Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр: Би “тавхай“ Лувсан зааны ач хүү шүү дээ

trend

Даваанямын Даваасүрэн

img

2014 оны 10 сарын 31

img

1

АНУ-ын Лодердейл хот­ноо болсон жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс +100 кг-д барилдсан Ө.Дүүрэн­баяр алтан медаль хүртэж, аварга болсон билээ. Тус тэмцээнээс манай жүдо бөхийн баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Залуучуудын дэлхийн аварга Дүүрэнбаярын хувьд өдгөө 20 настай бөгөөд эцэг, эх нь бөхийн удамтай хүмүүс. Түүний аав нь Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат улсын заан Дашийн Лувсан­гийн хүү улсын начин Өлзий­баяр гэдгийг бөх сонирхогчид мэдэх байх. Лувсан гуай “тавхай” нэрээ­рээ олноо алдаршсан домогт бөх бөгөөд Энхбаяр, Өлзийбаяр, Батбаяр гэсэн гурван сайхан хүүтэй. Өлзийбаярын ах нь гавьяат тамирчин, улсын начин Лу.Энхбаяр билээ. Харин Батбаяр мөн л сайн барилддаг бөх байсан гэдэг. Лу.Энхбаяр чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Тэрээр 1990 оны цагаан морин жилийн наадмаар Архангай аймгийн харьяат Гочоосүрэн заанаар начин цолны болзол хангажээ. Тэгвэл Дүүрэнбаярын аав Өлзийбаяр 1996 оны баяр наадамд тав давж улсын начин цол хүртэж байсан юм. Зөвхөн аавын удам гэлтгүй Дүүрэнбаярын ээж Бурмаа мөн л цуутай бөхийн үр удам. Ээж нь улсын заан Рэгжийбуугийн Даваанямын төрсөн дүү билээ. Ингээд бодохоор арга­гүй бөхийн удамтай энэ хүү их спортод ийм ам­жилт гаргах нь дамжиггүй юм.

Тэрээр эхний барил­даандаа Эстонийн бөхтэй учраа таарч хоёрхон секун­дын дотор цэвэр ялсан бол дараа нь Египетийн жүдоч Селим Халидыг буулгаж авсан. Харин хэсгийн авар­гын төлөө БНСУ-ын жүдоч Чой Мин Янгийг иппон үнэлгээгээр ялсан. Улмаар хагас шигшээд Украйны тамирчин Кхаммен Лаки­выг юко үнэлгээгээр буул­ган авч аваргын төлөө өрсөл­дөхөөр болсон юм. Авар­гын төлөө Ө.Дүүрэн­баяр Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг мөн л хоёр секунд ч хүрэлгүй цэвэр ялснаар ийнхүү аваргын алтан медалийг эх орондоо авчирсан билээ.

Ингээд залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэн­баяртай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө залуу­чуудын дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Азийн наадмаас ирээд шууд том тэмцээнд оролцох амаргүй байсан болов уу?

-Баярлалаа. Залуучуудын ДАШТ-ий өмнө Инчонд болсон Азийн том наадамд оролцсон байсан учраас бэлтгэл хангалттай хангагдсан гэж болно. Гол нь амжилт гаргахад л хамаг оюун санаа төвлөрүүлж байлаа.

-Азийн наадмаас алт атгаад алдсан учраас энэ удаа заавал аварга болно гэсэн зорилготой байв уу?

-Тэгсэн. Би Азийн наадамд аваргын төлөө Японы бөхтэй барилдаад ялагдсан. Тиймээс энэ удаа алдаагаа давтахгүй байхыг хичээсэн.

-Японы бөх сая ирсэн үү. Тэгэхээр барилдаануудаа урдаас төлөвлөжээ?

-Японы бөх ирээгүй. Японы бөхтэй барилдахдаа мэхээ дутуу хийснээс болж харамсалтайгаар ялагдсан. Тиймээс залуучуудын ДАШТ-д аль болох мэхээ гүйцээж барилдана гэж бодсон.

-Хамгийн хүчтэй өрсөл­дөгч ямар бөх байв?

-Зооны аваргын төлөө Украйны бөхтэй таарах байх гэж тооцоолж байсан учраас эндээс явахаасаа өмнө судалгаа хийсэн. Украйны бөх энэ тэмцээний өмнө Европ тивийн аварга болсон байсан. Барилдааны бичлэгийг нь харахад хоёр талдаа барилддаг, ерөнхийдөө ямар мэх хийх нь тодорхойгүй замбараагүй барилдаантай бөх санагдсан. Тиймээс энэ барилдааны эсрэг зүүн гар дарж, нэг их салбагануулаад байхгүй барилдана гэж бодсон. Хамгийн ухаан гаргасан барилдаан болсон байх. Хүчтэй гэх юм бол Египетийн бөх байсан болов уу. Ер нь дэвжээн дээр таарсан бөх болгон л хүчтэй байсан даа.

-Өрсөлдөгчдөө буулгаж аваад аваргын тавцанд зог­сох тэр мөчид юу бодогдсон бэ?

-Залуучуудын ДАШТ-ээс медаль хүртээгүй хэсэг завсардсан байсан. Тиймээс би Азийн наадмаас ч илүү энэ тэмцээнд ач холбогдол өгч дөрвөн жил бэлтгэл хийсэн. Зорилгынхоо ард гарчихаад төрийн дууллаа сонсоод зогсох тэр мөчид хамгийн түрүүнд гэр бүлийнхэн маань нүдэнд харагдсан. Манай аав, ээж гэр бүлийнхэн маань намайг тэмцээн уралдаанд оролцох бүр байнга санаа тавьж, тусалж дэмждэг. Мөн ийм сайхан амжилтад хүрэхэд анхны багш Хаштогтох, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Балжинням зэрэг багш нар маань хамгаас илүү нөлөөлсөн. Тиймээс багш, дасгалжуулагчид, тамирчин ах, эгч нартаа бүгдэд нь баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна.

-Танай ааваас эхлээд өөрийн тань удамд олон сайхан бөхчүүд бий. Ээжийн тань талд бас олон бөх байдаг гэсэн?

-Манай өвөө улсын заан Лувсан. Аавын ах Лу.Энхбаяр гээд начин байна. Харин ээжийн төрсөн ах нь улсын заан Давааням. Мөн ээжийн талд Харүмафүжи Д.Бямбадорж, улсын заан Д. Лхагвадорж, улсын гарьд Н.Ганбаатар гээд бөх байдаг. Бас чөлөөт бөхөөр сүүлийн үед нэлээд амжилттай барилдаж байгаа Д.Баасандорж ах байна. Мөн хүргэн ах улсын гарьд Ч.Бат-Эрдэнэ гээд ах нарын зүгээс ч тэр, аавын зүгээс ч тэр хэлж захих зүйл зөндөө. Анх үндэсний бөхөөр барилдаж сурсан болохоор ч тэр үү жүдогоор хичээллэхэд их нөлөөлдөг.

-Үндэсний бөхөөр хэр бэлт­гэл хийж байна. Айм­гийн начин цолтой билүү?

-Тийм. 2012 онд Говь-Алтай аймгийн наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн. Мөн үндэсний бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай.

-Цаашдаа үндэсний бөхөөр зодоглох бодол байна уу?

-Аав мэднэ. Аав барилд гэвэл барилдана. Одоохондоо их спорт болох жүдогоороо амжилтад хүрчихээд дараа нь үндэсний бөхөөр барилдана гэсэн бодол байгаа. Аав үндэсний бөхөөр барилдахад нас залуу байна гэдэг.

-Одоо хэдэн настай вэ. Биеийн өндөр, жин хэд байна вэ?

-20 настай. Өндөр 184 см, жин 125 кг байгаа.

-Багадаа ер нь мяраалаг хүүхэд байсан гэж аав чинь ярьсан. Анх бөхийн спор­тоор хичээллэхдээ хэдэн кг жинтэй байсан бэ?

-/Инээв/. Хүүхэд байхаасаа л мяраатай байсан. Тавдугаар ангидаа 74 кг жинтэй байсан. Аав, ээж маань жингээ хасч, булчин болго гэж хэлдэг байсан. Үндэсний бөхөөр тэмцээнд орох гээд аавын зодог шууд­гийг өмсөх гэсэн бага­даад ороогүй. Тавдугаар ангиасаа жүдогоор хичээл­лэхээр Хаштогтох багш дээрээ очиход их жинтэй байна гэж зэмлүүлж байсан юм байна.

-Аль сургууль төгссөн юм бэ?

-“Галакси” сургуулийг төгссөн.

-Одоо их сургуульд сурч байгаа юу?

-Үгүй ээ. Гэхдээ МУБИС-ийн спортын сэтгүүлчийн ангид орох санаа байна.

-Бөхөө орхиод сэтгүүлч боло­хоор шийдсэн хэрэг үү?

-Бөхөө орхихгүй. Харин ч амжилтад хүрэхийн тулд илүү их хичээх болно. Бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно. Манай эгч спортын сэтгүүлч, найз охин маань “Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлчийн гуравдугаар курс болохоор энэ мэргэжлээр сурахаар шийдсэн юм.

-Бөхчүүдээс хэнийг илүүд хүндэлж, үлгэр дуурайлал авч байна?

-Н.Түвшинбаяр аваргын барилдааныг их хардаг. Аваргатай тэмцээн уралдаанд хамт явахад маш их зүйл сурч авдаг. Аварга шиг болохыг хүсдэг дээ.

-Хамт бэлтгэл хийж байна уу?

-Хийж байгаа.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН Л.ӨЛЗИЙБАЯР: ХҮҮГЭЭ АВАРГА БОЛОХ ҮЕД НУЛИМСАА ХАНЦУЙГААРАА ШУДРААД СУУЖ БАЙЛАА

-Хүүгээ залуучуудын дэлхийн аваргаас өглөө угтсан гэв үү?

-Тэглээ. Хөдөөнөөс дөнгөж орж ирээд хүүгээ тосч аваад явж байна.

-Аварга болох тэр мөчид та барилдааныг нь үзэж амжсан уу?

-Эхнэр бид хоёр хүүгийн­хээ барилдааныг интернэтээр үзсэн. Хүүгээ аварга болж төрийн дуул­лаа харийн тэн­гэрт мандуулахыг хараад би энд баярын нулим­саа ханцуйгаараа шударч суулаа шүү дээ. Хүүгийн­хээ дасгал­жуулагч багш нарт талар­хаж явдгаа илэрхийлье.

-Хүүгээ барилдах мөчид аварга болно гэдэгт нь итгэлтэй байв уу?

-Өрсөлдөгчдийн хувьд дандаа хүчтэй сайн бөхчүүд харагдсан. Гэхдээ эцэг хүний зөн совин хүүгээ ялна гэдэгт итгэл төгс дагуулж байсан. БНСУ, Украйны жүдочид чансаа­гаараа дээгүүрт ордог. Тиймээс миний хүү сайн барилдаарай гэж дотроо залбирч байлаа. Хүү минь ч сайхан барилдаан харуулж өрсөлдөгчдөө ялсан. Хүүгээрээ бахархаж байна. Улам илүү амжилт гаргаарай гэж хэлье.

-Тэмцээнд явахаас нь өмнө хүүдээ өөрийнхөө арга барилаас зааж зөвлөдөг үү?

-Би одоохондоо Замын-Үүдэд ажиллаж, амьдарч бай­гаа болохоор тэр болгон хүүгийн­хээ бэлтгэлд оролцоод, зааж зөвлөж амжихгүй юм. Уг нь ийм мэх хийвэл гэдэг ч юм уу бага сага хэлж ярих юм харагддаг. Гэхдээ хүүгийн маань бэлтгэлийг нагац ах нь болох улсын гарьд Ганбаатар хангадаг.

-Танай хэд дэх хүүхэд вэ?

-Манайх таван хүүхэдтэй. Дээ­рээ нэг эгч, гурван дүүтэй.

-Их дөлгөөн гэж найзууд нь үнэлдэг юм билээ?

-Тийм шүү. Миний хүү даруу­хан. Хүн амьтантай мэнд устай, сүрхий хүү. Бага байхын л аавыгаа дагаад дэвжээ хэсч явдаг байлаа. Намайг хаана л очиж барилдана тэнд хүү минь дагаад явдагсан.

-Мэдээж танд хүүгээ үндэс­ний бөхөөр хичээллэж, амжилт гаргаасай гэсэн битүү­хэн бодол байдаг байлгүй?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ их спортод одоохондоо амжилт гаргаж байгаад яваандаа цаг нь болохоор зүлэг ногоон дэвжээнд зодоглоно байх даа.

Д.ДАВААСҮРЭН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ DNN.mn

Өчигдөр орой Бага тэнгэрийн аманд Kia Bongo-3, Mercedes Benz G500 загварын машин мөргөлдсөн осол гарч, таван хүн гэмтжээ. Энэ талаар...

img

5 цагийн дараа

Орхон аймгийн шинэ номын сангийн нээлт болов DNN.mn

Эрдэнэт хотод орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж шинээр ашиглалтад орж буй “Номын өргөө” цогцолб...

img

5 цагийн дараа

Жижиг дунд үйлдвэрлэлийн 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл олгоно DNN.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өчигдөр боллоо. Зээлийн эргэ...

img

4 цагийн дараа

Шар өвсний түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй ...

img

4 цагийн дараа

Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх замд засвар хийж байна DNN.mn

2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ. Өнөөд...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд