мэдээ
А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлж, олсныхоо хэрээр хөлөө жийдэг зарчмыг баримталсан бол төсөв тасрахгүй байсан

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 12 сарын 22

УИХ-ын гишүүн А.Ундраатай татварын орлого тасарч буй шалтгаан, Засгийн газрын татварын бодлого, аж ахуйн нэгжүүдэд учирч буй дарамт, эдийн засгийн итгэлийг сэргээх гарц шийдлийн талаар ярилцлаа.
-Татварын орлого тасарсан нөхцөлд Засгийн газар татварын бааз тэлэх нэрийн дор аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байна гэх шүүмжлэл гарч байна. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр үүсээд буй татварын орлого тасарч байгаа гэх нөхцөл байдал бол эдийн засгийн буруу бодлого олон жилийн турш явуулж ирсний гор гэж би харж байна. Засгийн газар эдийн засгийг хэт хурдан тэлэх зорилго тавьж, түүндээ тохироогүйгээр төсвийг хэт үрэлгэн баталсан. Үүнийхээ үр дагаврыг өнөөдөр улс даяараа үүрч байна. Энэ үрэлгэн байдал бол нэг өдрийн дотор бий болчихсон зүйл огтхон ч биш. Өнгөрсөн жилүүдэд төсвийг хэт тэлж, орлогыг бодит бус, хэт өөдрөгөөр төсөөлж ирсэн. Нөгөө талдаа зарлагын эрэмбэ тогтоохгүйгээр, урсгал зардлаа танах, хэмнэх талаар дорвитой алхам огт хийгээгүй
Үүний л үр дүнд өнөөдөр татварын орлого “тасарсан” мэт харагдаж байгаа юм. Үнэн хэрэгтээ хэрэв анхнаасаа орлогоо бодитой төсөөлж, олсныхоо хэрээр буюу хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг зарчмыг баримталсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх бүрэн боломж байсан. Гэтэл зарлагаа хэт өөдрөгөөр, хэт их хэмжээгээр төлөвлөчхөөд, одоо тэр дутууг нь нөхөхийн тулд аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэж байна. Татварын албаныхан хагас бүтэн сайнгүй ажиллаж, аль болох богино хугацаанд татвар хураах арга зам эрэлхийлж байгаа нь өөрөө бодлогын алдааг бизнесийнхнээр төлүүлэх гэсэн оролдлого юм.
-Та үрэлгэн зардлын жишээнээс дурдвал?
-Жишээ маш олон бий. Тухайлбал, байгаль хамгаалах зориулалттай барилга байгууламжуудыг хэт том хэмжээтэй барьчихдаг. Ингээд тэр нь урсгал зардал дээр асар их дарамт болдог. Галчийн орон тоо нэхнэ, халаалтын зардал нэмэгдэнэ, шинээр ажилтан авах шаардлага үүснэ. Мөн зарим төрийн байгууллагын барилга байгууламжийг орон нутагт барихдаа урт хугацаанд ямар зардал дагуулах вэ гэдгийг огт тооцоолдоггүй. Ийм замбараагүй төлөвлөлтийн үр дүнд л өнөөдөр татварын орлого тасарсан мэт харагдаж байна. Угтаа бол энэ нь орлогын асуудал гэхээсээ илүү төлөвлөлтийн хариуцлагагүй байдал юм.
-“Татварын шударга тогтолцоо” нэрийн дор жижиг, дунд бизнесүүдэд харьцангуй их дарамт ирж байна гэх шүүмжлэл бий. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?
-Миний хувьд татварын шударга тогтолцоо гэдэг нь нийгмээрээ татварын хууль, зарчмаа тохироод баталсны дараа бүгд түүнийгээ яг адилхан мөрддөг байхыг хэлнэ. Тогтолцоо нь ямар ч байж болно. Орлого ихтэй нь илүү төлдөг, орлого багатай нь бага төлдөг ч байж болно. Эсвэл бүгд ижил хувьтай ч байж болно. Хамгийн гол нь баталсан хуулиа бүгд дагаж мөрддөг байх нь л шударга. Энэ хүрээнд албан бус эдийн засгийг албан эдийн засаг руу шилжүүлэх асуудал манайд хангалттай урагшлахгүй байна. НӨАТ, НӨАТ-ын буцаан олголт гэх мэт олон арга хэрэгсэл ярьдаг ч бодит амьдрал дээр татвараа төлдөг болох нь хамгийн чухал алхам. Зах, худалдааны төвүүд, ченжийн үйл ажиллагаа явуулж буй жижиг, бичил бизнесүүд албан эдийн засагт орж ирвэл орлогоо нотлох боломжтой болно, зээл авах, бизнесээ өргөжүүлэх нөхцөл нь бүрдэнэ. Энэ нь бизнес эрхлэгчдэд ч ашигтай, улсын хувьд ч татварын бааз суурь бодитоор нэмэгдэх эерэг нөлөөтэй.
-Татварын маргаантай, эсвэл богино хугацаанд төлбөрийн чадвар алдагдсан ААН-үүдийн дансыг хааж, данснаас нь шууд татвар хураах практик бий болсон. Үүнийг та хэрхэн үнэлж байна вэ?
-Шууд хэлэхэд, аж ахуйн нэгжийн дансыг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хааж, данснаас нь татвар хурааж авах нь хэт хатуу, бүр бүдүүлэг арга. Хүнээр зүйрлэвэл хөлийг нь тушчихаад “гүй” гэж хэлж байгаатай адил. Данс хааснаар тухайн ААН бизнесээ хэвийн явуулах, цаашлаад татвараа төлөх боломжоо бүрэн алддаг. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрнэ, улмаар ажилгүйдэл нэмэгдэнэ. Энэ бол бизнесийн орчныг улам хумьж, эдийн засгийг агшаах, урт хугацаандаа төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлэх л арга хэрэгсэл. Тиймээс данс хаахын оронд татварын өрийг шатлалтай төлүүлэх, төлөлтийн хуваарь гаргах, уян хатан нөхцөл санал болгох хэрэгтэй. Татвар төлөлтөөс нь хамаараад зээл, дэмжлэг, бусад боломжийг нөхцөлдүүлж болох юм. Хамгийн гол нь илүү ухаалгаар, автоматжуулсан, бизнесийг боомилохгүй шийдлийг эрэлхийлэх ёстой.
-Төсвийн орлого тасарсан гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Гол шалтгаан нь л дахиад хэлэхэд, бодлогын алдаа. Манай гол нэрийн экспортын бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ, зах зээлийн нөхцөлийг бодитоор тооцоогүй. Орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Үүнийгээ дагаад зарлагаа ч хэт ихээр төлөвлөсөн. Зарим тохиолдолд төсвийг улс төрийн зорилгоор ашиглаж, гишүүдийн тойрогт хэт их зардал тусгасан, хатуухан хэлбэл гишүүдийг “авлигадах” явдал ч байсан гэж би өмнө нь хэлж байсан, өнөөдөр ч энэ байр суурин дээрээ байна. Хэрэв ийм байдлаар ажиллаагүй бол өнөөдрийн хүндрэл үүсэхгүй байх боломж байсан.
-Та татвар төлөгчдийг “дайсан биш, түнш” гэж харах бодлогын шилжилтийг дэмждэг. Энэ талаар?
-Татвараа хариуцлагатай, цаг хугацаанд нь төлдөг хүн, байгууллага бол хамгийн сайн эх оронч гэж би үздэг. Улсын хөгжлийн ачааг хамгийн ихээр үүрч яваа хүмүүс бол татвар төлөгчид. Тиймээс эх оронч гэдэг ойлголтоо бид дахин харах хэрэгтэй. Хэн улсын орлогыг бүрдүүлж байна, тэр хүн жинхэнэ утгаараа эх орныхоо төлөө явж байна гэсэн үг. Татварын албанаас тодорхой урамшуулал, сертификат олгож байгаа нь сайн ч хангалтгүй. Нийгмээрээ хувийн хэвшлийн татвар төлөгчдөд талархалтай ханддаг соёлыг бий болгох хэрэгтэй. “Топ 100 татвар төлөгч”-ид төрийн өмчит компаниудыг оруулах нь утгагүй. Харин хувийн хэвшлийнхэн бол бодитоор ачаа үүрч яваа хэсэг.
-Эдийн засгийг тэлж байж татварын орлого нэмэгдэнэ гэдэг зарчмыг бодит болгохын тулд ямар хууль эрх зүйн шинэчлэл хэрэгтэй вэ?
-Эдийн засгийг тэлэхийн тулд шинэ салбаруудыг бий болгох, эдийн засгийг солонгоруулах шаардлагатай. Гадаад худалдааны тариф, тарифын бус хөнгөлөлтийг ашиглах, албан бус салбарыг албан хэлбэрт оруулахыг дэмжсэн хууль тогтоомж хэрэгтэй. Жишээлбэл, хялбаршуулсан татварын бодлого. Жилийн орлого нь тодорхой босгоос доош бизнесүүд нэг удаагийн суурь татвар төлөөд, дахин олон татвар бодохгүйгээр үйл ажиллагаа явуулдаг бол илүү олон бизнес албан сектор руу орж ирнэ.
-Иргэд, ААН-үүдийн итгэл алдарсан энэ үед татварын бодлогоор эдийн засгийн итгэлийг сэргээх боломж бий юу?
-Манай Үндэсний эвслийн гол уриа бол “Иргэн баян бол улс баян”. Итгэлийг сэргээхийн тулд төр, Засгийн газар, УИХ-ын бодлого ойлгомжтой, тогтвортой байх ёстой. Бизнес эхлүүлэх босгыг аль болох хялбар болгох, тодорхой салбарт эхний хэдэн жил татварын амралт олгох зэргийг анхнаас нь тодорхой зарлах нь чухал.Мөн бүс нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд алслагдсан орон нутагт бизнес эрхэлж буй ААН-үүдэд татварын уян хатан нөхцөл хэрэгжүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл, худалдааг дэмжих боломж бий. Ийм бодлого л урт хугацаандаа эдийн засгийн итгэлийг сэргээж, татварын орлогыг бодитоор нэмэгдүүлнэ.
Г.Занданшатарыг дахиад огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ…
Засгийн газар яах гэж байдаг вэ? Г.Занданшатар нарыг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр Их тэнгэрт амьдруулж, жолооч хамгаалагчаар хан...
8 цагийн дараа
А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлж, олсныхоо хэрээр хөлөө жийдэг зарчмыг баримталсан бол төсөв тасрахгүй байсан
УИХ-ын гишүүн А.Ундраатай татварын орлого тасарч буй шалтгаан, Засгийн газрын татварын бодлого, аж ахуйн нэгжүүдэд учирч буй дарамт,...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн а...
6 цагийн дараа
ТОЙМ: Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн А.Ундраа &...
6 цагийн дараа
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Олон улсын жүдо бөхийн холбоо (ОУЖБХ) 2025 оны шилдгүүдийг тодруулах албан ёсны санал хураалтаа эхлүүллээ. Энэ хүрээнд оны шилдэг эр...
13 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


