гадаад
Оросын эдийн засгийн өсөлтийн төгсгөл

Админ
2025 оны 9 сарын 01

81

ВВС-ийн Оросын Эдийн засгийн хэлтсийн редактор Ольга Шаминагийн “Оросын эдийн засгийн өсөлтийн төгсгөл” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хэдэн жилийн өсөлтийн дараа энэ оны эхнээс Оросын эдийн засаг удааширч эхэллээ. Энэ өсөлт нь Украинд хийж буй дайнтай холбоотой, улсын төсөвт суулгасан өндөр зарлага байсан билээ. Харин энэ нь яваандаа өндөр инфляци бий болгож, бүр стагфляцийн (эдийн засаг удаан өсч, үнэ хурдтай нэмэгдэж, амьдралын түвшин унадаг нөхцөл) эрсдэлийг үүсгэж байв. Харин энэ жил байдал өөрчлөгдөж эдийн засгийн өсөлт ч, үнийн өсөлт ч удааширч байна. Оросын “дайны эдийн засгийн өсөлтийн үе” дууссан нь тодорхой болов. Тоон үзүүлэлтээр энэ нь Оросын эдийн засаг “хөрч” байгаа явдал. Гэхдээ энэ бүх тоон үзүүлэлт үнэндээ бол байгаа байдлыг яг эсрэгээр нь харуулдаг тольтой адил зүйл юм. Үүнийг энэ оны зургадугаар сард болсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хэлэлцүүлэг дээр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников “Бизнесийн өнөөгийн үзүүлэлтээр Оросын эдийн засаг бараг л уналтын ирмэг дээр оччихоод байна” гэж тодорхойлсон билээ.
Уг нь ийм гутрангуй мэдэгдлийг Kросын албан тушаалтнууд төдийлөн хийдэггүй, ерөнхийдөө ерөнхийлөгч Владимир Путины адилаар эдийн засгийн байдлыг өөдрөгөөр тайлбарлахыг оролддог билээ. Жишээ нь, Путин “Орост олон жил дараалан ажилгүйдлийн түвшин бага байна” гэж гайхуулж ирсэн. Харин Решетников сайд энэ жилийн Оросын эдийн засгийн гол эрсдэлийг, бодит үнэнийг хэлсэн хэрэг байв. Хэдэн жил эдийн засаг нь “хэт халж”, асуудлууд ар араасаа хуримтлагдсаар байв. Харин 2025 онд эдийн засаг “хөрч”, өөрөөр хэлбэл өсөлтийн хурд нь буурч байна. Гол асуулт бол энэ удаашрал хэр гүнзгийрч, жинхэнэ уналт эхлэх үү, эсвэл Төв банкны төлөвлөсөн шиг “зөөлөн буулт” болох уу гэдэгт л байгаа юм. Гэхдээ одоогоор тодорхой хариулт алга.
Оросын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина эдийн засгийн “хэт халалт”-ын эрсдэлийн талаар анх удаа ил тод ярьсан хүмүүсийн нэг байв. Энэ халалтын гол шинж тэмдэг нь өндөр инфляци. Үнэ ингэж хэт хурдан өсөхөөр орлогын бодит үнэ цэнэ буурч, амьдралын түвшин доошилдог. Инфляцийг хянах үүрэг Төв банкинд ногддог. Үүнийг сааруулахын тулд Төв банк нь өнгөрсөн жилийн зун үндсэн хүүгээ 21 хувь хүртэл өсгөсөн. Үр дүнд бизнес болон өрхийн зээлийн хүү нэмэгдэж, хадгаламжийн хүү өссөн учир мөнгөө хадгалуулах нь зарцуулахаас ашигтай болсон. Харин инфляци удааширсан ч жилийн дараа ч өндөр хэвээр байв. Өнгөрсөн долдугаар сард бараг 9 хувь байлаа. Жилийн эхэнд Орост инфляци 10 хувиас дээш байсан нь маш өндөр үзүүлэлт юм.
Энэ арга хэмжээ нь мөн ДНБ-ий өсөлтийг удаашруулсан. Оросын ДНБ 2025 оны эхний улиралд 1.4 хувиар өссөн бол хоёрдугаар улиралд 1.1 хувьд хүрч буурсан. Харин 2024 онд бүхэлдээ 4.1 хувийн өсөлттэй байсан. Үүний механизм нь маш энгийн зүйл билээ. Эдийн засагт мөнгө багасахад хүмүүс хэрэглээгээ багасгаж, бизнес ч бага бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлдэг. Гэхдээ энэхүү удаашралын гол шалтгаан нь зөвхөн Төв банкны бодлого биш юм. Гол нь цэргийн өндөр зардал эдийн засгийг хэт хурдан өсгөсөн бөгөөд энэ өсөлт цаашид үргэлжлэх боломжгүйд байгаа хэрэг юм. Энэ нь Оросын эдийн засагт ийм өсөлтийг даах хүчин чадал үлдээгүй гэсэн үг. Үүнийг Оросын Төв банкны мөнгө, зээлийн бодлогын газрын захирал Андрей Ганган “Российская газета”сонинд “Одоогоор манай эдийн засаг бараг бүх үйлдвэрлэлийн хүчин чадал, логистик, дэд бүтцийн нөөцөө ашиглаж дууссан. Хамгийн гол нь хүний нөөц дуусч, шинээр ажилтан олох хэцүү болсон. Бидэнд амсхийх хугацаа, бүтээмжээ нэмэх шинэ арга зам олох хэрэгтэй байна” гэж тайлбарлажээ.
Оросын эдийн засагт үйлдвэрлэлийн нийт өсөлт буурсан нь батлан хамгаалахтай холбоотой салбаруудаас шалтгаалж байна. Жишээ нь, 2024 оны зургадугаар сар хүртэл металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл 17 хувиар, автомашинаас бусад тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл бараг 24 хувиар өссөн. Гэтэл цэвэр иргэний салбарууд болох хувцас, арьс шир, модон эдлэл гэх мэтийн үйлдвэрлэл эрс буурчээ. Мөн бизнес судалгаанууд ч сөрөг дүр зураг харуулж байна. Аж Үйлдвэрлэгчид, Аж Ахуй Эрхлэгчдийн Холбооны судалгаагаар хоёрдугаар улиралд Оросын компаниудын зөвхөн 11.5 хувь нь л бүтээгдэхүүний хэмжээгээ бууруулаагүй байна. Харин бүтээгдэхүүний хэмжээ нь буурсан 88.5 хувь нь эргэлтийн хөрөнгийн хомсдол, зээл авах бэрхшээл, бүтээгдэхүүнийх нь эрэлт буурч байгаад гомдолложээ. Оросын үйлдвэрлэлд олон улсын PMI индекс долдугаар сард 47, үйлчилгээний салбарт 48.6 байв. PMI индекс 50-иас доош орвол уг салбарын үйлдвэрлэл буурч буйг илэрхийлдэг. Энэ нь Оросын бизнесийн “уур амьсгал” сүүлийн саруудад тогтвортой муудаж буйг харуулж байна. Оросын Эдийн засгийн үзүүлэлт судлалын хүрээлэн “Орост рецессийн эрсдэл нэмэгдэж байгаа ч одоогоор хэт ноцтой биш байна. Гэхдээ энэ нь “хямралын спираль” үүсгэх магадлалтай байна” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл зогсож, компаниуд өрөө төлөх боломжгүй болж, энэ нь банкуудад асуудал үүсгэн, үйлдвэрлэл улам ихээр буурах эрсдэлийг бий болгоно гэсэн үг. Ийм дүгнэлтүүд, тэр дундаа төрд ойр байдаг байгууллагуудаас гарах болсон нь Оросын эдийн засаг асуудалд орсныг харуулж буй хэрэг юм. Энэ нь цэргийн салбарын тогтвортой байдал нь иргэний салбарыг сүйрүүлж байна гэсэн үг билээ. Гэхдээ Оросын эдийн засаг “хатуу буулт” хийж байна уу, эсвэл “зөөлөн буулт” хийж уу гэдэг тодорхойгүй байна. Төв банк хоёр жилийн өмнөөс л энэ эрсдэлийн талаар анхааруулж байсан. Харин одоо тэд “тэнцвэртэй өсөлтөд” буцаж очлоо гэж худал мэдэгдэл хийдэг болов. Гэвч нэг л зүйл тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Оросын эдийн засаг удааширч, бизнесүүд ч төсвийн дайны өндөр зарлагын дунд хүнд нөхцөл байдалд орчхоод байна. Энэ сарын 22-ны байдлаар төсвийн зарлага 27 их наяд рублиэс давсан бөгөөд энэ жил нийтдээ 43 их наядыг төлөвлөсөн юм. Гэтэл дайнаас өмнө энэ зардал жилд ойролцоогоор 25 их наяд рубль байсан билээ. Харин энэ сарын 20-ны байдлаар төсвийн алдагдал 6 их наяд рублиэс даваад байна. Энэ нь “2025 оны үлдсэн саруудад энэ зардлыг 11 хувиар танах шаардлагатай болсон. Үлдсэн таван сард улсын төсвийг тогтворжуулж чадахгүй бол энэ оны IV улиралд Оросын эдийн засаг баталгаатай хямралтай нүүр тулах болно” гэсэн үг юм.
Өнгөрсөн жил би Оросын эдийн засгийг “допинг хэрэглэж, бэртэлтэй ч гэсэн хурдан гүйж буй тамирчин”-тай зүйрлэж байсан. Оросын Төв банк тэр тамирчныг гүйлт дунд нь эмчлэх гэж оролдож байв. Гэтэл одоо тэр тамирчин допинг хэрэглэсэн хэвээр байгаа ч ялгаа нь маш удаан гүйж байна. Түүнийг хөдөлгөж байгаа цорын ганц зүйл нь допинг болжээ. Иймээс Оросын эдийн засаг Украинтай энхийн тохиролцоо хийж, цэргийн зардлыг бууруулах ёстой гэдгийг шаардаж байна. Гэхдээ энэ нь Орост эсрэгээрээ эдийн засгийн гүн уналт авчрах эрсдэлтэй юм. Ингэвэл эрх баригчид хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж, зарлагаа танах хэрэгтэй болох учир дайныг зогсоох нь эрх баригчдад ашиггүй зүйл юм. Энэ нь улсаа эдийн засгийн уналтаас зайлсхийх боломж олгох ч ажил, орлогогүй болсон олон иргэдээс болж, тэдний суудал шууд ганхах болно гэсэн үг юм. Учир нь өнөөгийн нөхцөлд дайнаас өмнөх шиг, төсвийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн ч Оросын эдийн засгийн өсөлт хэтэрхий удаан явагдах болно.
ОУВС 2030 он хүртэл Орост ДНБ-ий өсөлт жилд дөнгөж нэг орчим хувь байна гэж таамаглаж байна. Харин Оросын Төв банк өөдрөгөөр харж, 2028 он хүртэл 1.5–2 хувь байх болно гэж үзэж байна. Аляскийн уулзалтын өмнөхөн Путин эдийн засгийн зөвлөгөөн хийсэн. Тэнд танилцуулсан үнэлгээ үнэхээр өөдрөг зүйл биш байв. The Bell сонин “Орос төсвийн зарлагаа танаж, татварын ачааллыг нэмэх шаардлагатай” гэсэн бол Reuters “Оросын батлан хамгаалахын зардал 2026 онд буурахгүй, зөвхөн 2027 онд л боломжтой. Тиймээс татвар өсөхөөс зайлсхийх боломжгүй” гэж мэдээлжээ. Оросын эрх баригчид олон жил татвар нэмэхээс зайлсхийж ирсэн. Харин одоо үүнийг хийх эсэх нь тодорхойгүй байна. Харин нэг л зүйл тодорхой байна. Оросын эдийн засгийн “дайны өсөлтийн үе” төгсөж байна. Одоогоор үүнийг батлан хамгаалалттай ямар нэг байдлаар холбогдоогүй бизнес эрхлэгчид илүү мэдэрч байна. Ийнхүү Оросын эдийн засагт тэнцвэргүй байдал улам хуримтлагдаж байгаа тул эрт орой нэгэн цагт эрх баригчид зарлагаа танах, эсвэл татвар нэмэхээс өөр гарцгүй болно. Эдийн засгийн энэ “хөрөлт” эцэстээ энгийн иргэдэд ч “хүрэх” болно.
Ольга Шамина энэхүү нийтлэлээрээ Михаил Горбачев, Борис Ельцин нар шиг Владимир Путин улсынхаа эдийн засгийг дампууруулах гэж байна гэдгийг л бидэнд анхааруулж байна. Тухайн үедээ ерөнхийлөгч Борис Ельцин “ОХУ-ын эдийн засагт хямрал болоогүй. Харин ч тогтвортой байдалд байна. Өнгөрсөн 1997 онд манай улсын ДНБ 0.7 хувиар өссөн. Энэ бол ЗХУ задарснаас хойш манай улсын эдийн засаг анх удаагаа өссөн үзүүлэлт” гэж мэдэгдэж байв. Харин түүний энэ мэдэгдлээс хэдхэн сарын дараа эдийн засаг нь бүрэн дампуурч, ОХУ-ын бүх дэлгүүрийн лангуу хоосорсон. Үнэндээ түүх хэнд ч юу ч заадаггүй, зөвхөн түүх мэддэггүй удирдагчдыг л шийтгэж байдаг юм.
Г.АМАРСАНАА





МАН-ын дарга хэн болох вэ
Намууд эхнээсээ даргаа сонгож шинэчилж эхлэж байна. Энэ нь Улс төрийн намын хуулиар намын дүрэм шинэчлэгдсэнтэй холбоотой юм . Сая А...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 градус
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-сонгины орчмоор +2…+4 г...
7 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Бид ялав” нийтлэл хэвлэгдлээ
“Өдрийн сонин”-ылхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Б.Жавхлан &...
6 цагийн дараа
Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүү...
7 цагийн өмнө
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүллээ
2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оро...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд