Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Физикч, доктор Н.Тэгшбаяр: Монгол орны ундны усанд агуулагдах ураны тархалтын зураглалыг анх удаа гаргалаа

trend

Дашдаваагийн Мөнхжаргал

img

2020 оны 2 сарын 28

img

8

Зүүн гараас профессор Х.Цоохүү, химич доктор О.Болормаа, физикч доктор Н.Тэгшбаяр

Монгол Улсын гавьяат багш, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн химийн ухааны доктор профессор, О.Болормаа болон “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа” сэдвээр саяхан физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан Норовын Тэгшбаяр нартай ярилцлаа. Энэхүү эрдэмтдийн баг сүүлийн 10-аад жилийн туршид Монгол орны ундны усан дахь ураны судалгааг хийж Монгол Улсын хэмжээнд бүрэн зураглал гарган ундны усны ураны агууламжийн тоон утгыг орон даяар тогтоож судалгааны эргэлтэд оруулжээ. Ингээд судалгааны багийн эрдэмтдийн яриаг хүргэе.


-Та бүхэн Монгол орны ундны усан дахь ураны судалгааг сүүлийн 10-аад жилийн хугацаанд хийж нарийвчлан тогтоожээ. Энэ судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү ?

-Профессор Х.Цоохүү: Монголын эрдэмтэд ундны усан дахь ураны талаар системтэй судлаагүй байсан. Харин ураны агууламжийг хөрс, агаар, нүүрс, станцын үнс, хаг, хөвд, тэр байтугай динозаврын ясанд хүртэл ямар байгааг тодорхойлсон байдаг. Харин усан дахь ураны агууламж тодорхойлох ажил нь өндөр технологитой нарийн мэдрэх чадвартай тоног төхөөрөмжөөр хийх ур чадвар шаардсан амаргүй ажил юм. Бид энэ ажлыг үндэсний хэмжээнд, тодорхой хүрээнд амжилттай хийлээ. Монгол орон хөрсөндөө уран ихтэй чулуулагтай. Тиймээс цацрагийн хувьд ямар ус ууж байна гэдэг бол бидэнд амин чухал асуудал мөн. Судалгааны явцад Монгол орны ус ураны агуулга харьцангуй ихтэй байгаа нь тогтоогдсон. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манайх дээгүүр байгаа. Улаанбаатар хот орчмын ус цацрагийн хувьд ерөнхийдөө цэвэр буюу 1 литр усанд 5.5 микрограмм ураны агууламжтай байна. Энэ бол тэгтлээ айж эмээгээд байх хэмжээ биш. ДЭМБ-аас нэг литр усанд 30 мкг/л (микрограмм литр) уран байх боломжтой гэж тогтоож өгсөн. Бидний судалгааны үр дүн ч үүнтэй давхцаж байгаа. Нийслэл хотын ерөнхий ус түгээгүүрийн гурван станцын цэвэр усыг аваад үзэхэд 5.5 мкг/л-ээс ч бага байгаа нь нийслэлчүүдийн хувьд ерөнхийдөө ундны ус нь ямар ч аюулгүй гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Харин их урантай ус хаана байна вэ гэвэл Ар Өвөр Жанчивлан байна. Гэхдээ рашаан усанд нь биш шүү. Ундны цэвэр усанд нь зарим тохиолдолд 90 мкг/л хүрсэн байх жишээтэй.

-Химич, доктор О.Болормаа: Олон салбарын эрдэмтэд хамтарч судалгаа хийвэл ямар дорвитой бүтээл болж, үр дүн сайтай байдгийг бидний судалгааны ажил харууллаа. Өнөөдөр шинжлэх ухаанд дан ганц салбар ухаан судалгаа хийдэг үе өнгөрчээ. Салбар дундын эрдэмтэд нийлж байж өндөр амжилтад хүрдэг болсон байна. 2010 онд Америкийн Мичиганы их сургуулийн эрдэмтэн Ж.Нирагү надтай уулзахдаа “Монголчууд усан дахь ураны агууламжаа тодорхойлж чадахгүй байна, харин бид УБ хотын зарим худгуудын усанд ураны агууламж өндөр байгааг тогтоосон байгаа” гэсэн. Тухайн үед “Яагаад монгол эрдэмтэд өөрсдөө усан дахь ураны агууламжийг тодорхойлж чаддаггүй юм бэ?” гэсэн бодол шууд орж ирсэн. Ингээд судалгааны ажлын зураглал гаргахдаа өөрсдийн гэсэн стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Энэ амаргүй ажлыг эхлүүлэх үед Геологийн төв лабораторид суурилагдсан,тухайн үед хамгийн өндөр мэдрэмжтэй сайн багаж орж ирсэн байлаа. Дээж авалт, бэхжүүлэх арга аргачлалыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Индукцийн холбоост масс спектрометрийн багаж мэдрэх чадвар, нарийвчлалаараа хамгийн сайнд нь тооцогддог. Түүнийг бид судалгаандаа ашигласан. Эхлээд Ж.Нирагү нарын судлаачдын усан дахь уран тодорхойлсон зарим дүүргүүдэд давтан шинжилгээ хийх маягаар судалгаагаа эхлүүлсэн. Судалгаагаа өргөтгөн явуулж УБ хотын ундны усны ураны тархалтын зураглалыг гаргасан нь доктор О.Чулуун гуай Оросын эрдэмтэдтэй хамтран хийсэн хөрсний цацрагийн зураглалтай тохирч байсан нь бидэнд их урам өгсөн. Цаашлаад Монгол орны хэмжээнд тодорхой хүрээнд 1000 гаруй сорьцонд ураны агууламжийг хэрхэн яаж тодорхойлсон талаар Тэгшбаяр доктор маань дэлгэрүүлэн ярих байх.

-Физикч, доктор Н.Тэгшбаяр: -Бид эхлээд Улаанбаатар хот орчмын усыг судалсан. Дараа нь хүн ам илүү төвлөрсөн аймгийн төв болоод сум суурингийн ундны усыг судалсан. Үндсэндээ бидний ажил цар хүрээ нь улам л өргөжөөд, зорилго маань томроод ирсэн. Эрдэмтэн багш нартайгаа хамтран ажиллахаар эрдмийн зэрэг хамгаалах нь мэдээж чухал, гэхдээ монгол хүн бүхний уух ундны усны судалгааг үндэсний хэмжээнд хийх нь юунаас ч чухал юм байна гэдэг нь судалгаааны явцад илүү тодорхой болсон. Тэгээд л Монгол орны бүх суурин газрын ундны уснаас дээж авсан. Энэ бүхний үндсэн дээр “Монгол орны ундны усанд агуулагдах ураны тархалтын зураглал”-ыг анх удаа гаргалаа. Улсын хэмжээнд ураны дундаж агууламж 14 мкг/л байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, нийт сорьцын 15 хувь нь Монгол Улсын ундны усны стандартаас хэтэрсэн байгаа онцлон анхаарах цаг болсон гэж үзэж байна. Докторын ажлыг маань удирдсан хоёр багшаасаа маш их зүйл сурлаа. Эрдэмд оройгүй гэдэг дахиад ч сурах зүйл зөндөө байна. Ундны усны асуудал гэдэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал мөн. Монгол хүн эрүүл байх, Монгол Улс гүрэн өнөд оршин тогтнохын үндэс суурь устай холбоотой. Яагаад эрт дээр үеэсээ усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирснийг бид бүхэн бодох ёстой. Монгол хүн бүр өнөөдөр ямар ус ууж байгаа, түүнийгээ мэдэж байна гэдэг хамгийн чухал. Ер нь цаашид сум бүр усны станцтай болох хэрэгтэй. Энэ хугацаанд Монгол Улсад анх удаа үндэсний хэмжээний газрын доорх ундны усны тархалтын зураглалыг гаргасан. Нийслэл Улаанбаатар хотынхыг мөн гаргасан. Улсын хэмжээнд хоёр сая масштабтай ураны зураглал гаргасан. Энэ бол Монголын шинжлэх ухаанд оруулсан маш том хөрөнгө оруулалт. Үүнийг дагаад олон зүйл гарна. Хаана ямар эрдсүүд байна, эрдсийн ямар хуримтлалууд байна гэдэг нь тодорхой харагдана. Монгол орон маань дэлхийд ураны нөөцөөр өндөрт ордог. Одоо тогтоосон нөөцөөрөө арваннэгдүгээрт бичигдэж байгаа, харин прогноз нөөц 1.5 сая тонн гэж үзвэл бараг эхний нэг, хоёрт орно байх. Цаашид монголчууд уран экспортлох, олборлох шаардлагатай бол ундны усны энэ судалгаа маш чухал суурь болох юм. Нэмж тэмдэглэхэд ураны урьд өмнө тогтоогдож байгаагүй орд газрын байршлыг усан дахь ураны агууламжаар таамагласан.


-Хөдөө орон нутгийн ялангуяа аймгуудын ундны усны судалгааг та бүхнээс сонирхмоор байна. Мөн нэг хэсэг ураны асуудал нийгэмд шуугиан болж байсан. Зарим нэг аймгийн иргэд уранаас болж мал үхлээ гээд л мэдэгдэж байсан?

-Профессор Х.Цоохүү: Аймгуудын хувьд усан дахь ураны агууламж ихтэй газар гэвэл Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Дундговь байна. Төв аймгийн зарим сумдад бас байна. Энэ бол яалт ч үгүй анхаарал татах зүйл. Дорноговьд Аж үйлдвэрийн парк, нефтийн үйлдвэр байгуулна гэж байгаа. Ирээдүйд энэ газруудад хүн ам олноор суурьших үйлдвэрлэл, стратегийн чухал муж болох нь тодорхой байна. Гэтэл дээрх газруудын усанд уран их байна. Ундны усыг нь цэвэршүүлэх асуудал зайлшгүй гарч ирнэ. Шуудхан хэлэхэд, эдгээр газрын ундны усны ураны хэмжээг гурав дахин багасгах шаардлагатай байгаа. Тиймээс хот байгуулалт зэргийг нь төлөвлөхдөө 10 жилийн дараа ундны усны асуудалд нэмэлт хөрөнгө шаардагдахыг бодолцож эдийн засгийн үндэслэлийг нь төр засаг гаргаж өгөх хэрэгтэй. Үндсэндээ Монголын төр аж үйлдвэрийн парк байгуулах гээд байгаа, нефтийн үйлдвэр барих гээд байгаа газруудыг анхааралдаа авч одооноос бэлдэх хэрэгтэй. Дээрээс нь Дундговь аймаг байна. Бараг бүх сумдын ундны усанд нь ураны агууламж Монгол Улсын дунджаас илүү гардаг. Хуучин ус муутай аймгууд гээд яригддаг байсан. Энэ бүх зүйл одоо шинжлэх ухаанаар батлагдаж байна.Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Дорнод гээд уран агуулсан говийн их мужтай холбогддог аймгуудын ундны ус урантай нь батлагдаад байна. Оросуудын гаргасан ураны тархалтын зурагтай бидний судалгаа нийцэж байгааг онцолмоор байна. Усандаа уран багатай аймгууд гэвэл бас байна, тухайлбал, Баян-Өлгий, Өмнөговь, Хөвсгөл, Орхон зэрэг аймгуудыг хэлж болох юм.

-Профессор О.Болормаа: Цоохүү багш сая хэллээ. Монголын нийт нутаг дэвсгэрийг аваад үзэхээр урантай байгаа, ашигт малтмал ихтэй байгаа, уран хөрсөн дор нь байгаа газруудад яалт ч үгүй усанд нь уран их байгаа нь тогтоогдсон. Бид урантай ус ууж байна гэж шуугиан болгохоос илүү урантай ус хаана байгаа вэ гэдгийг тогтоож аваад дараагийн алхмуудыг хийх нь чухал. Уран ихтэй усыг ямар аргаар цэвэршүүлэх вэ гэдгийг судлах хэрэгтэй. Ер нь бидний судалгааны ажил ашигт малтмалын салбарт ч, эрүүл мэнд, боловсрол, геологи, газар зүй гээд олон шинжлэх ухаанд дараа дараагийн судалгааг эхлүүлэх суурь болж өгнө. Улсын хэмжээнд ундны усны ураны зураглал хийлээ, хүн амын нягтаршилтай газруудынх нь судалгааг хийлээ,физикийн үзүүлэлтүүдийг нь мөн уран дагалдсан элементүүдийн хамтаар тогтоолоо. Хэрэв ундны усны чанар муу байвал усыг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ судалгааг үргэлжлүүлэн олон доктор, магистрийн судалгааны ажлуудын нөөц байгаа гэж харж байна. Шинжлэх ухааны эргэлтэд орох бүтээл гэдэг нь ийм учиртай. Янз бүрийн салбарын хүмүүс өөр өөрсдийн судалгаагаар бидний ажлыг цааш үргэлжлүүлэх ёстой. Энд бас нэмээд хэлэхэд, уранаас хамааруулаад усны орчин болоод дагалдах элементүүд ямар холбоотой байна, физик химийн ямар үзүүлэлтүүдтэй холбоотой байна вэ гэдгийг гаргаж ирэх гэж тооцоо хийсэн. Уг аргачлал дэлхий дээр тогтсон байдаг хэдий ч өөрийн орны ундны усанд хийсэн нь шинэлэг ажил гэж үзэж болно. Хүнд элемент болон ураныг лабораторийн нөхцөлд тодорхойлдог. Түүнээс гадна эрдэсжилт, усны хатуулаг, макро, микро элементүүд, шим тэжээлт элементүүд гээд нийт 30 гаруй үзүүлэлтээр усны чанарыг үнэлж байна. Ингээд усанд ямар ион нь илүү зонхилоод байна, юу нь урантай холбоотой байна гэдгийг судлан усан дахь ураны эрдсийн талаар судалгаа хийсэн шинэлэг ажил болсон гэж үзэж байна.

-Доктор Н.Тэгшбаяр: Би бол физикч хүн. Намайг цөмийн энергийн агентлагийг удирдаж байхад урантай холбоотой асуудлууд гарсан. Гэхдээ дандаа мэргэжлийн бус хүмүүс сөрөг юм ярьдаг байсан. Юунаас болоод тугал хорогдсоныг олон салбарын шинжээч эрдэмтэд судалж үзээд уранаас хордоогүй болохыг тогтоож байсан. Цаашид ч энэ бүхэнд бид шинжлэх ухаанчаар хариу өгч байх шаардлагатай. Геологийн төв лабораторийг удирдаж байхдаа ундны усан дахь ураны асуудлыг үндэсний хэмжээнд, орон даяар судлах зорилго тавиад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх цөмийн болон цацрагийн хяналтын газартай, мөн усны химийн шинжилгээг МУИС-ийн орчны шинжилгээний лабораторитой хамтарч физикч, химичид хийсэн. Энэ бүх эрдэм шинжилгээний хамтын ажлынхаа үр дүнг үзэж, ард нь гарсандаа сэтгэл хангалуун байна. Бид ямар ч байсан ундны усан дахь ураныхаа асуудлаар дэлхийн хэмжээний эрдэмтдийн өмнө хэлэх үгтэй болсон. Үзүүлж харуулах шинжлэх ухааны судалгаатай боллоо.Энэхүү бүтээлийг ариутган шүүж үнэтэй зөвлөгөө өгч тусалсан доктор, профессор Н.Норов, доктор Н.Амгалан, доктор Ч.Жавзан нарт гүн талархал илэрхийлье. Монголын нэртэй эрдэмтэд зөвшөөрөхөөс гадна бид ОХУ, Герман, Япон, Турк гээд дэлхийн олон оронд очиж судалгааны ажлаа танилцуулсан. Түүнчлэн бидний бүтээл олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Энэ нь бидний судалгаа мэргэжлийн түвшинд хянагдан дэлхийн түвшинд зөвшөөрөгдөж байна гэсэн үг юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гадаадын иргэдэд давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44495, мөрдөн байцаалтын 249...

img

2 цагийн дараа

“Эмээлт”-д хонь 150.000-300.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Эмээлт захад зарагдаж буй амьд малын үнэ ханшийг 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар танилцуулж байна. Хонь: 150.000-300.0...

img

2 цагийн дараа

Шатар сонирхогчдын Нийслэлийн аваргууд тодорлоо DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2024 он...

img

1 цагийн дараа

Мөсний зузаан харилцан адилгүй байна DNN.mn

Ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага, мөсн...

img

1 цагийн дараа

Манай жүдочид “Россия тур супер финал” тэмцээнээс долоон медаль хүртжээ DNN.mn

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-н нийслэл Москва хотод зохиогдсон “Россия тур москва супер...

img

37 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд