Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 08

Валютын ханш

value

гадаад

Их Британийн “СОНСГОЛ”

trend

Админ

img

2025 оны 12 сарын 08

news-img

Их Британид “Хөндлөнгийн, бие даасан мөрдөн шалгалт” гэж нэгэн хууль зүйн онцгой журам бий. Энэ нь олон нийтийг түгшээж, тэдний анхааралд өртсөн үйл явдлын нөхцөл байдлыг бүрэн тогтоохын тулд явуулдаг бие даасан шинжээчдийн хөндлөнгийн, тусгай ажиллагаа юм. Мөрдөн шалгах тухай хуулийн дагуу тухайн онд бие даасан шалгалт эхлүүлэх шийдвэрийг Их Британийн Засгийн газрын холбогдох нэг гишүүн гаргадаг бөгөөд уг шалгалтыг хөндлөнгийн шинжээчид үнэхээр хараат бусаар явуулдаг гэдгээрээ онцлог байдаг.

Хүний амь эрсэдсэн тохиолдолд ихэвчлэн Британийн шүүхийн тусгай шүүгч болох “коронер” тухайн үхлийн нөхцөл байдлыг тогтоодог. Тэгвэл энэ удаа хууль зүйн энэ онцгой журмын дагуу Дотоод хэргийн сайд тушаал гаргаж, Дон Стержессийн үхэлтэй холбогдуулан коронерийн шалгалтын оронд бие даасан мөрдөн шалгалт явуулах шийдвэр гаргасан нь нууц баримт, хаалттай мэдүүлгийг бие даасан шалгалтын үеэр харьцангуй өргөн хүрээнд судлах боломж олгосон явдал байв. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нийтлэгдсэн хөндлөнгийн мөрдөн шалгалтын илтгэл юуны өмнө Кремлийн явуулж буй хүчний бодлогод хүний амь ямар байр суурь эзэлж байгааг дахин сөхсөнөөрөө онцлог зүйл болсон байна. Учир нь бие даасан мөрдөн шалгалтыг удирдсан лорд Энтони Хьюз уг шалгалтын олон нийтэд зориулсан илтгэл нийтлэгдэж буйтай холбогдуулан “2018 онд “новичок” нэртэй цэргийн зориулалттай мэдрэл саажуулах бодисоор хорлогдсон британи эмэгтэй Дон Стержессийн үхлийн ёс суртахууны хариуцлагыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээх ёстой” гэж мэдэгдэв.

Олон нийтэд зориулан нийтэлсэн энэхүү илтгэлд “Солсбери хотод ГРУ-ын хуучин ажилтан Сергей Скрипалийг хорлох гэж оролдсон Оросын тагнуулууд болон энэ ажиллагаанд зөвшөөрөл өгсөн бүхий л хүмүүс, үүнд Путин өөрөө багтана. Тэд хэн ч байсан “гайхмаар хариуцлагагүй” үйлдэл хийсэн. Скрипалийн гэрийн хаалганы бариул дээр хүчтэй, үхлийн хор түрхэж, үлдэгдэлтэй савыг нь хаяснаар Оросын агентууд гэм зэмгүй олон энгийн иргэний амийг аюулд учруулсан бөгөөд тэдний энэ үйлдлийн шууд золиос нь Стерджесс болсон юм. Эдгээр хүмүүсийн үйлдэл болон Дон Стерджессийн үхлийн хооронд шууд шалтгаант холбоо бий болсон байна. Түүний үхлийн ёс суртахууны хариуцлагыг тэд, зөвхөн тэд л хүлээнэ” гэж мэдэгдэв.

Гэтэл Оросын албан ёсны төлөөлөгчид Скрипалиудыг хорлосон хэрэгт Оросын төр ямар ч холбоогүй гэж үргэлж үгүйсгэж ирсэн юм. Сергей Скрипаль нь Орост Британийн төлөө тагнуул хийсэн хэргээр ял авч, 2010 онд солилцоогоор суллагдсан бөгөөд түүнийг хэр зэрэг хамгаалж байсан тухай асуудлыг мөн хөндөв. Лорд Хьюзийн тэмдэглэснээр Уилтширын тойргийн цагдаагийн газар, тэр дундаа терроризмын эсрэг нэгж нь өөрсдийн нутаг дэвсгэрт өөрийн нэрээр бараг ил байрласан солилцоонд орсон тагнуул байгаа талаар бүрэн мэдээлэлгүй байжээ. Мөн 2018 онд Британийн тагнуулын байгууллагад Скрипалийн амь насад тодорхой аюул учирч буй гэх үндэслэл хангалттай байгаагүй гэж Хьюз үзжээ. Хэрэв түүнийг хамгаалалттай хотхонд байрлуулсан байсан бол алуурчид олон нийтийн газарт хорлох оролдлого хийх магадлалтай бөгөөд энэ нь улам олон хүнд аюултай байх байсан гэж тэр дүгнэсэн байна. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард мөрдөн шалгалтын нээлттэй хэсгийн эхэнд Скрипалийн өөрийн бичгээр гаргасан мэдүүлгийг танилцуулсан аж. Тэрээр “Миний амь насыг хөнөөх гэж оролдсон хэрэгт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хариуцлага хүлээх ёстой. Путин бүх чухал шийдвэрүүдийг өөрөө гаргадаг гэж би үздэг. Тиймээс Юлия болон миний эсрэг үйлдсэн алуулах оролдлогод тэр наад зах нь зөвшөөрөл өгсөн байх ёстой” гэж Скрипаль хэлсэн бөгөөд энэ нь “зөвхөн хувийн санал” юм. Тэр үед Скрипалийг шүүх хуралд биечлэн оролцуулахыг аюултай гэж үзсэн тул оролцуулаагүй бөгөөд хордуулагдсанаас хойш Британийн тусгай алба түүнийг болон Юлияг нууц байранд хамгаалж байна.

Дон Стерджесс болон түүний хамтран амьдрагч Чарли Роули нар нь 2018 оны гуравдугаар сард Солсберид ГРУ-ын хуучин ажилтан Сергей Скрипаль болон түүний охин Юлияг “новичок” нэртэй цэргийн зориулалттай мэдрэл саажуулах бодисоор хордуулсан Оросын тагнуулуудын санамсаргүй золиос болсон хүмүүс юм. Мөрдөн шалгалт болон лорд Хьюзийн дүгнэснээр ГРУ-ын ажилтнууд “үнэртэй усны сав” мэт харагдах “новичок”-той савыг хаясан бөгөөд Дон Стержессийн хамтран амьдрагч Чарли Роули түүнийг хандивын дэлгүүр, эсвэл түүний орчимд байрлах хогийн савнаас олсон байх магадлалтай. Роулигийн яг хаанаас олсон тухай мэдүүлэг тун эргэлзээтэй байсан. Ямартаа ч Роули савыг Стерджесст бэлэглэж, тэр эмэгтэй саван дахь бодисыг арьсандаа түрхсэн байна.

Долоо хоногийн дараа тэр эмнэлэгт нас барсан. Энэ үйл явдал Скрипалиудыг хордуулснаас дөрвөн сарын дараа, 2018 оны зургадугаар сарын эцэс, долдугаар сарын эхээр болсон. Британийн цагдаа нар Скрипалиудыг Оросын цэргийн тагнуулын байгууллагын ажилтнууд болох Денис Сергеев, Александр Мишкин, Анатолий Чепига нар хордуулсан гэж үздэг. Тэд Британи дахь ажиллагаандаа Сергей Федотов, Руслан Боширов, Александр Петров гэсэн нэртэй хуурамч баримт ашиглаж байсан. Эхний хүн ажиллагааг удирдаж, “Боширов” болон “Петров” нар гүйцэтгэгчид байсан. Тэд Солсберид очиж Скрипалийн гэрийн хаалганы бариулд хор түрхсэн байна.

Британийн талд урвасан ГРУ-ын хуучин хурандаа Сергей Скрипалийг хордуулах ажиллагаа нь зүгээр нэг дайснаа зайлуулах оролдлого бус хүчээ харуулах улс төрийн дохио байжээ. Иймээс энэ ажиллагааг анхнаасаа нарийн төлөвлөсөн, хажуугийн хэн нэгнийг гэмтээх магадлалыг бүрэн хаасан ажиллагаа байлгах гэж зориогүй, харин “гадны хохирол” гарахыг тооцон хийсэн байна. Мөрдөн шалгалтаар тогтоосноор ГРУ-ын ажилтнууд Скрипалийн гэрт хоёр удаа ирж, хаалганы бариул дээр хор түрхсэн. Сергей Скрипаль төдийгүй түүний гэрт зочилж байсан охин Юлиягаас гадна хэн нэгэн хөрш, шуудан зөөгч, эсвэл гэрт санамсаргүй очсон хүн хаалганы бариулд хүрч болох байсан. Ингээд эцэст нь гэрийг шалгаж байсан цагдаагийн түрүүч Ник Бейли, мөн Скрипалийн эд зүйлсийг шалгасан шүүх эмнэлгийн шинжээч хорын өндөр тун авсан бөгөөд Бейли нь бүрэн эдгээгүй үлдсэн. Солсбери хотоос явахдаа ГРУ-ын ажилтнууд хор үлдсэн савыг олон нийтийн газар хаясан. Иймээс Лорд Хьюзийн тайланд дурдсанаар энэ нь гүйцэтгэгчдийн алдаа гэхээсээ илүү Кремлийн стратегийн нэг хэсэг бөгөөд зорилгодоо хүрэх нь хэчнээн олон хүний аминд заналхийлэхээс илүү чухал мэт ханддаг явдлын илрэл бөгөөд “Тэд ийм байдлаар гэм зэмгүй хүмүүст үхэл, эрүүл мэндийн хүнд хохирол учруулж болзошгүйг огт тоогоогүй бололтой.

Энэхүү илтгэл нийтлэгдсэнтэй холбогдуулан Их Британийн Засгийн газар “Их Британи одооноос эхлэн Оросын цэргийн тагнуулын байгууллага ГРУ-д бүхэлд нь мөн 11 ажилтанд нь хориг тавьж байна. ГРУ-ын ажилтнууд Путины зааврыг биелүүлж, Украины байдлыг тогтворгүй болгохыг оролдож, Европ даяар эмх замбараагүй байдал үүсгэх ажиллагаа явуулж байна. Иймээс Их Британи ГРУ-ын кибер нэгжийн найман ажилтанд хориг тавьж буй нь тэд Юлия Скрипалийн эсрэг хордуулах явдлаас таван жилийн өмнө кибер ажиллагаа явуулсан гэж үзсэнтэй холбоотой. ОХУ-ын ГРУ-ын ажилтнуудад хориг тавьсан нь тэд Украины болон Европын нутаг дэвсгэрт хийж буй ажиллагаа, үүнд Украины супермаркет болон энгийн иргэдийн эсрэг халдлагуудыг удирдсан гэж Британийн Гадаад тагнуулын газар дүгнэсэн явдалтай холбоотой. Энэ алхмыг 2018 онд Солсбери хотод болсон Дон Стержессийн үхлийн мөрдөн шалгалтын дүн нийтлэгдсэн энэ өдөр авч байна. Манай Гадаад хэргийн яам Оросын элчин сайдыг дуудаж, Их Британийн эсрэг чиглэсэн дайсагнасан ажиллагаагаа үргэлжлүүлж буй талаар тайлбар нэхсэн” гэж мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: МУ-ын ЗГ нь 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна

Оюутолгойн бүлэг ордыг ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажил...

img

7 цагийн дараа

Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ

 Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөг...

img

6 цагийн дараа

ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, з...

img

6 цагийн дараа

Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. “И...

img

5 цагийн дараа

Монгол луувангийн үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд