Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

О.Билгүүн: Хүн амьдарсаар байхад тог ус, цахилгааныг нь таслаж амьдрах эрхэд нь халдаж болохгүй

trend

Админ

img

2025 оны 9 сарын 03

img

61

news-img

Хуульч О.Билгүүнтэй ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц дахин төлөвлөлтийн үед иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигддөг талаар ярилцлаа.


-Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, хэсэг оршин суугчдыг нь амьдарсаар байхад ус, тог цахилгаан, дулааныг нь салгаж, хаалга цонх, паарыг нь хураасан гэх асуудал үүссэн. Хувь хүн зөвшөөрөөгүй байхад хөрөнгөд нь ингэж халдаж болох уу?

-Энэ бол хоёр талтай ойлголт юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хувь хүн үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон түүнийгээ захиран зарцуулах бүрэн эрхтэй. Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлахыг хориглодог . Магадгүй нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслээд дайчлан авах тохиолдол байдаг. Гэхдээ энэ харилцаа зөвхөн хуулиар зохицуулагддаг. Орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангаагүй орон сууц ашиглахыг хориглоно гэх заалт бий. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд ч ашиглалтын хугацаа дууссан орон сууцанд хүн амьдрах ёсгүй гэх агуулга байгаа. Ашиглалтын хугацаа дууссан бол төр, иргэн, барилгын компани гэдэг гурван талт этгээд хоорондоо гэрээ байгуулаад тухайн барилгыг дахин төлөвлөлтөд оруулах шаардлага үүсдэг.

Гэвч тус хуульд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн санал буюу зөвшөөрлийг авсан байх ёстой гэх шаардлага тавигддаг онцлогтой.

Дахин төлөвлөлт бол жинхэнэ мөн чанартаа тухайн байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчныг бүрдүүлэхийн тулд чиглэсэн үйл ажиллагаа. Тиймээс дахин төлөвлөлтийн ажлын явцад оршин суугчид байраа чөлөөлөөд өөр орон сууц хөлсөлж амьдрах бол тус мөнгийг төр, эсвэл төсөл хэрэгжүүлэгч компаниас гаргах хуулийн зохицуулалттай. Мөн шинэ орон сууц баригдаж дуусахад байрандаа орж болно гэх нөхцөлтэй. Энэхүү хуульд заасны дагуу иргэн 50мКв талбай эзэмшдэг байсан бол уг хэмжээг багасгаж болохгүй. Магадгүй оршин суугч энэ байранд дахин амьдрах шаардлагагүй гэж үзвэл зарах, худалдан борлуулах эрхтэй.

-Тэгвэл 26 дугаар байрны кейсийн хувьд зөрчлийн шинжтэй зүйл байна уу?

-Хэрэв нийт оршин суугчдын 80 хувийн зөвшөөрлийг авч чадаагүй бол энэ зөрчил мөн. Зарим оршин суугчид тухайн барилгын компанийг 80 хувийн зөвшөөрлөө ч авч чадаагүй гэх гомдолтой байгаа юм билээ. Хоёрдугаарт, айлууд байраа бүрэн чөлөөлөөгүй байхад тог, цахилгаан, ус дулааныг нь хязгаарлах байдлаар иргэдийг чөлөөлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн бол энэ нь зөрчлийн шинжтэй буюу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Тэгэхээр энэхүү нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Хэдийгээр Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, орон сууцны тухай хуулиуд байгаа ч нөгөө талд иргэний өмчлөх эрх, одоо амьдарч байгаа иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг заавал харгалзаж үзэх хэрэгтэй. Оршин суугчдын эрхийг хангаж хуучин орон сууцыг нь сайжруулна гэх үндэслэлээр хүн амьдарсаар байхад тог ус, цахилгааныг нь таслаад эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж болохгүй. Үнэхээр ус, тог, цахилгааныг нь тасалсан бол ямар ч хүний эрхийн мэдрэмж алга. Одоо та нарыг яаж амьдрахыг чинь харъя гэж байгаа юм шиг. Хөлдүү цементэн дотор хүн амьдрах боломжгүй шүү дээ. Ийм байдлаар иргэдийн өмчлөх эрх болон өмчид халдах нь буруу.

-Барилгын компаниас зургаан сарын түрээс өгөх учраас байраа чөлөөлчих. Барилга ашиглалтад орохоор ямар ч алдагдалгүй шинэ байр өгнө гэх санал тавьсан юм билээ. Харин оршин суугчид зургаан сарын дотор шинэ орон сууц барина гэдэгт итгэхгүй байгаа. Мөн энэхүү заасан хугацаанд мөнгө дуусвал яах вэ гэдэгт шийдтэй хариу хэлэхгүй байгаа учраас байраа чөлөөлөхгүй гэсэн. Хуулийн хүрээнд үүнийг шийдэх арга бий юу?

-Мэдээж, оршин суугчид шинэ орон сууцанд амьдрахыг хүсч байгаа. Хэн ч хуучин, ашиглалтаас гарсан байранд амьдрахыг хүсэхгүй. Яагаад байраа чөлөөлөхгүй байгаа вэ гэхээр баталгаа хүсээд байна. Нэгдүгээрт, зургаан сарын түрээсийн мөнгө аваад гарлаа гэж бодъё. Гэтэл энэ хугацаандаа шинэ байр ашиглалтад орохгүй бол цаашдаа иргэд хэрхэн амьдрах вэ гэдэг тодорхойгүй. Иргэдийн хувьд эхнээсээ өөрт ямар нэгэн хохиролгүй байдлаар барилгын компани, төртэй гэрээгээ байгуулах ёстой. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар арилжааны гэрээ иргэдийн хэлж заншсанаар бартерын гэрээ байгуулна. Хуучин байраа өгөөд оронд нь шинэ байр авна гэсэн үг. 26 дугаар байрны хувьд оршин суугчид зургаан сарын дотор шинэ орон сууц барина гэдэгт итгэхгүй байна. Тиймээс эдгээр оршин суугчид шинэ орон сууц ашиглалтад орох буюу өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл өөр газарт байр хөлслөн амьдрах зардлаа төсөл хэрэгжүүлэгч компаниас гаргуулах нөхцөлийг гэрээндээ заавал тусгаж өгөх хэрэгтэй. Гэтэл зургаан сарын түрээс л өгнө гэж байна. Магадгүй зургаан сар бус зургаан жил баригдвал яах вэ. Таван жил хагаст нь оршин суугчид гудамжинд амьдарч байна гэсэн үг үү. Иймэрхүү хүний эрхийн мэдрэмжгүй, хэт нэг талыг барьсан байж болохгүй. Тиймээс иргэд өөрсдийн хүсэл зорилгоо илэрхийлэх хэрэгтэй. Барилгын компани хугацаандаа орон сууцаа ашиглалтад оруулж чадахгүй бол оршин суугчдад учрах хохирлыг бүрэн төлнө гэх заалтыг тусгаж өгвөл зургаан сарын дараа барилга ашиглалтад ороогүй ч эргээд хохирлоо шаардах боломжтой. Гол нь өөрт хохиролгүй байдлаар гэрээний нөхцөлөө боловсруулсны дараа гарын үсгээ зурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Дахин төлөвлөлттэй холбоотой өөр ямар асуудал үүсдэг вэ?

-Байр нь ашиглалтад орохгүй удах тохиолдол байна. Үүнээс үүдэн иргэд хохирсон асуудал олон бий. Хоёрдугаарт, тухайн байр нь хугацаандаа ашиглалтад орсон ч хуучин оршин суугчид дээрээ шантааж хийгээд байрыг хүлээлгэж өгдөггүй. Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөхгүй байх нийтлэг асуудлууд бий. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Орон сууцны тухай хуулиудад зааснаар тухайн иргэн шинээр баригдаж байгаа орон сууцны хамгийн эхний өмчлөгч. Тухайн орон сууцыг хэрхэн, яаж захиран зарцуулах эрхийг төр болон барилгын компани эзэмших эрхгүй. Энэ эрхийнхээ хүрээнд гэрээний нөхцөлөө маш сайн тохирох ёстой. Үгүй бол оршин суугчид хохирсоор байх болно. Иргэдэд тулгардаг нэг асуудал нь гэрээ байгуулах үед төсөл хэрэгжүүлэгч компани иргэдийн тархийг угаах гэж оролддог юм. Яадаг вэ гэхээр төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс бид ийм л гэрээний нөхцөлтэй учраас та бүгд гарын үсгээ зур. Манай компани танд зургаан сарын түрээс болон хуучин эзэмшиж байсан тэдэн мКв талбайтай дүйцэх хэмжээний шинэ орон сууц өгнө. Гэхдээ одоо байгаа байршилд чинь өгч чадахгүй гэх жишээтэй. Дээр нь оршин суугчдад гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжгүй гэж хэлдэг. Гэвч хуулийнхаа хүрээнд оршин суугчид ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрөх албагүй. Харин ч өөрийн санал хүсэлтээ тавьж, шаардах эрхтэй.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өд...

img

33 минутын дараа

Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн замыг засахыг үүрэг болголоо

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахалж буй. Тэрбээр өчигдөр ирэх жил шинээр барих 10 гаруй авто замын трасста...

img

14 минутын өмнө

Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд ор...

img

39 минутын өмнө

Ахмад дайчдад төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дарха...

img

44 минутын өмнө

Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын түгжрэл...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд