мэдээ
И.Энхболд: Солонгосын шинэ ерөнхийлөгч хөшигний ард явагддаг засгийн газрын томилгоог ил болгохын тулд ард түмнээсээ асууж байна

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 6 сарын 16

50

Олон улс судлалын ухааны доктор, зүүн хойд Ази судлаач И.Энхболдтой ярилцлаа.
-БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён засгийн газраа бүрдүүлэхдээ ард түмнээсээ асууна гэж мэдэгдлээ. Хэнийг юуны сайдад нэр дэвшүүлэх вэ гэсэн санал асуулгыг энэ сарын 10-17-ны хооронд явуулна гэжээ. Тэрбээр яагаад ийм шийдвэр гаргахаар болов?
-Ерөнхийлөгч И Жэ Мён сайд нарыг томилох асуудалд хэд хэдэн шалтгааны улмаас сайд ард түмнээс санал асуулга авахаар шийджээ. Нэгдүгээрт, ардчиллыг шинэ түвшинд гаргах зорилт тавьсан байна. Хоёрдугаарт, засгийн газрын томилгоо хөшигний ард хийгддэгийг Солонгосын ард түмэн олон жил шүүмжилсээр ирсэнтэй холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл, шинэ ерөнхийлөгч хөшигний ард хийгддэг энэ томилгоог хийхгүй, ил тод явуулах нь зүйтэй гэж шийдсэн хэрэг. Тиймээс энэ сарын 10-17-ны өдрүүдэд санал асуулга явуулахаар болжээ.
Нөгөөтэйгүүр И Жэ Мёний энэ шийдвэр сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилготой. Тэрбээр сонгуульд “Бид ард түмний өмнөөс шийддэг биш. Ард түмэн өөрсдөө шийддэг тогтолцоо бүрдүүлнэ” гэж амласан. Үүнийгээ хэрэгжүүлэх нэг амлалт нь сайд нарын томилгоо. Тиймээс хэнийг юуны сайд болгохыг ард түмнээсээ асуух нь зүйтэй гэж үзсэн байна. Дараагийн нэг зорилт нь дижитал шилжилтийг явуулахад чиглэжээ. “Цахим ардчилал”, “Дижитал шилжилт” гэсэн үгнүүдийг Солонгосын засгийн газар болон өндөр дээр албан тушаалтнууд, улстөрчид нэлээд түгээмэл хэрэглэх болсон. Дижитал шилжилт, цахим ардчиллыг шат ахиулах нэг алхам нь ард түмнээсээ авч буй санал асуулга гэдгийг онцолж байна. Солонгос улсын иргэн хүн дэлхийн аль ч өнцөг буланд байсан санал асуулгад оролцох боломжтойгоор зохицуулалт хийж байгаа юм билээ. Үүгээрээ энэхүү санал асуулга онцлог болж байна гэж харж байгаа.
-Өмнөх ерөнхийлөгч нар ийм шийдвэр гаргаж байв уу?
-Урьд өмнө БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс ийм шийдвэр гаргаж байгаагүй. Ер нь сайд нарыг томилох уламжлалт арга барил нь ямар байдаг вэ гэвэл хамгийн эхлээд нам дотроо ярилцаж байгаад нэр дэвшигчдээ намаасаа сонгоно.
Сонгосон нэр дэвшигч нарыг Тагнуулын ерөнхий газраас нь шалгалт явуулдаг.
Тухайн нэр дэвшигчтэй холбоотой бүхий л мэдээллийг шалгана гэсэн үг. Боловсрол, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг гэх зэрэг шалгалтыг явуулна. Энэ шалгалтаар гарч ирсэн хүмүүсийг Үндэсний ассамблейд сонсгол явуулах журмаар баталдаг. Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Шүүх яамны сайд зэрэг хууль эрх зүйтэй холбоотой яамдын сайд нар дээр сонсгол явуулдаг. Бусад яамдын сайдыг сонсгол явуулалгүйгээр Үндэсний ассамблей дээр баталдаг уламжлалтай.
-Шинэ ерөнхийлөгч засгийн газрын гишүүдийг ард түмнээсээ асууж байгааг солонгосууд таатай хүлээж авч байх шиг байна. Гол нь ард түмний итгэлийг авч гарч ирсэн сайд нарын хувьд шударга, зарчимтай ажиллах асар их хариуцлага хүлээж байгаа биз дээ?
-Санал асуулга явуулж байгаагийн дутагдалтай тал нь ард түмний санал асуулгаар гаргаж ирсэн сайд ямар нэгэн буруу бодлого явууллаа гэхэд ерөнхийлөгчийн буруу биш, намын буруу биш. Харин ард түмний буруу болж хувирах магадлалтай. Жишээлбэл, сангийн сайд нь ямар нэгэн байдлаар татвар нэмж ард түмний бухимдлыг өдөөлөө гэхэд Ардчилсан намыг ч юмуу, ерөнхийлөгчийг буруутгахад хэцүү болно гэсэн үг. Тиймээс сайн сонгож байж сайд нарыг гаргаж ирэхгүй бол дараа нь хариуцлага тооцож гаргаж ирэхэд эрсдэлтэй.
-Засгийн газар нь бүтцийн хувьд ямар байх төлөвтэй байна вэ. Хэнийг юуны сайд болохыг нь ард түмний санал асуулгаар тодорхой болгосны дараа тэднийг яаж албажуулдаг вэ. Процедурыг нь сонирхуулахгүй юу?
-Процессын хувьд ярих юм бол ерөнхийлөгч ард түмний сонгон шалгаруулалтаа өөрөө явуулна. Гэхдээ заавал ард түмнээс сонгон шалгаруулсан хүн гарна гэсэн үг биш. Ерөнхийлөгч хуулиараа заагдсан өөрийн бүрэн эрх мэдлийн дагуу сонгон шалгаруулалт явуулна. Үүний дагуу хууль болон ёс зүйн шалгалт хийгдэнэ. Тухайн хүн сошиал медиа дээр ямар байсан бэ, боловсролын түвшин нь хэр зэрэг юм, цэрэгт явсан уу, гэр бүлийн байдал гэхчлэн бүхий л талаар нь шалгалт явуулна. Энэ шалтгалтдаа тэнцсэн бол Үндэсний ассамблейд шууд өөрийн биеэр оролцож асуултад хариулдаг. Энэ шалгуурыг даваад гараад ирэх юм бол ерөнхийлөгч зарлигаа гаргана. Ерөнхийлөгч зарлиг гардуулсны дараа тамга гардуулах ёслол болж, тухайн сайд болон ерөнхий сайд нар энэ албандаа томилогдоод явах нь. Одоогийн байдлаар ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Гүон Ён Сэй гэдэг хүн 15.7 хувийн саналаар тэргүүлж байгаа мэдээ байна.
-Ингэхэд БНСУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан нам гарвал монголчуудад ээлтэй бодлого явуулдаг шүү дээ. Сая огцордог ерөнхийлөгч визний хувьд маш хатуу бодлого явуулж монголчууд бөөн бөөнөөрөө солонгосын хил дээрээс буцаж байсан. Харин И Жэ Мён ерөнхийлөгчийн хувьд Монголтой харилцаагаа хэрхэн шинэ шатанд ахиулах бол?
-Солонгост ардчилсан нам төрийн эрхэнд гарсан. Ерөнхий ассамблейн суудалд ч диийлэнх олонх бөгөөд ерөнхийлөгч нь хүртэл ардчилсан намаас сонгогдлоо. Солонгосын Ардчилсан нам Монголын ардчилсан намаас арай өөр. Эсрэгээрээ гэж хэлж болно.Солонгосын ардчилсан нам зүүний үзэл баримтлалтай. Манай ардын намтай ойролцоо үзэл баримтлалтай. Энэ утгаараа Солонгосын ардчилсан нам гарсан тохиолдолд Монгол болон Умард Солонгостой харилцаа сайжирдаг. Гадаад харилцаан дээрээ түлхүү анхаардаг нам юм. Өмнөх ерөнхийлөгч нар бол шинэ умардын, өмнөдийн гээд шинэ гадаад бодлогууд баримталдаг байсан. Харин одоо энэ намын хувьд шинэ төв Азийн бодлогыг баримтлах шинжтэй байна. Шинэ төв Азийн бодлогод Монголыг онцолж байгаа хэсэг нь юу вэ гэвэл Монгол бол зүүн Азийг евро Азитай, евро Азийг төв Ази болон Европтой холбох гол гүүр гэсэн. Мөн Монгол орон байгалийн нөөц баялаг ихтэй учраас Солонгосын нөөцийн гадаад бодлогыг бүрдүүлэхэд тэргүүлэгч орон гэж мэдэгдсэн байдаг. Тэр утгаараа Монгол Солонгосын харилцаа илүү их сайжрах болов уу гэж бодож байна. Өмнөх ерөнхийлөгчийн үед гадаадын хууль бус ажилчидтай хатуу тэмцэх нэрийдлээр олон монгол ажилчин баригдаж эх орон руугаа буцсан. Мөн хилийн шалган нэвтрүүлэх дээр олон монгол хүнийг буцаадаг байсан. Нэг өдөрт 20-60 монгол иргэнийг буцааж байсан гэх тоо баримт байна. Нэг удаа онгоцоор нь буцаасан тохиолдол ч гарсан. Энэ нь хоёр улсын дипломат харилцааг нэлээд муутгах, хоёр орны иргэдийг хооронд нь үл ойлголцоход нэг шалтгаан болж байсан. Одоогийн шинэ ерөнхийлөгч илүү нааштай, аядуу, зөөлөн бодлого баримтлах болов уу гэх хандлага ажиглагдаж байгаа. Өмнөх ерөнхийлөгч нэлээд хатуу бодлого баримталж байсан. Хилийн шалган нэвтрүүлэх, ялангуяа визний хөнгөлөлтийн асуудал байна. Мөн 2022 оноос хойш гурван жилийн хугацаанд С2 ангиллын буюу аялал жуулчлалын виз монголчуудад гарахаа больсон гэж сонсогдсон. Гарлаа гэхэд маш их цаг хугацаа зарцуулдаг, шалгалт явуулдаг байсан. Тиймээс энэ нөхцөл байдал илүү уян хатан болох болов уу гэх таамаглал байна. Мөн оюутан солилцоо байна. Оюутнууд оршин суух визээ сунгуулах, бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахад монгол оюутнуудад хүндрэлтэй байдаг гэх мэдээ авсан. Энэ байдал иүү зөөлөн болж, монгол оюутнууд тэтгэлэгтэй суралцах боломжуудыг нээж өгөх болов уу гэж бодож байна. Гэрээт ажилчдын хувьд бас л нөхцөл байдал илүү чангарсан байсан. Ер нь өмнөд Солонгосын хувьд ажилчид дутагдалтай байгаа. Хүн ам нь багасаж байгаа. Үйлдвэрт ажилчид хэрэгтэй боловч хүн ам цөөрч байгаа гэдэг утгаараа эдийн засаг, хүний нөөцийн хүндрэл учран шинэ гарсан засаг болон ерөнхийлөгч энэ хүндрэлийг шийдэж, илүү инновацилаг болж, дижитал засаг руу шилжинэ гэсэн бодлого баримталж байгаа. Тиймээс энэ тал руугаа илүү явах байх гэж таамаглаж байна. Үе үеийн ардчилсан намын засгийн газар, ерөнхийлөгчүүд Умард Солонгостой аядуу зөөлөн бодлого баримталж, илүү ойр дотно болдог.
Энэ хэрээрээ Монгол Улсын байр суурь нэмэгддэг гэж ойлгож болно. Учир нь энэ аядуу зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх гол гүүр нь Монгол Улс болдог. Тиймээс Монгол Улсын байр суурь, үүрэг илүү нэмэгдэх болов уу гэж бодож байна. Мөн Солонгосын нөөцийн дипломат бодлого илүү гүнзгийрэх байх. Энэ бодлогод Монгол Улсын үүрэг илүү нэмэгдэнэ. Тиймээс энэ удаагийн ерөнхийлөгч гарснаар Монгол, Солонгосын харилцаа нэг алхам хойшилсон байсан бол одоо хоёр алхам урагшлах болов уу гэсэн эерэг хандлагатай байна.





Хүбэй мужийн биет бус соёлын өв болох “ТОСОН ЦААСАН ШҮХЭР”
Чыби хотын Ян Лөү Дүн эртний суурины тосон цаасан шүхэр нь их алдартай бөгөөд хийх арга техник нь биет бус соёлын өвийн жагсаалтад б...
8 цагийн дараа
Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 18-нд эхэлнэ
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35939 сурагч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд шалгалтыг 50...
4 цагийн дараа
Ц.Раднаа: Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг чинь үнэн шүү
Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч, ахмад тамирчин Ц.Раднаа гуайтай ярилцлаа. Тэрбээр ө...
3 цагийн дараа
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад бодлогын дараах шаардлагыг хүргүүллээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хү...
3 цагийн дараа
“Эрдэнэс тавантолгой” ХК Хархорум хотын 410 га талбайд 300 мянган мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэн Монгол орны 3 бүс нутагт 1...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд