мэдээ
Р.Раш: Улсынхаа эрх ашгийг бодвол төр тогтвортой байх ёстой

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 5 сарын 26

152

МАН-ын бага хурал хамтарсан Засгийн газрыг тараах шийдвэрт хүрлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөхөө мэдэгдсэн. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, ямар Засгийн газар байгуулагдах вэ гээд улс төр жинхэнэ буцалж байна. Нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглаж буй хашир улстөрчдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа
-МАН-ын бага хурал өнгөрсөн долоо хоногт хуралдаж улс төрийн шийдвэр гаргалаа. Таны хувьд парламентын болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүн. Дээрээс нь МАН-ын ахмад гишүүний хувьд улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн ажиглаж байна вэ?
-Би ч асуудлын гүнийг төдийлөн сайн мэдэхгүй л байна. Гэхдээ арай түргэдчихэв үү, яав. Ерөнхий сайдыг арай хөнгөдчих тал руугаа явчихав уу, яав гэж гэж харж байна. Уг нь Засгийн газар тогтвортой хамтраад ажилласан бол илүү байх байсан. Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөрийн яриаг анхааралтай сонслоо. Яг л үнэн юм ярьж байна лээ. Энэ ч улс төрд удсан хүн дээ. Бага хурлаар МАН засгийг дангаараа авна гээд шийдвэр гаргасан юм байна. Аль, аль шатандаа асуудал байгаа биз. Төрийн ч юм байгаа байх. “Ерөнхий сайд янз бүрийн хүмүүсийн үгэнд ороод байна” гэсэн сэжиг явсан ч байж болзошгүй. Манайхан чинь улс төрөөс гарчихаар намын бага хурлаас хасчихдаг шүү дээ.
Тийм болохоор бага хурал дээр хэн юу гэж ярив гээд дотоод уур амьгалыг нь би сайн мэдэхгүй л байна. Ер нь манай залуучууд албан тушаал, эрх мэдлийн төлөө их гүйлддэг бололтой юм. “Энэ олон АН-ынхан зөөлөн суудал дээр сууж байна. Бид яагаад сууж болдоггүй юм бэ. Бид чинь олонх болсон эрх баригч нам шүү дээ” гэх бодолтой хүмүүс байж ч магадгүй. Уг нь улсынхаа эрх ашгийг бодвол төр тогтвортой байх ёстой. Улсынхаа эрх ашгийг л нэгдүгээрт тавих хэрэгтэй юм даа. Улсын тусгаар тогтнолыг “Мөнх асаасан зул” гэж ойлгож болохгүй. Дандаа хамгаалж, арчилж, тордож, эвийлж, бөөцийлж явна л даа. Улсын хөрөнгийг ч бас ёроолгүй сав, элбэг ундаргатай худаг гэж ойлгож болохгүй. Монгол Улс ашигт малтмалаар баян л гээд байна. Энэ чинь ундарга сайтай, үргэлж урсаж байдаг гол мөрөн биш. Хэзээ нэгэн цагт шавхагдаж л таарна шүү дээ.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хамтарсан засгаа хамгаалсан байр суурьтай байсан. Та түүнийг яг юун дээр хөнгөдчихлөө гэж үзэж байна вэ?
-Мань хүн Засгийн газар хэвээрээ байх ёстой гэсэн ч “Би өөрөө больё” гэдэг нь арай түргэдчих шиг болсон. Эсвэл туньсан шинж ч байгаа юм болов уу, яасан юм бол доо. Тэр хүний дотрыг би ямар өнгийсөн биш дээ, сайн хэлж мэдэхгүй л юм.
Ер нь ч асуудал ойлгомжтой л доо. Хэн ч байсан үр хүүхэд нь янз бүрийн асуудалд холбогдоод, залуучуудын эсэргүүцэл төв талбай дээр жагсаад байхаар төрийн гурван өндөрлөгийн нэг хүн том дүгнэлт хийгээ байлгүй дээ. Гэхдээ “Би өөрөө больё” гэж хэлсэн нь мань хүнийг хүчилж тугтарсан юм болов уу. Янз бүрийн сэжиг би түрүүн хэлсэн дээ. Энэ хүний ойр дотны хүмүүс нь янз бүрийн улсуудтай холбоо сүлбээтэй гэх жиг жуг яриа байдаг бололтой юм билээ.
-Хамгийн олон жил Ерөнхий сайдаар тогтвортой ажилласан хүн шүү дээ. Хамтарсан Засгийн газраа байгуулж, 14 мега төсөл зарласан. Олон жил улс төр, геополитикийн түгжээнд байсан зарим төсөл нь ч хөдөлсөн. Харин одоо засаг солигдчихоор эдгээр ажлууд дахиад л гацах байх даа?
-Харин тийм. Дээр үед П.Жасрай гуайн Засгийн газрыг л дөрвөн жил тогтвортой ажилласан гэж жишээ авдаг байлаа. Засгийн газрын 14 мега төслийн хувь заяа ч юу л болдог бол. Би ямар Засгийн газрын дотор байгаа биш том төслүүдийг мэдэхгүй л юм. Уг нь сайхан санаанууд л даа. Хэрэгжүүлэхдээ гаднаас мөнгө аваад хийх л байх. Түүнээс дотоод эх үүсвэрээр хийе гэхэд яг үнэндээ өнөөдөр ард түмний орлого хоол хүнсэндээ ч хүрэлцэхгүй шахам байна шүү дээ. Тэр 14 мега төсөл цугаараа зэрэг босоод ирэх нь ч юу л бол. Харин ажил хэрэг болно гэж үзвэл нэг удаагийн сонгуулийн ажил ч биш байх.
-Энэ долоо хоногт улс төр нэлээд ширүүсэх янзтай. Засгийн газрын гишүүдийн томилгоо УИХ-аар орж ирэх нь. Ингэхэд манай улсад Засгийн газар ямар бүтцээр ажиллавал илүү тохиромжтой вэ?
-МАН-аас дангаараа Засгийн газрын гишүүд байх юм. Томилгоон дээр нэлээд удах байлгүй. Үгүй бол гялс манс тэр дор нь шийдчихэж болох юм. Ерөөсөө орж ирснийг нь хэн ч байсан хамаагүй тэр чигээр нь машиндаад Засгийн газар бүрдчихэд болохгүй юмгүй. Ингэсэн тохиолдолд дараагаар нь ажиллахад нэлээд зовлонтой байх. Сөрөг хүчин жинхэнэ ажиллана шүү дээ. Зарим нь ч одоо үзүүлээд өгнө гээд яриад байгаа харагдах юм. Манайхан ардчилсан парламентыг сонгодог байдлаар нь ажиллана гээд яриад байдаг даа. Олонх, цөөнх гээд л. Одоогийн сөрөг хүчнийг басаж болохгүй. Хүчтэй сөрөг хүчин шүү. Урдуур нь улаан хөлтэй юм барагтаа л бол алхахгүй дээ. Л.Гантөмөр улсын эрх ашгаа нэгдүгээрт тавилгүй яахав гэж байна лээ. Ер нь манай улс төрийн намууд олигтой төлөвшиж чадахгүй байна. Намын эрх ашгийг төрийн эрх ашгаас дээгүүр тавиад байгаа юм биш үү. Тэгэхээр зэрэг зоонтог баригчид ч олон. Цүнх баригчид ч олон байгаа юм. Өнөөгийн төрд буй улсууд туршлага муу болохоор зовлонтой л байна л даа. Аман дээрээ ярьж л байна, ахмадуудаа сонсдоггүйн гор юм уу гэж хардаг. Үхэж үрэгдэж байгаа л даа. Уг нь Д.Содном гуай, Ш.Гунгаадорж, Д.Дэмбэрэл, Д.Төмөр-Очир, Б.Даш-Ёндон, Ж.Гомбожав, Р.Гончигдорж гуай гээд хуучцуул маань байна. Тэднийхээ үгийг хэр сонсдог байгаа юм. Тэд чинь элээсэн оймс шүү дээ. Цойлдож өмсөх хэрэгтэй юм. Өнгөрсөн л үнэн юм даа.
-Хамтрахаа болиод МАН дангаараа засаглах юм бол дараагийн сонгуульд хэцүүднэ гэж судлаачид ярьж байгаа харагдсан. Харин та ямар бодолтой байна. Үнэхээр Л.Оюун-Эрдэнийгээ огцруулснаар МАН ялагдал хүлээх үү?
-Хүчтэй сөрөг хүчинтэй байдаг. Гэхдээ л МАН-ынхан дангаараа гарч ирээд хэл ам багатай, ихэнх нь ногоон гэрлээр явна гэдэг ч мэдэхгүй дээ. Ер нь улаан, шар хоёр гэрэл голчлох байх аа даа. Харъя л даа. Ингээд ирвэл Ардын намын нэр хүнд бууралгүй яахав. Гэтэл дараагийн сонгууль тосч байдаг. Тэрийгээ бодвол намын бодлогын төвд байгаа нөхөд эрхбиш тунгааж л байгаа байх.
-Дараагийн ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдаад л байна. Гол нь хэн байх нь хамаагүй, ямар маневртай ажиллах ёстой вэ. Хүндхэн эдийн засаг хүлээж авах нь байна шүү дээ?
-Ер нь энэ нөхцөл байдалд хоёр их гүрнийг хар даа. Хятад гүрний эдийн засаг од мичид шиг суга нисч байдаг. Хойд гүрний геополитикт аугаа их хүч оршиж байдаг. Бид ингээд л тулга тойрсон юм ярьцгаагаад байж байдаг. Эрхбиш монгол хүний хувь заяа гэж юм бий байлгүй дээ. “Муу хүний заяа завагт” гэж ярьдаг даа. “Залхуу эмгэн завагтаа махандаа хүрч чадахгүй үхдэг” гэдэг үг ч бий. Тэгэхдээ “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгчээр биднээс өөрсдөөс маань л хамаарна даа.
М.МӨНХЦЭЦЭГ





Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Ул...
32 минутын дараа
Гарц хааж зогсон бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж з...
26 минутын өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, ...
1 цагийн өмнө
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны хуралдаан боллоо
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 ...
1 цагийн өмнө
Замын хөдөлгөөний аулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар сан...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

•
хүрвэл үхэн егүүтэх. ялгаагүйн бна 🤭

🛌
залхуу эмгэн завагтаа хүрэхгүй үхэх

☔️
далайд хатаж үхэх. далайд цөлжих

Зочин
Соц үед томоотойгоор орос монгол дарга нарын бөгс долоосоор дарга болсон хүндээ. Ухаан, чадвар, боловсрол түйч байхгүй. Хуурамч дүр эсгэсэн хулчгар арчаагүй бөгс долоогчийн тод жишээ. Улсаа энэ хүн шиг хорлосон хүн ховордоо!

Зөнөг
Зөнөг урвагч, чи болио, дуугйа байж үз