мэдээ
Ард түмэн Ардчилсан намаас их зүйл хүлээж байгаа

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 9 сарын 02

33

Ардчилсан нам сая шинэ даргатай боллоо. Улс төр, бизнесийн салбарт арвин туршлагатай хүн энэ намын даргаар сонгогдоно лээ. Тиймдээ ч ард түмэн Ардчилсан намын шинэ даргад сүрхий итгэл найдвар тавьж байгаа харагдана. Тэр хэрээр Монголын нийгэмд их олон зүйл өөрчлөгдөх байх гэсэн хүлээлттэй байна. Мэдээж О.Цогтгэрэлийг Ардчилсан намын дарга болонгуут өмнөх хуучин удирдлагуудыг нь чадамжгүй, дорой, муу байсан гэж жишиж гоочилж байгаа юм биш. Хэдэн жилийн өмнө хоорондоо хагаралдаж хоёр тийш болоод байсан Ардчилсан намыг эе эвэнд нь оруулах гэж бүгд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээж өнөөдрийг хүрсэн нь үнэн. Тиймдээ ч Ардчилсан нам сүүлийн үед ард түмний урмыг хугалаад байдаг нь овоо гайгүй болсон. Монгол Улсын ардчилал, эрх чөлөө, цаашлаад тусгаар тогтнолын хувь заяаг Ардчилсан намгүйгээр төсөөлөхийн аргагүй. Том зургаараа улс орны эрх ашиг юм шиг харагдавч, бодит амьдрал дээр Ардчилсан нам нунж дорой, хагархай бутархай байвал иргэдийн итгэл алдарч, нэр хүнд нь ч шалаар нэг унасан нь худлаа биш. Тиймээс улс төрийн тавцнаас шахагдах аюулын ирмэг дээрээс Ардчилсан нам өндийхдөө олон сорилттой тулгарсаар өнөөдөрт хүрлээ.
Харин одоо Ардчилсан намаас ард түмэн юу хүлээж байна вэ гэж үү. Мэдээж нийгмийн шударга байдал, хууль дээдлэх ёс, бизнес эрхлэх тааламжтай нөхцөл, татварын таатай орчин бүрдүүлэхийг хамгийн ихээр хүсч байгаа. Гол нь энэ нам НДШ, НӨАТ-ыг бууруулахад ямар үүрэг рольтой оролцож, үзэл бодол, үнэт зүйлийнхээ дагуу ард түмнийхээ талд бат зогсохыг хүлээж байна. Яагаад гэвэл эрх баригч МАН-аас ард түмэн юу ч хүсч, хүлээгээд нэмэргүй гэдгээ ойлгодог болсон.
МАН сүүлийн гурван сонгууль дараалан илүүрхэж, төрд ноёлж байгаа улс төрийн хүчин. Тэд сонгуульд оролцох бүрдээ нэг ч төрлийн татвар нэмэхгүй, харин ч бууруулна гэж амладаг хэрнээ гарч ирснийхээ дараа дандаа эсрэг ажилладаг. Үр дүнд нь өнөөдөр ард түмэн татварын дарамтад үнэндээ туйлдаж байна. Дагаад ажилгүйдэл, ядуурлын түвшин жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн Татварын багц хуулиар дахиад л ард түмнийг шулах тактикаа шахах гэж байна. Шаталсан татвар бий болгоно гээд яриад эхэллээ. Энэ төсөл дэх “800 мянган төгрөг хүртэлх цалин татваргүй болно, орон сууц авахад 15 сая төгрөгийн дэмжлэг өгнө” гэх популист амлалтуудаараа олон нийтийн анхаарлыг сарниулж байгаад төрийн тансаг хэрэглээг санхүүжүүлэхээр оролдож байна гэх нийгмийн хардлага бий. Энэ нь ч ортой байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл МАН нийгмийг халамжаар тэтгэж, гоё сайхан амлалтаар хуурч байгаад ар хударгаар нь хамаг юмаа хийхдээ гаршсан. Үүнийг мэргэжилтнүүд гөлөг төөрүүлэх ажиллагаа гэж нэрлэдэг юм билээ.
Тэгвэл Ардчилсан нам энэхүү татварын дарамтыг болиулж чадах цорын ганц улс төрийн хүчин хэмээн ард түмэн итгэж хүлээж байгаа. Хүн болгон хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ердөө НДШ, НӨАТ-ыг бууруулахад л хангалттай. Өнөөдөр Монголд ажил олгогч 12.5–14.5 хувь, ажилтан 11.5 хувийн НДШ төлж байна. Цалин буух тоолонд шууд 25 орчим хувийг нь НДШ-д сорж байна гэсэн үг. Дээрээс нь хүн бүр хэрэглээн дээрээ 10 хувийн НӨАТ төлж байна. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурч байгаа шалтгаан өнөө л татвар. НДШ-д хуу хамуулаад байхаар чинь яаж аж ахуйн нэгжүүд томорч, цалингаа нэмэх юм бэ. Татварын дарамттай зэрэгцээд үйлдвэр, үйлчилгээний элдэв зөвшөөрлүүд бизнест том тушаа болж байгаа. Иргэд төрөөс ямар ч тусламж дэмжлэггүйгээр амьжиргаагаа залгуулж, орлоготой болъё гээд үйлчилгээ эрхлэх гэхээр баахан зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Тэгэхээр ард иргэд, бизнесийнхний хувьд хамгийн түрүүнд НДШ, НӨАТ хоёрыг бууруулж, төрийн хүнд суртлын үүр уурхай болсон зөвшөөрлүүдээ болиулах ёстой гэсэн хүлээлт хүчтэй байна. Иймд Ардчилсан намын шинэ удирдлага НДШ-ийг үе шаттайгаар бууруулах, НӨАТ-ын хувь хэмжээг багасгах бодлого боловсруулж бизнесийн таатай орчныг бүрдүүлье гэвэл хамгийн түрүүнд эдгээр татварыг бууруулахаас эхлэх хэрэгтэй. Тэр цагт ард түмэн өөрсдийгөө хэнээс ч гуйхгүй аваад явчихна. Бизнесүүд ч чөлөөт зах зээлийнхээ жамаар хөгжиж, эдийн засаг тэлэх боломжтой. Хувийн хэвшлийн нуруун дээр хөгжил цэцэглэлт явдаг гэдгийг дэлхийн хавтгай болсон өнөө цагт бүгд мэдэж байгаа.
Ардчилсан намын хийх бас нэг чухал зүйл нь Монгол Улсыг гадаад бодлогын хувьд бүрэн биеэ дааж, Оросын хамаарлаас гаргах ёстой. Монгол Улсын гадаад худалдаа, эрчим хүчний салбар дахь хойд хөршийн хамаарал их. Шатахууны үнэ савлаж, нийлүүлэлт тасалдахад эдийн засаг бүхэлдээ доргиж байна. Иргэд шатахуун түлшээ олон эх үүсвэрээс нийлүүлж, бие даасан бодлоготой болохыг илүүд үздэг. Энэ хүрээнд гуравдагч хөршийн бодлогоо идэвхжүүлж, Солонгос, Япон, АНУ зэрэг түншүүдтэй эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, эрчим хүч, шатахууны эх үүсвэрээ төрөлжүүлэх ажлыг зөвхөн Ардчилсан нам л хийж чадна гэх хүлээлт нийгэмд бий. Иймд шинэ удирдлага нь энэ асуудалд бодит шийдэл гаргаж чадвал ард түмний итгэлийг богино хугацаанд эргүүлэн авч чадна.
Алагчлалгүй нийгмийг ард түмэн туйлын их хүсдэг. Баячуудыг үзэн ядах биш, харин ч дэмжиж хөхиүлэн сайшаадаг нийгмийг цогцлоох ёстой. Төрөөс хулгай хийгээгүй бол ямар ч хөдөлмөр хийж баяжсан хамаа байхгүй. Дээрээс нь авлига, албан тушаалын наймаатай тэмцэж чадвал монголчууд сайхан амьдрах бүрэн боломжтой. Ард түмний хүсч буй ийм нийгмийг Ардчилсан намын шинэ дарга О.Цогтгэрэл хийх хэрэгтэй байна. Яагаад гэвэл тэрбээр сая намын даргад нэр дэвшихдээ систем, бизнес төвтэй шинэчлэлийг уриалж, татвар бууруулна гэдгээ амлаж байв. Түүний энэ хандлага олон нийтэд ихээхэн итгэл найдвар төрүүлсэн. Тэгэхээр амласнаа ажил хэрэг болгож, дараа дараагийн сонгуулиудад намаа зөв залаад олигтойхон шиг оролцоод ард түмний итгэлийг авч чадвал Ардчилсан нам хүчээ авна.





Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүү...
4 цагийн өмнө
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүллээ
2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оро...
5 цагийн өмнө
“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээ зохион байгуулагдана
Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2025 оны 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Ж...
5 цагийн өмнө
Есдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас орно
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас орж, 3...
6 цагийн өмнө
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дотоод засал чимэглэлийн ажлын тендерийн зар
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөгжлийн албан ёсны туслалцаа (ODA) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийн...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд