мэдээ
П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв бүрдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж хэрхэвч болохгүй

Админ
2025 оны 5 сарын 30

52

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн П.Цэвэгмидтэй замын хөдөлгөөний татвар, торгуулийн талаар ярилцлаа.
-Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн гэж ажлын хэсэг дүгнэсэн байна лээ. Та үүнд шүүмжлэлтэй хандаж байна уу?
-Автомашины татвар нэмсэн асуудал нь хуулийн хувьд ч эргэлзээ дагуулж магадгүй. Хуульчид илүү тайлбарлах байх. Замын хөдөлгөөн гэдэг нийгмийн харилцааг зохицуулдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэж бий. Энэ хууль нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийн үндсэн зарчмуудтай нийцсэн байдаг. Миний хувьд нэг нийгмийн харилцааг хоёр хуулиар зохицуулж болдог эсэхэд эргэлзэж байгаа юм. ЗХАБ-ын тухай хуулийн хажуугаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль гэж батлуулж аваад “Замын хөдөлгөөн” гэдэг нийгмийн харилцааг зохицуулах гэж зүтгээд байна.
Энэ хуулиа барьж байгаад татвар нэмэх асуудлыг НИТХ-д оруулаад батлуулсан. Нийслэлийн иргэдээр хэлэлцүүлэх ч үгүй гэнэт л хэд дахин нэмсэн. Татвар нэмсэн асуудлаар 30 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан өргөдөл Улсын Их хурал дээр очоод алга болж байх шиг. Таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан гээд, ахлагчаар нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүнийг томилсныг хараад л энэ Их хурал намынхаа даргын үеэлээс айгаад олигтой хариу өгөхгүй нь гэж харж байсан маань ёсоороо боллоо. Ядаж энэ ажлын хэсэгт орсон Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа нарыг ядарсан иргэдийн талд дуугарах болов уу гэж харж байсан найдлага талаар болсон. Нөгөөдүүлээс нь хараад ч нэмэргүй нь тодорхой.
-Улсын төсөв тасарсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагыг 80 тэрбумын төсөв бүрдүүл гэсэн чиглэл өгсөн гэх мэдээлэл байна. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?
-Энэ татвар нэмэх, элдэв хураамж авах, торгуулиар төсөв бүрдүүлэх зэрэг санаачилгуудаас харахад Х.Нямбаатар даргатай энэ багт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодитой гарц шийдэл байхгүй. Зөвхөн санхүүгийн дарамт үзүүлэх бодлогыг түлхүү явуулж нийслэлчүүдийг машинаас нь буулгаж, явгалах бодлого л явж байна гэж харж байгаа. Өдрийн хоолонд нь тултал татвар, торгууль, элдэв хураамжаар дарамтлаад өгөхөөр машинаасаа татгалзаж л таарна гэж тооцож. Ер нь манай хот зөвхөн явган зорчигчид төдийгүй бүх хөдөлгөөнд оролцогчдод ээлгүй хот.
Яагаад гэвэл Улаанбаатар хот замын хөдөлгөөний зохион байгуулалтын наад захын шаардлагуудад нийцдэггүй юм.
Харин замын хөдөлгөөний хяналт шалгалтыг төсөв бүрдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж хэрхэвч болохгүй. Гэтэл энэ чиглэлээр ажиллах 319 хүнтэй Замын цагдаагийн нэгж байгуулж байгаа гэсэн яриа сонссон. Хотын захын мөнгө хураах цэг бүрийн хажууд журмын хашаа барьж байгаа ч гэж ярьцгааж байна. Ер нь татвар торгууль нэрийдэлтэй элдэв хураамжаар дарамтлаад байгаагаас харахад иргэдийнхээ орлого руу дайрдаг систем бий болсон ч юм шиг.
-Дугаарын хязгаарлалт, дугаар олголт, машины татвар гээд хүний зорчих эрхийг зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгаа талаар та юу хэлэх вэ?
-2012 оноос нийслэлчүүд “Дугаарын хязгаарлалт” гэх хууль бус захиргааны шийдвэрийн золиос болж байсан бол 2025 оноос “Дугаарын хасалт” гэдэг бас нэг зовлон нэмэгдэж байна. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг дамын наймааны хэрэгсэл болтол нь энэ цагийн Улаанбаатар хотын удирдлага хөгжүүлж чадлаа. Уг нь хөөрхий санаа нь хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх гэж тайлбарлах л байх. Гэтэл хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зохион байгуулалтыг инженерийн аргаар цөөрүүлж, зохицуулдаг гэдгийг хүлээж авч ойлгох тархи манай хотын удирдлагуудад байхгүй юм шиг байна лээ.
-Эдгээрээс гадна түгжрэл гэдэг зүйл бидний амьдралын хэв хаяг болоод уджээ?
-Замын хөдөлгөөний зохион байгуулалт талаас аливаа том хотыг ачаа үйлчилгээ үүсгэгч хот, ачаа үйлчилгээ шингээгч хот, дамжин өнгөрөх буюу транзит хот гэж ангилж үздэг юм.
Миний харж байгаагаар манай хот ачаа үйлчилгээ үүсгэгч болон шингээгч хот. Яав ч транзит хот биш. Гэтэл манай хотын удирдлагуудын төлөвлөж хэрэгжүүлэх гээд байгаа Туулын хурдны зам, Тойрог зам зэрэг нь транзит хөдөлгөөнөөсөө болж түгжрэл үүсдэг хотуудад л хэрэгжүүлдэг арга хэмжээ л дээ. Транзит хөдөлгөөнөөс болж түгжрэл үүсэж байгаа хотод бол хотын захаас түгжрэл арилгах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлдэг. Харин төв рүүгээ чиглэсэн болон төв хэсэгтээ түгжрэл үүсэж байгаа бол хотын төвөөсөө түгжрэл бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлдэг юм. Тэгэхээр Туулын хурдны зам түгжрэлийг 16 хувь бууруулна гэдэгт миний хувьд итгэдэггүй.
Г.БАЛГАРМАА





Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...
7 цагийн дараа
Өнөөдөр автомашины албан татвараа төлөх сүүлийн өдөр
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 ...
6 цагийн дараа
“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз ...
6 цагийн дараа
Энэ жил 14486 ээж Алдарт эхийн одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхи...
5 цагийн дараа
“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд

араан
Замын хөдөлгөөний хууль дүрмээр торгуулийн арга хэмжээ авч байгаа нь зорилго нь зөрчлийг таслан зогсоох арга хэрэгсэл, татвар бүрдүүлэх зорилго биш. Харин энэ зөрчил буурахгүй байгаа нь хариуцлагын арга хэмжээ хэтэрхий хөнгөн байгаагаас болж байгаа юм. Мөн буруу рультэй машиныг хориглох цаг болсон. Баруун гарын дүрэмтэй хуультай атлаа зүүн гарын дүрмийн машиныг хөдөлгөөнд оруулдаг нь үндсэндээ авто тээврийн болон замын хөдөлгөөны хууль, тогтоомж, түүнчлэн МУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Одоо техниктэй харьцаж сураагүй монголчууд л аваари осол гаргаж байгаад анхаарах цаг болсон