мэдээ
Цаст цагаан Сутайн тэмдэглэл

НОРОВЫН ГАНТУЛГА
2025 оны 7 сарын 02

261

Цаст цагаан Сутайдаа ирлээ. Уулын шөнийн зөөлөн салхийг нь залгилан зогсохуйд тэнгэрийн мөнгөн одод энгэр заамаар шургалан, шүхэрлэн нисэлдэх нь гайхалтай. Ёстой л лавай цагаан Сутай гэдэг чинь оддынхоо гэрэлд улам мөнгөрөн цавцайж, зүүдний цагаан унага лугаа ер бусын агшинд умбуулах ажгуу. Энэхүү тэнгэртэй сайхан ууланд жулдрайхан би дөрөв дэхээ залбиран ирж, сэрүүн цагаан салхиар нь илбүүлэн, их уулсын сүрд дарагдан зүрх чичирхийлэн зогсоо минь энэ. Өмнө нь ирэхдээ ингэж оддынх нь гэрэлт ертөнцөд буй биеэрээ уусаж, найрагчийн халуун зүрх чимчрэхийг мэдрээгүй юм болов уу даа.
“Сэрүүн сайхан Алтай гэгч зундаа амьд бүхнээ оргилдоо дууддаг бүлгээ” гэж Монголын их утга зохиолын “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавай минь дуун алдсан билээ. “Энэ Азын цэнхэр ууланд амьд бүхэн бий. Жаргая гэсэн бүхэн энд төрдөг юм” гэж бичсэн сэн. Тийм ээ, сэрүүн сайхан Алтайн оргилд жаргая гэсэн бүхэн ирж, энэхүү ариун дагшин орчилд хувь заяатай бүхэн мэндэлдэг ажээ. Ийн санах ахуйд “Эгч ээ, хоёулаа Цагаан чулуутынхаа хөндийд цагаан чулуугаараа тоглоё” гэж хэлээд бурхны хутгийг үзүүлж, энэ л цаст Богд уул, Усан Зүйлийн гол, Цагаан чулуутынхаа хөндийд шингэсэн буянт буурал Базарын Жагдал ижийн зөөлхөн амьсгал мэдрэгдэх шиг болсон.
Мягмардорж ах “Хүн тэнгэрт биш газарт, тэгэхдээ төрж өссөн ус нутаг, чулуугаар нь тоглож өссөн газар дэлхийдээ шингэдэг юм байна гэдгийг хайрт ижийгээ бурхан болоход мэдэрсэн. Ээж минь хэвтэрт байхдаа “За одоо ээж нь явъя аа. Миний хүүхдүүд духан дээр минь хадаг тавиарай, ээжийнхээ аманд сүү дусаагаарай” гэж дуулдах төдий хэлээд ухаан алдсан. Бид ч хайрт ижий минь бурхныхаа оронд явлаа даа гэж бодтол гэнэт сэргээд их тод дуугаар, гэхдээ хүүхдийн хоолойгоор “Эгч ээ, хоёулаа Цагаан чулуутынхаа хөндийд цагаан чулуугаараа тоглоё” гэж хэлээд амьсгал хураасан. Ингэж ээж минь Цагаан чулуутынхаа хөндийд ирснээ үр хүүхэд бидэндээ хэлж өгсөн.
Ээжийн минь бурхны хутгийг оршоохдоо нялх багынхаа дуугаар хэлсэн тэр л үг миний сэтгэлд оршиж Сутай хайрхан, Зүйлийн гол ижий аавынхаа энэ л ус нутгийг зорих болж хүйн холбоотойгоо мэдэрсэн” гэж хэлсэн юм.
Мягаа ахын сэтгэлийн хөндүүр дүүрэн хэлж, ээждээ эрхлэх гэж аавдаа алгадуулах гэж ах нь Сутайгаа зорьдог юм шүү гэсэн үгнээс нь хайр тунарч, нулимс амтагдаж байсан даа. Тонхилын төвд багш сурагчидтай уулзан шүлэг найргаа уншсан эрдэмтэн мэргэд, зохиолч найрагчдын цуваа Сутайгаа зорьж ийнхүү энгэр бэлд нь нөмөр нөөлөгт нь ирсэн юмсан. Замд энд тэндгүй эрдэнийн цагаан чулууд гялалзаж талстан байхыг хараад Мягаа ахын дотогшоо нулимстай хэлсэн үг бодогдон, хайрт ижий аавынх нь гэгээн тунгалаг царай шөнийн саруулд нүдэнд минь баримжаалагдаж явлаа.
Цаст цагаан Сутай, Сутайн цагаан салхи, цангинам болор мөнгөн одод, зуны цагаан шөнө, Цагаан чулуутын хөндий…Ямар гээчийн ариун тансаг ертөнц, уулын цэнхэр диваажин бэ. Энүүхэн хажууд, Их Сутайн баруун титэм дор Цэцэг нуурын хөвөөнд төрсөн Бямбажавын Хүрэлбаатар найрагчийн алдарт “Сутай хайрхан уул” шүлэгт
“…Оройн цагаар Сутайг харахад
Оргилын нь мөнх цаснаас
Одод хальтран гулсаж
Огшоож суусан гэрийн минь хаяагаар
Ороод ирэх шиг санагддаг сан
Аавынхаа тэрлэгэнд багтаж
Авдрын урдуур унтдаг байсан
Алдрай бага насандаа
Од өвөртлөн унтаж
Оргилоос нь унан зүүдэлж
Өөдөө явахын хүсэлтэй өссөн
Өндөр Алтайн хүү билээ би…” гэх мөрүүд эрдэнийн судал адил тодрон байдаг сан. Үнэхээр л огшоож суусан гэрийн хаяагаар одод гулсан орж ирж, од өвөртлөн унтдаг хүмүүний гэрэлт тунсаг ертөнц юм. Их Сутайн наран талд нь Дарвийн цэнхэр нуруу ханарна. Энэ цэнхэр уулаа Пүрэв баавай минь “Азын цэнхэр уул” гэж титэмлэсэн билээ. “Оддын дунд Дарвийнхаа нуруунд унтаж буй Цогтбаяр нойр хулжаан Гэрэлмаагаа бодож, “дахиад уулзах уу” гэж аргадангуй дуугаар асуухад, уулзъя аа, зургаан мөнгөн мичид дээр уулзъя. Би тэнд таныг хүлээж байна гэсээр Гэрэлмаа хормойгоороо өвдгөө ороон ичингүйрэн цэмцийн сууна” гэж өгүүлснийг Очирбатын Дашбалбар найрагч “Оддын дунд унтаж, оддын дунд болзож, оддын дунд бие биеэ хайрлаж, оддын дунд гол горхи хоржигнон урсдаг монгол орны тухай, гэгээн залуу нас, үүрийн туяа шиг хайрын тухай” гэж дуун алдаад гэрэл гэгээнд булхагдсан хөрөг таталбар бичсэн байдаг.
Тийм ээ, миний бие Сутайнхаа өвөр бэлд, Сутайнхаа цаст цагаан тэргүүнийг харж, цагаан болор салхинд нь хацар нүүрээ илбүүлж, оддынх нь мөнгөлөг туяанд зүрх баясан, оддыг нь энгэртээ асгаруулан цалгилуулж, жаргал амснам. Ямархан хувь заяаны ерөөлөөр “Сүрлэг Сутай сан”-гийн урилга хүлээн авч Дамдинсүрэнгийн Урианхай, Тангадын Галсан тэргүүт их мэргэдтэй цаст цагаан Сутайдаа ирэв дээ хэмээн оддын дунд залбиран зогсном.
2
Өглөөний нар Сутай ханы мөнгөлөг тэргүүнийг алтран хулдаж, хөх тэнгэр мэлтийн цэлмэлээ. Тэнгэрт бүртийх ч үүлгүй ёстой Нарлаг өндөр Алтай гэгч мөн дөө. Урьд шөнийн баянхуурын аялгуу сэтгэлд эгшиглэсээр л. Урлагийн гавьяат зүтгэлтэн энэ цагийн нэрт хөгжмийн зохиолч, эрхэмсэг хатагтай Довчингийн Цэцэрлэг баянхуураа уйлуулж дуулуулдаг нэгэн аж. Хоёр мянга найман оны хавар шиг санагдана. Чингэлтэй хайрхныг найргаар “тахиж” бороо оруулна гэх саналыг Ховдын Дарви, энэ л Сутайн хүү Соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзан санаачилж, Төрийн шагналт Дамбын Төрбат, “Хааны титэм шиг Отгонтэнгэр” хэмээх аварга дууг Бямбасүрэнгийн Шаравтай хамтран бүтээсэн Цэвээнлхазал хурандаа, тэгээд миний эрхэм хоёр ах болох Цогдоржийн Бавуудорж, Арлааны Эрдэнэ-Очир нар явах боллоо. Хамгийн залуу нь би байж таарлаа. Бид Чингэлтэй хайрханы тэргүүн овоог нар зөв тойрон шүлгээ уншиж, үдийн хагаст бууж ирээд Цэцэрлэг гавьяатын студид очив. Бавуу ах эрхэмсэг хөгжмийн зохиолч хоёрын “Тэнгэрийн бүсгүй” гэж дуу бий. “Гэр дүүрэн гэгээ татуулсан гэргий зандан бүсгүй чи минь дээ, гишгэсэн газартаа цэцэг ургуулсан гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй еэ” дуу эгшиглэлээ. Удаа ч үгүй Цэцэрлэг хатагтайн хань Соёлын гавьяат яруу найрагч, хурандаа Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн гуай ирлээ.
Тэгтэл Улаанбаатарын салхи урдаасаа урин Богд уулын орой цайран бороо асгаж, чухам үүнийг хүлээн суусан Данзан ах, Цэвээнлхазал хурандаа тэр хэд алга хавсран баярлаж, виски задлан жүнз харшуулж билээ. Ингэж Цэцэрлэг гавьяатыг тэртээ 20-иод жилийн өмнө хальтхан харсан. Аян замд ганзага нийлэх боломж тохиосонгүй. Гэтэл цаст цагаан Сутайд хамтдаа ирж, баянхуурынх нь аялгуунд Сутайн цагаан салхи хүртэл хөг орон эгшиглэхийг хардаг байна. Эрхэм гавьяат хамт яваа найрагчдынхаа бүтээлээс дуулан хуурдсан нь бүр чиг сэтгэлийн баясгасан юм.
“Томоогүй явж боллоо ээж ээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээж ээ” хэмээн Төрийн шагналт Санжаажавын Оюун найрагчийн шүлэг Төрийн шагналт нэрт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн аялгуу, алдарт Төмөрхуягийн хоолойгоор ард түмэнд хүрсэн уг дууг эрхэм гавьяат баянхуурын аялгуун дор дууллаа. Өөрийнх нь дуу ийн эгшиглэхийг сонссон Оюун эгч минь цээж тэвхгэр, эрхэмсэг сууж харагдсан. Залгуулаад Соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа найрагчийн нэрийн хуудас “Амьдралаа би чамд хайртай” дуу асгарч цэнгэл баяр, бүжиг наадаан болсон.
Харин өглөөний алтрах наран дор хоёр хүн жаахан сэтгэл дундуур байсан юм. Тэр бол Дан.Нямаа, До.Цэнджав хоёр аварга байлаа. Учир нь гэвэл, баянхуурын аялгуунаас энэ хоёр хоцорч, оройн зоог барьчихаад түрүүлээд “шовгор”-тоо амарсан юм. Шөнийн “симфони” эгшиглэхийг сонсоогүйд Нямаа ах жаахан хүүхэд адил тунирхан “Бид хоёрыг дуудахгүй яав” гэж дэгдгэнэн гүйгээд, бусад хүмүүс мартсан байж болно, Гантулга чи багшийгаа мартаж байгаа юм уу гэж намайгаа До ахын өмнө шордон хатгахаа мартсангүй. Намайг анх сэтгүүл зүйн гал тогоонд хөтөлсөн хүн Цэнджав бээр гэдгийг Нямаа ах юу эс андах билээ. Ийм наргиан хөөрөөтэй өглөөг угтсан.
Морин цаг хөрвөөх үест бидний цуваа Сутайн тэргүүн их овоог зорин хөдөллөө. Боомын шилээс түрүүчийн машин хошуу өлгөн Замтын амыг өгсөхөд Сутай хайрхны тэргүүн дээр үүл манан будагнаж, хаанаас гараад ирэв гэмээр хонин цагаан үүлс хошуулдан гэнэтхэн тэнгэр бүрхээд ирэх нь тэр. Удаа ч үгүй бороо шивэрч, Овоон булагийн эхээд өгсөн Их овоон дээр гарч ирэхүйд том том цагаан ширхэгтэй мөндөр шаагин бууж, хайрхны оройгоор цас будагнан хуйлраад сүр жавхлан бүрдээд ирдэг юм байна. Газрын холоос Их хайрхан, Их овоогоо зорьж ирсэн эрхмүүд, утга зохиол, урлагийн бурхад тэнгэртэй сайхан уулын сүр жавхланг бахдаж, сүслэн залбирч, хадаг яндар идээ будаагаа өргөхүйд мөндрийн цагаан зурвас зөөлөн намираа бороогоор солигдон, үүлсийн цаанаас нар асгаран гийлээ.
2016 оны намар, энэ сайхан овооноо Алтайн хөх эрчүүдтэй хамт гарч, хийморь сэргэн зогсож билээ. Өндөр Билэгт ах, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Рэгдэл, Равдангийн Зангийн хүү Самдандовж гээд Алтайн чөмөгтэй харцуулын салхин дунд Хүрлээ ахынхаа “Сутай хайрхан уул”-ыг, тэртээ хоёр мянга найман онд эх орныхоо баруун хилийг тойрч явахдаа бичсэн “Бор цонжийн говийн хүн чулуу” шүлгийнхээ хамт уншиж Өндөр их Алтай, Өндөр дээд Сутайн салхинд цангинам хоолойныхоо “соронзон долгион”-ыг хадгалуулж үлдээснээ санан сэтгэл минь яг л энэ нартай бороо шиг гэрэлтэн байлаа. Тийм ээ, жулдрайхан би Сутай ханы барааг анх хоёр мянга найман оны намрын эхэн сард харсан сан. Урианхай ах, Эрдэнэ-Очир ах бидэн баруун Алтайг бүтэн тойроод буцахдаа Ховдын Алтай сумын Ангиртын голын хөвөөнд амсхийж, улмаар Барлагийн голыг өгсөн Өлийн даваагаар давж Тонхилын нутаг руу орж ирж билээ. Өөдөөс минь арван тавны тэргэл сар манхайх шиг Сутай хайрхан угтаж авсан сан. Тэр цаг мөч сэтгэлд даанч илхэн байна.
Их хайрхны Их овооноос Тонхилын их уулсыг халиахад хамгийн түрүүнд Чоно төрдгийн дух, Гурван хөх дух нүүрэнд тулж ирнэ. Цаана нь Хайчийн улаан уул тэгээд алдарт Шандатын нуруу ханарна. Үндсэндээ зүүн талын уулс. Шандатын нуруу явсаар сумын зүүн талаар ороож Хатавчийн нуруутай нийлэн шувтарна. Баруун талаараа Сэнжийн дух, Эрээн энгэр, Улаан нуруу, Байцатын уулс, Шовгор цахир гээд үргэлжилнэ. Сутай зүйрлүүлж хэлбэл өвчүүний эхэн дээр байгаа дүнхгэр оргил гэж нутгийн хөгшид тодотгосон нь ийм учиртай. Зүүн талаараа 60-аад, баруун талаараа 50-иад км сунан алсарч Тонхил нууртайгаа золгон цаашлаад Алтайн нуруутай залгагддаг юм билээ. Сутайн орой дээрээс цэлмэг өдөр дуран сунгахад баруун тийш Мөнххайрхан, зүүн тийшээ Отгонтэнгэрийн орой цайвалзан харагддаг гэж энэ нутгийн хүү, Алтайнхаа утга зохиолын голомтыг сахиж яваа Гочоогийн Чардаг найрагч хэлсэн. Тэрээр бүхий л насаараа үзэг цаас нийлүүлж яваа нэгэн боловч уулын спортын гарамгай тамирчин. Сутайн тэргүүн дээр есөн удаа хөл тавьж, оргилыг нь эзэлсэн нэгэн.
Их овооны хойд энгэрт том шар чулуу наранд алтран харагдсан. Сутай хайрхны төрийн тахилга зөв сайхан болж байгаль дэлхий тэнгэр бурхнаа аргадсаныг энэ шар чулуу хэлж өгдөг байна. Шар тос нялчихсан юм шиг шаргалтан байвал тахилга сайхан болжээ гэж бодно, харин нэг л өнгө зүс муутай үрчгэр харчгар байвал тахилга тааруу болсны шинж гэдэг. Ийм л яриа хөөрөө, ёс жудаг эрэмбэ жаягтай бид Их овооноо залбираад Зүйлийнхээ голыг өгссөн. Нэг машинд суудал зэрэгцэн яваа Урианхай ах минь “Зүйлийнхээ голоос амсъя” хэмээн түр саатан Сутайн мөнгөн титэмт цаснаас эх аван урссан Усан Зүйлийн голоос аршаалан хүртэж, магнайдаа адислалаа. Энэ л ариун дагшин гол уснаас би олонтаа амсаж буйгаа дотроо сүслэн бодохуйд цээж цэлмэн байв. Зүйлийн голын тархин дээр нь гарч ирлээ. Улиастайн хөндий, Үхэр чулуут, Зүрх хайрхан тосч угтав. Зүрх уулын чанх өөдөөс харсан Цэцэг сум тал руугаа, нутгийн олны хэлснээр Сэнжийн арын тагтанд тэнгэрийн цэцэг вансэмбэрүү харлаа. Тэгэхдээ Амарбаяр эгчийн хамт харсан нь надад бэлгэшээлтэй санагдсан. Амараа эгч Завханы Тосонцэнгэлийн хүн, Идэрийн голын охин. Цаст Очирваанийн ариун дагшин нутгийн охин тэрээр вансэмбэрүүг багаасаа харж өссөн нэгэн. Эрхэмсэг тэрээр вансэмбэрүүг энхрийлэн үнэрлээд
“…Уранхан цоморлигийг нь илээд үзвэл
Унаганы уруул шиг зөөлхөн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа
Өвөг дээдэс минь энэ цэцгийг
Өнө эртэд олсон гэнэм
Алжаасан бие эдгээдэг чадлыг нь
Аль хэзээнээс мэдсэн гэнэм
Тэгээд энэ вансэмбэрүүг
Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм” хэмээн Их Явуугийнхаа шүлгийг уншиж байлаа. Мөн уулын тагт өндөрлөгөөс бууж явахдаа
“Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг” гэж Бавуугийнхаа шүлгийг залгуулан уншлаа. Тэрхэн агшинд тэнгэрийн их уул Даян хайрхны тэргүүн дээр найргийн бурхдын хамт гарч бүгдээр эгнэн зогсон Явуугаа дуудан сэрээж “Би хаана төрөө вэ” алдарт шүлгийг нь уншихуйд үүл мананд хучигдсан Отгонтэнгэр хайрхан хөшгөө нээж цэлмэн гийхэд Урианхай, Цоодол, Дашлхүмбийн Галбаатар… гээд бүгд нүдэндээ нулимстай байсан минь бодогдоод. Энэ л цаг дор миний бие агуу их Шаравын Сүрэнжавын баруун өвдөгнөөс адис авснаа шүншиглэн санаад. Амараа эгч аавыгаа ярин, шүлэг цээжлүүлж ном уншуулж өсгөснийг нь хэлээд Даянгийн орой дээр вансэмбэрүү харсан цаг мөчөө дурсахуйд миний сэтгэлд Даян хайрхан Отгонтэнгэртэйгээ ханаран буусан нь энэ.
Зүрх уулын элгэн тушаа Хөвөнгийн голын хөвөөн дээр өнөө Цэцэрлэг гавьяат чинь ёстой оргилж “буцалдаг” байна шүү. “Найрагчид минь ээ, надад шүлэг өгөөч” гэж орилоход нь ойр байсан хүн нь хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй байжээ. Мэдээж хүүхдийн зохиол өгсөнгүй, дууны шүлэг өгсөн бололтой юм аа. Тэгтэл баянхуураа эгшиглүүлээд аялгуу хийчихдэг юм. Бараг мань мэтийн хадаг шиг намирсан аян замын тэмдэглэлд аялгуу хийчихээр онгодтой нэгэн аж. Тэрхэн зуурт “Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ, хань минь ээ” хэмээх Гаваасүрэн хурандаагийн Мартын 8-нд өөрт нь зориулж бичээд төгөлдөр хуур дээр нь үлдээгээд явсан шүлэгт хормын төдий аялгуу хийж “Ханьсахын жаргал” дуу нь төрсөн гэдгийг сонсож байсны хувьд аргагүй л асгарсан авьяастан болохыг нь гадарлахтайгаа байсан. Харин энэ удаад “Сутайн түрлэг”-т ёстой нэг мэдэрлээ, мэдрүүллээ.
3
Тонхил сумын соёлын төвд “Сүрлэг Сутайн түрлэг” Уран үгсийн чуулган эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, Аугаа их Бямбын Ринчений ууган шагналт өнөө цагийн Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг Тангадын Галсан, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Азийн тэргүүн найрагч, Ази тивээс анх удаа “Дэлхийн нэг шүлгийн ном”-д бүтээл нь багтсан нэрт зохиолч, нэрт сэтгэгч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхай, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун, Ардын жүжигчин, уран өгүүлэхүйн нэрт мастер Гомбын Равдан, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Долгорын Цэнджав, Данзангийн Нямаа, Оюунбадамын Сундуй, Гэндэнжамцын Бадамсамбуу, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Довчингийн Цэцэрлэг, Дашдоржийн Ариунболд гээд утга зохиол, урлагийн үе үеийн аваргууд хоймор эзэгнэжээ.
Энэ л бурхдыг нутагтаа урьж, ижий аавынхаа шүншигт газар оронтой танилцуулж, Их Сутайнхаа салхийг амсуулж, Их хайрхныхаа тухай бүтээл ундруулсан буянтан “Сүрлэг Сутай сан”-гийн тэргүүн Сутай хайрхан, Зүйлийн голын унаган хүү Загдхүүгийн Мягмадорж Уран үгсийн чуулганы өндөр үүдийг нээж утга төгөлдөр үг хэлсэн. “Аав ээжийн амин ерөөлтэй энэ сайхан нутагт ирж, бид бүхний урилгыг хүлээн авсан утга зохиол, урлагийн энэ цагийн бурхад, үе үеийн төлөөлөл болсон үгийн дархчууд та бүхэнд мэхийн хүндэтгэе” хэмээхэд нутгийн зон олон удтал алга ташиж байсан.
Тонхил нутаг “Болор цом”-ын эзэн уулын их найрагч Тоомойн Очирхүүг төрүүлсэн юм. Найрагчид маань энэ л алтан тайзнаа Очирхүүгээ дурсаж, мөн “Алтан наран хэвийх зүгт Алтай сайхан нутаг минь бий” (“Цэргийн бодол”), “Холын сайхан Алтай нутагт минь Холбоо нуур ууланд байдаг сан, Холбоо нуурыг харан суухаар хайртай ээжийн минь нүд шиг санагддаг сан” хэмээх гайхалтай дуу, “Элс цас”-ын Шоовойн Шажинбат, Лодойдамба судлалаар нэрээ мөнхөлсөн нэрт зохиолч судлаач Бажуудайн Ганбат гээд Тонхилын билэгт хөвгүүдийг дурсаж бүтээл зохиолыг нь ярьж байлаа. Энэхүү наадмын урилга хүлээн авсан ч ирж амжаагүй, гэвчиг тээр жил Очирхүүтэйгээ хамт Сутайд ирснээ дурсан Дөнгөтийн Цоодол найрагч цаст цагаан Сутай, цайлган хайлган Очирхүүдээ зориулсан шүлгээ уншсаныг нь цэнхэр дэлгэцээр нутгийн олонд нь хүргэсэн. Оюун найрагч Очирхүүгээ нутгийнх нь тэнгэр дор онцгойлон дурслаа. Эл хоёр найрагч хоёулаа эмч, мөн утга зохиолын 70-аад оныхон буюу “Нэг уяаны морьд” билээ. Хараат, Ширээт хоёр лут уулыг даван цааш хоолой өгсөн алдарт Угалзын давааг давахад Гурван Хулдын гол урдаас мэлсхийн тосож, Хонин усны говийн сэжүүр харагдана. Урд Хулдын голыг уруудан явахуйд Балбархайн бууц хүрдэг.
“Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би
Эхний дуугаа чулуунд хадааж төрсөн
Ээжээс анх тасарсан миний нялхын хүй
Энэ л бууцны чулуун дунд үлдсэн
Хүй, дуу хоёр минь чулуунд шингээстэй
Хүний орчлонд би тэгэхээр чулуунаас уяатай…” хэмээн Алтайн чулуугаа магтаж, аргамжааны чулуугаа дуулсан их найрагчийн шүлгүүдийг нутгийнх нь зон олонд, Алтайнх нь салхинд уншихад хийморь сэргэж байсан даа.
“Гантиг сарны туулай чих солбин хайчлахад, одод жингэнэсэн
Салхины урсгал голын урсгал шиг зөөлрөн тунгалагшиж, үүл нүүсэн
Саруулхан орчлонгийн нэгэн үдэш орчлонгийн зулайд айлсаж байна
Тэнгэрийг би хамгийн ойроос харж
Тэргүүн дээгүүр нүүх үүлсийг хамгийн ойроос ажиж
Гараг ертөнцийн дээд амгалангийн сүм болсон
Газрын магнай, ариун Сутайн бэлд зогсож байна
Эндээс орчлонгийн бүх уул харагдаж
Эндээс орчлонгийн бүх ус үзэгднэм зэ
Эндээс орчлонгийн бүх сайхан мэдрэгдэж
Эндээс орчлонгийн бүрэнхий бүхэн алсарнам за…” хэмээн Минжинсайхан найрагч дүүгээ нургисан хоолойгоор тайзнаа уншихыг нь сонсохуйд Сутайн тэргүүн дээр эрхэмсэг зогсох мэт дотоод их хүч мэдрэгдэж билээ. Яруу найргийн ид шид, үгийн ид шид гэж үнэндээ өөр юм даа. Ийм л уран үгсийн чуулбар, сэтгэл оюуны ундаргаар дүүрэн “Уран үгсийн чуулган” болсон.
Яруу найргийн бурхдыг, урлагийн бурхдыг нутагтаа залж, ижий аавынхаа ариун сүнсийг баярлуулж, цаст цагаан Сутай, Цагаан чулуутын хөндийн салхийг амсуулж, Усан Зүйлийнхээ голоос аршаалан хүртээсэн “Сүрлэг Сутай сан”-гийн тэргүүн, “Морин сувд констракшн”-ы ерөнхий захирал, гүн хүндэтгэлт номын ах Загдхүүгийн Мягмардорж Танд талархлаа. Эцсийн амьсгалаа таттал хайрт ахыгаа санаж бэтгэрсэн ачит эцгийнхээ бэтгийг нь Та анагаалаа. Аав ээжийн тань алтан шүншиг, Алтайн тэргүүн их оргил Сутай хайрхан тань өнөд мөнхөд ивээх болно. Номын цагаан буян, найргийн их буян Таныг үргэлжид дагах болно оо.
Торгон долгио татуулах Тонхил нуурын дэргэдээс бидний цуваа Улаанбаатарын зүг хөдлөхөд Шандатын их нуруу ханаран дагаж, Сутай хайрхан минь өндөлзөх шиг болсон. Цаст цагаан Сутайдаа эргэж дахин золгож хийморийн сүлдээ өргөнө өө. Хүмүүний орчлонд дахин мэндэлсэн мэт нас буяны гайхамшгийг мэдрүүлж, сэтгэлийн цэнгэл, онгодын цалгиа амсуулдаг их хайрхан минь сүр сүлд ивээх болтугай.
2025.06.25
УБ-Говь-Алтай-Шаргын говь-Тонхил-Сутай хайрхан-УБ





Нийт нутгийн 51 хувьд гандуу байна
Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай б...
8 цагийн дараа
Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлжээ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт б...
7 цагийн дараа
Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга
УИХ-ын гишүүн асан доктор, профессор, Өндөр гэгээн Занабазар судлаач Д.Лүндээжанцантай ярилцлаа. -Өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын т...
7 цагийн дараа
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн о...
7 цагийн дараа
Улаанбурхны эдгэрсэн тохиолдлын тоо 9820 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар с...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Сүүтэй хайрхны минь өвөрт Сүүн зам татуулан морилон зочилсон

Г.Ганзориг
Сайхаан сайхан

Ккк
Тэнгэрийн одод өвөр түрийгээр нь орж нисэлдээд тэнд ч гамшиг болжээ.