мэдээ
Н.Оюундарь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийг бат бөх байлгах, эвлэрүүлэн зуучлахыг эрмэлзэж байгаа

Э. Энхболд
2017 оны 1 сарын 02

1
Монгол Улсын Их хурлаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өнгөрөгч долоо хоногт баталсан билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдлаа. Нэлээд судалгаа хийсэн гэж байсан даа. Бэрхшээлтэй зүйлс юу байсан бэ?
-Ажлын хэсэг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт болон түүнийг зохицуулахад цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад ямар асуудал тохиолдож байгааг орон нутагт болон нийслэлийн нэг дүүрэгт судаллаа. Энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгэм, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөл ТББ-тай хамтран ажиллах, энэ хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн Австри улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил хэрхэн явагддаг талаар туршлага судалсан. Гэхдээ бусад орны туршлагаас өөрийн улсын соёл, ахуйд илүү их таарсан байдлаар авах нь зүйтэй гэж үзээд хуулиндаа нэмэлт өөрчлөлтүүд хийсэн. Энэ хууль өөрөө 46 зүйлтэй.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх парламент баталсан. Шинэ парламент татаж аваад дахин оруулж ирсэн. Өмнөх төслөөсөө юугаараа ялгаатай болсон бэ. Ер нь хүн бүрийн амьдралд хамааралтай хууль шүү дээ?
-Хүн бүрийн амьдралд хамаарал бүхий хууль гэдэгтэй санал нэг байна. Концепцийн чанартай нэлээд хэдэн өөрчлөлт орж байгаа. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл өөрөө их эмзэг асуудал. Салсан, нийлсэн гэр бүл, ах дүү, садан төрөл, эцэг эх, үр хүүхдийн хооронд болж байгаа зүйлээс эхлээд хамрах хүрээ нь өргөн. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар тэр дотоод нарийн эмзэг асуудал тул хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж өгсөн. Мөн гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх сувгуудыг тодорхойлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэгт тооцогдох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр Цагдаагийн байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгосон юм. Түүнчлэн хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах шинэ зохицуулалтыг нэмж, гэрч, хохирогчийг хамгаална, хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмж албан ёсны болгосон бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, зохицуулалтыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцахаар болж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хүчирхийллийг үүсгэгч суурь шалтгааныг арилгахад анхаарах болоод байгаа юм. Зарчмын зөрүүтэй олон саналууд орсны хамгийн чухал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд нийгэмд үзүүлж байгаа хор хохирол, хохирогчийн гэмтлийн зэргээс шалтгаалаад шаталсан арга хэмжээ буюу захиргааны зөрчил эсвэл гэмт хэрэг гэж үзэн авахаар болж байгаа.
-Яг ямар арга хэмжээ авах юм бэ?
-Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлийн штрик нэг, штрик хоёр гээд заалтуудаар эхний удаад захиргааны арга хэмжээ авах юм. Цаашид хүчирхийллийн шинжтэй үйлдэл давтан бүртгэгдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх тийм заалт байгаа. Мөн энэ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар хохирогч өргөдөл гаргасан л бол шүүхээр шийдвэрлэдэг байхаар тусгасан. Цагдаад өргөдөл гаргаад хянан шалгах явц явагдаж байхад хохирогч гомдлоосоо татгалзвал эвлэрсэн гэж үзээд шүүх хэргийг нь хаачихдаг байсан. Харин практик дээр ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын албан хаагч нар хохирогчийг ямар нэгэн байдлаар дахиж дарамталж байгаад өргөдлийг нь татуулдаг гэж ярьдаг. Хянан шалгах ажиллагаа хэсэг хугацаанд явагдсаны дараа дахин хүчирхийлэх хэлбэр давтагддаг. Энэ байдлыг таслан зогсоох заалтыг оруулж, хариуцлагыг сайжруулсан. Өмнөх хуулиар хэн, юу хариуцахыг эзэнжүүлээгүй байсан юм. Урьдчилан сэргийлэх ажлуудаас УИХ, Засгийн газар, хууль зүй хариуцсан төрийн захиргааны байгууллагууд юуг нь хариуцахыг нарийвчилж тусгасан. Эрүүл мэнд, боловсролын байгууллага, орон нутгийн засаг захиргааны хариуцах хэм хэмжээг нарийвчлан тусгасан.
-Манайхан яг ямар үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгох талаар мэдээлэл тун хомс байдаг. Энэ хуулинд ямар үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулж байгаа вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлд бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийллийг багтаасан.
Жишээ нь, эдийн засгийн хүчирхийлэл гэхэд эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгийг авчихаад өгдөггүй явдлыг хамруулсан байх жишээтэй. Хүүхэд нь гадуур тэнэж байхад аав, ээж нь хайхардаггүй зүйл бий. Цагдаагийн байгууллага хүүхдийг нь аль нэг газраас олж эцэг, эхэд нь хүлээлгэн өгдөг ч нэг, хоёр хонуулаад явуулчихдаг үл хайхарсан хандлага байсаар байна. Иймэрхүү байдлыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн сэтгэл санааны хүчирхийлэл гэдэгт багтчихсан гэж үзсэн учраас ажлын хэсгийн санал дэмжигдээгүй.
-Аав, ээжийнхээ тэтгэвэрийг зээлүүлж авахаас эхлээд хөгшчүүлийн амьдралд хүндрэлтэй зүйлс бий. Үүнийг хүртэл зохицуулж байгаа юм байна. Тэгвэл хуулийн ямар хариуцлага хүлээх юм бэ?
-Дээр дурдсан шаталсан хариуцлага гэдгээрээ явна. Эхний ээлжинд захиргааны зөрчил гэж үзээд хариуцлага тооцох ч удаа дараа давтагдаад, эцэг эх нь цайны ч сүүгүй сууж байхад тэтгэврийг нь авахуулаад архи дарс уудаг нөхдийг хорих хүртэл санкцуудыг суулгаж өгсөн.
-УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлэлцүүлгийн үеэр дорнын соёлтой манай оронд өрнийн хуулийг нэвтрүүлэхээр оролдож байна гээд шүүмжлэлтэй хандаж байсан л даа…
-Энэ удаагийн ажлын хэсэг болон өмнөх парламент ч гэсэн чамгүй хугацаанд нэлээд ажилласан хууль юм. Гадаадын олон хуультай харьцуулсан. Тэр утгаараа монгол ахуйд, нийцэх нь аль нь вэ гэдгийг бодолцсон. Монгол Улс өөрөө онцлогтой, суурьшмал болон нүүдэлчин иргэншлийн асуудлыг ч анзааран үзэж хуулийн төслийг баталсан.
-Өмнөх хуулиар гэмтлийн зэргээс шалтгаалж хариуцлага тооцдог байсан бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд гэмтлийн зэрэг байхгүй ч сэтгэл санааны хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж байна?
-Гэр бүлийн хүчирхийллийн хуульд яг ийм заалт байхгүй гэхдээ энэ нь Эрүүгийн хуультай нягт холбоотой. Бие махбодиор хохирсон хүн ялгаагүй сэтгэл санаагаар хохирдог.
Энэ үйлдэл нь давтагдсан бол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Харин бие махбодиор хохироогүй ч сэтгэл санаагаар хохирсон хүмүүс байдаг. Тухайлбал, бусадтай харьцахыг хориглох, сургуульд явуулахгүй байх, байнга мөрдөж мөшгөх гэх мэт хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх нь сэтгэл санааны хохирол. Эдгээрийг бид гэмт хэрэгт тооцох болсон нь хуулийн бас нэг давуу тал.
-Гэр бүлийн хүчирхийлэл болж байгаа тохиолдолд иргэд мэдээлэл өгөх үүрэгтэй болж байгаа гэсэн. Хэрвээ мэдээлэл өгөөгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хуулийн 46 дугаар зүйлд тэр чигээрээ хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага буюу төрийн албаны ажилтнууд төдийгүй жирийн иргэд хүртэл мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол торгох заалттай. Хуульд ялангуяа хохирогч, гэрчийг хамгаалах талын заалтыг нэлээд тусгаж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйл дээр дэлгэрэнгүй бий.
Ерөнхийдөө орон нутгийнхаа сум, дүүргийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй болгосон. Бүх шатны боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, хүүхэд гэр бүл хариуцсан ажилтан, баг, хорооны бусад албан тушаалтнууд, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний гэрээ гүйцэтгэж байгаа төрийн бус ажилтан ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсвэл үйлдэгдэж болзошгүй тохиолдлыг заавал мэдээлэх ёстой болсон л доо. Хэрэв цагдаа нь эзгүй байх юм бол орон нутгийнхаа Засаг даргад мэдээлж болно. Мэдээлэл өгсөн хүнийг аюулгүй байдлыг хуулиар хангана. Гэхдээ хүн хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсвэл болзошгүй нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй гэж хуульчилж өгсөн.
Мөн долоон төрлийн үйлчилгээг хохирогчид үзүүлэхээр хуульчилсан. Үүнд аюулгүй байдлыг нь хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл судлаачийн сэтгэлзүйн үйлчилгээ орж байгаа. Мөн нийгмийн халамж, эрх зүйн туслалцаа орно. Эрх зүйн туслалцаа гэдэгт өмгөөллийн үйлчилгээ багтана. Өмгөөллийн үйлчилгээ орж байгаа юм чинь мэдээж холбон зуучлах үйлчилгээ орчихож байгаа гэсэн үг. Энэ бүхэн үнэ төлбөргүй.
-Иргэд ч яахав үнэ төлбөргүй үйлчилгээ авлаа гэхэд гарах зардлыг нь хаанаас яаж зохицуулж байгаа юм бэ?
-Ирэх оны төсөв батлагдчихсан болохоор төсөвгүй гэсэн үг. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бидэнд 2017 ондоо ТББ болон Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд болон дотоод нөөц боломжоо ашиглан зохицуулах боломжтой гэсэн. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын даргын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл байдаг. Тэндээ тодорхой хэмжээний санхүүжилттэй тул түүнээсээ өгөөд байж болно гэсэн л дээ.
-Сэтгэл санааны хүчирхийлэл нотолгоо муутай. Тиймээс хэн нэгэн намайг хүчирхийлээд байна гээд бусдыг гүтгэх юм биш биз?
-Ийм зүйл гарч болзошгүй. Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үеэр гарч байсан жишээг хэлье. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад ирж байгаа гомдлын бараг 70, 80 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг юм билээ. Тиймээс цагдаагийн ажилтнууд давхар сэтгэл судлаач болчихдог. Үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу гэдгийг нь бараг мэдчихдэг болсон гэж ярьж байсан.
Бусад орнуудын туршлагыг судалж байхад сэтгэл санааны дарамтад оруулах асуудал хэзээнээс байсан. Таны асуусанчлан нотлох баримт муутай. Амьдрал дээр түгээмэл жишээнээс хэлье л дээ. Нөхөр нь эхнэртээ өөрийнхөө нэр дээр гар утас авч өгдөг. Өөрөө аваад өгчихсөн болохоор эхнэрийнхээ гар утсанд ирж, гарч байгаа дуудлагыг хянадаг. Үүнээс болж хардалт үүсч, мөрдөж, мөшгидөг байдал гадаад орнуудад их байдаг. Мөн хохирогчийг цагдаа дээр очно гээд яаж ул мөр, гэмтлийн зэрэг үлдээхгүй байх вэ гэдгээ хүртэл тооцдог гээд боддоо. Тиймээс нарийвчилж тусгасан.
-Өмнөх хуулиас ялын бодлого өөрчлөгдсөн үү. Ер нь гадаад улс орнуудтай харьцуулахад ялын хатуу, зөөлөн нь ямар болсон бол?
-Гэр бүлд эхнэр, нөхөр хоёр жижиг сажиг асуудал дээр маргах асуудал бишгүй тохиолддог. Нөгөө талаас аав ээж нь үр хүүхдээ хааяа нэг хүмүүжүүлэх зорилгоор таван салаа боов өгөх асуудал гарч л байдаг. Тэр болгонд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж байхгүй. Анхны өргөн барьсан төслөөр бол хүчирхийлэл үйлдсэн гэх этгээдэд эхний удаад ямар ч байсан захиргааны арга хэмжээ авъя. Удаа дараа болох юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэж байсан нь хэвээрээ байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийг аль болох бат бөх байлгах, эвлэрүүлэн зуучлахыг эрмэлзэж байгаа. Харин зарим орнуудад нэг удаа гар хүрсэн л бол шууд салгахыг зорьдог юм билээ.
Гол нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь зөвхөн эхнэр, нөхөр хоёрын асуудлыг зохицуулсан зохицуулалт биш. Ахмад настан, хүүхдийн асуудлыг нэлээд сайн суулгаж өгсөн. Хадам аав, ээжийгээ хүргэн нь дарамталдаг байдлыг ч зохицуулахаар хамрах хүрээг нь ч өргөтгөж амьдарч байгаад салсан гэр бүлийг хүртэл хамруулахаар тусгасан.
-Манайд хамтран амьдрагч гэдэг ойлголт бий. Хамтран амьдарч байгаад салсан хүндээ дарамт учруулбал энэ хуулиар зохицуулна гэсэн үг үү?
-Хамтран амьдарч байгаад дундаасаа хүүхэдтэй болсон ч салж сарних явдал элбэг байдаг. Хэрэв салсан хүн нь янз бүрийн дарамт үзүүлээд байвал нэг төрлийн хүчирхийлэл болно. Тиймээс хуульчилсан.
-Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хууль байна. Мөн ирэх жилийн долдугаар сар хүртэл хойшлуулсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль байгаа. Энэ хуулиудтай хэр уялдсан бэ?
-Одоо энэ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг гарсантай холбогдуулаад 2004 оныхоо хуулийг хүчингүй болгосон. Түүнээс гадна боловсрол, нийгмийн халамж, эрүүгийн гээд есөн хуульд өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр орсон. Эцсийн хэлэлцүүлгээр бас нэмээд холбогдох дөрвөн хуульд өөрчлөлт орууллаа. Хамгийн гол нь ял ногдуулах тэр асуудал дээр нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт нэлээд их орсон.





Малчид: Төр засгийнхан минь хэдэн малчдынхаа амьдрал руу ормооргүй байна аа, арай дэндлээ
Бид орон нутгийн малчидтай холбогдож, тэдэнд тулгараад байгаа асуудлын талаар тодруулсан юм. Малчдын хувьд малаас гарч буй түүхий эд...
8 цагийн дараа
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Дулааны улиралд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу суррон, мопедын хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл эдгээр мотоциклын ангилалд хамаарч буй...
8 цагийн дараа
Н.Номин-Эрдэнэ: Би сагсан бөмбөгөөс амьдралын найзаа олсон
Монголын оюутны 2025 оны сагсан бөмбөгийн лигт 32 Их, дээд сургуулийн 1124 оюутан залуус долоон сарын турш өрсөлдөж, өнгөрсөн сарын ...
7 цагийн дараа
Завхан аймагт ноолуур 135-138 мянган төгрөг байна
Орон нутгаас ноолуур худалдан авч байгаа ханшийн мэдээллийг танилцуулж байна. Дундговь аймагт 110-112 мянган төгрөг Архангай аймагт ...
7 цагийн дараа
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага энэ сарын 5-наас 9-нийг хүртэлх хугацаанд 239 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үй...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд