мэдээ
Монголд Пауэрлифтингийн спортын тулгын чулууг тавилцсан хүн

Админ
2025 оны 12 сарын 08

Энэ удаагийн “Танайд өнжье” булангийн маань хүндэт зочин, нийтлэлийн баатар пауэрлифтингийн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Батцэнгэлийн аав нь Завханых, ээж нь Сэлэнгийн гаралтай өөрөө бол Улаанбаатарт төрж өссөн юм байна.
Яруугийн хүрээ гэж хэзээнээсээ алдар суугаа Монгол даяар дуурсгасан, бурхад чуулж, чөтгөр тойрч гороолсон орон суурин газар байх. Ороо бусгаа цагийн сүүдэр дайрсан тэртээх 1937 оны хэлмэгдүүлэлтийн юлд цаазанд сортоотой бүхнээ хяхуулж хядуулсан ч Завхан аймгийн Яруу суманд “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг”-ийн үлгэрээр хожмын үеийн эрдэм чадалтай сэхээтнүүд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд зулай зулайгаа гишгэж төрсөн, үүх түүх, ерөөл авшигтай, өгөөмөр сайхан нутаг юм. Энэхүү гэрэл, сүүдэртэй үнэнийг сөхөхийн учир гэвэл Засагт ханы хөх харчуудын нэг, гарынхаа бүл чадлаар аймаг хошуундаа алдартай шилийн сайн эр Навааны Энх гэгч тайжийн гангар шаазан шиг ганц охиныг богтлон авсан шийртэй чиг, шидрүүн чиг эр байж. Тэд таван хүүхэд төрүүлж өсгөсний отгон нь Э.Батаа юм. Э.Батаа Улаанбаатарыг Азийн цагаан дагина байх үед нийслэл хотынхоо суугуул иргэн болжээ. Батаа Сэлэнгээс гаралтай Л.Алтанцэцэг гэдэг бүсгүйтэй ханилан сууж, нэг охин, найман хүү төрүүлж өсгөсөн, өнөр бүлийн өрхийн тэргүүн. Ажил амьдрал, их спортын алинд нь ч Алтай, Хангай шиг ханхайж явсан Батаа, ахмад үеийнхний боксёр, улсын шүүгч, тэшүүрээр гулгаж, хөлбөмбөг тоглодог тамирчин байлаа
Төв гал командад галын хэрэг бүртгэгчээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр ажил үйлсээрээ нөхдөө хошуучлан Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарынхаа дундаас цойлон улсын гурван удаагийн аварга болсноор хотын Цагдан сэргийлэх байгууллагад боловсон хүчин болон ахиж дэвшжээ. Дараа нь НАХЯ-ны хурандаа болсон хүн. Түүний судалж, ЗХУ-д илгээсэн боловсон хүчин, одоогийнхоор хүний нөөцийг зах зухаас нь дурдахад, хошууч генерал Л.Гарамжил, цагдаагийн хурандаа Д.Базаргүр, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарын “ланжгар”-ууд, энэ цаг үед бол зарим нэгний хувьд “домог” болсон нэрс цуурайтах нь бахархам.
Ах нарын “Беломорканал”-ын мөрий
Онц холбоочин ээж Л.Алтанцэцэг нь есөн хүүхэд төрүүлж өсгөсөн Алдарт эх. Тухайн үед ээжүүд төрснийхөө дараа 45 хоноод ажилдаа ордог байв. Өдөр яаруу сандруухан ирээд хүүхдээ хөхүүлээд буцаад ажилдаа явна. Дээрээ ганц эгчтэй, доороо долоон эрэгтэй дүү дагуулсан Б.Батцэнгэлд ус авах, мод түлээ бэлтгэх ажил хуваарилагдана. “Гэрийн дүрэм”-ийн дагуу өдөр тутамдаа хийж буй энэ ажил нь ирээдүйн гавьяатыг багаасаа хүч тамир суухад нөлөөлсөн байх. Тэрбээр гуравдугаар ангийн жаалхүү байхдаа 40 литрийн бидонтой усыг мөрлөж өргөөд замдаа ганц ч амралгүй явахыг харсан залуус нэг нь нөгөөдөө хэлж хоорондоо “Беломорканал” тамхиар мөрий тавьж байжээ. Дараа нь Батцэнгэлийг худаг дээр ирээд усны машинаас усаа аваад өндөр дээрээс өнхрүүлж байгаад мөрлөөд явахыг харсан ах нар “Миний дүү, чи гэр лүүгээ ганц ч амрахгүй орж чадах уу” гэхэд нь “Чадна” гэснээр тэд дагаж явцгаажээ. Ингээд “Беломорканал”-аа алдах нь алдаж, Батцэнгэл хүү өнөөх ах нараас гурван төгрөгийн хувь хишиг хүртэн үлдсэн байна.
Ихэр ах Тайванжаргал, Туваанжаргал болон Ото-гийн заасан гэрэлт зам
Авгын талын ихэр ах Х.Тайванжаргал, Х.Туваанжаргал, тэдний 10 жилийн ангийн хүүхэд, тухайн үеийнхээ Онц сурлагатан, одоо олноо Ото хэмээн алдаршсан МҮОХ-ны 12 хэлтэй Ж.Отгонцагаан нар Батцэнгэлийг төдийгүй тэр үеийнхнийг их спортод уруу татсан гавьяатнууд. Тасганы-Овооны тэнд анх гэр хорооллын хашаан дотор шороог нь шүүрдэж, угаагаад сагсны шийд, турник зоогоод Зурагт, Дэнжийн мянга, Гандан хавийн бүх хүүхдийг цуглуулаад сагсны тэмцээн зохион байгуулдаг байж. Ерөнхий шүүгч нь мөнөөх Ото, хоёр ихэр ах нь байв. Анх бөмбөг залж, сагс тоглож сурсан түүх ийм. Улмаар спортод дур сонирхолтой болох суурь эндээс л эхэлж. Тэр ч байтугай чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулаад түрүүлсэн хүүхдийг 60 мөнгөний жигнэмэг, гөөхийгөөр шагнаж байлдаг байжээ. Энэ бүхэн Батцэнгэлийг спортын ертөнцөд хөл тавих орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэрэлт замын эх нь байв. Ингээд 1979 онд анх спортын мастер Гочоохүү, Батболд багш нарынхаа удирдлага дор Октябрийн районы чөлөөт бөхийн өсвөр үеийн секцэнд хичээллэж эхэлсэн байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 46 жил спортод амьдралаа зориулсаар яваа юм. Мөн хүүхэд ахуйгаасаа л Д.Дамдин аваргын удирдлага дор үндэсний бөхөөр хичээллэж Ардын хувьсгалын 61, 62, 63, 64 жилийн ойн улсын баяр наадмын өсвөр үеийн барилдаанд барилдаж байсан түүхтэй. 61, 62 жилийн ойгоор тус тус хоёр давсан бол Ардын хувьсгалын 63 жилийн ойгоор дөрөв давж, шөвгийн дөрөвт үлдэж байв. Дараа жил нь даагаа нэхэж, тав давахад нь Багануурын Загдсүрэн түрүүлж, Батцэнгэл үзүүрлэн харцага цол авсан нь ихээхэн урам зориг өгсөн үйл явдал боллоо. Цаашлаад чөлөөт, самбо, жүдогоор хичээллэсээр байжээ. Чөлөөт бөхөөрөө Монголын Пионерын байгууллагын гурван удаагийн, Пионер сурагчдын Спартакиадын нэг удаагийн аварга, Сэлэнгэ хотод болдог Олон хотын нэрэмжит тэмцээний хошой аварга болов. Тухайн үеийн Олон хотын нэрэмжит тэмцээн гэдэг нь одоогийнхоор олон улсын тэмцээн юм. Улаан-Үд, Эрхүү, Тува, Халимагаас бөхчүүд ирж оролцдог. Монголын бүх аймаг, Улаанбаатар хотын бүх районоос шалгарсан хүүхдүүд ирж оролцдог байв. Хүүхэд ахуйдаа үүнээс гадна Монголын пионер сурагчдын Спартакиадын спортын гимнастикийн чөлөөт төрөлд хотын аварга, кольцон дээр гуравдугаар байр эзэлсэн байх юм. Тухайн үеийнхээр бол ёстой л өв тэгш хүүхдүүдийн нэг, одоогийнхоор бол багаасаа “од” болж гялалзах нь тодорхой нэгэн байж.
Ороо бусгаа цагийн салхи
Эрх зүйч мэргэжил эзэмшсэн идэр залуухан эр ажлын гараагаа 1988 онд Цагдаагийн байгууллагаас эхэлжээ. Ингээд “Хүч” спорт хороонд харьяалагдах нь тэр. БНАГУ-д 1989 онд зохион байгуулагдсан Франкфурт Ордерын цомын нэрэмжит, тухайн үеийнхээр бол социалист орнуудын ах дүү армийн залуучуудын тэмцээнд хүндийн өргөлтөөр -60 кг-д оролцож хошой мөнгөн медаль авч, дэлхийн дэвжээнд хөл тавих гараагаа эхэлжээ. Харамсалтай нь 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын дараа улсын шигшээ багууд татан буугдсан юм. Ингээд бүгдээрээ клубийн системд орсон түүхтэй. Нийгэм солигдох үеийн ороо бусгаа цагийн салхи спортын салбарыг төдийгүй ажил амьдралыг нь бүхэлд нь дайрч өнгөрсөн “хуй” байлаа. Аргагүй, амьдралын эрхээр тухайн нийгэм, цаг үеийн байдалд зохицуулан өөрийн хүсэлтээр Цагдаагийн байгууллагаас гарсан нь 1994 он.
Тэгээд нэг хэсэг ганзагын наймаанд явж, бизнес эрхлэн “Тумбааш холдинг”-ийг үүсгэн байгуулалцав. Гэхдээ спортоо огт орхиж чадахгүй явжээ. “Рекордс” клубийг 1996 онд байгуулж киокушинкай каратэ, жүдо, аэробик, бодибилдинг гэсэн дөрвөн төрлийн спортоор хичээллэж буй хүүхэд залуусаа хичээнгүйлэн дэмжиж ирэв. Хэчнээн алдагдалтай байсан ч хамаагүй “Рекордс” клубээ хичээллүүлсээр байсны хүчинд өнөөдөр нэр бүхий маш олон тив, дэлхийн аваргууд төрөн гарчээ.
Б.Батцэнгэл гавьяат спортдоо эргэж ирнэ
Тэрбээр 2003 онд Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулалцаж, анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв. Хамгийн сонирхолтой нь өөрөө ч энэхүү олимпийн бус спортын төрлөөр амжилттай хичээллэж, дэлхийн аварга болсон юм.
Пауэрлифтингийн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Батцэнгэл 2014 онд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан AWBC холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэвтээ шахалтын төрөлд аваргалж, алтан медалийн эзэн болов.
Дараа жил нь АНУ-ын Калифорниа мужийн APC холбооны Цагдаагийн аварга шалгаруулах тэмцээний аварга, 2019 онд АНУ-ын Атланта хотод болсон олон улсын нээлттэй IBJJF холбооны аварга, 2023 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэвтээ шахалтын дэлхийн аварга, мөн онд манай улсад зохион байгуулагдсан Пауэрлифтингийн IPF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний суулт, таталт, нийлбэр дүнгээр хүрэл медаль гэхчлэнгээр зөвхөн тив, дэлхийн аваргаас авсан алт, мөнгө, хүрэл медалийг нэг бүрчлэн танилцуулан бичвэл бичгийн цаасны нэлээд хэдэн нүүр болно. “Та бидний итгэлийг алдаагүй, тамирчны ялалт хямдхан олдоогүй” хэмээн бид “Тамирчны алдар”-аа өргөн дуулдагчлан медаль бүрийн ард хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, бэртэл гэмтэл гээд олон золиос бий. Пауэрлифтингийн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Батцэнгэл ч өнгөрсөн хугацаанд өчнөөн бэртэл гэмтэл авч байжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2023 онд нэлээд хэцүүхэн бэртсэн бөгөөд одоо эмчилгээ нь дуусах дөхөж байгаа аж. Тиймээс тэрбээр 2026 оноос “Бэлтгэлдээ гарна” хэмээн бадарч явна.
Г.ГАНЧИМЭГ
Улсын төмөр замын сүлжээнд нийт 562 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэн иржээ
Улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа. Тодруулбал,...
8 цагийн дараа
Луврын музейд ус алдсаны улмаас ховор номуудад гэмтэл учирчээ
Өнгөрсөн сард Луврын музейд ус алдсаны улмаас эртний Египетийн танхим дахь олон зуун ховор номуудад гэмтэл учирсан байна. Тус музейн...
8 цагийн дараа
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...
7 цагийн дараа
Их Британийн “СОНСГОЛ”
Их Британид “Хөндлөнгийн, бие даасан мөрдөн шалгалт” гэж нэгэн хууль зүйн онцгой журам бий. Энэ нь олон нийтийг түгшээж, тэдний анха...
7 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, объектын гал түймрийн 37 дуудлага бүртгэгдэж алба хаагчид 1,2 тэрбум ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



