардчилсан парламентын хөгжлийн хугацаанд эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль, тогтоомж, үр дүнг онцлон танилцуулсан юм. Мөн түүнээс гадна тэрбээр илтгэлдээ өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хийсэн судалгаагаа танилцууллаа. Тухайлбал, 2024 оны аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэмжээнд 796 төлөөлөгчөөс 143 нь эмэгтэй буюу 17,9 хувь, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэмжээнд 7235 төлөөлөгчөөс 2069 нь эмэгтэй төлөөлөгч буюу 28.5 хувь агаад нэгтгэн дундажлавал 27.5 хувьтай байна. 2025 оны байдлаар Дархан-Уул болон Өвөрхангай аймгуудын ИТХ-ын даргаар эмэгтэй төлөөлөгчид ажиллаж байгаа бол аймгийн Засаг даргын орлогчоор 3, дүүргийн Засаг даргын орлогчоор 2 эмэгтэй төлөөлөгч тус тус ажиллаж байна. Харин баг, хорооны засаг даргын хувьд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Тухайлбал 2022 оны байдлаар нийт 205 хорооны Засаг дарга нарын 100-нь эмэгтэй, багийн 1705 Засаг дарга нарын 375-нь эмэгтэйчүүд байна гэх зэрэг статистикийн тоо баримтыг дэлгэрэнгүй танилцуулаад цаашид анхаарах асуудлыг онцолсон юм.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, гэрлэлт цуцлалт, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлыг анхаарах талаар илтгэлдээ дурдсан юм. Бүс нутгийн ажилгүйдэл, хүний хөгжлийн индекс, ядуурлын түвшин, жендерийн тэгш бус байдлын индекс зэрэг нийгмийн үзүүлэлтүүдийг 2024 оны жилийн эцсийн дүнг мөн тэрбээр танилцуулаад шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд суурь асуудалтай тэмцэхээс гадна сүүдэрт өртөж буй, өртөх эрсдэлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө тэмцэх хэрэгтэй болж байна. Үүнд хуран цугласан эмэгтэйчүүд та бидний манлайлал, мэдрэмжтэй бодлого, нам үл харгалзан хамтран ажиллах шаардлага байгааг харуулж байна гэв.
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудыг төлөөлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска чуулга уулзалтад оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрбээр, эмэгтэй манлайлагчдын хүчирхэг баг бүрдсэн ч орон нутгийн шийдвэр гаргах түвшинд тэгш бус байдал байсаар байна. Харин энэ багийг дэмжихийн тулд жендерийн хэвшмэл ойлголт, бүтцийн саад бэрхшээл, нөөц, боломжийн тэгш бус хүртээмж зэрэг үндсэн шалтгааныг арилгах, улс төрийн хүсэл зориг, урт хугацааны, утга учиртай хамтын ажиллагаагаар бэхжсэн эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, иргэдийн дуу хоолой, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, жендэрийн мэдрэмжтэй засаглалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, сүлжээгээ бэхжүүлж, манлайлагч болох эмэгтэйчүүдийг дэмжих олон нийтийн дэмжлэгийг бий болгох хэрэгтэй хэмээв.
Чуулга уулзалын үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд 21 аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д хамгийн олон сонгогдсон 34 эмэгтэй төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм.
УИХ дахь улстөрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагууд буюу УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Орон нутгийн хүний эрхийн төлөв байдал” хэмээх илтгэлээр чуулга уулзалт үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





Авлига тэмцэх газар 164 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50...
4 цагийн дараа
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэ...
3 цагийн дараа
Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 9-нөөс эхэлнэ
Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг...
3 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалт...
2 цагийн дараа
Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд