Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

О.Батхүү: Монголчууд гэрээслэл бичих соёлд суралцмаар байна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 15

img

39

news-img

Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Монголчуудад гэрээслэл бичиж үлдээх соёл бий юу?

-Одоогоор монголчуудад гэрээслэл бичиж үлдээх соёл огт байхгүй байна. Бид энэ соёлд ерөөсөө суралцаагүй. Монголчууд өмнөх 30 жилд тийм ч их хөрөнгө мөнгөтэй байгаагүй нь бас нөлөөлсөн байх. Мөн монголчуудын соёл, уламжлалтай ч холбоотой. Хүнийг амьд сэрүүн байхад эд хөрөнгийг нь хуваах талаар ярьж муу зүйл зөгнөлөө гэдэг ч юм уу. Харин сүүлийн 30 жилд монголчууд тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгөтэй болсон. Компани, газар, орон сууц, машин, хөөрөг, адуу, мал гэх мэт үнэ бүхий хөрөнгүүдийг бий болгосон. Хуульч хүний үүднээс харахад сүүлийн үед өв залгамжлалтай холбоотой маргаан шүүх дээр маш их гарч байна. Жишээ нь, нэг орон сууцтай, газартай дундаж айлын өрхийн тэргүүн нас барлаа гэж бодъё. Гэтэл хүүхдүүд нь ээжтэйгээ газар, байраа булаалцалдаж шүүх дээр маргаан үүсгэж байна. Ээж нь нас барсан тохиолдолд ч ялгаагүй аавтайгаа хөрөнгөө булаацалдана. Тэгээд бөөн хэрүүл, тэмцэл болдог. Эсвэл нөхөр нь нас барсан тохиолдолд нөхрийнх нь талын ах дүү нар орон сууцыг нь булаацалдах жишээтэй. Хоёрдугаарт, Монголд олон охин компанитай хүмүүс их болжээ. Тэгээд тухайн хүнийг нас барахаар өмнөх эхнэрээс нь гарсан хүүхэд, одоогийн эхнэрийнх нь хүүхдүүд хооронд өмч хөрөнгө, өв залгамжлалын маргаан их үүсдэг. Зарим хүн гэрлэлтээ баталгаажуулж амжилгүйгээр нас барах тохиолдол ч байна. Иймэрхүү асуудлаас болж шүүх дээр гэр бүлийн гишүүд дунд нэлээдгүй маргаан үүсч байна. Тиймээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр гэрээслэл гэдэг бол өөрөө маш том соёл юм. Тухайн хүн амьд ахуйдаа, ухаан санаа нь эрүүл байхдаа өөрийн хөрөнгийг хэнд өгөх вэ гэдгээ бичгээр үйлдээд, баталгаажуулаад сурчихвал маш том асуудлаас урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Миний хувьд монголчуудыг гэрээслэл бичиж үлдээх соёлд суралцаасай гэх хүсэлтэй байгаа.

-Манай нийгэмд гэрээслэлээ бичгээр үлдээхээсээ илүү амаар захиж үлдээх хандлага илүү давамгай байна уу?

-Тийм. Жишээ нь, намайг нас барахаар энэ байшин бага хүүд маань очно гэх мэтчилэн амаараа хэлдэг. Түүнээс биш ерөөсөө бичиж үлдээдэггүй. Гэтэл энэ яриа шүүх дээр хүчингүйд тооцогддог. Ах дүү хоёр хоорондоо өв залгамжлалын маргаан үүсгээд шүүх дээр очиход маргааныг нь таслах шүүгч гэж хүн бий. Бага хүү нь аав маань амьд ахуйдаа надад байшингаа өгнө гэж хэлсэн гэдэг.

 

Харин том хүү нь үгүй ээ, тийм зүйл яриагүй гэнэ. Ийм нөхцөлд шүүгч тухайн маргааныг шийдэхэд хүртэл маш хүндрэлтэй. Тэгэхээр нас нь жаахан өндөр болсон, эсвэл хүнд өвчтэй гэдэг ч юм уу. Ийм хүмүүс маань аль болох гэрээслэлээ бичээд даатгах нь хамгийн зөв. Гэрээслэлийг заавал бичгээр үйлдээд нотариат дээр очиж батлуулах ёстой. Хэрэв нотариат байхгүй хөдөө орон нутагт байдаг бол Засаг дарга дээрээ очоод гэрээслэлээ үйлдүүлж болно. Мөн гадаадад байдаг бол тухайн улсынхаа консулын хэлтэс дээр очоод гэрээслэлээ үйлдүүлэх боломжтой. Гэрээслэл үйлдүүлсний маргаашаас шууд биелүүлнэ гэх зүйл байхгүй. Тиймээс намайг нас барсан тохиолдолд ийм байдлаар гэрээслэлээ үлдээж байгаа шүү гэдгээ бичгээр үйлдэж баталгаажуулах хэрэгтэй. Тухайн хүн нас барсных нь дараа нотариатын газар эсвэл сум, багийн Засаг дарга, консулын хэлтсээс өв залгамжлагч нарт нь гэрээслэлийг танилцуулах хуультай.

-Манай улсад гэрээслэлээ нотариатаар батлуулсан тохиолдолд заавал хөрөнгийнхөө нэг хувийг өгөх хуультай юм билээ. Энэ нь хэтэрхий өндөр хувь мөн үү?

-Би бол энэ асуудалд санал нэг байгаа. Хөрөнгийнхөө нэг хувийг өгнө гэдэг нь манай нийгэмд хэтэрхий өндөр мөнгөн дүн. Энэ нь нотариатын тухай хуульд үйлчилгээний зардал гэж явдаг юм. Өөрөөр хэлбэл, өвлөх эрх, гэрээслэл гэрчлэгдэх, өвлөх эд хөрөнгийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэхэд үнийн дүнгийн нэг хувийг тооцно гэсэн хуулийн зохицуулалттай. Уг нь ийм өндөр үнийн дүнгээр бодох шаардлага байхгүй. Учир нь тухайн хүн нотариат дээр өөрийн бүх эд хөрөнгийн жагсаалтыг бариад очиж байгаа. Харин нотариатын газар тухайн хүний бичиг баримтыг шалгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, жагсаалтад байгаа эд хөрөнгө үнэхээр тэр хүний нэр дээр байна уу, үгүй юу гэдгийг шалгана гэсэн үг. Түүнчлэн тухайн хүн нас барвал гэрээслэлийг өв залгамжлагч нарт нь танилцуулах үүрэг бүхий эрхтэй. Тиймээс энэ хувь хэмжээг бууруулах хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй.

-Хураамжийн хувь хэмжээг бууруулснаараа наад зах нь ямар үр дүнд хүрэх вэ?

-Хураамжийн хувь хэмжээг бууруулснаараа олон хүн гэрээслэл бичиж үлдээхэд илүү дөхөм болно. Манайд гэрээслэл бичиж үлдээх соёл үнэхээр хомс. Гэтэл үүн дээр нэмээд гэрээслэлийг баталгаажуулж, танилцуулж өгснийхөө хариуд хөрөнгийн нэг хувийг авах хуулийн нөхцөл өөрөө гэрээслэл үйлдэхгүй байхад нөлөөлдөг. Энэ чигээрээ хүмүүс гэрээслэл бичиж үлдээхгүй байвал хэрүүл тэмцэл, шүүх цагдаагийн асуудал тасрахгүй. Манайхан бол хөрөнгөөсөө ийм өндөр хураамж төлж байхаар манай хэд хоорондоо учраа олно биз гэх хандлагатай. Тиймээс энэ мэт маргаанаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүднээс аль, аль талдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Иргэдийн хувьд өөрийн дахин давтагдашгүй гарын үсгээ зураад баталгаажуулж болохгүй юу гэх хандлагатай байна. Энэ нь боломжтой юу?

-Зөвхөн гарын үсгээр баталгаажуулж хэрхэвч болохгүй. Яагаад гэвэл гэрээслэл гэдэг маш нарийн асуудал байхгүй юу. Нөгөө талд гэрээслэлийг хуурамчаар үйлдэх эрсдэл маш өндөр байдаг. Эсвэл тухайн хүнийг архи уулгаж согтоогоод гарын үсэг зуруулж болно. Энэ бол амьдрал дээр тохиолдох боломжтой кейс. Өвчин тусаад ярьж байгаа зүйлийнхээ утгыг ойлгохгүй болсон хүмүүсийг ашиглаж гарын үсэг зуруулаад ар гэр үр хүүхдэд нь очих хөрөнгийг өөр дээрээ авах магадлал ч бий. Тиймээс гэрээслэлийг хөндлөнгийн этгээдийн хажууд үйлдэх ёстой. Хөндлөнгийн этгээд буюу нотариатаар бүх бичиг баримтаа шалгуулаад гарын үсгээ зурах хэрэгтэй. Одоо ихэнх тохиолдолд видео бичлэг хийдэг болсон. Та орон сууцаа охиндоо өгч байна гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу гээд баримтжуулахгүй бол дараа нь маргаан үүсдэг.

Гадаадад баян хүмүүс хөрөнгөө хүүхдүүддээ бус буяны байгууллага, сүм хийдэд хандивлахаар гэрээслэлээ үйлдсэн тохиолдол цөөнгүй байдаг. Харин Монголд бол энэ нь боломжгүй. Хэрэв чи өөрт ямар ч хамааралгүй хүнд хөрөнгөө өгөх гэж байгаа бол 50 хувийг нь л өгөх эрхтэй. Үлдсэн 50 хувь нь ар гэрийнхэнд нь очих хуультай. Энэ бүгдийг харгалзан үзээд аль болох гэрээслэлээ бичиж үлдээх нь хамгийн зөв алхам.

-Тэгвэл гэрээслэлээ нотариатаар баталгаажуулсны хувь хэмжээ ямар байхад хамгийн тохиромжтой вэ?

-Дэлхийн бусад улс орнуудын хураамж янз бүр байдаг. Гэхдээ манайд бол хэтэрхий өндөр тогтоосон юм шиг санагддаг. Нийт хөрөнгийн үнийн дүнгээс нь шалтгаалаад тодорхой хэмжээнүүдийг тогтоож өгөх хэрэгтэй. Бүх хөрөнгөд нэг хувь хэмжээ тогтоох нь хэтэрхий өрөөсгөл шүү дээ. Ер нь 50 сая, 500 сая, нэг тэрбум, таван тэрбум гээд янз бүрийн үнэ бүхий хөрөнгө өв залгамжлах асуудал байдаг. Тиймээс нотариатын хураамж бага хөрөнгөд 300 мянга, нэг сая гэх мэт байхад тохиромжтой. Харин их хөрөнгө дээр магадгүй таван сая байж болно. Одоогийн нөхцөлд нэг хувь гэдэг маш өндөр хувь. Тиймээс манай хууль тогтоогч нар хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТАНИЛЦ: Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш ажилтны сул орон тооны мэдээлэл

2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад 3324 багшийн сул орон тоо үүссэн бөгөөд үүний 1590 нь нийслэлд байгаа ...

img

8 цагийн дараа

ЦЕГ: Зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, нэг хүн хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох...

img

7 цагийн дараа

51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үз...

img

6 цагийн дараа

Чингэлтэй дүүрэгт зургаан байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дахин зөвшөөрөлгүй Т...

img

6 цагийн дараа

“Токио 2025” Зуны XXV Дифлимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав

Монголын Диф спортын хороо /МДСХ/-ны хүсэлтээр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тус хорооны Ерөнхийлөгч Д.Баас...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд