мэдээ
Улс төр судлаач Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 6 сарын 13

49

Улс төр судлаач Б.Анхзаяатай ярилцлаа.
-Дараагийн ерөнхий сайдад МАН-ын бага хурлаар Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Одоо Чуулганаар хэлэлцэнэ. Улс төр судлаачийнхаа хувьд та энэ том өрнөлийг хэрхэн харж дүгнэж байна вэ?
-2024 оны сонгуулийн үр дүнг үгүйсгэж, хатуухан хэлбэл, олон нийтийн сонголтыг доромжилсон, хамтарсан Засгийн газар хэзээ ч огцрохгүй мэт аашилж байв. Олонх болсон нам нь хамгийн их суудал авсан намуудаа элсүүлээд хамтарсан Засгийн газар байгуулчих л юм бол сонгууль хийх ямар ч утгагүй. Онолын бус зүйл олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөггүйг, хэчнээн том хамтрал байсан ч ард түмний хүсэл сонирхол тэнд тусаагүй л бол огцорч болдог жишээг харлаа. Олон нийтээ, сонгогчдоо битгий басамжлаарай улстөрчид өө гэдэг л агуулга энэ үйл явдлаас тод харагдлаа. 2008 онд мөн С.Баяр стандарт бус Засгийн газрыг байгуулж байсан. Тэндээс МАНАН үүссэн ч гэж ярьдаг. Гэтэл МАНАН-ийн эсрэг хөдөлгөөнийг нам дотроо ч талбай дээр өрнүүлж байсан хүн Ерөнхий сайд болоод дахиад МАНАН-г үүсгэхийг оролдлоо. Энэ бол зарчимгүй зүйл. 2008 оныг бодвол олон нийтийн улс төрийн идэвх оролцоо, боловсрол нэмэгдэж байна. Тэр тусмаа залуус энэ хуучин улс төрийн технологиудын эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэж байна. Энэ дуу хоолой цаашид ч улам идэвхжих нь мэдээж. Тэгэхээр улстөрчид, улс төрийн намууд хүссэн ч эс хүссэн сонгогчдынхоо хүсэл сонирхолд нийцүүлж улс төрөө хийхээс өөр аргагүй.
-Ерөнхий сайдын хувьд дан дээлтэй болж таарах нь. Ер нь дан дээлтэй, тэр дундаа Ерөнхий сайд болсон тохиолдол хэд вэ. Дан дээлтэй Ерөнхий сайдын зовлон нь юу байдаг бол?
-Ерөнхий сайд өөрөө дан, давхар дээлтэй байх нь төдийлөн чанарын ялгаа гарахгүй л болов уу. Тухайн хүний эрх ашгийг тэнцүүлэх улстөрчийн ур чадвараас хамаарах байх. Өмнө нь С.Баяр, У.Хүрэлсүх нар дан дээлтэй Засгийн газрын тэргүүн хийж байсан түүхтэй. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнээ хэр их давхар дээлтэй сайдуудаар бүрдүүлэх нь кабинетынх нь насжилтад бага хэмжээгээр нөлөөлөх талтай юм. Сая огцорсон Засгийн газар бол 100 хувь давхар дээлтэй сайд нараар танхимаа бүрдүүлж байсан. Энэ нь Засгийн газрын бодлогоо түлхэхэд нэмэртэй байсан юм гэхэд парламентын чадамжид эсрэгээрээ сөрөг нөлөөтэй. УИХ-ын зарим гишүүдийн хэлж байснаар парламент нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс, ажлын алба шиг ажиллаж байсан нь үнэн. Уг нь энэ алдагдсан тэнцвэрийг хадгалах ёстой. Гэхдээ Ерөнхий сайд танхимынхаа насжилтыг тооцоод дийлэнхдээ давхар дээлтэй сайд нараар бүрдүүлэх болов уу гэж таамаглаж байна. Энэ мэт ээдрээтэй олон асуудал Ерөнхий сайдыг хүлээж байна даа.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх асуудал улс төрийн болоод нийгмийн анхаарлыг маш их татаж байна. МАН-ын хувьд дангаараа засаглах асуудлыг ярьж байгаа. Ер нь дангаараа засаглах нь зөв үү?
-МАН-ын бага хурал дээр нэр дэвшигчид дангаараа засаглана гэх мөрийн хөтөлбөр дэвшүүлж дэмжлэг авсан гэж ойлгосон. Тэгэхээр МАН-ын гишүүд дангаараа засгаа байгуулах хүсэлтэй байгаа юм байна. Ер нь сонгуулийн үр дүнгээ харсан ч тэр, улс төрийн онолоо дагасан ч тэр олонх болсон нам дангаараа засаглаад явах нь зөв. Яагаад өөрийн намын 68 кноптоо итгэхгүй байгаа юм бэ.
Сонгогчид МАН-д итгэл хүлээлгэж 68 суудалтай болгосон байхад нам нь энэ 68-даа итгэхгүй байж болохгүй. Шийдвэр гаргах хууль батлахад хангалттай тоо. Өөр утгаар нь харвал МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай нам Засгийн газарт орж ажиллахыг урихдаа ядаж ижил чиг баримжаа үзэл баримтлалтай намаа урих ёстой. Одоо УИХ-д суудалтай АН, ХҮН нам бол баруун төвийн үзэл баримтлалттай намууд. Үзэл баримтлалаа дагаж мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг л баймаар. Энэ бодлогууд шийдвэр гаргах түвшинд зөрчилдөнө биз дээ. Тэгэхээр эндээс юуг харж болох вэ гэхээр улс төрийн намуудын төлөвшлийн асуудал бидний анхааран сайжруулах ёстой зүйл мөн. Намууд нь үзэл баримтлалаараа ялгарч төлөвшихгүй болохоор бүх түвшинд бүх зүйл эмх замбараагаа алдаж, зарчим онол алдагдаад байна. Зүүн төвийн үзэл баримтлалтай олонх болсон нам баруун төвийн намуудад санал тавихад татгалзах улс төрийн соёл ч алга. Бүр хамтарсан Засгийн газарт байсан АН, ХҮН намын дарга нар нь би Л.Оюун-Эрдэнэд итгэсэн, хэрвээ хамтрахгүй л бол сөрөг хүчний ажлаа хийсэн шиг хийнэ гэх хачин бүдүүлэг мэдэгдлийг удаа дараа хийсэн. Юу гэсэн үг вэ. Парламентад байгаа намууд чинь улс орны эрх ашгийн төлөө ажиллах ёстой биш бил үү. Хамтарвал сайн ажиллана, хамтрахгүй бол ажил хийлгэхгүй гэж ярьж болохгүй.
-Дангаараа засаглахын давуу болон сул тал нь юу байх бол, улс төрийн нөхцөл байдал талаасаа?
-Сонгогчдид МАН-ыг эрх барьж, АН, ХҮН намыг сөрөг хүчин болж ажилла гэдэг захиалга өгсөн. Энэ захиалгыг биелүүлэх нь намууддаа ч, засаглалдаа ч хэрэгтэй. Сөрөг хүчингүй парламент бүрдчихсэн болохоор олон нийт сөрөг хүчний ажлыг хийж залуус жагссан гэж харж байгаа. Ер нь байх ёстой зүйлийг байх ёстойгоор нь ярьж хэлэхгүй л бол хуйвалдааны зарчмаар энэ бүхэн яваад байна. Дангаараа Засгийн газар байгуулахын сул тал зарчмаараа ч байхгүй. Дангаараа байгуулах нь богино насалж магадгүй гэх агуулгууд яваад байна лээ. Хэрэв тийм бол энэ МАН-ын л асуудал юм биш үү. Ер нь Ардчилсан парламентын тогтолцоотой улсад Засгийн газар огцорч л байдаг. Богино наслахаас айгаад дахиад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй бол тэгээд урт наслахгүй нь мэдээж. Хэрэв жижиг намууд олонх болсон МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах нь үнэндээ тэдэнд ямар ч ашиг тус байхгүй. 2028 оны сонгуулиар МАН-ын хийж чадаагүй ажлын “гай”-г үүрээд л сонгогчидтойгоо нүүр тулах байх. Улс төрд гуравдагч хүчин төрөх боломжийг МАН дахиад л үгүй хийж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хоолыг хараад өөрсдийгөө хорлож байгаагаас ялгаагүй. Уг нь жижиг намууд хөгжиж төлөвшиж улс төрийн тоглоомын тойрогт орж ирж өрсөлдөх нь бидэнд их л тустай юм. Дахиад хэлэхэд, олонхын суудал авсан нь олонхын суудал авсан шигээ засаглаад, нөгөөдөх нь хяналтаа тавьсан шиг тавиад явах хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна. Хяналтын ажлыг чамбайруулах үйл явц гэж харах ёстой болохоос биш ажлын тушаа чөдөр гэж харахаа л болимоор байна.
-Дангаараа засгаа бүрдүүлээд явбал нөгөө хамтарсан засгийн үед гаргасан том төслүүд явах боломжгүй гэж үзэх үү. Ер нь дан Засгийн газар эдийн засгийн томоохон ямар ажлуудыг хийх боломжтой бол?
-Шуудхан хэлэхэд, энэ бол шалтгаан биш зүгээр шалтаг. Засгийн газраа авч үлдэх арга нь барагдсан экс Ерөнхий сайдын, энэ засагт үлдэж амиа зогоох гэсэн намын дарга нарын хэлсэн зүгээр шалтаг. Өнгөрсөн найман жил МАН үнэмлэхүй олонх байхад энэ ажлуудаа хийхэд хэн саад болсон юм бэ, байхгүй. Хамгийн түрүүнд 14 мега төслөө ач холбогдлын дарааллаар нь эрэмбэлэх ёстой. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Экс Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд гадна дотно эдийн засгийн нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн бид энэ 14 мега төслийг хийх л ёстой гэж муйхарласаар тэрэндээ өөрсдөө бүдэрчихсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, яаж ч кармагаа ухсан ийм боломж байхгүй байхад төсвөө ч тодотгохгүй гэж чичрээд 14 мега төслийг улсын төсвөөс гадуур хийж, хяналтаас гадуур явахыг санаархсан нь ч үнэн. Төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд мөнгө нь төсөөлснөөс дутчихсан учир томоохон ордуудаараа бартердах санаархал ч яваад байсан. Гишүүдийн хэлдгээр энэ бол үндэсний аюулгүй байдалд ч халдаж мэдэхээр аюултай зүйл.
-Тэгэхээр ямар төслөө явуулах ёстой гэж…?
-Нэн тэргүүнд шаардлагатай эрчим хүч, хил холболтын төслүүдээ эхлүүлснээрээ явуулаад тэр уул нүхэлж тунель барих, хүнгүй газар хот байгуулах биелшгүй мөрөөдлүүдээ хойш тавих нь зөв. Мөн МАН Шинэ Засгийн газраа дангаараа байгуулж, бүтцээ ч танах ёстой. Хамтарсан нэрийн дор угсарсан данхар төрийн бүтцийг тодорхой хэмжээгээр танаж чадвал шинэ Ерөнхий сайдын хамгийн том гавьяа ч байж мэднэ. Олон нийт ч үүнийг хүсэж хүлээж байгаа. Иргэдийн нуруун дээр ирж байгаа татварын дарамтыг бууруулах бизнесийн орчныг сайжруулах, ажилгүйдэл ядуурлаас эхлээд нийгмийн олон эмзэг асуудал тулгамдаад байна. Хөрсөн дээрээ асуудал ийм байхад улстөрчид нь биелэх боломжгүй агаарын юм яриад төсвийн мөнгийг салхинд хийсгэхийг олон нийт зөвшөөрөхгүй.
-Хэрэв Засгийн газраа МАН дотроосоо хагалж эхэлбэл энэ нь МАН-д том хуваагдал хагарал авчрах эрсдэлтэй юу. Өөрөөр хэлбэл, АН шиг бутрах эхлэл тавигдаж байна гэж харж болох уу?
-Намууд доторх фракцууд идэвхжих нь тийм ч муу зүйл биш. Энэ бүх идэвхжилтийн үр дүнд намуудад дотоод ардчилал бий болж, эрүүлжих процесс явагддаг. Энэ бидний айх ёстой биш анхааралтай ажиглах ёстой зүйл болов уу. Ер нь МАН, АН, ХҮН намын асуудал зөвхөн тэдний асуудал бус нийт ард түмний асуудал болж хувирдаг учир алдаа болгон дээр нь ашгүй гэсэн шиг алгаа ташаад суугаад байж болохгүй. Зөв тал руугаа юу буруу тал руугаа юу гэдгийг анхааралтай ажиглаж, сонгуулиар бодит дүнгээ тавьж байж нам эрүүлжинэ, хариуцлагаа ухамсарлана. Магадгүй МАН дотроо хагарч эхэлбэл бусад намуудад өсөж хөгжиж бойжих том боломж ч байж магадгүй юм. Нөгөө хүсээд байдаг тэгш бус өрсөлдөөн багасаж, орон зай гарахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ тэд энэ моментыг үр дүнтэй ашиглаж чадвал. Эцэст нь хэлэхэд хаа хаанаа улс төрийн зөв соёлд уриалж, эрүүл өрсөлдөөсэй гэж хүсэж байна. Олон нийт улам хэрсүүжиж байгааг дахин хэлэхийг хүсэж байна.





“Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 28, 29-ны өдрүүдэд болно
Монголчуудын омогшил болсон хүрээ цам, даншиг наадам энэ сарын 28,29-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Энэхү...
3 цагийн өмнө
Фридрих Мерц: Дайн засгийн газрыг эв нэгдэлтэй байхыг шаардаж байна
Германы өнөөгийн Эвслийн засгийн газрын нөлөө бүхий нэг гол хэсэг болж буй Социал демократ намын хэсэг гишүүд болох тус намын парлам...
3 цагийн өмнө
ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчны гуда...
4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Мон...
4 цагийн өмнө
Г.Ганбаяр: Оюутан цагдааг ажиллуулснаар гадаадын иргэд, жуулчид гэмт халдлагад өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлсэн томоохон ажил болно гэдэгт итгэлтэй байна
“Оюутан цагдаа” хөтөлбөр энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжиж буй юм. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мэргэжил арга...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд
