мэдээ
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Бид иргэдийнхээ цалин хөлсийг 100 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн түүхэн шийдвэртэйгээр туулай жилээ угтаж байна DNN.mn
ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2023 оны 2 сарын 17
1
Улсын хэмжээнд шинээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалат, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ганц аймаг нь Өмнөговь. Нөгөөтэйгүүр тус аймаг нь жил бүр улсын төсөвт хөрөнгө бүрдүүлэн өгдөгөөрөө онцлогтой. Энэ жилийн хувьд Өмнөговь аймаг улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөгийг бүрдүүлэн өгчээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой ярилцсанаа хүргэе.
-Аймгийн төсөв бүрдэлтийг хэн хүнгүй мэдэх байх аа. Жил ирэх тусам өсч, тэр хэрээрээ улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймаг. Тэр утгаараа яриагаа Өмнөговь аймгийн энэ оны төсвийн талаас нь эхэлье ээ…?
-Юуны өмнө төсөв батлах хуультай. Уг хуулийнхаа хүрээнд энэ оны төсөв батлагдсан. Өөрөөр хэлбэл манай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд хуралдаж, энэ оны төсөв, хийж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хэлэлцэн баталсан гэсэн үг. Тэгэхээр энэ оны төсөв өмнөх жилүүдийнхээс нэлээд өндөр буюу 650 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан. Шинэ хуулийн зохицуулалтаар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүн амын орлогын татвар 100 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 40 хувь нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй засаг захиргааны нэгжийн төсөвт ордог болсонтой холбогдуулан аймгийн төсөв өндөр дүнтэй харагдаж байгаа байх. Өмнөговь аймаг өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлэхээс гадна улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв бүрдүүлэх үүрэг хүлээдэг. 2023 оны хувьд манай аймаг улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвөө баталсан. Сая болж өнгөрсөн ИТХ-аас гарсан нэг онцлох шийдвэр нь орон нутгийн төсвөөрөө төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх тухай байлаа.
Энэ бол түүхэн шийдвэр гэж харж байгаа. Энэ шийдвэрийн хүрээнд орон нутгийн төсвөөр цалинждаг төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг шатлалаар нь 100 хүртэл хувь, “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдад сар бүр олгодог 30 мянган төгрөгийн урамшууллыг долоо дахин буюу 210 мянган төгрөг болголоо. Мөн улсын төсвийн байгууллагын албан хаагчдад “Нутгийн дэм” хөтөлбөрөөс олгодог урамшууллыг 400 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүллээ.
-Тухайлбал, танай аймгийн нэг залуу багшийн цалин хоёр сая төгрөгөөс дээш болсон гэж ойлгох уу?
-Тэгж ойлгож болно. Энэ бол Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, хот хөдөөгийн сэргэлт буюу төвлөрөлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөө орон нутагт иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, төрийн албанд залуус тогтвор суурьшилтай ажиллах, хотоос хөдөөд шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж төвлөрөлийг сааруулах бодлогыг дэмжсэн чухал шийдвэр.
-Өмнөговь аймаг улсын төсөв бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр хэмжээгээрээ бас эрсдэл үүрдэг байх. Нөгөөтэйгүүр хилийн нөхцөл байдал, экспортын талаар та ямар бодолтой байна вэ?
-Улс, орон нутгийн төсөв хэлэлцэхээс өмнө уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, бууралт, хил боомтын нөхцөл байдал, өмнөх жилүүдийн байдал, ирэх жилийн төлөв байдал гээд олон талын судалгаа тооцоолол гаргаж байж төсвийн орлогыг төлөвлөж, эрсдэлүүдээ тооцоолдог. Хуулиараа аж ахуйн нэгжийн татварын 40 хувь орон нутгийн төсөвт ордог. Гэхдээ аймгийн төсвийн ихэнхийг орон нутгийн өмчит Тавантолгой хувьцаат компанийн 51 хувийн ногдол ашгаар бүрдүүлдэг хэвээрээ. Тэр утгаараа эрсдэл бий. Өмнөговь аймгийн төсөв гэлтгүй Монгол Улсын төсөв уул уурхайн экспортоос хамааралтай шүү дээ. Төсөөлж байгаагаар уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ЗГ-ын гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах шинэ зохицуулалт, гол худалдан авагч Хятадын нүүрсний хэрэгцээ, худалдан авах төлөвлөлт гээд олон хүчин зүйлээс харахад уул уурхайн бүтээгдэхүүний экспорт одоогоос дээрдэнэ гэдэг эерэг төсөөлөлтэй байгаа. Гэхдээ урд хөрш цар тахлын дэглэмээ сулруулж, хилээ нээх шийдвэр гаргаж байгаа зэрэг эерэгээр нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа учир орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд хүндрэлтэй биш байх гэж тооцоолж байгаа.
-Та түрүү нь хэллээ. 2023 оны аймгийн төсвөөр төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чухал шийдвэр гаргасан тухай. Тэр утгаараа иргэдэд үр өгөөжтэй ямар ажлууд хийхээр төлөвлөж төсөвтөө тусгав?
-Орон нутгийн хөгжлийн нэг чухал асуудал нь дэд бүтцийн хөгжил. Бидний хувьд аймгийн төв, сумын төвийн дэд бүтцийн хөгжил, тэр дундаа иргэдийн амьдрах орчныг сайжруулахад онцгой анхаарч, энэ чиглэлийн ажилд орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг зарцуулж байна. Өмнөговь аймаг 2008 оноос иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, энэ хүрээндээ аймгийн төв болон сумдад төрийн албан хаагчид, багш эмч нар, орлогод багатай иргэдэд зориулсан түрээсийн орон сууц барих, мөн орон сууцны үнийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөн гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлуудыг үе шаттайгаар хийж ирсэн. “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд энэ бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа төдийгүй “Хашаандаа сайхан амьдаръя” гээд гэр хорооллын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ. Заавал нийтийн орон сууц гэлгүйгээр иргэдийг өөрийн эзэмшлийн газар, хашаандаа нийтийн орон сууцнаас дутахааргүй ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхээр айл өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд хөнгөлөлттэй үнээр холбох, дулаан алдагдалгүй пассив хаус, гэрийн дулаалга, орчин үеийн халаалтын шийдлийг орон нутагт нэвтрүүлэхэд онцгой анхаарч, тодорхой ажлууд хийж хэрэгжүүлж байна. Аймгийн төв, сумын төвийн бүх айл өрхийг нийтийн орон сууцтай болгож, гэр хороололгүй болгоно гэдэг биелшгүй зүйл амлах бус гэр хорооллоо хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Хамгийн чухал нь гэр хорооллын гудамж бүрд цэвэр, бохирын шугамыг хүргэх. Өнгөрсөн жил гэхэд орон нутгийн төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын гэр хорооллын 132 айлыг 60 хувийн хөнгөлөлттэй үнээр холбосон. Ихэнх сумдад энэ чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн.
-Үнэхээр гэр хороололгүй болгоно гэхээс илүү таны яриад байгаа гэр хорооллын хөгжлийг анхаарах ажлаас нийслэл хот ч санаа авмаар санагдаж байна шүү…?
-Иргэд нь өөрийн эзэмшлийн хашаандаа дулаан алдагдалгүй, цэвэр, бохирын системд холбогдсон амины орон сууцтай, хашаандаа мод тарих, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой, гэр хорооллын гудамж нь хатуу хучилттай замтай, гэрэлтүүлэгтэй, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвтэй болчихвол энэ чинь гэр хорооллын хөгжил шүү дээ. Нөгөөтэйгүүр төв суурин газрын хамгийн чухал асуудал нь иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилт юм. Өнгөрсөн жил Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс зэрэг томоохон сумын төвд хатуу хучилттай зам шинээр барьж, Даланзадгад сумын төвийн төв замыг иж бүрэн засварласан. Дэд бүтцийн бүтээн байгуулалт өртөг өндөртэй тул гурав, дөрвөн жилд бүгдийг шийдчих боломжгүй учир зөв төлөвлөөд үе шаттайгаар хэрэгжүүлэх нь л чухал.
-Зам гэснээс Даланзадгадаас Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай аймаг нийслэлээс 600 гаруй км зайтай, өргөн уудам нутагтай, сум, суурин газруудын хооронд зай их хол, зам харгуй нь бартаа ихтэй. 2013 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд өмнөговьчууд бид хоёрхон жилийн дотор нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Мөн Д.Бат-Эрдэнэ гишүүний санаачлан 2016 онд эхлүүлсэн Цогтцэций сумыг нийслэл, аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох бүтээн байгуулалт 2020 он хүртэл буюу дөрвөн жил гацсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн 2020 оноос энэхүү замын бүтээн байгуулалтын ажлыг УИХ, ЗГ-ын түвшинд хөөцөлдөж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж ажилласны хүчинд 59.6 км авто зам 2021 онд бүрэн ашиглалтанд орсон. Энэ зам манай улсын хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн стратегийн зам төдийгүй манай аймгийн зүүн бүсийн хамгийн гол замын нэг. Дараагийн асуудал нь баруун чиглэлийн зам. Орон нутагт АН засаглаж байх үед буюу 2012 оноос Даланзадгад-Гурвантэс сумыг хатуу хучилттай замаар холбох санаачлага гаргаж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2013 онд энэ чиглэлийн замыг эхлүүлж байсан. 2020 оноос бид “Нутгийн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд 44 км хатуу хучилттай замыг барьж ашиглалтанд орууллаа. Энэ бүтээн байгуулалт 2022 оны Монгол Улсын онцлох бүтээн байгуулалтаар шалгарсан. Өнөөдрийн байдлаар Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн нийт 302 км автозамын 144 километрийг нь Өмнөговь аймаг өөрийнхөө хөрөнгөөр хатуу хучилттай больчихоод байна гэсэн үг. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, танхимын сайд нартай Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Даланзадгад-Гурвантэс чиглэлийн үлдсэн 160 км замын 80 км замын төсвийг 2023 оны улсын төсөвт тусгахаар амласан. Гэвч 2023 оны улсын төсөвт шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй, дутуу байгаа бүтээн байгуулалтыг дуусгах бодлого баримталж тусгагдсангүй гэж ойлгож байгаа. Харин бид 2023 онд орон нутгийн төсвөөр Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай замыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхээр төсөвтөө тусгасан. Баруун чиглэлд хатуу хучилттай замтай болсноор аялал жуулчлал илүү хөгжих, ард иргэдийн амьдрал ахуй, орлого ашиг өсөн нэмэгдэх үр өгөөжтэй нутгийн зам юм.
-Төсөв хөрөнгө, бүтээн байгуулалтын ажлыг дахиад ярина. Тэрний өмнө Өмнөговь аймгийн хувьд тулгамдсан асуудал юу байна. Хүн амын өвчлөл, ялангуяа хорт хавдрын өвчлөл өндөр байх шиг харагдсан. Энэ чиглэлд та хэрхэн анхаарч байна вэ?
-Манай аймгийн хувьд суурин хүн амаас гадна хөдөлгөөнт хүн ам ихтэй. Тиймээс эрүүл мэндийн салбарын ачаалал өндөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид тодорхой хүндрэл бэрхшээл үүсдэг нь үнэн. Товчхондоо Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төв, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдын эрүүл мэндийн байгууллагууд өөрийн аймгийн иргэдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн харьяалалтай иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа гэж хэлж болно. Бүртгэлтэй 70 гаруй мянган хүн амаас гадна энэ тооны хөдөлгөөнт хүн амтай гээд тооцохоор Өмнөговь аймаг 160 гаруй мянган хүн амтай гэсэн үг. Эрүүл мэндийн асуудлаас гадна нийгмийн болон төрийн үйлчилгээний хүртээмж, гэмт хэрэг зөрчил гээд асуудал яривал их ч гэлээ хүний өөрийн гэлгүй хүн бүрд төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна. Өмнөговь аймаг сүүлийн 10 гаруй жилд орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн салбарт зарцуулж ирсэн. Одоо ч мөн адил. Олон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжтэй, төсвөө өөрөө бүрдүүлдэг, нэг үгээр хэлбэл боломжтой гэдэг байдлаар улсын төсвөөс эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт бага хийгддэг нь үнэн. Харин сүүлийн хоёр жилд Д.Бат-Эрдэнэ гишүүний санаачлагаар алслагдсан сумд туулах чадвартай, бүрэн тоноглогдсон рентген аппарат бүхий автомашинтай боллоо. Хамгийн сүүлд гэхэд хэдхэн хоногийн өмнө Гурвантэс, Цогтцэций, Ханбогд, Ноён сумдын Эрүүл мэндийн төв, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв гээд таван эмнэлэгт туулах чадвартай, эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглогдсон авто машин хүлээлгэж өглөө.
-Өмнөговь аймагт уул уурхай түлхүү хөгжсөн, нэг ёсондоо уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай аймаг. Өмнөговь аймгийн Засаг даргын хувьд аймгийнхаа хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Өмнөговь аймгийн хөгжлийг зөвхөн уул уурхайгаар төсөөлөх, төлөвлөж учир дутагдалтай. Магадгүй сүүлийн арав гаруй жилийн уул уурхайн салбарын хөгжлөөсөө харахад тэгж ойлгож болно. Өнгөрсөн 10 гаруй жил, яг одоо уул уурхайгаас хамааралтай байж болно. Харин бид цаашдаа ухаад дуусдаг баялгаар хөгжлөө төлөвлөх үү гэдэг асуулт бий. Өмнөговь аймаг уул уурхайн ч бүс, мөн аялал жуулчлалын ч бүс нутаг. Энд Монгол Улсын уул уурхайн стратегийн орд газрууд үйл ажиллагаа явуулж байна. Монголд ирж буй гадаадын жуулчдын 80 гаруй хувь нь Өмнөговь аймгийг зорин ирдэг. Тэгэхээр бид хүн амын төлөвлөрөл, уул уурхайн ханган нийлүүлэлтийг түшиглэсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн жижиг дунд үйлдвэрийг бий болгох, аялал жуучлалын салбарыг бодлогоор дэмжих, аялал жуулчлалын салбарт орон нутгийн боловсон хүчнийг бэлтгэх, нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч байгаа. Нөгөө нэг чухал салбар нь хөдөө аж ахуйн салбар. Говийн бэлчээрийн ургамал хамгийн шим тэжээлтэй байдаг учир говийн мах амт чанар сайтай байдгийг хүн бүр мэдэх байх. Тиймээс бэлчээрийнхээ даацыг тодорхойлж, малаа тооноос чанарт шилжүүлэх, мал аж ахуйгаа зөв хөгжүүлж, мал, малын махыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, уламжлалт мал аж ахуйгаа авч явах залуу малчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нөгөөтэйгүүр говийн бүс нутгийн хөгжлийг ус, усан хангамжийн асуудлыг тооцоолохгүйгээр төлөвлөх боломжгүй. Бид “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд говь нутаг руу ус татах асуудлыг тусгасан. Засгийн газраас бас говь руу ус татах асуудлыг ярьж байгаа. Энэ бол орон нутаг, Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй өндөр өртөгтэй ажил. Гэхдээ орон нутаг, Засгийн газар аль аль нь энэ асуудал дээр нэг санаачлага гаргаж, нэг санаа, нэг байр суурьтай байгаа нь хамгийн чухал. Орон нутгийн хувьд “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд бэлчээр усжуулалтын хоёрдугаар аяныг зарлаж, усны хайгуул хийх, худаг шинээр гаргах, нарны үүсгүүр суурилуулах гээд цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд жилдээ 100 гаруй худаг ус шинээр гаргах зэрэг ажлуудыг эхлүүлээд байгаа.
-Говь нутагт алтнаас илүү үнэтэй зүйл бол ус гэдэг нь ойлгомжтой. Та түрүү нь аймаг орон нутгийнхаа тулгамдсан асуудалд усны асуудлыг болгоомжлон ярьсан. Мөн сая ус татах төслийг хэрэгжүүлнэ гэж байна. Энэ талаараа тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Ус бол манай аймгийн хувьд эмзэг асуудал хэвээрээ байгаа. Ер нь хатуухан хэлэхэд бусад аймгуудаас хамгийн түрүүнд усгүй болох магадлалтай нь Өмнөговь. Манайхаас бусад аймгуудын газар нутгийн ихэнх нь хангайн сумд байгаа. Харин Өмнөговийн нутаг дэвсгэрийн дийлэнх нь говийн бүсэд ордог. Ийм онцлогтой. Тэр утгаараа томоохон гол, мөрөн, нуурууд байдаггүй. Ганцхан байдаг нь Хангайн нуруунаас эх аван урсан орж ирдэг Онги гол байна. Гэхдээ зарим цаг үед Онгийн гол маань тасардаг. Заримдаа хэдэн долоо хоногоор ч ирдэггүй. Ийм онцлог бүс нутагт оршдог аймаг. Нөгөөтэйгүүр уул уурхай олонтой аймаг. Тиймээс эдгээр уурхайнууд гүний усыг ашиглаж баяжуулах үйлдвэрлэлээ ажиллуулж байгаа. Тэр утгаараа эмзэг байгаа усаа хэмнэх тал дээр тодорхой бодлого барьж ажиллаж байна. Энэ хүрээнд газар тариалан, төмс, хүнсний ногоо, мал аж ахуй эрхлэгчдэд ус, худаг гаргах ажлыг 2020 оноос хойш идэвхтэй хэрэгжүүллээ. Одоо ч хэрэгжүүлсээр байна. Өөрөөр хэлбэл жил тутам гурван тэрбум төгрөгөөр тодорхой тооны худаг, ус гаргаж, малчдадаа, иргэддээ хүлээлгэн өгч байна. Оройлцоогоор жилд 100 гаруй худгийг хүлээлгэн өгч. Нөгөөтэйгүүр дарагдсан, эвдэрсэн худгуудыг сэргээх, засварлах ажлуудыг идэвхтэй хийж байна.
-Сонирхож асуухад танай аймагт нэг литр усны үнэ, өртөг ямар байдаг юм бэ?
-Ер нь бусад аймагтай харьцуулшгүй өндөр шүү. Тухайлбал, ахуйн хэрэглээний ус гэхэд Цагаан хаданд нэг литр ус 50 төгрөг байдаг. Гэхдээ заримдаа энэ нь бүр 100 төгрөг болж, өсдөг. Гэхдээ бид хөдөө аж ахуй эрхлэгчдэд болон мод, ургамал тариалах гэж буй иргэдэд худаг, ус гаргаж өгөх ажлыг онцгойлон анхаарч, хэрэгжүүлнэ. Нөгөөтэйгүүр Хэрлэн говь, Орхон говь гэдэг нэрээ өөрчлөөд Хэрлэн Тоонот, Орхон Онги болсон. Эдгээр төслийг манай өмнөговьчууд хүлээсээр байгаа. Хэзээ орж ирэхийг нь хэн ч мэдэхгүй, ийм төслүүд байгаа. Гэхдээ бид зүгээр хүлээж суухгүй. Засгийн газрын ажлыг угтуулж, орон нутгаас хамтарч, дэмжиж эдгээр төслийг хийе гэж байгаа. Энэ хүрээнд хамгийн хурдан хийгдэх боломжтой төсөл бол Орхон Онги төсөл. Тухайлбал, Орхон, Онги голын хооронд байгаа 50 км гүвээг давуулж, Орхон голын үерийн усыг хуримтлуулсан нуурнаас нааш нь татах асуудал бий. Улмаар Онги голд нийлүүлснээр Улаан нуурын усны түвшин эрс нэмэгдэнэ. Ингээд Улаан нуурнаас наашаа буюу Тавантолгойн орд газраас Даланзадгад руу цэвэр усны хоолой татах ажил хийх, ийм төсөл байгаа юм. Энэ ус Тавантолгойд ирэх нь тодорхой гэж ойлгож байгаа. Тиймээс бид Даланзадгад, Тавантолгойг холбосон цэвэр усны шугам барих зураг төслийн ажилдаа орчихсон явж байна. Эцсийн дүндээ бид усаа хэмнэх технологийг илүү дэмжих шаардлагатай.
-Ус, худаг гаргах ажлыг эрчимтэй хийж байна гэсэн. Ер нь хэдий хэр хэмжээний гүнээс ус гарган авч байна вэ?
-Усны гаралтын хувьд зарим газраас 100 метрээс ус гардаггүй байсан бол одоо бүр 200 метрийн гүнээс ус гаргах хэцүү болчихоод байна. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний хэрэглээнээс болж байгаа эсэхийг манай улсын эрдэмтэд, олон улсын судлаачтай хамтраад олж тогтоох шаардлагатай гэж үздэг.
-Иргэдийн хувьд усаа бараадан нүүдэллэдэг. Ер нь танай аймгийн хувьд энэ жилийн өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ. Хавар гэж бас хүндхэн цаг үе тулж байх шиг байна шүү дээ?
-Өвөлжилтийн нөхцөл байдал үнэхээр хүнд болж өнгөрч байна. Өнгөрсөн жилийн зун бороо, хур төдийлөн сайн ороогүй, хур тунадас тун бага байсан. Газар нутгийн тавхан хувьд нь бороо орсон гэсэн судалгаа гарсан. Тэр утгаараа аймгийн хэмжээнд таван хувийн газар нутагт өвөлжилт харьцангуй гайгүй боловч бусад нутгаар үнэхээр хүндхэн байна. Мэдээж говь газарт хаврын улирал хэцүүхэн болж өнгөрдөг. Салхитай, шуургатай хаврын урт өдрүүдэд малчид, иргэдэд илүү хүнд явагдахаар байгаа. Мөн аймгийн хэмжээнд 400-500 орчим мал отрын байдалтай буюу хөрш аймгуудын нутагт бэлчээрлэж байна. 1000 гаруй малчин өрхийн мал оторлож байна гэсэн үг. Бидний хувьд өвс, тэжээлийг хангайн аймгуудаас хямдралтай үнээр авч, нөөцөлсөн. Одоо тэрхүү өвс, тэжээлийг малчдад эхнээс нь тараах ажлыг хэрэгжүүлж байна. Монгол даяар хүндхэн өвөл болж байгаа учраас өвс, тэжээлийн олдоц муудаж, үнэ нь өдөр ирэх тусам өсч байна. Тэр утгаараа малчдаа дэмжих үүднээс орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул, уурхайн компаниуд боломж бололцоогоороо дэм болж хамтран ажиллаж байгаа. Цаашдаа урин цаг ирж, өвс, ногоо цухуйх хүртэл цаг яагаа ч үгүй байна. Тиймээс тэр болтол эдгээр компаниудыг малчдаа туслах тусламжийн аянаа үргэлжлүүлээрэй гэж уриалъя.
-Таны хувьд аймгийн Засаг даргад сөрөг хүчнээс сонгогдон ажиллаж байгаа. Тэр утгаараа эрх баригч намын бодлого, тэдний үйл ажиллагаа, үзэл бодолтой зөрөлдөх ч гэх үү, бүр таныг сөрөг хүчнийх гэдэг хандлагаар ямар нэгэн байдлаар шахалт ирдэг үү. Ер нь эрх баригч намтайгаа, Засгийн газартайгаа хэр уялдаа холбоотой ажиллаж чадаж байгаа гэж боддог вэ?
-Аймгийн Засаг дарга гэдэг бол тухайн орон нутагтаа Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Тэр утгаараа бид бүгдээрээ л нэг Монгол Улсын төлөө зүтгэж яваа хүмүүс. Нөгөөтэйгүүр эдийн засагчдын судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн 55 хувийг Өмнөговь аймгийн нутагт дэвсгэрт байрлах уул уурхайн төслүүд, компаниуд бүрдүүлдэг. Тэр утгаараа Гашуунсухайт боомт 48 хувийн экспорт, Шивээхүрэн боомт 28 хувийг, нийлээд экспортын бүтээгдэхүүний 76 хувийг эзэлдэг гэж үздэг. Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас шалтгаалж, эдийн засаг болоод нийгмийн амьдрал хүндхэн байсан. Энэ хугацаанд Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж ирсэн. Бидний хувьд хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэн явж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын зүгээс биднийг дарамтлах ч гэдэг юм уу, шахсан зүйл нэг ч байхгүй ээ. Харин бид улсад төвлөрүүлэх орлогоо сайн биелүүлээд саяхан 200 сая төгрөгөөр шагнуулсан.
-Удахгүй Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байна. Тэр утгаараа нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Мэдээж бид бүхний уламжлалт баяр удахгүй болох гэж байна. Энэ жилийн тухайд манай аймгийн таван сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Өнгөрч байгаа бар жилд манай аймгийн хувьд амжилт бүтээл арвин байж өнгөрлөө. Улс орны эдийн засгийн болоод орон нутгийн хөгжилд бодитой өөрчлөлт орсон жил боллоо. Тухайлбал, орон нутагт ажиллаж байгаа иргэдийнхээ цалин хөлсийг хамгийн багадаа 100 хүртэлх хувиар нэмэгдүүллээ. Энэ мэт олон сайхан амжилт, өөрчлөлтүүд, бүтээн байгуулалттайгаар туулай жилээ угтаж байгаадаа баяртай байна. Монгол түмэндээ тэр дундаа өмнөговьчууддаа ирж буй туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Ийм боломж олгосон танд болон танай сонины хамт олонд ч мөн адил сар шинийн мэнд хүргэж байна
Гадаадын иргэдэд давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44495, мөрдөн байцаалтын 249...
44 минутын өмнө
“Эмээлт”-д хонь 150.000-300.000 төгрөгийн ханштай байна DNN.mn
Эмээлт захад зарагдаж буй амьд малын үнэ ханшийг 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар танилцуулж байна. Хонь: 150.000-300.0...
1 цагийн өмнө
Шатар сонирхогчдын Нийслэлийн аваргууд тодорлоо DNN.mn
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2024 он...
2 цагийн өмнө
Мөсний зузаан харилцан адилгүй байна DNN.mn
Ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага, мөсн...
2 цагийн өмнө
Манай жүдочид “Россия тур супер финал” тэмцээнээс долоон медаль хүртжээ DNN.mn
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-н нийслэл Москва хотод зохиогдсон “Россия тур москва супер...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд