мэдээ
Д.Уянгалянхуа: Дэлхийн мисс бол хүмүүнлэг үйлсийн фестиваль юм

Админ
2025 оны 9 сарын 19

39

Дэлхийн Мисс Монгол-2026” хүмүүнлэг, гоо сайхны фестиваль зохиогдох гэж буйтай холбогдуулан дэлхийн миссийн Монгол дахь төлөөлөгч, “Макс Лайн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Уянгалянхуатай ярилцлаа.
–Дэлхийн миссийн тэмцээнд хэд дэх жилдээ бэлдэж байна вэ. Яагаад ийм арга хэмжээ зохион байгуулах болсон бэ?
-Дэлхийн миссийн тэмцээнд 2005 оноос хойш оролцож эхэлсэн. Өдгөө 19 дэх жилдээ оролцохоор бэлдэж байна. Дэлхийн миссийн тэмцээнийг монголчууд мэддэг болсон байх. 1951 оноос зохион байгуулагдаж эхэлсэн, дэлхийн 140 гаруй орон оролцдог, хамгийн анхны, хамгийн том олон улсын миссийн тэмцээн юм. “Зорилго бүхий гоо сайхан” уриан дор хүмүүнлэгийн томоохон ажлуудыг хийдэг. Дэлхийн миссийн тэмцээн нь хүмүүнлэгийн үйлсээрээ дэлхийд 14 дүгээр байранд эрэмбэлэгддэг. Дэлхийн миссийн энэхүү үнэ цэнэ миний, бидний эрхэмлэдэг үнэ цэнэтэй нэгддэг учраас Монгол Улсдаа хүмүүнлэг үйлс тогтмол хийхийг зорьж ирсэн. Энэ ч утгаараа бид 2018 оноос хойш Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй мисс охид бүсгүйчүүдтэйгээ хамтраад өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий утга агуулгатай хүмүүнлэгийн томоохон ажлууд хийж байгаа. Нөгөө талдаа Үндэсний ялагч мисс маань Дэлхийн мисс тэмцээнд очоод 140 гаруй орны охид бүсгүйчүүдтэй олон талт арга хэмжээнд оролцож, тэдгээр мэдээлэл нь дэлхийн улс орнуудын олон сувгаар түгдэг. Финалийн шууд дамжуулалтаар 2-3 тэрбум хүн үздэг бөгөөд энэхүү бэлэн контентоор Монголынхоо олон зуун жилийн түүхтэй өв соёл, уламжлал, монгол хүний оюун ухаан, авьяас шингэсэн хөгжмийн найруулгыг дэлхий нийтэд таниулж, ондоошлоо сурталчилдаг юм
-Энэ төрлийн олон тэмцээн байдаг. Та бүхний зохион байгуулдаг тэмцээн бусдаасаа юугаараа ялгардаг вэ?
-Дэлхий дээр миссийн олон тэмцээн болдог. Энэхүү тэмцээнүүдийн зорилго бөгөөд хамрах хүрээ нь өөр өөр байдаг. Зарим тэмцээн нь экологи, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлалын гээд өөр өөр зорилготой. Хамрах хүрээгээрээ бүс нутгийн, тивийн гэх мэт. Энэ дундаас манай Дэлхийн миссийн тэмцээн дэлхийн 140 орчим орон буюу хамгийн олон улсаас мисс оролцдог, мөн “Зорилготойгоо сайхан” буюу хүмүүнлэг үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөр, чин сэтгэлээ зориулдаг эмэгтэйчүүдийг тодруулдгаараа бусад миссийн тэмцээнүүдээс ялгардаг. Дэлхийн мисс тэмцээн бол хүмүүнлэгийн үйлс гэж ойлгож болно. Монгол Улсдаа ч бид энэхүү зорилгоо эрхэмлээд олон сайхан хүмүүнлэгийн ажлууд хийж байна. Иймээс манай “Miss World Mongolia” тэмцээн хүмүүнлэг, гоо сайхны фестиваль болж, өргөжиж байгаа юм. Хүмүүнлэг, гоо сайхны фестивалиараа дамжуулж хүмүүнлэгийн үйлсээ танилцуулаад, хандив цуглуулахаар зорьж байна. Үзэгчид, зочид, дэмжигчид, оролцогчид маань ч манай фестивальд оролцсоноороо хүмүүнлэг үйлстэн болж, олон сайхан хүмүүнлэгийн ажил санаачлан хэрэгжүүлж буй мисс охид маань хүмүүнлэгийн элч болж өргөмжлөгдөж байгаа юм. Товчхондоо, хүмүүнлэгийн ажил хийдэг ганцхан тэмцээн байдаг. Тэр нь Дэлхийн мисс гэж ойлгож болно.
–Дэлхийн миссийн тэмцээн бикини номинацигүй гэж сонссон?
– Дэлхийн миссийн тэмцээн 2014 оноос хойш Miss bikini буюу усны хувцастай гарааг бүрмөсөн халсан. Бид ч бас хассан. Ингэснээрээ эмэгтэй хүний гоо сайхны хэмжүүрийг дан ганц гадаад төрхөөр бус дотоод гоо сайхнаар илэрхийлдэг болсон юм. Мисс бол нийгэмд сайн сайхны дуу хоолой болж, хүмүүнлэгийн ажлуудыг хийхийн төлөө нэгддэг эмэгтэйчүүдийн нэгдэл гэж ойлгож болно.
–Өнөө жилийн тэмцээний бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ. Хэдэн мисс оролцох гэж байгаа вэ?
-Тэмцээний бэлтгэл хангагдсан. Мисс охид бүсгүйчүүд маань өмнөх шатны шалгаруулалтууд буюу авьяас, спорт, хүмүүнлэг, оюунлаг, фото, инфлюнсер миссийн шалгаруулалтдаа амжилттай оролцоод, оноогоо цуглуулаад явж байгаа. Одоо финалийн тоглолтдоо бэлдэцгээж байна. 90 гаруй охид бүсгүйчүүдээс шилдэг 12 нь шалгарсан байгаа. Охид бүсгүйчүүд маань гурван сарын турш бэлдэж, тайзны алхааны техник, гоо зүй, биеэ авч явах соёл, бүжиг, хөдөлгөөний эвсэл, мөн хувь хүний хөгжил, төсөл бичих, танилцуулах арга барил, санхүүгийн удирдлага, багийн ажиллагаа, англи хэлний хичээлд сууж байна.
–Оролцогч охид бүсгүйчүүдээ хөгжүүлдэг юм байна. Орон нутгаас оролцдог уу?
-Манай “Miss World Mongolia-2026” тэмцээнд Улаанбаатар хот болон 21 аймгаас оролцогчид ирдэг. Тэд маань өөр өөр туршлагатай учраас тайзан дээр ижил түвшинд өрсөлдүүлэхийн тулд зохион байгуулагч бидний зүгээс хөгжүүлэх сургалтуудад түлхүү анхаардаг. Үүнээс гадна мисс хүн бол хүмүүнлэг үйлсийн элч юм гэдгийг ойлгуулж, нэгтгэж, хамтдаа хүмүүнлэгийн үйлс хийхэд чиглүүлдэг. Жишээлбэл, энэ оны оролцогчдын хувьд хамтраад Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд мод тарих, хүлэмж байгуулах зэрэг ажлууд хийж, хүүхдийн сурч хөгжих ногоон орчинг бүрдүүлэн, хөрсний чанарыг сайжруулах ажлуудыг хийсэн. Хамтдаа хүмүүнлэгийн ажил хийхэд мисс охид бүсгүйчүүд маань маш сэтгэл хангалуун байдаг. Ийм ажлаас багийн ажиллагааг суралцаж, хүмүүнлэг хүн байхын үнэ цэнэ, утга учрыг ойлгодог юм.
–Эцсийн шалгаруулалт нь хэзээ, хаана болох вэ?
-Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт 2025 оны есдүгээр сарын 21-нд буюу энэ ням гаригт зохиогдоно.
-Ямар шалгуураар Дэлхийн мисст оролцох хүмүүсээ сонгодог вэ?
-Дэлхийн миссийн хамгийн том шалгуур бол хувь хүний харилцаа хандлага. Зөвхөн өөрөө өөрийгөө хичээгээд явдаг хувь хүн юм уу, эсвэл бусдын төлөө сэтгэлээ, мэдлэг боловсрол, цаг заваа зориулж чаддаг, нийгмийн тусын тулд хүмүүнлэг үйлс хийж чаддаг уу гэдгийг гол шалгуураа болгодог. Өөрөөр хэлбэл, Дэлхийн миссийн үндсэн шалгуур бол нэгд, хувь хүний харилцаа хандлага, хоёрт хүмүүнлэг үйлс гэж тодорхойлж болно.
-Та хүмүүнлэгийн үйлсийн талаар нэлээн онцолж байна. Танай энэ жилийн тэмцээний гол хүмүүнлэгийн үйлс юу вэ?
-Хүмүүнлэгийн үйлсийн тухайд бид багагүй судалгаа хийсэн. Судалгаагаар, Монгол Улсад хөхний хавдрын өвчлөл өндөр, эрсдэлч бас өндөр байсан. Хөхний хавдрын тохиолдлын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүдэд, цөөн хувь нь эрэгтэйчүүдэд тохиолддог. Монгол Улсад эмэгтэйчүүдийн дунд оношлогдож байгаа хавдрын 4-т жагсаж, 45-49 насанд оргил үедээ тохиолдон, хожуу оношлогдож буйтай холбоотой эдгэрэх хувь хөгжингүй орнуудаас харьцангуй бага байна. Дээрээс нь хөдөө орон нутгаас ирж үзүүлэхэд хүмүүс 1-3 сарын дараа үзлэгт орох болдог. Гэтэл бодит байдал дээр гэр орон, үр хүүхэд, ажил төрөл, мал аж ахуйгаа орхиод гурван сар хотод үзлэгийн цагаа хүлээж байх хэцүү. Иймээс үзлэгт орох хугацааг богиносгох нэн шаардлагатай гэж үзсэн учраас ХСҮТ-ийн “Хөхний төв”-тэй хамтран, үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн тав тухтай орчин бүрдсэн, 4-5 өрөөтэй “Хөхний төв” байгуулахаар ажиллаж байна. Үүнийгээ бид олон нийтэд зарлаж, Miss World Mongolia -2026” тэмцээнийхээ финалийн тоглолтын үеэр “Хөхөө хайрлая, халамжилъя, хамгаалъя” уриан дор хандив цуглуулахаар болсон юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ.
-Энэ тэмцээнд оролцох нь охид бүсгүйчүүдэд ямар ач холбогдолтой вэ?
-“Miss World Mongolia” тэмцээнд орсноор охид бүсгүйчүүд маань хувь хүнийхээ хувьд хөгждөг, багаар ажиллаж сурдаг. Манай байгууллагатай нэгдсэнээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолттой болж чаддаг. Гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа охид бүсгүйчүүдийн хувьд олон улсын карьерт нь чухал нөлөө үзүүлэхүйц олон, олон тодорхойлолт бичсэнээрээ би үүнийг баталж байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн миссийн тэмцээн бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолттой, нөлөө бүхий том байгууллага юм.
-Таны мөрөөдөл биелж, Монголгоо бүсгүй Дэлхийн миссээр өргөмжлөгдөн, дэлхийн миссийн титмийг зүүж байна гэж төсөөлбөл?
-Дэлхийн мисст өндөр хөгжсөн улс орнуудын мисс, эсвэл аялал жуулчлалдаа анхаарал нэлээн хандуулдаг бүс нутгийн оролцогчид дэлхийн миссээр шалгарах хандлагатай байдаг. Хэзээ нэгэн өдөр Монголын мисс Дэлхийн мисст түрүүлэх гайхамшигт өдөр ирнэ гэдэгт би итгэдэг. Монголын мисс Дэлхийн мисс болсноор хүн төрөлхнтий анхаарлыг Монгол Улс татах болно. Энэ нь соёл болон эдийн засгийн нөлөө бүхий ач холбогдолтой үйл явдал болно. Дэлхийн мисс болсон монгол мисс маань дэлхийн хүн болно. Олон улс оронд хүмүүнлэгийн үйлсээ түгээх болно. Миссийн тэмцээнийг зохион байгуулахад маш олон хүн, байгууллага хамт олны хүчин чармайлт шаарддаг. Тусалж, дэмжиж байгаа бүх байгууллага, хувь хүмүүстээ талархлаа илэрхийлье.
-Танд баярлалаа. Финалийн тэмцээнд нь амжилт хүсье!
А.ДАВААДУЛАМ





Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна
Нийслэлд Олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв байдаггүй. Тийм учраас хотын төвд байрлах 10...
7 цагийн дараа
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.19) Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баяр...
7 цагийн дараа
2024 онд их, дээд сургууль, коллежийг 23.8 мянган оюутан төгсжээ
Манай улсын боловсролын бүх шатны сургуулийг өнгөрсөн оны хичээлийн жилд 147.8 мянган суралцагч төгсжээ. Үүнээс ерөнхий боловсролын ...
6 цагийн дараа
16 настай хохирогч охины өмгөөлөгч Б.Солонго: Тэр зураг бол нэгээхэн хэсэг нь. Тэрнээс аймаар зураг бий
16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохай...
6 цагийн дараа
Д.Уянгалянхуа: Дэлхийн мисс бол хүмүүнлэг үйлсийн фестиваль юм
Дэлхийн Мисс Монгол-2026” хүмүүнлэг, гоо сайхны фестиваль зохиогдох гэж буйтай холбогдуулан дэлхийн миссийн Монгол дахь төлөөлөгч, “...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд