мэдээ
Л.Балхжав: Монгол яруу найрагч, хөгжмийн зохиолчийн дууг монголоороо дуулах гэдэг өөр

Энхсайханы Номин-Эрдэнэ
2015 оны 10 сарын 21

1
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд–2015” тайлан
тоглолт ирэх 22–24–ний өдрүүдэд “UB palace”–ийн концертийн
их танхимд болно. Энэ талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр хөгжмийн
зохиолчтой ярилцлага хийлээ.
-Та “Миний дуунууд” тоглолтоо
17 дахь жилдээ үзэгч, сонсогч түмэндээ хүргэх гэж байна. Энэ оны тоглолт юугаараа
онцлог байх вэ?
-Жил жилийн тоглолт бүр онцлогтой.
Энэ жилийн хувьд “Ахмадын Золбоо”, “Харанга”, “Хурд” тэргүүтэй амьд хөгжмийн хамтлагууд
түлхүү оролцож байна. Дээрээс нь ОХУ-ын Буриадаас Чингис Раднаев, урд хөршөөс Б.Цэцэгмаа
гээд хоёр том дуучин төлөөлөл болон оролцож байгаагаараа онцлог юм уу даа.
-Энэ тоглолтод хамтлаг дуучид зөвхөн
таны дуунуудыг дуулдгаараа онцлог байдаг. Чингис Раднаев, Б.Цэцэгмаа хоёр ямар дуунуудыг
тань дуулах бол?
-Б.Цэцэгмаа маань урд нь “Зүүдэнд
ирсэн хонгорхон ижий”, “Талын монгол айл”, “Монгол эх орон” гээд дуунууд дуулж байсан.
Харин энэ жил “Хатан тэнгэр ижий” гээд цоо шинэ уран бүтээлийг маань дуулж хүргэнэ.
Чингис Раднаев “Улаанбаатарын дагина” гээд шинэ дуугаараа оролцох гэж байна.
-“Сэтгэлийн хөг” нэртэй анхны уран
бүтээлийн тайлан тоглолт тань өнөөдрийн “Миний дуунууд” тоглолтын эхлэл болсон гэлээ.
Анхны тоглолтынхоо талаар дурсаач?
-Миний хамгийн анхны дуу 1977 онд
зохиосон “Амин нутаг” дуу байгаа юм. Уран бүтээлээ туурвиж эхэлсэн анхны он жилүүд
бол хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байсан тэр үе. Тэрнээс хойш 20 гаруй жилийн
турш уран бүтээлээ хийж, нөөцөлж яваад найз нөхөд, дүү нарынхаа санаачилгаар
1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэйгээр анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.
Маш олон хүний сэтгэлийн хөг орсон сайхан тоглолт болж байв. Өнөөдрийн олон гавьяатууд,
төрийн соёрхолтууд тэр үед бүгдээрээ уран бүтээлээ дөнгөж эхэлж байгаа залуус байсан.
Мөн тэр үеийн Монголын сор болсон уран бүтээлчид анхны тоглолтод орж байснаас зарим
нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тухайлбал, манай нэрт хөтлөгч, сэтгүүлч,
найруулагч, дуучин агсан Б.Бадрууган, Болгарт дөнгөж сургууль төгсч ирчихээд уран
бүтээлээ хийж байсан нэрт рок попын дуучин агсан Эрдэнэцэцэг оролцож байлаа. Одоо
ч эдгээр алдартнуудын уран бүтээл ард түмний сэтгэлд эгшиглэж байгаа.
-Тухайн үед хичнээн дуучин оролцож
байсан нь өнөөдөр хэд болтлоо өсөөд байна?
-“Сэтгэлийн хөг” тоглолтод оролцож
байсан дуучид, хамтлагуудыг би тодоос тод санаж байна. МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ
Т.Ариунаа, МУГЖ Сарантуяа, “Камертон”, “Хурд”, “Чингис хаан” гээд тэр үеийнхээ бүхий
л шилдэг хамтлаг дуучид оролцож байсан. Эд нар маань өнөөдөр ч оролцож байна. Миний
тоглолтод 17 жил тасралтгүй оролцож, би эд нарынхаа хүчээр өдий зэрэгтэй явж уран
бүтээлээ туурвиж байна.
-Хэзээнээс “My songs” буюу “Миний
дуунууд” гэж нэрлэх болов. Яагаад ингэж нэрлэх болов?
-2008 оноос “My songs” гэж нэрлээд
явчихсан юм. Өмнө нь “Сэтгэлийн хөг”, “Цагаан шөнө”, “Best and New” гэх маягаар
жил бүрийнхээ онцлогийг тусгасан нэрээр нэрлэж байсан. Жил бүр олон шинэ дуу нэмэгдээд
ирэхээр ерөөсөө оноороо нэрлээд явчихъя гэж шийдсэн. Нэгэнт 1999 оноос хойш
2007 он хүртэл тогтмол тоглоод явчихсан, цаашдаа ч үргэлжлэх нь ойлгомжтой байсан.
Оноороо нэрлэснээр нөгөө талаар жил бүр шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэх, гаргах
том хариуцлагыг шаардаж байгаа юм.
-Энэ жилийн тоглолтод зориулж хичнээн
шинэ уран бүтээл хийгээд байна?
-Тоглолтын бараг 50-60 хувь нь шинэ
уран бүтээл.
-Сая Жи энтертайментын продюссер
Д.Ганболд “Энэ хүн 17 жил тоглолтоо хийхдээ нэг ч удаа өөрөө үзэгчдийн танхимаас
үзэж байгаагүй нь хамгийн бахархалтай хэдий ч харамсалтай хэрэг юм” гэж хэллээ.
Таны хувьд өөрөө өмнө нь суугаад үзэх юмсан гэх хүсэл хэр төрж байв?
-Миний тэвчээр хүрэхгүй босч харайгаад,
хүмүүсийн дургүйг хүргэх байх. /инээв/ Түүний оронд хөшигний ард уран бүтээлчидтэйгээ
хамтдаа цэнэглэгдээд нэг агаараар амьсгалж байсан нь дээр. Бүгдээрээ л уран бүтээлээ
тайлагнаж байгаа юм чинь өөрөө үзэгч болж гол дүрд нь тоглоод яахав.
-Мөн зөвхөн таны дуугаар хийж буй
“Му voice” гээд шоу нэвтрүүлэг гарч байна. Энэ нэвтрүүлгийг яагаад хийх болов?
-Энэ нэвтрүүлгийг 2004 онд анх
“Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, 2007 онд “New star” нэртэй зохион байгуулж байсан.
Тэр уламжлалаараа зохион байгуулж байгаа. Онцлог нь “Му voice” нэрээр гурав дахиа
зохион байгуулж байна. Уран бүтээлийн сан хөмрөг мэдээж 2004, 2007 оноос өнөөдрийг
хүртэл нэмэгдсэн.
-Энэ жилийн хувьд хичнээн хүн бүртгүүлж,
оролцоод байна. Тэдгээрээс хэд нь хоёрдугаар шатанд үлдээд байна вэ?
-300 гаруй залуус оролцсоноос хоёрдугаар
шатанд 130 хүүхэд үлдсэн байгаа.
-Нэвтрүүлгийг үзэж байхад тэр болгон
олны хүртээл болж танигдаагүй дуунууд их гарч байна. Та ер нь урын сандаа нийт хэчнээн
бүтээлтэй вэ?
-Давхардсан тоогоор зөвхөн дууны
ая нь 800 гараад явчихдаг юм. Дээрээс нь аяз, киноны хөгжим, морин хуурын чуулгатай
хамтарсан уран бүтээлүүд, симфони, хөгжмийн номеруудтайгаа мянга дөхчих байхаа.
Мэдээж дуу болгон бүгд аманд орохгүй. Шилдэг гэсэн 240 дуугаараа “Миний дуунууд”
нэртэй дууны үгтэй, ноттой ном гаргасан. Цаашид цуврал болгох зорилготой.
-“Му voice” тэмцээний ялагчийг ямар
ирээдүй хүлээж байгаа бол?
-Дууны тэмцээн учраас ялагчийг дууны
эрдэмд суралцуулж, нэртэй сайн дуучин болгох ирээдүй л хүлээж байгаа. Шүүгч нартаа
их баярлаж байгаа. Н.Ганхуяг, Ч.Ичинхорлоо, Б.Чинбат гээд Монголын орчин үеийн хөгжмийн
урлагийг нуруун дээрээ авч явж байгаа, телевизийн урлагийн нүүр царай болсон хүмүүс
шүүж байгаа учраас жинхэнэ авьяастныг тодруулж чадна гэж бодож байна. Шалгарсан
хүүхдийг “World Korea” групп Солонгосын Соёлын дээд сургуулийнхаа дуулаачийн ангид
үнэ төлбөргүй гурван жил байр, хоолтой нь дааж сургана.
-”Universe best songs”-ийн ялагч,
“My voice” хоёрын ялагч юугаараа ялгаатай байх бол?
-“Му voice” анх зохиогдохдоо л Балхжавын
уран бүтээлийн сангаас хийнэ гэснээрээ уламжлал болоод явж байна. Би үүндээ харамсдаггүй.
Миний уран бүтээлийн 50-60 хувь нь эх орны сэдэвтэй дуу байдаг. Хэрвээ монголынхоо
гайхалтай яруу найрагчдын зохиосон эх орноо бахдан дуулсан шүлгийг миний аялгуугаар
амилуулснаар дуулах юм бол нэг ч гэсэн залуу эх оронч сэтгэлгээгээр хүмүүжиж, эх
орноороо бахархах сэтгэл төрөх болов уу. Ингэж байвал энэ уралдааны үр дүн юм. Гадаад
дууг сайхан дуулна гэдэг бол даяаршсан ертөнцөд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж
байна гэсэн үг. Монголынхоо яруу найрагчийн, хөгжмийн зохиолчийн дууг монголоороо
дуулна гэдэг бол цаанаасаа өөр л дөө.
-“Universe best songs” олон жил
дараалж, өдөр болгон цацагдаад ирэхээр үзэгчид цөөрч эхэлсэн. Харин “Мy voice” шоу
нэвтрүүлгийг үзэгчдийг уйдаахгүй шинэлэг түвшинд гаргахын тулд ямар арга хэмжээ
авсан бэ. “Авьяаслаг монголчууд” шоунаас санаа авсан байна гэх хүн ч байна?
-Телевизийн олон гоё нэвтрүүлэг
өөр өөрийн хувь заяагаар төрөөд л явдаг. Энэ тэмцээн маань анхны удаа зохиогдсон
бол янз янзын яриа гарч магадгүй. Бүр 2003 оноос санаачлаад гарчихсан учраас эргээд
өмнөх нэвтрүүлгээ үзэх юм бол яг л энэ маягаар явж байгаа. Ингэж л хийдэг байсан.
Тэгэхээр бүх телевизийн контент брэндүүд өөр өөрийн хувь заяатай, өөр өөрийн сэтгэлгээрээр
явж байгаа.
-Тэмцээний явцад таны сонирхлыг
илт татсан, өөд нь татаад явчих юмсан гэсэн оролцогч гарч ирэв үү?
-Улсын наадамд түрүүлчихсэн морийг
Их хурдад яах бол гэх сонирхол үзэгчдэд байдаг. “Universe best songs”-ийн гран при
авчихсан Билгүүн гээд хүүхэд оролцож байна, шилдэг 25-д орсон хүүхдүүд эргээд уралдаж
байна. Мэдээж үнэхээр хурдтай бол ямар ч наадамд ороод түрүүлдэг, аман хүзүүддэг
чадвартай л байх ёстой. Анх удаа оролцож байгаа, өмнө нь ороод ялж байсан хүүхэд
хоёрын дунд их зай байгаа ч гэсэн зохиогчийн хувьд бүх хүүхдийг дуулахад нь сэтгэл
хөдлөөд, баярлаад, доголон нулимстай харж сууна.
-Дуу уушиг эрүүл болгож, хоолой
чангалж, зүрхний цохилтыг хэвийн байлгадаг гэх мэт олон сайн талтай гэж хурлын үеэр
сонирхууллаа. Та насаараа дуу дуулж, дуучдыг төрүүлж байгаа хүний хувьд дууны ач
гавьяаг юу гэж үнэлдэг вэ?
-Гадна талаасаа хүнийг хөгшрүүлдэггүй
гэх юм бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан дуу хууртай ойртсон хүмүүсийн сэтгэлгээ
залуу байж чаддаг. Дуу дуулснаар бурууддаг юм огт байхгүй. Б.Явуухулан гуай
“…Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь
vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг
мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах
гэсэн юм би…” гэж шүлэглэсэн байдаг. Амьдралын хүнд жилүүд байдаг бол дуу хөгжмийн
ачаар давж байсан гэхэд тэрэнд би зуун хувь итгэнэ. Хүүхдээ бүүвэйлэх, малд явахаас
авахуулаад л Монголын ард түмэн дуугаар хүмүүжиж, дуунд уярдаг. Адуунд явахдаа исгэрнэ,
найр хурим, ялалт гээд дуу хуургүй юм байхгүй. Ялалт байгуулчихаад уухайлна гэдэг
чинь л дууны нэг элемент. Дуу хөгжмийн ач холбогдол маш их.
-“Миний дуунууд” тоглолт цаашид
хичнээн жил үргэлжлэх бол?
-Хичнээн жил үргэлжлэх талаар өмнө
нь нэг хариулт хэлээд загнуулсан. Цаашид хичнээн жил үргэлжлэхийг би үнэндээ таашгүй.
Хэрвээ үнэхээр том жигүүртэй, сайн уран бүтээл бол ардын дуу болтлоо ард түмэнд
үлддэг. Өнөөдрийн дуулаад байгаа ардын дуу хэн нэгэн зохиогоод зохиогч нь мартчихсан
дуу л байгаа. Ний нуугүй хэлэхэд “Талын Монгол айл”-ыг 50 жилийн дараа ардын дуу
гээд дуулж байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь үе үеэрээ уран бүтээлийнхээ түүхийг
бичээд л явж байх хэрэгтэй.





Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг Чингэлтэй дүүргийн Онцго...
8 цагийн дараа
О.Номинчимэг: МАН-ын бүлгийг хагалах гэж оролддог, санаархдаг хүмүүс байх шиг байна
Улсын Их хурлын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. -МАН-ынхаа Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлсэн 30 гишүүний нэг нь та. Ямар ч байса...
7 цагийн дараа
3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн ава...
7 цагийн дараа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үе...
6 цагийн дараа
Академич хэргэм хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрдэмтэд Академич хэргэм хүртээлээ. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд