мэдээ
Орон сууцыг нь хууль бус аргаар буулгаж эхэлсэнд оршин суугчид бухимдалтай байна

Админ
2025 оны 9 сарын 02

90

Бага тойруу буюу бидний хэлж заншсанаар Хүнсний IV дэлгүүрийн замын урд талын 26 дугаар байрыг “Азийн идэр цамхаг” гэх барилгын компани нэг сар хүрэхгүй хугацаанд хүчээр буулгаж байгаа учир тус байрны оршин суугч бидэнд хандсан юм.
Энэхүү мэдээллийн дагуу тус байрыг очиж гаднаас нь ажиглахад орц бүрийн давхар бүрээс хэсэг айлуудыг чөлөөлсөн бололтой цонхыг нь аваад алаг цоог болгожээ. Гэхдээ орц бүрд хэд хэдэн айл үлдсэн байна. Учир нь цонх болон хөшигтэйгөө байгаа харагдана. Ингээд тус байрны V орц руу ороход зарим айлын цонх, шал, хаалгыг нурааж шугам хоолойг тасалж хүн амьдрах аргагүй болгосон нь нүдэнд илхэн. Байраа чөлөөлөөгүй үлдсэн айлуудын хаалгыг тогшиход ажилдаа явсан бололтой нээсэнгүй. Удалгүй тус орцны II давхраас өөрсдийгөө хорооны ажилтан хэмээн танилцуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд “Бүх айлууд нүүсэн, эндээс хурдан яв” гэв.
Оршин суугчдын мэдээллээр энэ оны долдугаар сарын 3-ны өдөр уг орон сууцыг нурааж оронд нь шинэ орон сууц барих тендер зарлагдсан бол “Азийн идэр цамхаг” компани барилга барих эрх буюу батламжаа долдугаар сарын 4-нд авсан аж.
Барилгын компанийн зүгээс оршин суугчдад эхний ээлжинд зургаан сарын түрээсийн мөнгө өгөх учраас байраа чөлөөлчих. Шинэ орон сууц баригдахаар ямар ч алдагдалгүй байрыг чинь буцааж өгнө гэх саналыг тавьжээ. Одоогоор 10 орчим айл байраа бүрэн чөлөөлсөн байна. Харин үлдсэн айл өрхүүд энэ саналд огт итгэхгүй. Яагаад гэвэл зургаан сарын дотор шинэ орон сууц барина гэдэг хэтэрхий үнэмшилгүй байна гэсэн юм. Хэрэв энэхүү хугацаанд орон сууц барьж чадахгүй бол оршин суугчид цаашдаа яаж амьдрах вэ гэдэг нь асуудал болоод байгаа аж.
Хэрэв тус компани зургаахан сарын түрээсийн мөнгө өгчихөөд биднийг байр ч үгүй хаячихвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ гээд олон эргэлзээтэй зүйл байгаа учраас байраа суллаж чадахгүй байна гэв. Анх “Азийн идэр цамхаг” компани жилийн өмнөөс 26 дугаар байрны V орцны 2 дугаар давхарт ямар зорилготой, юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй учир битүүлгээр байрлаж байсан аж. Тухайн үед оршин суугчид манай байрыг дахин төлөвлөлтөд оруулах гээд байна уу хэмээн сэжиглэж байсан ч тус байрны СӨХ-ны ажилтан “Тийм зүйл болохгүй, эгч нь байраа яасан ч өгөхгүй” гэж тайвшруулдаг байжээ. СӨХ-ны хүний хувьд тус байранд 20 жил ажиллаж байгаа учраас оршин суугчид хэлсэн үгэнд нь итгэсээр энэ оны тавдугаар сарыг хүргэсэн байна. Мөн оршин суугчид тайван байсан нэг шалтгаан нь ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг нийгэмд хувь хүний өмч, хөрөнгө рүү шууд халдчихгүй байх гэсэн бодолтой байжээ. Ингээд удалгүй наадмын амралт ч болж байрны ихэнх оршин суугчид амралт зугаалгаар хөдөө яваад ирэхэд гурван давхрын айлуудад зургаан сарын түрээс өгөөд цонх, хаалга, шалыг нь нураагаад эхэлжээ. Хөршийнх нь цонх, хаалга, шалгүй яг л нурсан балгас шиг болсон сууцыг хараад оршин суугчдын дотор нь харлаж, хэсэгтээ л шокийн байдалд орсон гэдгээ ч нуусангүй. Хамгийн гол нь тухайн айлуудын үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлэн худалдаж авах бус түрээсийн мөнгө өгнө гэсэнд оршин суугчид хамгийн ихээр бухимдалтай байна. “Азийн идэр цамхаг” компанийн хувьд тендерт ганцаархнаа ороод ямар нэгэн өрсөлдөгчгүй ялсан нь оршин суугчдыг мөн бухимдалд хүргэсэн байна. Учир нь өнгөрсөн жил 26 дугаар байранд өөр хоёр, гурван компани илүү өндөр үнэ бүхий санал тавьж байсан гэнэ. Оршин суугчид энэ тухай огт мэдээгүй байжээ. Харин санал тавихаар ирсэн бусад компаниудад СӨХ-ны ажилтан “Азийн идэр цамхаг” компани тендерт шалгараад барилга барих эрхээ хуулийн дагуу бүгдийг нь авчихсан гэж буцаадаг байсан аж. Тус орон сууцанд нийт 46 айл өрх амьдран суудаг байсан аж.
26 дугаар байрны 16 тоотын оршин суугч Х.Солонго “Энэ асуудал ганцхан манай байранд тохиолдож байгаа юм биш. Одоо ихэнх барилгын компаниуд хувь хүний өмчид халддаг байдал нь нийгэмд бүр тогтчихсон хандлага. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх ангилал руу орсон барилгыг чөлөөлөх хамгийн амархан аргуудын нэг. Хэчнээн ашиглалтын шаардлага хангахгүй байсан ч хувь хүний өмч шүү дээ. Гэтэл барилгын компанийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй учраас айлууд байраа чөлөөлж өгөхгүй хаачдаг юм гэх бодолтой байдаг. Хэрэв өгөхгүй бол ганц, хоёр айлыг нь ямар нэгэн аргаар нүүлгээд цонх хаалга, паарыг нь аваад ус дулааныг нь тасалж амьдрах орчингүй болгож айлгадаг. Эцсийн эцэст энэ бол газрын дээрэм шүү. Зургаан сарын түрээсийн мөнгө аваад гарсан оршин суугчид маань эргээд шинэ байранд орно гэж бодоод байгаа юм. Бодит байдал дээр үгүй. Энэ газарт орон сууц баригдах эсэх нь ч эргэлзээтэй байна.
Би улсад их гомдсон. Оршин суугчид ажлын явц 80 хувьдаа хүрээгүй байна гээд байхад л биднийг тоож сонсоогүй. Хэзээ ч хамаагүй танай байрыг дээрэмдэхээр орж ирэх магадлалтай тогтолцоог өөрчилье гэж хэн ч бодохгүй байна. Барилгын компаниуд өөрсдийгөө мөнгөтэй гэдэг. Харин тайланг нь харахаар мөнгөгүй гэдэг нь батлагддаг. Бүхэл бүтэн 52 тэрбум төгрөгийн өртөгтэй барилга барих гэж байгаа компанийн жилийнх нь орлого 600 орчим сая төгрөг л байна шүү дээ. Ийм мөнгөн гүйлгээтэй хэрнээ огт хөдөлдөггүй 9 тэрбумын нэг л барилгатай. Тэр нь 2022 оноос хойш байсан. Яаж ийм компани 52 тэрбум төгрөгийн барилга барьж чадах юм. Тиймээс гол зорилго нь барилга барих биш. Зүгээр л газар чөлөөлөх үйл ажиллагаатай холбоотой өнгөлөн далдлалт гэж бодож байна. Өнөөдөр энэ барилгын компанийн ажил 80 хувьдаа ч хүрээгүй. Тэр бүү хэл газар чөлөөлөх зөвшөөрөл нь ч байхгүй. Бүр зургийнхаа зөвшөөрлийг ч аваагүй, ганцхан тендерт ялсан гэсэн батламжтай л компани юм билээ. Миний хувьд зургаан хүүхэдтэй. Яасан ч өөрийн өмч хөрөнгөө зүгээр харж байгаад дээрэмдүүлж чадахгүй. Энэ бол миний эрх” хэмээв.
Оршин суугчдын хувьд дахин нэг эргэлзээтэй зүйл бий гэв. Тус компани тендерийн батламжаа долдугаар сарын 4-нд авсан хэрнээ яагаад ийм богино хугацаанд байрыг чөлөөлөх гээд улайраад байгааг ойлгохгүй байгаа гэнэ. Магадгүй өөр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг ч үгүйсгэхгүй гэлээ. Энэ оны тавдугаар сард уг байрны дахин төлөвлөлтийн ажил 80 хувьдаа хүрээгүй гээд Нийслэлийн орон сууцны бодлогын газраас бичиг ирсэн байна. Гэтэл яаж долдугаар сар гэхэд 80 хувьдаа хүрсэн байх вэ. Энэ бол ямар ч боломжгүй зүйл бөгөөд асар богино хугацаа гэдгийг оршин суугчид хэллээ. Үүнээс гадна зарим айл нь гадаад оронд болон хөдөө зуслан дээрээ байдаг. Нөхцөл байдал ийм байхад яаж бүх оршин суугчидтай уулзаад санал хүсэлтийг нь сонсож зөвшилцөлд хүрээд дахин төлөвлөлтийн ажил 80 хувьдаа хүрсэн байх вэ. Магадгүй будлиантай тендер болсон учраас л оршин суугчдыг маш хурдан хугацаанд хөөж гаргаад жинхэнэ зорилгоо биелүүлэх гэж байж ч мэднэ гэх хардлагатай байгаа гэнэ.
Одоогийн байдлаар оршин суугчид холбогдох бүхий л бичиг баримтаа цуглуулаад долоо хоногийн өмнө шүүхэд ханджээ. Маргааш шүүхээс хариугаа авна. Шүүхийн хариу яаж гарахыг үнэхээр мэдэхгүй байна гэв. Учир нь оршин суугчид олон газарт хандаж үзсэн ч барилгыг нураах үйл явц 80 хувьдаа хүрчихсэн учраас яах ч боломжгүй гээд хөдөлж өгдөггүй байна. Улсын байгууллага нь ч тоож хүлээж авдаггүй. Үүнд оршин суугчид их гомдолтой байгаа аж. Барилгын компаниас айл бүрд “Одоо танайхтай нийлээд хоёр, гуравхан айл үлдсэн. Дахин төлөвлөлтийн ажил 90 хувьдаа хүрсэн учраас хурдан байраа чөлөөл” хэмээн сүрдүүлэх, шахах хандлага гаргадаг гэдгийг ч тэд онцолж байв.
А.Даваадулам





Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүү...
4 цагийн өмнө
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүллээ
2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оро...
5 цагийн өмнө
“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээ зохион байгуулагдана
Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2025 оны 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Ж...
5 цагийн өмнө
Есдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас орно
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас орж, 3...
6 цагийн өмнө
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дотоод засал чимэглэлийн ажлын тендерийн зар
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөгжлийн албан ёсны туслалцаа (ODA) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийн...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд