Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

А.Амарсайхан: Марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 23

img

129

news-img

“Тусгай салаа”, “Хэцүү анги” зэрэг Монголын ард түмний сэтгэлд хоногшсон уран сайхны кинонуудын зохиолыг бичсэн гэдгээр Алтангэрэлийн Амарсайхан хэмээх зохиолчийг уншигч, үзэгчид мэддэг. Хошин шог зохиолын энэ цагийн төлөөлөл болж яваа хүнийх нь хувьд, МЗЭ-ийн Хошин шог зохиолын үндэсний төвийн тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнийх нь хувьд энэ эрхэмтэй сүүлийн үед манайд элбэгшээд буй марзганал, маазрал хэмээх зүйлийн талаар хөөрөлдлөө.


-Хошин шог урлаг, хоосон маазрал хоёр тэнгэр газар шиг ялгаатай гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Маазрал, марзганал гэдэг зүйл бол хошин шог урлагаас хол, утга агуулга, уялдаа холбоо муутай, хоосон хонгио зүйл. Шургаж унах ч юмуу, толгой дундуураа сүрлэн бороохойгоор цохиулах ч юмуу, эрэгтэй хүн эмэгтэй болох ч юмуу, нүүр нүдээ элдэв янз болгох ч юмуу, хүн инээлгэх гээд арга ядахыг маазрал, марзганал гэдэг. Марзганал ихдээд, марзганагч улстөрч, сэтгүүлч, жүжигчдийг бүгдээрээ шүтээд, дээдлээд эхэлнэ гэдэг бол яах аргагүй нийгмийн сэтгэлгээ доройтож буйн дохио. Төрийн өндөр дээд шагналыг авч буй жүжигчдийн дийлэнх хэн болоод буйг та бэлээхэн харж байгаа.

Урлагийн мэргэжлийн хүмүүс хэрнээ зөвхөн инээд хөөцөлдөөд, урлаг биш, маазрал марзганал тавиад, түүгээрээ мөнгө, нэр хүнд олоод явна гэдэг бол ард түмнийг улам л тэнэгрүүлээд, мөхөл сүйрэл рүү нь хөтлөөд л байгаа гэсэн үг. Нэг сайхан улстөрч гарч ирээд ухаантай, ул суурьтай шүүмжлэл яриад, асуудлын оновчтой шийдлийг хайхаар, нөгөө талаас нь өрсөлдөгчид хорлогчид өндөлзөөд, маазрагч жүжигчдийг хөлслөөд хүчирхэг сайн санааг нь хоосон марзганал б олгон хувиргаад, саармагжуулчихдаг башир арга элбэгшлээ.

Хоосон маазрал, марзганалыг шүтээд л байна гэдэг бол бид уруудаад, мөхөл рүүгээ унаад л байгаа хэрэг юм. Тэгэхээр марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио.

-Маазрал хэрээс хэтэрлээ шүү дээ. Биднийг хөндлөнгийн эрүүл сэтгэлгээтэй хүн харвал гаж хүмүүс шиг болчихов уу даа гэж харж байна. Бид яагаад ийм болчихов оо. Үүнд юу нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Утга учиргүй марзганал, ухаалаг инээд хоёрын хооронд алд дэлэм зай, агуулгын том ялгаа бий.Эхнийх нь хүний сэтгэлгээг улам доройтуулж адгууслаг шинжийг нь тодосгодог бол нөгөөх нь оюун ухааныг нь саруул болгож тархи зүрхийг нь эерэг энергиэр цэнэглэж өгдөг” гэж хэлсэн. Эндээс л бүх зүйл харагдчихна. Юу хийгээд ч хамаагүй хүн инээлгээд, маазарч марзганаад, мөнгө олоод, нэр хүндээ өсгөөд явна гэдэг бол тэр хүнээс адгууслаг чанар л цухалзаад байгаа хэрэг. Адгуус адгуусныхаа үйлийг хийгээд буй нь. Сайн жүжигчин, сэтгүүлч, улстөрч байхын тулд эхлээд хүн болох ёстой гэдэг. Гэтэл хүн болж чадаагүй хүмүүсийг төрийн сэнтийд залаад, үзэг микрофон бариулаад тайзанд тоглуулаад байгаа гэсэн үг. Ингээд ярихаар бүр цэцэрлэг, бага ангийн сургалтаас энэ бүхнээ засаж эхлэх ёстой болчихно. Тэгэхээр хүнийг хүн болгож байж, бүх хүний толгойд юм хийсэн цагт л маазрал устах болчихоод байгаа биз. Гэхдээ Монголын ард түмэн ухаантай. Маазрал, урлаг хоёрыг ялгах ухаан суугаад л байгаа. Сумын уран сайханчийн түвшний марзганалтай шог гарааг одоо үзэхээ больсон учраас, хамтлаг продакшнууд жүжиг тавих хандлагатай болчихлоо. Тэгэхээр утга учиргүй маазралд удахгүй төгсгөл ирнэ. Маазраад буй жүжигчин, улстөрч, нийгмийн зүтгэлтэнг дээш гаргахаа больцгооно гэж би итгэдэг.

-Бүр цаашлаад, зарим нэг нь маазралыг аливаа бохир зүйлээс цэвэрхэн мултрах арга хэрэгслээ болгочих санаа агуулаад байх шиг. “Этик” продакшны жүжигчин бусдыг зодсоныг зүгээр л маазрал байсан гэж тайлбарласан явдал ч гарлаа.

-Яг хэрэг дээрээ үүнийг маазрал байсан уу, бусдын биед халдсан гэмт үйлдэл байсан уу гэдгийг сэтгүүлч, зохиолч та бид хоёр биш, хуулийн байгууллага шалгаж тогтоох нь үнэн бодитой хариу гаргах байх. Гэхдээ олны танил хүмүүсийн энэ мэт үйлдлийг харахаар өнөөх л адгууслаг, хүний үнэргүй, жудаггүй араншингийн л илрэл харагдаад эхэлдэг. Улайм цайм бүсгүй хүнийг зодсоноо, удалгүй түүнийгээ клипний жүжиглэлттэй зураг авалт байсан юм аа гээд л худлаа хэлээд, маазрал болгоод өнгөрөөчих жишээтэй ч юм уу. Хэдэн их наядын нүүрс хулгай хийсэн гээд яриад л байсан, хэлэлцүүлэг яваад л байсан, эцэст нь юу болов оо. Хулгайч нар нь шоронд суухын оронд Их хурлын зөөлөн сэнтийд заларч маазарлаа. Энэ нь цагдаа, шүүх, прокурор, Их хурал хаа сайгүй утга учиргүй жүжиг тавигдаад байгаагийн тодорхой жишээ юм уу. Тэгтэл тэмцээд босоод ирэх ёстой ард түмэн фэйсбүүк дээрээ “Нүүрсчид” гэсэн маазарсан элдэв зураг оруулаад инээлдээд л сууж байна. Энэ инээдэм биш, эмгэнэл шүү дээ. Санаатай явуулгаар ингэж маазруулаад байгаа ч байж мэдэх шүү дээ.

-Жинхэнэ хошин урлаг гэхээр юу вэ. Түрүүн дурдсан ухаалаг инээд гэдэгт юуг ойлгох вэ?

-Манай “Тоншуул”-ынхны бүгдийн багш, төрийн шагналт Цэндийн Доржготовын бичсэн, олон улсын наадмаас мөнгөн медаль авчирч байсан “Мөнхийн ус” гэдэг өгүүллэгийг та уншаарай. Мөнхийн ус олж авсан хүмүүний түмэн янзын араншин, өчүүхэн шунал, ялихгүй заль, аминч зан гээд бүх зүйл хэдхэн хормын дотор л уудлагддаг. Энэ зохиолыг уншаад хүн тачигнатал инээхгүй. Сэтгэл зүрхэн дотроо л инээгээд байна. Номоо тавьмагцаа эргэж бодоод л, дотроо хэн нэгнээ төсөөлж, тэр яг ингэнэ шүү гээд л инээнэ. Хэдэн цагийн дараа буцаж санаад манай дарга яг л тэгэх хүн шүү гэхээс дотроо түсхийнэ. Орой унтахын өмнө өнөөх номоо бариад авчихсан, эргэж уншаад дахиад өөр ёгт санаа олчихсон, хэн нэгнийг төсөөлөөд, магадгүй би ч бас ингэж мэднэ дээ гэхээс инээгээд л суудаг. Ийм их зүйлийг өгч чадахыг л хошин шог урлаг гээд байгаа юм.

Түүнээс биш манай зарим хамтлаг “Мөнхийн ус” гэдэг жүжиг тавибал яах бол. Нэг салбагар хөгшин мөнхийн усаа барьж явснаа тээглэж унаж асгаад енгэнэтэл уйлаад л, нэг хачин дойдон доголон амьтан далжийж очсоноо ууж гэнэт эгцрээд л, хачин маазарсан юм хийж ч мэдэх. Дээрх хоёрын алинд нь ухаан байна вэ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “утга учиргүй марзганал, ухаалаг инээд хоёрын хооронд алд дэлэм зай, агуулгын том ялгаа бий. Эхнийх нь хүний сэтгэлгээг улам доройтуулж адгууслаг шинжийг нь тодосгодог бол нөгөөх нь оюун ухааныг нь саруул болгож тархи зүрхийг нь эерэг энергиэр цэнэглэж өгдөг” гэж хэлсэн. Эндээс л бүх зүйл харагдчихна. Юу хийгээд ч хамаагүй хүн инээлгээд, маазарч марзганаад, мөнгө олоод, нэр хүндээ өсгөөд явна гэдэг бол тэр хүнээс адгууслаг чанар л цухалзаад байгаа хэрэг. Адгуус адгуусныхаа үйлийг хийгээд буй нь.

-Монголчууд бид өөрсдийгөө хошин шогийн мэдрэмжтэй ард түмэн гэдэг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Та сэтгүүлч хүн, хаашаа ч явлаа гэсэн, замдаа хөгжилтэй тохиолдлоо ярьж инээлдсэн хүмүүстэй тааралддаг биз дээ. Сум, баг, гол, худаг болгонд бусдыгаа явуулдаг, хоржоонч наргианч хүмүүс тааралддаг. Тэд зүгээр л хоосон маазардаггүй. Нэгнийхээ төрх араншин зэргийг мэдрээд, маш ухаалаг шог зохиочихсон л ярьж байдаг. Төв аймгийн Өнжүүлийн хоч өгдгөөрөө алдартай нэгэн хөгшнийг айлын аманцар авгай гэнэтийн асуултаар гартуулж давах гээд, яг мориндоо мордож байхад нь гүйж очиж хадаг бариад, “До гуай надад нэр хайрлаач?” гэж. Өвгөн нэг зогтуссанаа “Цагаан бухын ягаан засаа л гэе дээ. Ах нь дараа засч өгнө өө” гэчихээд явсан гэдэг юм. До гуайг гартуулах гэсэн тэр авгай нээрээ л ягаан засаа шиг улцан нэгэн байсан гэж Бавуугийн Лхагвасүрэн гуай “Тоншуул”-д хуучилж билээ. Ийм хүмүүс Монголоор дүүрэн бий. Ерөнхийлөгч аснаа л саная. Английн хатан хаантай балет үзэж байтал, бие хамгаалагч нь унтчихаж. Бусад хүн бол эвгүй байдалд ороод, бантаад яах бол. Обо гуай тэгтэл “Наадхаа битгий сэрээ.

Танай бүжигчид хүртэл наад хүүхдийг чинь сэрээхгүй гээд өлмий дээрээ бүжиж байна шүү дээ” гэж хэлсэн байдаг юм. Хатан хаанд манай Ерөнхийлөгчийн хошин шогийн мэдрэмж их таалагдаж, маш өндөр сэтгэгдэлтэй үүдэндээ гарч ирээд, хэд дахин гарыг нь атган үдсэн гэж ярьдаг. Жирийн малчнаасаа эхлээд, ерөнхийлөгчөө хүртэл хошин ёж ард түмэн шүү дээ, бид.

-Зохиолч хүнтэй уулзсаных та сүүлийн үед ямар уран бүтээлтэй байна вэ. Шог зохиолоо бичиж байна уу?

-Би сүүлийн үед хайр сэтгэл, бодрол уянгын өнгө аястай өгүүллэг зохиол руу урвачихаад байна. Гэхдээ л өгүүллэгт минь заавал хошин, ёж өнгө аяс орж ирчихээд байдаг. “Аранзал зөн” гээд роман таван жил сууж байж бичээд энэ жил хэвлүүллээ. Уншигчид, зохиолчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авлаа. Сталин хориод оноос өөрийн ивээл дор Нейро энергетикийн төв гэж нууц лаборатори байгуулаад, олон нийтийн сэтгэл зүйд зайнаас нөлөөлөх, дайсны удирдагчдын шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэх мэтийн окультист туршилтууд явуулж, түүндээ зөн билгийн далд чадвартай зарим монгол лам нарыг ч аваачиж туршилтад оруулсан гэсэн яриа байдаг. Үүн дээр түшиглэж хийсэн бүтээл. Сэнтийдээ залагдаагүй хутагтын хойд дүр, 17 настай залууг хэлмэгдүүлэн авч яваад, хөлдөөх замаар транс төлөвт оруулах зэргээр хүмүүнлэг бус туршилтад оруулж буй гэх мэт үйл явдлууд өрнөдөг. Яваандаа “Альфа 11” томьёолсон нэртэй монгол хүүг Оросын томчуул шүтдэг болж, мутрын адистай сахарыг нь хүртэх гэж ямар ч том хаалт саадыг даван нууц лаборатори луу нэвтэрдэг болж, хүүгийн нэр дээдсийн хүрээлэлд агуу сод хүү хэмээн түгэж байгаа тухай энэ бүтээлд минь гардаг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 19:00 цагт 1614 МВт хүрчээ DNN.mn

Эрчим хүчний системийн 2024.12.22-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1614 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 18 МВт-аар, импорт 14 МВт-а...

img

8 цагийн дараа

“Шар гэгээ” уран сайхны кино Олон улсын наадмаас тав дахь шагналаа хүртлээ DNN.mn

Өнгөрсөн жилийн аравдугаар сард үзэгчдийн хүртээл болж, албан ёсоор нээлтээ хийсэн “Шар гэгээ” уран сайхны кино олон улс...

img

7 цагийн дараа

Иргэдийн санхүүгийн чадамж, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг даван туулах чадварыг анх удаагаа үнэллээ DNN.mn

Монгол Улсын иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг хэмжих, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх түүвэр судалгааг Санхүүгийн зохицу...

img

7 цагийн дараа

П.Сайнзориг: Хуулийн төслөө эргүүлэн татаж авч байна DNN.mn

Өнөөдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, а...

img

6 цагийн дараа

Скай ресорт цанын бааз руу өнөөдөр нийтийн тээвэр явахгүй DNN.mn

Сурагчдын улирлын амралт эхэлж буйтай холбогдуулан Тэрэлж болон Скай ресорт цанын бааз руу өнгөрсөн амралтын өдрөөс нийтийн тээвэр я...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

Одоогийн залуусын ихэнх нь хоосон марзаганал, шоунд нугасгүй болж дээ….яана даа….

Онцлох нийтлэлүүд