Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

“ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов

trend

Админ

img

2025 оны 6 сарын 11

img

40

news-img

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг  (2025.06.10) “Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-д ажиллалаа.

Энэ үеэр тус станцад гарсан ослын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат уулзалтын эхэнд ослын шалтгаан, үр дагавар нь системийн болон бодлогын түвшинд анхаарах шаардлагатай болсныг онцолж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг хэмнэлт нэрийн дор танах нь ослын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг тодотгосон. Тиймээс Эрчим хүчний яамтай холбоотой хариуцлагын асуудал яригдах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэг, Б.Нарантуяа нар осолд өртөж амь насаа алдсан инженер ажилтны ар гэрт эмгэнэл илэрхийлж, хүний амь нас, хөдөлмөрийн нөхцөлийг эрхэмлэн, сэргээн босголт, нөхөн төлбөр, дотоод хяналтын бодлогыг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэг сэргээн засварлах ажилд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг шуурхай гаргаж, үндэсний аюулгүй байдлын зохицуулалтаар тендерийг саадгүй явуулах эрх зүйн зохицуулалт бий болгох нь чухал хэмээлээ.

“Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар, ослын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, шалтгааныг тогтоох шалгалтын явц үргэлжилж буйг тайлбарлав. Тэрбээр долдугаар машины цилиндрийн шинэчлэлийг 12 дугаар сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж буйгаа танилцуулж, тоноглолын гэмтлийн үнэлгээг хийж буй талаар мэдээлэв. Мөн 50 МВт-ын турбин, 25 МВт-ын генераторын нийлүүлэлтийг хугацаанд нь хийх шаардлагатай байгааг тодотгосон юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын инженер Б.Наранцацрал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ, зөрчлийг арилгасан байдал, цэвэрлэгээ, сургалт, хяналтын зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалттай уялдуулан авч үзэх хэрэгтэйг онцолж, тендерийн үнэлгээний шалгуурт хамгийн бага үнэ бус, чанар, стандарт, ажилчдын оролцоог тусгах шаардлагатай хэмээгээд, улс төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн бүрдэл, хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулах, хариуцлагаас зугтах, эсвэл хэн нэгэн рүү нялзаах үйлдэл хэрхэвч байж болохгүй. Ослын шалгалт, нөхөн сэргээх асуудалд бүх түвшний удирдлага хариуцлага хүлээх механизмыг бий болгох ёстой хэмээв. Мөн тэрбээр ажлын байран дээр осол гарсан тохиолдолд зөвхөн зааварчилгаа өгсөн, шалгасан гэх тайлбараар асуудлыг хаах бус, бүх шатны хамтран ажиллагчид, эзэмшигчдийг хамарсан ил тод, нээлттэй хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Үүгээр зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиас гадна Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.  Түүнчлэн эрсдэлийн урьдчилсан зардлыг төсөвт тусгах, нөхөн төлбөрийг нэг удаагийн бус тогтвортой, урт хугацааны байдлаар зохицуулах шинэчлэл хийх нь зүйтэйг дурдлаа. Цаашид зөв гольдирлоор явахгүй бол ижил төстэй нөхцөл байдалтай авто зам, тээвэр, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбаруудад дээрх байдал давтагдаж болзошгүй анхааруулсан юм.

Цаашид ажлын хэсгээс дээрх салбаруудад газар дээрх судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийж, холбогдох яамд, төрийн байгууллагуудтай хамтран хуулийн нэмэлт, өөрчлөлт боловсруулах, салбар дамнасан (эрчим хүч, тээвэр, уул уурхай) хамтарсан дүгнэлт гаргах байдлаар ажиллаж, УИХ-ын чуулганд танилцуулж, эрх зүйн шинэчлэлийн саналаа өргөн барих төлөвлөгөөтэй байгаагаа онцлон хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсчээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хони...

img

7 цагийн дараа

Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хяналтын шатын шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Д.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзад...

img

7 цагийн дараа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Аймгийн ИТХ-ын ...

img

6 цагийн дараа

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ...

img

6 цагийн дараа

Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон

Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд ду...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

МАН 1990 оноос хойш 25 жилд нь засаг барьсан хэрнээ яагаад 1 ш цахилгаан станц бариагүй, идэж уугаад байсан юм бэ ? Хариуцлагыг нь МАН хүлээх ёстой.

Онцлох нийтлэлүүд